Монгол нутаг дахь Бүргэдийн баяр

By: Admin
2024-12-23
0
85

“Бүргэдийн баяр-2024”-д  оролцохоор Баян-Өлгийн аймгийн нутаг Толбо-Нуурыг зорив. Энэ аялал маань Монгол Улсын Баян-Өлгий аймаг, Алтайн Бүгд Найрамдах Улс хоорондын хүмүүнлэгийн салбар дахь хил орчмын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд явагдсан юм.

Бүргэдээр ан агнах уламжлалт арга нь эртнээс улбаатай ч өнөө цагт ан хийхээсээ илүү үзүүлбэр болгон хөгжүүлэх  /бүргэд шувууг залж удирдах чадвар, морь унаж эдлэх, ур авхаалжыг гайхуулах , мөн анчны уламжлалт хувцас хэрэглэлийг үзүүлэн болгох/ -д ашиглагдах болжээ. Тэмцээнд оролцогч тавь гаруй хүн товлосон цагт Толбо нуурын хөвөөнөө цугларчээ. Тэд бүгдээр гартаа зориулалтын том арьсан бээлий өмссөн байх агаад тэрхүү бээлийтэй гар дээр нь лүглийсэн том хүрэн бүргэдүүд сууж, далавчаа дэвэхийг нь харвал нэг хагасаас хоёр метр хүртэл урт далавчтай, гайхам үзэсгэлэнт ажээ. Анчин бүргэдүүдийн толгойд  нүдийг нь халхласан том арьсан малгай өмсгөжээ. 

b 1

Тэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 80 орчим жуулчид, гэрэл зурагчид цугларан хөлхөлдөнө. Мөн ойр орчимд монгол бэлэг дурсгал, хивс, малгай, үслэг дээл, үндэсний хоол болон бусад зүйлсийн худалдаа дэлгэгдсэн нь гадаадынхны сонирхлыг гойд татах ба жуулчид сонирхон худалдаж авах нь элбэг. Төдөлгүй дохио өгмөгц бүх бүргэдчид буюу тэмцээнд оролцогчид гарааны шугам дээр жагсаж, улмаар тэр хавийн хамгийн өндөр оргил өөд гарцгаав. Дохиолмогч анчид уулын орой дээрээс өөрсдийнхөө бүргэдүүдийн оройвч болон хошуувчыг мултлаж, суллан тавина. Бүргэдүүд агаарт дэвэн нисэж, уулын доод бэлд байгаа нарийн утсаар оосорлон хурдтайгаар чирж яваа үнэгний чихмэлийг хурц нүдээрээ онилон, шунган бууж барьж авна. Шүүгчид секундметрээр нислэгийн явцыг хянаж, цагийг нарийн бүртгэнэ. Дараагийн удаад эздийнхээ гар дээрээс агаарт хөөрсөн хүрэн бүргэдүүд маань эргээд эздийнхээ гар дээр буух ёстой байв. Гэвч бүх бүргэд зааварт нийцэн бууж чадсангүй.

Анчин Бүргэдийн тэмцээнээс зайдуухан өөр талбайд нум сум харвах тэмцээн явагдана.  Харваачид 100 метрийн зайд сумаа онилон тавих бөгөөд, насанд хүрэгчдээс гадна, долоон настай хүүхдүүд харваж тэмцэлдсэн нь нэн сонирхолтой. Тэгээд ялагч нь Японы мотоциклийн шагнал хүртэв. Дашрамд дурдахад, өнөө үед баруун аймгуудын малчид малаа мотоциклээр хариулах нь түгээмэл болжээ.  Тэмцээн өндөрлөхөд гол зохион байгуулагч Б.Чэрияздан ялагчдад үнэ бүхий зүйл гардуулав.

Бүргэдийн баярын хүрээнд АБНУ-ын төлөөлөгчдийн зүгээс явуулдаг уламжлалт хэвлэлийн бага хурал мөн зохион байгуулагдсан бөгөөд уг хурал дээр төлөөлөгчдийн тэргүүн Андрей Архипов энэхүү бүргэдийн баярын арга хэмжээг өндрөөр үнэлсэн юм. Оролцогчдын хамгийн ахмад нь 72 настай байсныг тэмдэглэх нь зүйтэй. Үүнээс гадна тэнд байсан залуу хүмүүс орос хэлийг харьцангуй сайн эзэмшсэн, хийгээд тэдэнтэй харилцахад хэцүү биш байсан нь олзуурхууштай. Учир нь тэр залуус бол (зарим нь) сурагч ахуйдаа  Горно-Алтайскийн их сургуулийн багш нарын Монголд явуулсан зуны хэл шинжлэлийн платформд оролцдог байснаас ийнхүү орос хэлийг сайтар эзэмшсэн гэнэ.  

Дмитрый СОКОЛОВ.

b 2

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 10 =

Create Account



Log In Your Account