Ч.Мөнхбаяр: "Археологи бол бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн түүхийг судалдаг шинжлэх ухаан"

By: Admin
2024-12-25
0
1400

ХИС-ийн 2018 оны шилдэг судлаач багш доктор, дэд проф. Ч.Мөнхбаяр.

Монголын түүх, соёлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч археологич, түүхч, доктор, дэд профессор Ч. Мөнхбаярыг “Хоймор”-тоо урьж ярилцлаа. Тэрбээр 2016 онд Мөнххайрхан уулан дахь “Үзүүр гялан”-гийн Х зууны үеийн морьтой оршуулгын судалгаа”-г явуулж Үндэсний түүхийн музейд “Хадан гэрийн соёл” үзэсгэлэнг Соёлын өвийн төв болон тус музейтэй хамтран гаргаж байсан бол энэ онд “ХИС – Археологи 2018” үзэсгэлэнг өөрийн сургууль дээр Ховд аймгийн музэйтэй хамтран гаргаад байгаа юм. “Монгол Алтайн адидастай муми буюу Үзүүр гялангийн хадны оршуулга”-ын судалгаагаар олны танил болсон тэрбээр Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн эрт үед холбогдох “Чемурчекийн соёл”-оор дагнан судалгаа хийдэг. 2015 онд уг соёлд холбогдох Хар чулуут чемурчек тахилгын байгууламжийн малтлага судалгааг явуулж монгол нутагт урьд тохиолдож байгаагүй хүний дүрслэл бүхий чулуун онго цөөнгүйг илрүүлсэн бол энэ Хулагашийн голд мөн л эл соёлд холбогдох булшийг малтан судлаж 200 гаруй хавтан чулуу шинээр олжээ. Түүний энэ жил явуулсан археологийн хайгуул малтлага судалгаа нь Ховд их сургуулийн оны шилдэг багш номинацийг тэргүүлэх гол үндэслэл болжээ.

МЭӨ 2500–1600 жилийн тэртээд холбогдох “Чемурчекийн соёл”-ын 30 тахилгын байгууламж, булш илрүүлснээс 28-ыг нь малтан түүний зөвхөн хоёроос дүрслэл бүхий, хүний гараар зассан хавтан чулууг 500-аадыг олж, Монголын археологийн судалгаанд оруулсан. Энэ нь Монголын зэс чулуу хүрлийн түрүү үеийн түүхтэй холбоотой археологийн судалгааны хувьд нээлт болсон гэж үзэж болохоор ажээ. Булшнаас олдсон археологийн эд өлгийн дурсгал, хадгалалт, оршуулга, тахилгын зан үйл, шинжлэх ухааны ач холбогдол зэргээрээ олон дээд амжилт тогтоосон байна.

2018 оны бүрэлдэхүүний сургуулийн шилдэг багш болсонд юуны өмнө баяр хүргэе. Та аль нутгийн хүн бэ? Өөрийгөө танилцуулахгүй юу?

Юуны өмнө танаа байгууллагын хамт олонд, оны судлаач багшаар шалгаруулсан сургуулийн удирдлагад талархсанаа илэрхийлье. Баруун бүсийн ууган их сургуулийн Түүхийн судалгаа, сургалтын үйл ажиллагааг барьж явуулах болсондоо баяртай байдаг. Ирэх жил манай тэнхимийн  40 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн босгон дээрээ бид чамгүй үр бүтээлтэй ажиллаж байна. Миний хувьд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын гаралтай, 1996 онд Ховд аймгийн Жаргалант сумын I арван жилийн сургуулийг, 2001 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургууль, 2004 онд Улаанбаатрын их сургуулийн түүх-археологийн магистрантурыг дүүргэсэн. Төгссөнөөс хойш ХИС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж ирлээ.

Саяхан таны ярилцлага монгол гараг сайтад (Мөнхбаяр Ч. Даян баатарын нутагт зорчсон тэмдэглэл // http://www.mongolgarag.mn/history/14?fbclid=IwAR0oTFgtgdVeGhBMGx3SopQNOkMaFjzU2fW9Y5wvu6ZTl-6GZ2L2IpyevnA 2018.11.05) нийтлэгдсэн байна лээ. Тэрхүү нийтлэлд Ховд хотын сангийн хотод археологийн малтлага явуулсан талаар өгүүлсэн байна лээ. Уг дурсгалын малтлага судалгаа, санхүүжилтын талаар ярихгүй юу?

Буянт голын ард, их гүүрний доод талд орших чемурчек булшийг Шар сүмийн чемурчек булш нэрээр 2009 онд анх малтаж, Ховд аймгийн Жаргалант сумтай хамтран ажиллаж байлаа. Өнгөрсөн жил Ховд хотыг манжийн дарлалаас чөлөөлсний 105 жилийн ойн хүрээнд “Сангийн хотын макет зураг хийх” төслийг харин энэ жил “Сангийн хотын археологийн малтлага” төслийг хэрэгжүүлж байна. Ховд хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх төлөвлөгөөнд сангийн хотыг аялал жуулчлалын цогцолбор болгохоор төлөвлөсөн юм билээ. Тэр төлөвлөгөөний хүрээнд хийсэн ажил байгаа юм. Санхүүжилт нь арван сая төгрөг. ОХУ-ын Алтай их сургууль, Рерихын гэр музей болон хүрээлэнгийн санхүүжилттэй төслийн хүрээнд бидний энэ жил гүйцэтгэсэн Төв Азийн археологийн шинжилгээний ажилтай харьцуулах юм бол 10 дахин бага санхүүжилттэй. Археологийн малтлага судалгааны өртөг өндөр, хөдөө хээр явагддаг, зардал сүйтгэл ихтэй гэдгийг манайхан төдий л ойлгодоггүй бололтой. Бараг л малтлагаас гарсан олдвор нь алт мөнгө л байх ёстой гэж үзээд байх шиг. Шууд ашиг авч ирэхгүй бол ямар хэрэгтэй юм, сүүлчийн санхүүжилтыг өгөхгүй гэсэн шиг юм зарим нэг мэргэжилтэн хэлж байх юм. Хээрийн нөхцөлд газар шорооны ажил хийж байгаа хүмүүс бас зохих хэмжээний цалин хөлс авна. Гялалзсан бүхэн алт бус, энгийн ваар савны хагархай хүртэл түүх ярьдаг, түүнээс дуу гардаг гэдгийг ойлгодоггүй бололтой. Археологийн шинжлэх ухаан гэдэг бол бичиг үсэг байхгүй үеийн түүх соёлыг судлаж, тухайн эд өлгийн зүйлсийг задлан шинжилсний үндсэн дээр түүхийг нөхвөрлөн бичдэг, шинжлэх ухааны харьцангуй бие даасан салбар ухаан юм.  .

Та хамтран ажилласан байгууллагынхаа талаар, тэгээд Чемурчекын соёл гэж ямар соёл байдаг талаар ойлголт өгөөч

Миний тухайтад 2013 онд ОХУ-ын Барнаул хотын Алтайн улсын их сургуульд түүх – археологийн чиглэлээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Эрдмийн зэрэг горилж байх үедээ, 2004 оноос дээр өгүүлсэн хоёр байгууллагын судлаачидтай анхлан ажиллаж эхлэсэн, энэ жил 15 жилийн ой тохиосон жил байгаа юм л даа. 1960-аад онд БНХАУ-ын ШУӨЗО-ны нутаг Чемурчекын голд хийсэн малтлагаар 50 гаруй булш судлагдсан эдгээр олдворын онцлогыг тодруулахын тулд 1996 оноос Ван бо гэдэг судлаач Чемурчекын соёл гэдэг нэр томьёог хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Манайд 32 булш малтсаны 30-ыг нь миний бие өөрийн докторын удирдагч багш археологич, профессор Д.Эрдэнэбаатар, А.А.Ковалев, А.А.Тишкин, С.П.Грушин нарын хамт малтан шинжлээд, үр дүнгээр нь доктор болсон ухаантай юм. Манай түүх бичлэгт зэс чулууны үе, мөн хүрэл зэвсгийн түрүү үеийг хоёр хонины толгойн дүр бүхий чулуун нухуур, бас гурван газар тархсан хадны зургаар төлөөлүүлж үздэг байсан. Харин бид Д.Эрдэнэбаатар багшийг дагалдан, Монгол нутагт чемурчекийн судалгааг хийснээр зэс чулууны үед Монгол Алтайд европ гаралтай нүүдэлчид нүүдэллэн ирж, нутгийн уугуул монгол төрхтөнтэй угсаа соёлын нийтлэг үүсгэж, холимог төрхтөн овог аймгийг бий болгосон гэсэн таамаглал үүсч байгаа юм.  Манай археологийн судалгаа 2005 оныг хүртэл 4 дурсгалаар хүрэл зэвсгийн үеийг төлөөлүүлж үздэг байсан бол одоо арваад археологийн соёлоор Хүннү гүрэн байгуулагдах хүртэлх үеийн түүхийг нөхвөрлөн бичих боломж олдоод байна. Чемурчекын соёлыг судлахын бас нэг үр дүн нь юу гэвэл холимог төрхтэй Мөнгөн тайга, хиригсүүр, тэвшийн соёлынхон хэдий үед үүссэн бэ гэдгийг тогтоох явдал.  ,

Чемурчекын соёл нь манай археологийн судалгаанд Хэмцэг нэрээр дурьдагсан тухай өмнөх ярилцлагадаа хэлж байсан. Энэ талаар тодруулъя. 

Чемурчек соёлыг бүтээгчид цэвэр Европ төрхтөнгүүд байдаг. Тэд Монголын Алтайн  зүүн бэл орчимд, бүр тодорхой хэлбэл манай Буянт голын хөвөөнд уугуул монгол төрхтөнтэй уулзсан байна. 2008 онд Улаан худаг хэмээх газар орших XII булш буюу чемурчек булшнаас гарсан хүний ясанд монгол хэв шинжийн төрх тэмдэглэгдсэн. Энэ нь холимог төрхтөн 1600 жилийн тэртээд бий болж эхлэсний гэрч юм. Тэр үед цэвэр Монгол төрхтөн Мөнххайрханы соёл Монгол нутагт оршиж байсан байгаа юм. Түүний хамгийн баруун хойт тархалтын булшийг бид энэ жил малтаж саяхан зохион байгуулсан үзэсгэлэндээ бүрэн олдворын хамт дэлгэж тавьлаа. Манай төвийн археологчид 1733 оны Галданцэрэн хааны газрын зурагт байгаа Хэмцэг хэмээх (одоо Чемурчек гэдэг түрэг нэр авсан) газрын нэрээр уг соёлыг нэрлэе гэж үзсэн. Манай орон нутагт зарим эртний судлалын судлагаа хийдэг түүхч, угсаатны зүйчид, орон нутаг судлаачид үндэсний судлаачид хэмцэг гээд байхад та нар хасаг юм уу яагаад оросын судлаачидтай хамт судалгаа хийгээд европоос гаргалаг хийгээд чемурчек гэдэг нэрийг хэрэглээд байгаа юм гэсэн юм л яриад байгаа юм. Харин миний хувьд шинжлэх ухааны тогтсон нэр томьёог барих, хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Одоо бид хамтраад Ховд аймгийн археологийн ном гаргах бүтээл дээр ажиллаж байна. Харин тэр номон дээр Хэмцэг нэрээр нийтлэнэ. Миний докторын диссертаци нэгэн сэдэвт бүтээл болж 2015 онд гарсан. 1980-аад оны сүүл гэхэд Оросод 200 гаруй археологийн соёл байсан одоо цөөрч нэг соёл, эсвэл угсаа соёлын нийтлэгийн эхний эсвэл төгсгөлийн шат болж өөрчлөгдөх хандлагатай байна. Манай хувьд Оросын археологийн судалгааны 1970 – 1980 оны судалгаан дээр явж байна. “Айлын хүүхдүүд айхтар” гэдэг шиг Оросын археологи 17-18 дахь үедээ, харин манайх 3-4 дэх үе дээрээ явж байна. Сургууль, хүрээлэн болгон нэг нэр томьёо гаргадаг. Тэрийг нь бусад нь хүлээн зөвшөөрөх гэж, нэг баг нэг судалгааны урсгал чиглэлийг бий болгох гэж гэж хагас зуун жилийг зарцуулсан явдал ч байдаг. Манай Ховд их сургуулийн хувьд 40 нас хүрч байна. Тус сургуульд монголын түүхийн судалгаанд зохих хувь нэмэрээ оруулсан 6 түүхийн ухааны доктор одоо ажиллаж байна. Манай төгсөгчдөөс 10 орчим доктор төрсөн байна. Бидний хувьд ч гэсэн түүхийн судалгааны “Ховд школ”-ыг одоо ярих цаг болсон байна. Ховд их сургууль Монголын баруун нутгийн олон улсын харилцаанд “Ховдын процесс” гэдэг нэр томьёог гаргаад нийгмийн үзэгдэл болох нь тогтоогдоод бүр түүх бичлэгт үлдсэн байна. Бид цаашид “галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө” гэдгийн үлгэрийг бус Ховд школоо барьж баруун бүс нутагт гүйцэтгэсэн үүрэг ололтоо алдалгүй барьж явах ёстой гэж боддог.

Хэмцэг соёлын бас нэг хэлбэрийн буюу Баян-Өлгий хэв шинжийн булшийг манай төвийн судлаачид түүх бичлэгт Афанасьевын соёл гэж үзээд байгаа юм. Тэр булшнаас Монгол төрхийн хүний антропологийн хэрэглэгдхүүн гардаг юм. Гэтэл афанасьевын соёл чемурчекын урд талын соёл байдаг. Гэтэл нөгөө Европчууд яагаад монгол төрхтэй болчихов гээд энэ бантанг янзалж түүх бичлэгээ засварлах ёстой гэж өмнөх нийтлэлдээ асуудал хөндсөн байгаа.

Их олон гадаад нэр томьёо гарч ирээд байгаа нь хүмүүст төөрөгдөл үүсгэдэг бололтой. Чемурчек бол голын нэр юм байна. Тэгвэр Афанасьев гэдэг нь ямар учиртай нэр томьёо юм бол?

Тиймээ их олон гадаад нэр томьёог уншигч битгий хэл зарим судлаачид төөрөлддөг тал бий. Афанасьевын соёл нь Оросод анх судлагсан. Газрын нэр бүр уулны нэр юм билээ. Тэр ууланд л жигд чулуун дараастай, газар хавиргалан босгосон хүрээтэй булшинд хүнийг улаан зос цацаж өндгөн ёроолтой ваар дагалдуулж оршуулсан байдаг юм. Тэгээд л анх судалсан судлаачдынх нь бий болгосон  нэр томьёог нь хүлээн зөвшөөрч хэрэглэсэн тал ажиглагдаж байгаа юм. Манайд ийм 6 булшийг 1970–1980-аад онд Баянхонгор аймагт малтсан. 2004 онд 7 дахь булшийг л бид малтсан.  Тэр 6 булшны судалгаа 1980 онд анх нийтлэгдсэн. Гэхдээ ганц ч зураг хавсаргаагүй юм билээ. Түүнээс хойш, уг судалгааг нийтлэсэн хүний эхнэр нь дэвсгэр зураг зарим олдворын гар зургийг оруулж 1989 онд “Эртний монгол” гэдэг бүтээлдээ оруулсан. Түүний дараа 2006 онд А.Д.Цыбыкторев гэж буриад гаралтай Оросын археологич нийтлээд, 2013 онд миний бие афанасьев булшны монгол дахь судалгааг диссертацидаа нийтэлсэн.

Эртний монгол гэж ном бичсэн археологич, түүний нөхөр бас нэг археологичийн талаар өгүүллээ. Энэ талаар тайлбарлавал ?

Манай археологийн судалгаа ХХ зууны дунд үеэс эхлэлтэй. Яахав шинжлэх ухааны хувьд их монгол улсын үед бид чинь хүрээлэнтэй байлааштэй. В.В.Волков гэж “Монголын буган чулуун хөшөө” гэдэг бүтээлийг бичсэн археологич бий. Түүний эхнэр нь А.Э.Новогородова гэж археологич байсан юм л даа. Археологийн судалгаанд зохилох байр суурьтай байсан оросууд Монгол дахь судалгааны талаар бичихдээ инэрцээ алдалгүй өөрийн үзэл баримтлалаар биччихсэн байдаг. Тухайлахад Монголын хүрлийн үе Карасукын соёлоос гаралтай гээд дүгнэчихсэн. Тэр үзэл баримтлалыг манай үндэсний судлаачид хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир эдгээр гадаад нэр томьёо болон үндэсний үзэл баримтлалын хооронд зөрчилдөөн үүсэх тал байдаг. Сүүлийн жилүүдэд монголын археологийн соёлууд Оросоос, Хятад болон Японоос бүр Турктэй холбоотой гэсэн үзэл баримтлалын зөрчилдөөн гараад байна. Бид энэ бүгдэд шинжлэх ухааны бодит баримтад түшиглэн жинтэй дугарах судалгааг л хийгээд байгаа хэрэг.  

Одоо хятадад гадны археологич хөл тавьж малтлага хийгээгүй байна. Тэгээд яадаг гэхээр социолизмын үед маоизм байсан нь одоо хятад төвийн үзэл болоод шар үстэй скиф оршуулга байхад хятад гээд л бичээд байгаа байхгүй юу. Түүнтэй адил Оросууд скифийн үе гэж өөртэйгээ буюу славьянчуудтай холбоотой археологийн нэг бүхэл бүтэн үе гаргаад түүний түрүү үед Монголд байгаа хиригсүүрийн соёлыг оруулаад монгол болон холимог төрхтэй хүмүүсийг түрүү скифчүүд байсан гэж л өмчлөөд байна. Тэгвэл урд талд нь Хятад аймаг, төр улс, ард талд нь Скифүүд түрүү, дундад хожуу үедээ амьдарч байсан юм бол Монгол нутагт чулуун зэвсгийн үеэс тэр Монгол ДНК-г бий болгож бусад тивүүд рүү тараасан Батсуурь гуайн хэлээд байгаа Y хоромсонтой, 1200 гаруй буган чулуу, хэдэн арван мянгаар тоологдсон хиригсүүр, булш бүхий Монголын олон овог аймаг, төр улсын түүх яах юм бэ. Тэрийг зөвхөн тэдний нэг салбар, хязгаар нутаг болсон, орон нутгийн соёлын онцлогтой соёлын нэг шат, үе гэж үзэх зүй тогтолтой Аржан маймерийн үе гэж явцуу өөрийн школоор тайлбарлаж өмчилж болохгүй. Д.Түмэн доктор манай археологичид шинжлэх ухааны интеграци гэж мэдэхгүй жалга довын үзэл их байна https://medium.com/@Mogii_haha/ гэсэн байна лээ. Энэ монголд ч биш Оросод, бусад улс оронд ч адилхан байдаг амбиц л даа.

Гадныханд манай түүхийг өмчлөх хандлага байдаг талаар уншигчид маань таны ярианаас бодит мэдээлэл авна байх гэж найдаж байна. Харин одоо Чемурчекын соёлын монгол дахь судалгаа, уг соёлын тархалт, гол онцлогын талаар дэлгэрүүлж ярина уу.  

                Манай улсад ийм төрлийн булшийг 1980-аад оны дундуур И.В. Асеев Монголын баруун бүс нутаг (Увс аймгийн Ховд сум)-д 5-ыг малтан шинжилж, ижил төрлийн ОХУ-ын Буриадад тархсан булштай харьцуулан, он цагийг хүрлийн түрүү үед холбогдох магадтай гэж үзсэн.                Монгол Алтайд чемурчекийн соёлыг дагнан судласан судлаачид бол А.А.Ковалев, Д.Эрдэнэбаатар нар юм. А.А.Ковалев 2000 онд Германд нийтлүүлсэн өгүүлэлдээ чемурчекийн соёлын талаар өрнө дахинд анхлан танилцуулжээ. Үүндээ чемурчек хүн чулуун хөшөө, сайхь хөшөөнд сийлсэн бухын хөлний дүрс, s хэлбэрийн эвэрний дүрслэлийг Уулын Алтайн Ини орчимоос илэрсэн хөшөө, Алтайн хязгаарын Угловскийн районоос илэрсэн чулуун сав, Алтайн бүс нутгаас олдсон хадны зургийн дүрслэл болон бусад баримттай харьцуулан тархалтыг нь тогтоох анхны оролдлого хийсэн байдаг. Санкт–Петербургын их сургууль, Төв Азийн олон улсын хамтарсан археологийн экспедици 1998–2000 онд Алкабек гол (Дорнод Казакстаны Курчумскийн район)-ын савд хүрлийн түрүү үеийн 12 ширхэг тэгш өнцөгт хэлбэртэй булш (Ахтума, Айна–Булак I, II, Копа, Булгартаботын булшнууд)-ийг малтан шинжилсэн.

                2003–2004, 2010 онд Монгол–Оросын хамтарсан “Төв Азийн археологийн шинжилгээ” төслийн хүрээнд явуулсан археологийн хээрийн шинжилгээний анги Ховд аймгийн Булган сумын ойролцоо (Ягшийн хөдөө, Хэвийн ам, Буурал Харын ар зэрэгт 6, Хөх үзүүрийн дугуй Авын хөх уулын Хөх үзүүрийн дугуй, Хадат овоо, Эрэгнэг уул зэрэг газарт Чемурчекийн соёлд холбогдох 3 булш) нийт 9 булшинд малтлага хийсэн. Мөн Баян–Өлгий аймгийн Улаан хус сумын нутаг (Хул уул, Хуурай говь, Хөндий говь, Хар хошууны булш)-т 4 тэгш өнцөгт хэлбэртэй булшийг малтан шинжилсэн. Дээрх хайгуул, малтлагын олдворуудад хийсэн судалгааны үр дүнгээс харвал хүрлийн үед Зүүн гар болон Монгол Алтай нутаг нь адилхан соёлтой байсан гэсэн дүгнэлт гардаг. Чингэхдээ тэрхүү соёлын үндсийг бүрдүүлэгч хэсэг нь Баруун Европ (Баруун болон баруун өмнөд Франц)-оос нүүдэллэж ирсэн хэмээн дүгнэжээ.

                Археологич В.В. Волков Толбо сумын нутаг хэмээн тодорхойлсон угтаа бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баян-Энгэр хэмээх газар орших чемурчек булшийг 2004 онд тоносныг Ю.И. Ожередов үзэж булшнаас шидэгдсэн 5 шагайг судлаач А.А. Ковалевд гардуулж өгсөн байна.

                2007–2014 оны хооронд Монгол Оросын хамтарсан Буянтын археологийн экспедици Улаан худаг 1 хэмээх газар хоёр, Улаан худаг 2-т 1, Халзан үзүүрт 4, Полигонд 1, Шар сүм гэдэг 1, Хуурай салааны аманд 2, Бэлэн усны дэнж, Баян-Энгэрт тус бүр 1 чемурчек нийт 13 булшийг малтан шинжилжээ. Экспедицийн ажлын үр дүнд Хойт Шинжаан (Зүүн гар), Булган голын савд олдсон Чемурчек хэв шинжийн булш Буянт голын сав (Монгол Алтайн зүүн бэл)-д буй нь тодорхой болж эдүгээгээс 3800-4500 жилийн өмнө сайхь голын савд Европ хэв шинжийн нүүдэлчид бидний өвөг дээдэстэй зэрэгцэн амьдарч байсан болох нь баримтаар нотлогдсон.  

                2011 оны намар Ц.Төрбат ахлагчтай ШУА-ийн археологийн хүрээлэнгийн археологчид Авын хөх ууланд чемурчекийн соёлд холбогдох нэг булш, Ховд аймгийн Буянт сумын нутаг Баян-Өндөрт нэг, Баян-Өлгийн аймгийн нутагт Баян-Өлгий хэв шинжийн нэг чемурчек булш малтан он цагийн МЭӨ 1900–1600 жилд холбогдохыг тогтоосон байна.

                2015, 2018 онд Төв Азийн археологийн шинжилгээний экспедеци Баян-Өлгий аймгийн Улаан сумын нутаг Хар чулуут 1, Сагсай сумын нутаг Хулагаш 1 чемурчек булшийн тус тус малтан шинжилсэн гээд эдүгээ нийт 30 чемурчек булш малтсан байна.

Тодруулбал Ховд аймагт 24 (Булган голын савд 10, Буянт голын савд 13, Хонгио голд 1), Баян-Өлгий аймагт 6 (Хар ямаат голын савд 4, Годон голын Хар чулуут 1, Хулагаш голд 1) чемурчек булш малтан шинжилсэн. Одоо Буянт голын савд малтаагүй 4, Хонгио голын савд 1, Говь-Алтай аймагт хүн чулуун хөшөө бүхий 1 булш мэдэгдээд байна.

                Хоёр хонины толгойн дүр бүхий чулуун нухуур ОХУ-ын Хакасын бүгд найрамдах улсын нутагт малтсан Абаканы окунев булш, Тувад малтсан Тарлашкыны афанасьев булш, мөн Хуурай говийн афанасьев булшнаас хүрэл хутга хандгай, хонины толгойн дүр бүхий чулуун нухуур гарсан нь нэг үеийн соёл болохыг харуулдаг. Соёлын онцлогын хувьд афанасьев, окунев, караколь болон кротов, елунины соёлынхны нийлмэл угсаа соёлын нийтлэг их алтайд оршин байсан бололтой. Эдгээр соёлын булшны гадаад дотоод хэлбэр зохион байгуулалт адил, хүн чулуун хөшөө, хүний дүрт бичил онго ашигладаг, ваар сав, өнгөт төмөрлөг буюу цагаан тугалаг, зэс ээмэг нь адил, хамгийн гол нь булшны ханан дээрээ зосоор адил зохиомжтой зураг урладаг зэрэг нь нэг угсаа соёлын нийтлэг болохыг гэрчилдэг юм.

                Археологийн соёл гэж юу юм бэ?

Археологийн соёл гэдэг нь өөр газар дахин давтагдашгүй байх ёстой. Хүн судлал болон дээр өгүүлсэн оршуулга, тахилгын байгууламж, олдворын хувьд давтагдахгүй байж гэмээнэ археологийн соёл болно. Соёлууд нийлж угсаа соёлын нийтлэг үүсгэх нь бий. Дээр өгүүлсэн окуневын соёл зөвхөн Минусын хотгорт, Караколийн соёл Уулын Алтайд, Кротовын соёл, Елунины соёл хоёр баруун өмнөд сибирьт тархсан хүрлийн түрүү үеийн соёл л доо. Кротов гэдэг нь Новосибирскийн археологичдын, Елунины соёл нэрийг Барнаулын археологичид ашигладаг юм. Манайд Чемурчек болон Хэмцэг нэрээр хүрлийн түрүү үеийн археологийн соёлыг авч үзэж байна. Цаашид чемурчекчууд Горный Алтайгаар дамжуулж цаад талдаа Минусын хотгор хүрч суурьшсан гэдэг ч юм уу. Хүрлийн түрүү үеийн түүх бичлэг илүү тодорхой болох байхаа гэж найдаж байгаа.

Цаашид гэснээс ямар бүтээл хийхээр ажиллаж байна даа.

2012 оноос бид хийсэн судалгаагаа нэгтгэж хамтын өгүүллийн эмхэтгэл гаргаж эхлэсэн. 2015 онд гурван ч бүтээл гаргалаа. Орос, Казахстан, Монгол, Хятадад хийгдсэн хүрлийн түрүү үеийн археологийн соёлын судалгааг нэгтгэж хэвлэлээ.

Эдүгээ ХИС-ийн ТНУТ-ийн агуулахад 2015 онд малтан судласан Хар чулуут 1 чемурчек булшны 229 ширхэг хавтан чулуу, энэ жил судалсан Хулагаш голын чемурчек булшны 200 гаруй хавтан чулуу, нийт зассан бүрэн болон бүрэн бус дүрслэлтэй 450 хавтан чулуу байна. Цаашид Хар чулуут 1 чемурчек булшны бүрэн дүрслэл зохиомж бүхий 65, Хулагаш голын 55 хавтан болон бусад зассан бүрэн бус дүрслэлтэй хавтан чулуудад тодорхойлолт үйлдэж бүрэн хэмжээгээр нь нийтлэх зорилт тавин ажиллаж байна.

Бүр хэтийн зорилт гэвэл ХИС хүрлийн түрүү үе чемурчек судлалын төв байгуулах хэмжээнд судалгааны бааз сууриараа бэхжээд байна. Энэ бүхнийг олны хүртээл болгох тал дээр илүү төвлөрөн цаашид эх хэл дээрээ үр дүнг нийтлэх тал дээр анхааран ажиллах болно. Мэдээж археологийн судалгаа багийн ажил байдаг тул шавь нараа бэлдэнэ дээ (энэ талаар ХИС-ийн эрдэмтний цаг нэвтрүүлгээр 2008 онд дурдаж байснаа онцоллоо).

Таны ярихыг хүссэн зүйлийг асуугаагүй байж магад. Тийм зүйл байх аваас ярихгүй юу?

За бидний хийсэн судалгаа болон түүний эргэн тойрондох сэдвийг хөндөж, сонирхолтой сайхан асуулт тавьж, чиглүүлж ярилцсанд баярлалаа. Хээрийн судалгаа хийхэд бидэнд өтр засгийн дэмжлэг их хэрэгтэй байдаг. Саяхан нэг нөхөр түүх соёлын дурсгалын хууль бус наймаа эрхлээд эцэст нь амьдарлаараа шийтгүүлсэн тухай бичлэгээ тавьсан байх мөн тэр нь бичвэрээр нийтлэгдсэн байхыг үзлээ. Багшийн маань хэлсэнчилэн “монголын археологи атраараа байна”. Бидэнд хийх зүйл их байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд их сургуульд Баруун бүсийн нийгэм эдийн засгийн хүрээлэн байгуулна гэж амлаад, ажил нь ч эхлээд явж байсан, гэтэл ажлаа өгөөд буух дээрээ тулаад байна. Шинжлэх ухааны тал дээр нэгдсэн бодлого барьхгүй, улс төр хийгээд яваад байвал гадны хөрөнгөтэй улс орнууд эх түүхийг маань өмчлөөд эхлэчихлээ.

Ядаж орон нутагт хийгдэж байгаа том бүтээн байгуулалтанд биднийг оролцуулаач гэж хэлмээр байна. Одоо Шижигтийн усан цахилгаан станцийн бүтээн байгуулалт эхлэх байх гэж бодож байна. Алин болгон уул ус харж суухав. Тухайлбал цахилгааны шугамын хэдэн шон унахад л гал тогоогоо гадныханд бариулахаар ямар байдгийг голдоо ортлоо мэдэрч байна шүү дээ.

Ховд их сургуулийн багш судлаачдыг байгаль орчны үнэлгээ, угсаатны зүйн судалгаа, археологийн хайгуул, малтлага судалгаанд оролцуулж өгөөч гэж хүсмээр байна.

Үүний зэрэгцээ орон нутгийн аж ахуй нэгж байгууллагуудад хандаж хэлэхэд Монгол улсад археологийн хайгуул, малтлага судалгаа явуулдаг мэргэжлийн 7 байгууллагын нэг нь Ховд их сургууль. Шинээр бий болгож буй үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой  археологийн хайгуул, авран хамгаалах археологийн малтлага судалгааг мэргэжлийн түвшинд хийх чадвартай.  Хотын байгууллагуудтай хамтарвал замын зардлаас эхлээд зардал их гарна. Орон нутагтаа бидэнтэй хамтарч ажиллавал хэн хэнд маань амар байх болно гэж хэлье.

За бидэнтэй ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын судлан шинжлэх болон сурган хүмүүжүүлэх ажилд өндөр амжилт хүсье.

Ярилцсан Г.Төрмөнх


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 7 =

Create Account



Log In Your Account