Ч.Одонтуяа: "Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сайжруулах нь" төсөл хэрэгжиж байна

By: Admin
2024-11-23
0
1622

Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ бол иргэд дараагийн шатлалын байгууллагад ачаалал үүсгэхгүй байх, дараалал хүлээлгүйгээр хэд хэдэн төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой нэгж юм. Ховд аймагт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах нь” төсөл хэрэгжиж байгаа билээ. Ингээд холбогдох судалгаа хийсэн “Өөртөө туслах ухаан” ТББ-ын тэргүүн Ч.Одонтуяатай ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

- Төслийн хүрээнд хөдөөгийн сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, Жаргалант сумын хоёр эрүүл мэндийн төвийг сонгон авч, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн байна. Энэ талаар яриагаа эхэлье?
- Төслийг Ховд аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл гүйцэтгэж байна. Төслийн багийнхан Ховд аймгийн Үенч сумын эрүүл мэндийн төв, Мөст сумын сум дундын эмнэлэг, Жаргалант сумын Баатархайрхан, Жаргалан багийн эрүүл мэндийн төв дээр нөхцөл байдлын үнэлгээ хийлээ. Анхан шатны тусламж үйлчилгээ (АШТҮ) үзүүлж буй байгууллагуудын үйлчилгээний чанар ба хүртээмжийн өнөөгийн байдал нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд хэрхэн нийцэж буй, тулгамдсан асуудлууд болон цаашид үйлчилгээг сайжруулах боломжийг илрүүлэх нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байгаа. Сонгогдсон АШТҮ-ний дээрх байгууллагуудаас тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх мэдээллийг цуглуулахдаа 41 асуумж бүхий “Хэрэглэгчийн үнэлгээний карт”, чанарын судалгааны ганцаарчилсан ярилцлага (ГЯ) болон фокус бүлгийн хэлэлцүүлгийн (ФБХ) арга зүй, “Үйлчилгээний хүртээмж ба бэлэн байдлын үнэлгээ”-ний ажиглалт, харин санхүүжилтийн талаарх мэдээллийг “Төсвийн хараат бус хяналт шинжилгээ”-ний аргачлалыг тус тус ашиглан хийж гүйцэтгэлээ. Энэ удаад бид Жаргалан багийн иргэдэд судалгааны дүнгээ танилцуулж, харилцан санал солилцлоо.
- Нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд сайжруулах ямар санал байна?
- Цаашид анхан шатны тусламж үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийг зарим талаар санхүүгийн дарамтаас сэргийлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг хэрхэн сайжруулах талаар төслийн багаас дараах саналыг дэвшүүлжээ. Тухайлбал, Иргэд болон иргэний нийгмийн байгуулагуудын оролцоо, хяналтыг сайжруулах, иргэдэд мэдээлэл сурталчилгааг сайн хүргэх шаардлагатайг онцолсон байна. Мөн ӨЭМТ/СЭМТ/СДЭ-ийн үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн бичиг баримт, хуулийн болон журмын хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлж байх. Ялангуяа Сангийн яамнаас гаргадаг “Иргэдийн төсөв”-тэй ижил мэдээллийн цомгийг боловсруулж тараах, танилцуулах, СЭМТ/СДЭ-ийн гурвалсан гэрээг Аймгийн Засаг даргаас бус харин сумын Засаг даргатай хийдэг болгон, хяналтыг сайжруулах. Түүнчлэн ӨЭМТ-ийн тогтмол зардлыг сумын ЗДТГ-аас гаргаж болно гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжийг судлах, Эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, ялангуяа мэргэжлийн түвшинд тусламж үйлчилгээг үзүүлэх, мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэх талаар олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд ӨЭМТ/СЭМТ/СДЭ-ээс үзүүлж буй тусламж үйлчилгээ хэр нийцэж байгааг цаашид судалж, хязгаарлагдмал нөөц бололцоог хэрхэн үр ашигтай зарцуулах талаар судалгаа хийх. СЭМТ/СДЭ/ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэд ашиглах сургалт хийж чадавхжуулах гэх мэт санал дүгнэлтүүдийг төслийн багаас гаргасан. Тэгэхээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд цаашид засч сайжруулах, анхаарах асуудлууд иргэд, олон нийтийн түвшинд болон бодлогын түвшинд ч байгаа юм. Иймээс иргэд өөрсдийн амьдарч буй нийгэм болоод өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах эрэлт хэрэгцээнд санал хүсэлтээ, бэрхшээл асуудлаа холбогдох талуудад бодлогын түвшинд илэрхийлж, харилцан хамааралтай байж гэмээнэ үр өгөөж нь алхам бүрт сайжрах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, энэ нэг ёсондоо нийгмийн эгэх хариуцлагын нэг хэлбэр гэж хэлж болно. Дээрх бүх асуудлууд байна гэдэг чинь нийгмийн эгэх хариуцлага сул байгаагийн илрэл юм.

Ярилцсанд баярлалаа.
Г.Энхжаргал


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 8 =

Create Account



Log In Your Account