Их Алтай олон Улсын их наадам Монголд хоёр дахь удаагаа

By: Admin
2024-12-23
0
697

“Их Алтай” олон улсын  спорт, аялал жуулчиллын их наадам Монгол улсад хоёр дахь удаагаа явагдаж байна. Анх энэ наадмыг “Алтай бидний бүгдийн орон гэр” олон улсын санаачлагын хүрээнд ОХУ-ын Алтайн хязгаарын холбогдох байгууллага, хүмүүс санаачилсан, тодруулбал хэдэн арван мянган км үргэлжлэх Алтайн нуруунд залгалдан оршдог Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан Улсуудын бүс нутаг,  муж, аймаг, бүгд найрамдах улсуудын хамтын санаачилгаар “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийг 2003 онд байгуулсан бөгөөд тус зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулдаг томоохон ажлуудын нэг нь энэхүү спорт аялал жуулчиллын их наадам юм. “Их Алтай” наадам хоёр жил тутамд дээрх улс орнуудын нутаг дэвсгэрт ээлжлэн явагдаж, тэдгээр улсуудаас гадна Белорус, Шинэ зеланд гэх мэт улсын баг тамирчид оролцдог болсон. 

Ikh Altai 1

Тэрбээр 2013 онд Монгол улсын баруун хязгаар Ховд аймгийн нутаг дахь Шижигтэйн хавцалд, 2015 онд БНХАУ-ын Шинжаан Уйгарын ӨЗО-ны Алтай аймгийн нутаг Хөх тохойд, 2017 онд Дорнод Казакстаны нутаг дэвсгэрт, 2019 онд  ОХУ-ын Алтайн хязгаарын Белокуриха хот болон Элстэйн голын (Песченная река) хөвөөнд амжилттай явагдаж байсан. Ээлж ёсоороор 2021 онд Монгол Улсын баруун бүс нутагт (Ховд, Баян-Өлгий, Увс) зохиогдохоор байсан ч дэлхий нийтээр нүүрлэсэн “Ковид-19” цар тахлын  улмаас хойшлогдсоор ийнхүү 2023 онд Баян-Өлгий, Увс аймгийн нутагт болж байгаа юм.

Баян-Өлгий аймгийн төвд (цэнгэлдэх хүрээлэнд болсон) их наадмын нээлтийн ёслолд фестивалийг анх санаачлагч улс орон, бүс нутаг мужуудын болон зохион байгуулагч олон улсын байгууллагын удирдлагууд оролцож (ОХУ-ын Алтайн хязгаар, Монгол Улсын Ховд, Баян-Өлгий, Увс аймаг, БНХАУ-ын Алтай аймаг, Казакстан Улсын Дорнот муж), “Алтай бидний бүгдийн орон гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Борис Владимирович Ларин, Алтайн хязгаарын орлогч дарга Виктор Петрович Томенко нар нийт оролцогсдод хандан баяр хүргэж үг хэлсэн юм.  

Энэ удаагийн фестивальд (их наадам) ОХУ, ОХУ-ын Алтайн хязгаараас тамирчид, зохион байгуулагчид, шүүгчдээс бүрдсэн 150 хүн, (10 багийн тамирчид) Казахстан Улсаас 17, Беларусь Улсаас 16, БНХАУ-аас 26, Монгол Улсаас (Ховд, Баян-Өлгий, Увс аймаг, Улаанбаатар хот) 5 багийн нийтдээ 50 орчим хүний бүрэлдэхүүн бүхий тамирчид оролцож байна.

Ikh Altai 2

Тэмцээний зохион байгуулалт, техникийн асуудлууд, удирдан зохицуулах ажлуудыг уламжлал ёсоор ОХУ-ын тал хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мотоспорт, агаарын нислэгийн спорт, рафтинг болон усан завийн спортын багийн (зургаа ба дөрвөн хүнтэй) ганцаарчилсан,  (нэг хүнтэй), мөн хосын  (хоёр хүний) төрлүүдээр богино, уртын зайн уралдаанууд, хадны авиралтын сонирхогчдын болон мэргэжлийн төрөл, спорт алхалт, скайрайнинг буюу уулын гүйлт, өндөр уулын авиралт, хурд, авхаалж самбаа сорьсон экстрем буюу адал явдалт спортын нийлмэл төрөл (комбинирования), мөн адал явдалт нийлмэл спортын мэргэжлийн төрөл, уулын алхалт, дугуйн спорт, загасчлалын спорт, олс таталт, куреш бөх, гар барилдаан, бухаша тартыс буюу хүч сорих тэмцээн, бай онох тэмцээн гэсэн спортын олон төрөл тэмцээн уралдаанууд хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж, тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужилаа сорин өрсөлдөж байна.  

Дашрамд энэхүү их наадмын гол зорилго нь Алтайн нурууг дамнасан хөрш улсуудын болон бусад олон улсын түншлэл, тэдгээр улсуудын залуучууд, тамирчид, сонирхогчдын нөхөрлөл, эв нэгдлийг бэхжүүлэх, спорт-аялал жуулчлал, экстрем спортын төрлийн тамирчид, сонирхон хичээллэгчдийн ур чадварыг сайжруулах, хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг сурталчилах, ИХ АЛТАЙН имижийг (дүр  төрхийг) бүрдүүлэх явдал хэмээн томъёолсоор ирсэн билээ.

Г.ТӨРМӨНХ  

 Ikh Altai 3


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 10 =

Create Account



Log In Your Account