"Нүүдэлчин дайчин" буюу Монголоос Лондон хүрэхээр яваа "жинчин" эмэгтэй

By: Admin
2024-12-23
0
1445

АнглийнHuck 64 – The Journeus Issueхэвлэлд (цахим сайтнийтлэгдсэн Монголын тэмээгээр

аялагч (жинчин) эмэгтэй Н.Байгалмаагийн тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна -

Өдгөө гучин настай Монгол бүсгүй Норжмаагийн Байгалмаа Монголын нийслэл Улаанбаатар хотоос Английн Лондон хот хүрэх 12.0 мянган км-ын урт аянд тэмээн жингээ ачаалан хөдөлснөөс хойш хэдэн сар өнгөрчээ. Зорьсондоо хүрэхийн тулд тэр 14 улсын нутаг дэвсгэрийг туулан, их төлөв хасах 50 хүртэлх хэмийн хүйтэн цаг агаартай нөхцөлд гурван жилийн туршид аялах хэрэгтэй юм. “Би өөрөө байгалийн эрс ширүүн уур амьсгалд өсөж, хүн болсон Монгол эмэгтэй, энэ надад тийм хүнд хэцүү зүйл биш хэмээн” аялагч Н.Байгалмаа итггэл төгс үгүүлж байсан.

Аян жингийнхээ замд гараад гурван сар ч дүүргээгүй байхад анх санаа нэгдэж, хамт гарсан багийнх нь таван гишүүн (гадаадын хүмүүс) түүнээс салан замаа хөөсөн нь тоогүй хийгээд урам хугармаар зүйл байлаа. Гэсэн ч  Байгалмаа (найзууд нь түүнийг Байкал гэж дууддаг) өөрийн төрсөн дүүгийн хамт, мөн дайран  өнгөрсөн аймаг сумдын цагдаагийн ажилтнуудаас хамжаа дэмжээ авч, аянаа үргэлжлүүлсээр, улсын хил хүрэхэд 480 км зайтай газарт түр буудаллаад байгаа үед нь бид эх сурвалжуудаас мэдээлэл авч энэ үгүүллийг бэлтгэв.

Эл үеэр Байгалмаа (Байкал) зарим нэг бичиг баримт бүрдүүлэх, мөн эртний их торгоны замын аян жинд явж буй энэ чухал үйлсийнхээ талаар Монгол улсын ерөнхийлөгчид бараалхах ажлаар Улаанбаатар хотод ирсэн байв. Хоёр бөхтэй тэмээ унаж, холын хол замыг туулах Монголын эртний уламжлалт энэ аяныг тэр өнөө цагийн нөхцөлд уян хатнаар тохируулан, ончтой шийдлээр зохицуулжээ. Орчин үеийн шийдлээр бүтээгдсэн хээрийн гал зуухныхаа дэргэд суугаад, гар утсаараа дэлхий ертөнцтэй түвэггүй харилцах жинчин бүсгүй сүүлийн үеийн загвар бүхий аяны өмд, цамц, бас тэмээн дээрээ аялж явахдаа монгол дээлэн дээр гоёмсог хээ угалз бүхий арьсан (эсвэл хөвөнтэй) хүрэм давхарлан өмсөх нь эрт эдүүгээгийн хослолыг илтгэх аж.

Үндэстнийхээ /өвөг дээдсийнхээ/ туулж өнгөрүүлсөн түүхийн жимээр орж, өөрийн биеэрээ туулан, түүнийг өдгөө цагт хөтлөн авч ирж буй Байгалмаа /Байкал/ бүсгүйн амьдралын түүхийг дэлгэсэн нэвтрүүлгийг Монголын үндэсний өргөн нэвтрүүлгийн МНВ сувгийнхан бэлтгэн нийтэд хүргэсэн байна.

Хүмүүс тэдэнд хүнс, хоолыг нь дөхүүлж өгдөг, эсвэл тэд өөрсдөө ойр байх суурин газар луу тэр хүмүүстэй хамт явж хүнсээ залгуулдаг аж. Байгалмаагийн таван настай охин Далай-Эрдэнэ гэртээ тэдний гэр бүлийн бас нэг дархан гишүүн болох хайртай нохойтойгоо тоглож үлдсэн. Багийнхантайгаа хамт хээрийн замаас эргэж очиход тэр танихгүй хүмүүсийг хараад бишүүрхэж, орныхоо араар, эсвэл угаалгийн өрөөний хаалганы цаана орчихоод ер гарч ирэхгүй байснаа тэр хүмүүс ээжтэй нь хамт явааг ойлгосноос хойш дөлж, гэрэвшихээ больсон гэнэ.

Байгалмаагийн аав нүүдэлч, малчин Монголчуудын нэг, тийм болохооор Байкал хүүхэд ахуйгаасаа нэг нутгаас, өөр нэг газар нутагт бэлчээр, ус сэлгэн нүүж суух амьдрал дунд өссөн, тэднийх Монголын баруун хязгаар дах Увс аймгийн айл агаад сарлаг, тэмээ мөн ямаа малладаг байжээ. Байгалмаа 16 нас хүртлээ малын захад байж, мал дагасан бөгөөд 16 наснаас хойш сургууль соёлын мөр хөөж, малаасаа жаал хөндийрсөн ч, эргээд л нүүдэлч ахуй, хээр тал, унаган байгальдаа хөл тавих хувьтай байж. Тэр хэдэн жилийн турш байгалийн аялал жуулчлалын хөтчөөр ажиллаж, чамгүй туршлагажиж, чадварлаг хөтөч болж чаджээ. “Англи хэлнийхээ чадварыг сайжруулахад хамгийн гол түшиг болсон зүйл нь миний аяллын хөтөч хийх ажлын талбар маань байсан” гэж Байгалмаа ярьсан. Энэ ажлаа эхлэд жил гаруйхны хугацаанд л гэхэд олон адал явдалтай учирч, туршлага хуримтлуулжээ.

Австралийн адал явдалт аялагч Тим Коуптэй /Tim Cope/ уулзаж, түүний аяллуудын зонхилох хэсэгт нь хамтран ажиллаж, аяллыг хөтөлсөн нь түүнд ихээхэн итгэл зориг суулгажээ. “Тим Коуп Монголоос Унгар хүртэл мориор аялсан нь надад онцгой сэтгэгдэл төрүүлж, нэг талаараа “шарыг минь гозойлгосон”  гадаад хүн ингэж чадаж байхад Монгол хүн чадахгүй байхдаа яахав гэж бодогдоод яваандаа зориг шулуудсан. Магадгүй тэмээн жингийн аялал хийж болох юм гэсэн санаа төрсөн. Энэ бол миний төрж өссөн амьдрал ахуй, өссөн орчинд маань байдаг зүйл, цусанд маань шингэсэн түүх шүү дээ. Тэгээд ч тэмээгээр явахад алхаа холтой, газар амархан хороодог, Тэмээ унаад явж байх үед түүний нэг алхах нь морины дөрөв алхсантай тэнцэх юм шиг санагддаг байсан” хэмээн Байгалмаа хуучилна.

2016 оноос энэ санаагаа гүйцэлдүүлэхээр зорьж эхэлсэн ба Английн судлаач, аялагч (хуучин шүхэрчин байсан) Карл Бушбитэй (Karl Bushby) уулзжээ.  Карл хорин хэдэн настайдаа дэлхийг явганаар тойрон аялах аяллаа эхэлсэн бөгөөд Байкалыг уулзах үед ч энэ аянаа үргэлжлүүлж байсан аж. Дэлхийг тойрох аяллынх нь нэг хэсэг болох Сибирийг явганаар туулах аянаа дуусгаад байх үед нь Улаанбаатарын нэгэн дүүрэгт Байгалмаа, Карл хоёр уулзаж, лонх дарсны ард суун, аяллын тухай яриа өрнүүлжээ. Байгалмаа өнөөх мөрөөдлийн санаагаа Карлтай хуваалцаж, бас жаахан эргэлзээтэй байгаагаа цухуйлгавал  Карл олон хүн ийм санаа хэлдэг, гэвч яагаад хэрэгжүүлж болохгүй гэж хэмээн зориг нэмжээ. Ингээд Карлтай хамтрахаар болж “Тал нутгаас өрнийг зорьсон”  (Steppes to the west) тэмээн жингийн аяллын тухай яриа нь гал болон асав.  Карл аяллын багийг бүрдүүлэхэд туслахаар болсон бол Монголын үндэсний телевизийн “Дэлхий дахинд” нэвтрүүлэг (суваг) /MNB World/ уг аяллыг ивээн тэтгэхээр гэрээ байгуулан, Өмнөговь аймгаас арван тэмээ худалдан авч өгчээ. 11 сар гэхэд аяллын баг бүрдэж, замдаа гарав. Гэвч бүх зүйл тэгш, дардан байсангүй.

Адаглаад тэмээн дээр савтай ус авч явах боломж хомс тул жинчид маань ундлах үедээ цас, мөс хайлах, үгүй бол гол, горхины уснаас шууд амаараа уух ч хэрэг гарна. Байгалмаагийн хэлснээр энэ бол, ялангуяа түүнд өөрт нь огт асуудал биш байсан ба харин цаашид тууштай байж, мятрашгүй хань болж чадах хүмүүсийг олж тогтоох нь яггүй зүйл болж хувирсан аж. Багийн гишүүдийн хувьд бие даасан ийм аяллын туршлага хомс байж. Монгол оронд өвлийн туршид байгаль баг агаарын нөхцөл хялбар биш гэдгийг биеэр амссан багийн гадаад гишүүд 400 орчим км газрыг чуу, айтай туулсан ч нэг л зоримог бус, сулбагар болсоор, улмаар салж одоцгоов.

Гэвч Байгалмаа бууж өгсөнгүй, цааш тууштай зүтгэсээр арван долоохон хоногт 600 км замыг туулав. Хоног таарах замын суурин эсвэл айл хотын хол, ойрыг баримжаалан, дотроо битүүхэн яарч, жингээ шавдуулна. Учир нь тэнд шөнөдөлгүй, эртхэн хүрвэл ачаа хөсгөө буулган, тэмээ малаа амрааж, амрах газар, орон байраа шийдэхэд нь илүү дөхөмтэй, төвөг бага болно.

Байгалмаа тэмээн жинтэйгээ хоёр улсын хилээс (Монгол, Хятад) 480 км-ын зайтай очоод байгаа энэ мөчид аяллын туршид туулах замынхаа яг дөрвөн хувийг ардаа хийгээд байгаа аж. Харин цааш хил хүртэлх замыг хоёр долоо хоногт туулна хэмээн шийдэмгий үгүүлнэ. Би ард түмнийхээ түүхийн жимээр аялж, Монгол үндэстний өвөрмөц онцлогийг дэлхийд харуулна гэсэн итгэл найдвар тээж, энэ аяллаа маш урам зоригтой эхэлсэн. Тохь тухыг умартан, байнга хээрээр аялж явахдаа, аяны маань зам амар биш гэдгийг улам бүр мэдэрч байна. Үнэхээр өөрийн дур сонирхолдоо хөтлөгдөж гарсан ч, би өөрийн чадах хязгаарыг хүртэл аянаа үргэлжлүүлэх болно хэмээн тэр ярьсан юм.

Жич:Энэ үгүүллийн нийтлэх эрхийг эзэмшигч нь Huck 64 – The Journeus Issueболно. Та үүнийг өөр талбарт нийтлэх бол худалдан авах эс бол албан ёсны зөвшөөрөл авах ёстойг болгооно уу ! гэжээ.

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ   

 

 

              


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 6 =

Create Account



Log In Your Account