“МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР УУЛЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ:2020” ЗӨВЛӨМЖ

By: Admin
2024-12-23
0
1861

Олон улсын  Уулын өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”клубээс санаачилан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “ӨНДӨР УУЛЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгуулж Зөвлөмж гаргалаа. Цахим хэлэлцүүлэгт Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгуудын уул- авиралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг клубүүд, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэнүүд, байгаль хамгаалагчид, ус цаг уурын болон ургамал судлаачид, хэвлэл мэдээлэлийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт урилгаар оролцсон судлаачид дараахь хоёр илтгэл танилцуулж, хэлэлцлээ. Үүнд:

I.Ус цаг уурын хүрээлэнгийн Усны судалгааны хэлтэсийн дарга, Х.Пүрэвдагва: “МОНГОЛ ОРНЫ МӨСӨН ГОЛЫН СУДАЛГАА” Судалгааны дүнгээс үзэхэд, сүүлийн 50 жилийн хугацаанд Монгол оронд 30 орчим жижиг мөстөл хайлж, алга болсон бол мөстлийн нийт талбайн хэмжээ 50 орчим хувиар багасчээ. Мөн сүүлийн 44 жилийн хугацаанд мөсний доод хил хэвтээ чиглэлд 400 гаруй метрээр огшиж байна.  Гол үзүүлэлт болох мөстлийн масс-баланс сүүлийн 20 жилийн хугацаанд үргэлж хасах баланстай байсан ба мөсний гадарга дунджаар жил бүр 1.8 м-ээр намсаж, 11485 м3 мөс хайлж, алга болж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч ямар их хэмжээний цэвэр усны нөөц үргүй алдагдаж байгааг харуулж байна. Мөстлийн хайлалт энэ хэвээрээ үргэлжилбэл ирээдүйд усны хомсдолоос үүссэн бэлчээр, усны менежементэд асар их өөрчлөлт орох нөхцөл бүрдэх юм. Тухайлбал, зөвхөн Ховд гол, Увс нуурын савд гэхэд 4 сая мал, 300 орчим мянган хүн амьдрахаас гадна маш олон төрлийн ургамал, зэрлэг амьтад  шууд нөлөөлөлд өртөнө. Мөстлийн хайлалт нь усны нөөцөд  нөлөөлөхөөс гадна усны чанар болон экосистемд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх аюултай учраас ус дагасан бүх амьдралын хэв, маягт нөлөөлөх юм. Тухайлбал, мөстөл дагасан сэрүүн бүсэд амьдардаг амьтан, ургамал устаж, үгүй болохоос гадна гол, нуурын усны чанар, температурыг өөрчлөх нь усны олон мянган төрлийн бодгалиудыг устгах болон хүний эрүүл мэндэд усаар дамжин сөргөөр нөлөөлөх юм. Иймээс хүн төрөлхтөн цаашид энэ хэвээр үлдэн дасан зохицох эсвэл амьдрах орчноо хамгаалан нөхөн сэргээх гэсэн 2 үндсэн замын уулзварт тулж ирсэн

II. МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш, судлаач В.Гүндэгмаа: “МОНГОЛ ОРНЫ ӨНДӨР УУЛЫН БҮСИЙН УРГАМЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ӨӨРЧЛӨЛТ”-ийн судалгаа, сүүлийн үеийн үр дүн. Судалгааны дүнгээс үзэхэд, манай орны өндөр уулын бүс нутаг нь ландшафт, уур амьсгалын онцлогоос хамаарч биологийн олон  янз байдлын хувьд өвөрмөц, баялаг ургамлын маш олон хэв шинж үүсгэдэг.  Монгол оронд одоогоор 3191 зүйл  гуурст дээд ургамал бүртгэгдсэнээс 1636 зүйл буюу  51,3 хувь нь өндөр уулын бүс нутагт тархан ургадаг онцлогтой (Urgamal et al., 2014).  Өндөр уулын бүс нутагт тархан ургадаг Алтайн уулсаас бичигдсэн эндемик ургамал 133 зүйл байдаг (Piak et al., 2008). Монгол Улсын улаан ном (2013), Улаан данс (Mongolian Red list, 2012, 2019), Байгалийн ургамлын тухай Монгол Улсын хуулийн хавсралт (1995) зэрэг бүтээлүүдийн жагсаалтад орсон 22 овгийн 69 төрлийн 165 зүйл ургамал тэмдэглэгдсэн бөгөөд үүнээс 22 зүйл нь нэн ховор (Oxytropis fragilifolia, Swertia banzragcziш), 57 зүйл ургамал ховор статус бүхий ангилалд (Crepis czuensis, Pyrethrum changaicum, Saussurea klementzii, Scorzonera grubovii, Rhodiola algida, Euphorbia alpine, Oxytropis sutaica ) орж байна.  Монгол Алтайн  ургамлын аймаг, түүний төрөл зүйлийн олон янз байдалд нэг талаас цаг уурын өөрчлөлт,  нөгөө талаас хүний хүчин зүйлс буюу бэлчээрийн талхигдал, уул уурхайн ашиглалт, ургамлыг их хэмжээгээр түүж бэлтгэх гэх мэт олон сөрөг хүчин зүйлс нөлөөлж,улмаар байгалийн ургамлын олон янз байдал, тархац нутаг хумигдаж, тэдгээрийн төрөл зүйл устах, нөөц хомсдох зэрэг эргэлт буцалтгүй  үйл явц өрнөж байна. Өндөр уулын өндөршилөөс хамаарч хөрс, температурын өөрчлөлт үүсдэг учир ургамлын зүйл бүр харилцан адилгүй тархан ургаж ургамлан бүлгэмдэл үүсгэн өндөр уулын бүслүүр үүсдэг. Үүнд: таг царам, дэд таг, хүйтсэг хээр, хуурай хээрийн дэд хэв шинж, цөлөрхөг хээр гэсэн босоо бүслүүр байдаг. Монгол Алтайн өндөр уулын ургамлын төрөл зүйлүүд нь Монгол орны Улаан дансны жагсаалтын “устаж болзошгүй” эсвэл “эмзэг”  ангилалд орох магадлал өндөртэй, өндөр уулын ховор содон, сонирхолтой, мөстлөгийн үлдвэр (реликт) элемент, нэн ховор, эмийн, хүнсний зэрэг  ихээхэн ач холбогдолтой ургамлууд байна.

Өндөр уулын ургамлын олон янз байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлоход:

  1. Уур амьсгал, цаг уурын өөрчлөлт бол даян дэлхийн асуудал төдийгүй, өндөр уулын бүс нутгийн экосистем ургамлын олон янз байдалд илт аюул занал учируулж буй эргэлт буцалтгүй  үйл явц юм.
  2. Малын тоо толгой 1990 оноос хойш 60%-иар өссөн (Үндэсний статстистикийн хороо, 2020)  нь ургамал нөмрөг, бэлчээрийн талхлагдал үүсгэж биологийн олон янз байдлыг эрс багасгаж, хөрсний элэгдэл эвдрэлд хүргэж, эргэлт буцалтгүй цөлжилт явагдах үндсэн шалтгаан болж байна. Говь-Алтай, Ховд аймгийн  4 сумын бүс нутагт хамаарах мөнх цаст Сутайн байгалийн нөөц газар, Ховд аймгийн Мөнхайрхан сумын Мөнххайрханы Байгалийн цогцолбор газар нутгуудад 2014 оноос хойш хийсэн   судалгааны үр дүнд бэлчээр, тэжээлийн ач холбогдолтой ургамлын зүйлүүд бэлчээрийн ургамлын бүлгэмдэлд бага оролцож, ашиг шим багатай талхигдалын индикатор зүйлүүд зонхилогч, дэд зонхилогчийн үүрэг оролцоотой байна. Энэ нь малаас авах ноос, ноолуур, сүү цагаан идээний гарц мөн өвөл, хаврын байгалийн таагүй хүнд нөхцөлд малын мэнд үлдэх чадварт асар их сөрөг нөлөөлдөг. 
  3. Өндөр уулын бүсд нутагладаг малчидын нүүдлийн онцлог  нь хавар, намартаа голын хөндий, тэгш тал, нам газарт бэлчээрлэж зундаа мөнх цасны хормой хүрч зусаад өвөл уулын дунд энгэр ээвэр хэсэгт өвөлждөг. Судалгаа хийсэн сум орон нутгийн малчид ихэвчлэн зуслан - өвөлжөө, зуслан – өвөлжөө - хаваржаа гэсэн чиглэлээр жилд 2-3 удаа сэлгэн нүүдэл хийдэг нь ажиглагдаж байв. Ургамал ургах нахиалах үе болон цэцэглэж үрээ өгөх байгалийн өөрөө өөрийгөө нөхөн сэргээх нөхцөл байдалд үнэлж баршгүй хор уршгийг үзүүлж байна.
  4. Монгол орны өндөр уулын бүс нутаг нь ургамлын аймгийн 51%, амьтны аймгийн 60% тархдаг биологийн олон янз байдлын хувьд хамгийн үнэ цэнтэй газар нутагт ордог. Алтай-Соёны уулт их мужийн Монгол Алтайн уулархаг муж нь Монгол орны баруун хагаст 104478.5 км2 талбай эзэлж, улсын хилийн дагуу баруун хойноос зүүн урагш чиглэн 800 гаруй км урт сунаж тогтсон. Энэ бүс нутаг нь Америкийн Нэгдсэн Улс (АНУ) дахь Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС)-гаас тодорхойлсон дэлхийн тэргүүлэх ач холбогдолтой 200 экологийн бүс нутаг (Olson et al., 2002), ДБХС-ийн тодорхойлсон Дэлхийн хамгийн чухал 35 бүс нутаг (WWF International, 2008), Мянганы экосистемийн үнэлгээний тодорхойлсон Дэлхийн 18 тэргүүлэх ач холбогдол бүхий бүс нутаг (MRI, 2005)-аар нэрлэгджээ. Өндөр уулын бүс нутаг нь аргаль, янгир, ирвэс зэрэг амьтдын орон гэр болдог.   Гэрийн малтай аргаль, янгирын бэлчээр зун, өвөл, хаврын улиралд ихэнх газарт  давхцаж идэш тэжээл, бэлчээрийн дутагдалд  ордог. Энэ нь эдгээр амьтдын ховордолын шалтгаан болж байна.
  5. Хүний хүчин зүйлс,тодруулбал сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялал жуулчлал ихсэж үүнийг дагаж хүн болон машин техникийн хэт ачаалал  байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж ургамлан бүлгэмдэл өөрчлөгдөх, ховор унаган ургамал устах нэгэн шалтгаан болсоор байна.
  6. Өндөршилийн бүслүүрийн хил хязгаар дээшилж байна. Тухайлбал: Хуурай хээрийн дэд хэв шинжид хамаарах бүлгэмдлүүд хүйтсэг хээрийн бүлгэмдэл рүү давшиж байгаагаар үүнийг тайлбарлаж болох юм.   Мөн хүйтсэг хээрийн ургамалууд, хуурай хээрийн ургамлаар солигдож байна.  Хүйтсэг хээрийн ургамлууд дээшээ шилжиж дэд таг, тагийн ургамлан бүлгэмдэл өөрчлөгдөж, таг царамын цас мөсний хилээр ургаж байгаа зарим ургах орчин хязгаарлагдмал цас мөсний хилээр ургадаг хүйтсэг бүлгийн ургамлуудын тархац,  нөөц хомсдож устах аюул нүүрлээд байгааг судалгааны үр дүн харуулав. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй Монгол Алтайн уулсад тархац, нөөц нь хумигдах хандлагатай, өндөр уулсын цас мөсний доод хилээр тархан ургасан 70 гаруй ургамал байгааг судлаачид илрүүлж,  зүйлийн ихэнх хувийг Монгол Алтайн эндемик ургамал эзэлж байгаа төдийгүй  тэдгээрийг хамгаалалтад авах арга хэмжээг нарийвчлан боловсруулах шаардлагатай байгааг анхааруулсан судалгааны бүтээл бий. (V.Gundegmaa & T.Munkh-Erdene, 2018).

“ӨНДӨР УУЛЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ” хэлэлцүүлэгт оролцогчид дээрх судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүн, практик нөхцөл байдалд үндэслэн манай улсын өндөр уулын бүсэд оршдог аймаг, сумд, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн бодлого чиглэл хариуцсан төр, засгийн байгуллагууд, нутгийн малчид, иргэд, олон нийтийн хэвлэл мэдээлэлийн болон төрийн бус байгууллагуудад хандан дараахь Зөвлөмж гаргав.

                                                                ЗӨВЛӨМЖ

Нэг. Өндөр уулын бүсийн аймаг, сумдын малчид, иргэдэд - Соён гэгээрүүлэх,сурталчилгааны ажлын талаар

  1. Өндөр уулын бүс нутагт жилээс жилд бэлчээр доройтож байгаа бодит нөхцөл байдлыг малчидын бүлэг, нутгийн иргэд, сумын удирдлагад нутгийн онцлогы таньж мэдүүлэх, ургамал ургаж эхлэх хаврын улирал, ургамал цэцэглэж үрээ өгдөг зуны улиралд бэлчээрийг сэлгэн нүүдэллэж, зөв зохистой ашиглахад тулгамдаж буй асуудлуудын талаар системтэй хэлэлцүүлэг зохион байгуулахад нэн тэргүүнд анхаарах шаардлагатай. Тухайлбал, бэлчээрийн даац хэтрэхэд малын хөлөөр ургамал хоорондын нүцгэн зай ихсэж хөрс нягтран өнгөн хэсэг тоосорч салхины элэгдэлд орох, үржил шим буурах, хуурай газрын бэлчээр хатах, чийгтэй газар намагжих, давсжих, мал иддэггүй хог болон хорт ургамал ихсэх, ургац буурах шинж илэрдэг.
  2. Хэлэлцүүлэг дээр үндэслэн нутгийн иргэдэд бэлчээр нутгаа шинжлэх ухааны үндэслэлтэй хэрхэн зөв ашиглах, бэлчээрийн ургамлаа таних, малчид өөрсдөө бэлчээрийн даац тодорхойлох, зуны сургалтад малчидыг хамруулах,  улмаар тэдэнд ховор, гоц ашигтай ховордож, устаж буй ургамлаа таних, хамгаалах Гарын авлагатай болгох нь зүйтэй.
  3. Бэлчээрийг аль улиралд, хэрхэн, яаж сэлгэж ашиглах талаар зөвлөмж заавар гаргаж малчидын бүлэгт семинар тогтмол зохион байгуулж, бэлчээрийн менежментийг ард иргэдэд ойлгуулж сурталчилах. Тухайлбал, бэлчээрийн доройтолд орсноор тэжээлийн ургамал устаж, малд идэмж муутай ургамлаар солигдож нэг малаас  авах ноос, ноолуур, мах, сүү, арьс, шир зэрэг бүтээгдэхүүний чанар буурч, байгаль экологи болон малчидад эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол учирна.
  4. Усгүй болон бартаа ихтэйн улмаас ашиглагдахгүй байгаа бэлчээрийг илрүүлж ашиглах нь тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх чухал чиглэл гэж үзэж аймаг, орон нутгийн төрийн байгууллагууд үүнд анхаарах.

Хоёр. Шийдвэр гаргах түвшний байгууллагуудад:Аймаг орон нутгийн захиргаа, ИТХ.

Өндөр уулын биологийн олон янз байдлын судалгааг эрчимжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах , Үүнд:

  1. Мониторинг цэг байгуулах  (Ургамлын үзэгдэл зүйн үе шат буюу фенологийн өөрчлөлт нь уур амьсгалын өөрчлөлтийг илтгэдэг гол судалгаа юм.)
  2. Алтайн өндөр уулсын ховор, ховордож болзошгүй ургамлын төрөл, зүйлийг хамгаалах, эмзэг экосистемийг баримтжуулах, бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх, тархац, нөөцийг тогтоох, устах аюулд орсон, өртөгдөн хөнөөгдөж буй ургамлын ген фондыг хадгалах, үрийн генийн санг бүрдүүлэх, тарималжуулж, сэргээн нутагшуулах, тухайн ургамлын биологи (морфологи, анатоми, физиологи, фенологи)-ийн болон экофизиологийн судалгаа хийх.

Гурав. Хэлэлцүүлгийн үеэр дурьдагдсан бусад санал,дүгнэлтүүдийг орон нутгийн болон төр захиргаа,судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн судлаж шийдвэрлэхэд оролцогчид анхаарч,идэвхтэй хамтран ажиллах зэрэг болно.

                                                                                   ЗӨВЛӨМЖ ГАРГАСАН

  1. МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш, судлаач В.Гүндэгмаа
  2. Ус цаг уурын хүрээлэнгийн Усны судалгааны хэлтэсийн дарга, Х.Пүрэвдагва
  3. Баян-Өлгий аймгийн уулчдыг төлөөлж : “Алтай экспедишн” ХХК-ийн Ерөнхий захирал,Б.Бекболат
  4. Говь-Алтай аймгийн уулчдыг төлөөлж: Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”клубийн Ерөнхий захирал бөгөөд дасгалжуулагч,Уулын спортын мастер,Х.Нямдоо
  5. Завхан аймгийн уулчдыг төлөөлж: “Уулсын оргил өөд” клубийн үүсгэн байгуулагч, Уулын спортын ОУХМ      Ө.Батманлай
  6. Ховд аймгийн уулчдыг төлөөлж: “Хан Алтайн бүргэдүүд” клубийн үүсгэн байгуулагч, Уулын спортын мастер Г.Төрмөнх\
  7. Увс аймгийн уулчдыг төлөөлж: Увс Спорт Авиралтын Холбооны нарийн бичгийн дарга,Уулын спортын мастер Б.Пүрэвсүрэн
  8. “Монголиа экспедишнс” ХХК-ийн Ерөнхий захирал С.Алдархишиг
  9. Олон Улсын Уулчдын Холбоо/UIAA/-ны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан
  10. “Өндөр уулын биологийн олон янз байдал” цахим хэлэлцүүлэг хөтлөгч А.Батсүх

                                                                                                           


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 8 =

Create Account



Log In Your Account