Товшуур хийгээд морин хуурын аялгуун дор

By: Admin
2024-12-25
0
1422

Соёлын уламжлал 

“Сайлюгем”- /Сийлхэм/- ийн үндэсний парк, АБНУ-ын Кош-Агачийн районы захиргааны соёлын салбараас хамтран “Үлгэр, туульсийн наадам” /уралдаанд шалгаруулалт/-ыг тус паркад зохион байгуулав. Нар буцсаны маргааш өдөр нь хилийн районууд болоод газар, газраас ирсэн зочид Үндэсний хүрээлэнгийн төв хэсэгт байх Чаган Бургазы гэх байгалийн хил, заагт уулзалдан, тухалсан юм. Туульсийн наадамд өсвөр, залуу үлгэрч, туульчид олноор хүрэлцэн ирсэн байсан нь Олон улсын туульсийн хуралдай /курилтай/ хэмээгдэх энэ арга хэмжээг улам ч өнгөлөг болгож байв. Сайлюгемскийн паркийн эрдэм шинжилгээний ажилтан Маи Ерленбаевын хэлснээр энэ удаагийн наадам маань шинээр санаачилсан төслийн хүрээнд явагдаж байгаа агаад Монгол улс болон зарим оронд болдогчилон хөөмийн наадмыг мөн зохиох гэнэ. Тэрбээр хөөмийн наадмыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ. “Нүүдэлчдийн дуу хоолой” нэртэй энэхүү хөөмийн наадамд оролцогчдыг урьдчилсан сонгон шалгаруулалтаар сонгож, урих юм байна.

Хорин нэгэнд нарлаг сайхан өдөр болсон ба зуны туйл буюу нар буцахын өмнөх энэ өдрийн орой уригдан ирсэн зочид маань их түүдэг ноцоож, гал тахих ёслолд оролцсон. Май Ерланбаева хэлэхдээ “энэ өдөр галын бурхантай харьцаж, ивээл өршөөл хүсэх, гал хариулахад ихэд таарамжтай өдөрт тооцогддог. Алтайчууд хэзээнээс үлгэр, туульсид итгэж, бөө мөргөлийн зан үйлээ орхилгүй хадгалан, дээдэлсээр ирсэн улс. Манай паркийн хувьд ардын өв соёл, байгаль дэлхийтэй харьцах уламжлалт  мэдлэгийг дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг аль болохоор хичээдэг. Дөрвөн жилийн өмнө бид энд Алтайчуудын уламжлалт цаг тоолол болох “Чаг Байрам” тооллын шинэ оныг тэмдэглэж, уулзацгаасан бол. Өнөөдрийн энэ арга хэмжээ маань хүрээлэнгээс зохиодог энэ төрлийн үйл ажиллагаанд бас нэг шинэ хуудсыг нээж байна” гэсэн юм. Зохион байгуулагчид үүнийг зүгээр нэг энгийн шоу болгохгүй байхыг хүсэж байгаа. Тиймээ өнөөдөр хөөмийн язгуур урлаг цаг үеийнхээ хандлага нөлөөнд нэлээн автах болов. Тиймээс уг наадмын бас нэг зорилго бол хөөмийн эртний язгуурлаг чанарыг нь хадгалж үлдээхэд чиглэгдэх ёстой юм.  Алтайчуудын нэг өвөрмөц гайхамшиг гэвэл эртний туульсыг хөөмэйтэй хослуулан дуудан үгүлдэг (хайлдаг) явдал. Энэ бол Алтайнхны үндсэн хэв маяг агаад, ардын язгуур урлагийн сор шүлт болсон зүйлүүдийн нэг гэж болно гэдгийг оролцогчид онцлож байв.   

Энд ирсэн үлгэрч туульчид бараг л бүгд бие биенээ танидаг аж. Уралдаан наадмын явц дунд оролцогчид залуучууд маань хоорондоо чөлөөтэй уулзаж, учирч туршлага солилцох боломж нээлттэй байсан. Наадамд Монголоос мөн туульч, үлгэрчид оролцсон юм. Монголын оролцогч Баярсайханы Хосбаярын хувьд Монгол язгуурын баатарлагийн туульсыг маш өндөр түвшний (мастерство) гүйцэтгэлтэйгээр дуудан үгүүлснээр (хайлах) зогсохгүй, монгол үндэсний хөгжим болох морин хуурын цөөхүүлтэй хоршин, хөөмийлсөн нь сонгодог түвшиний гүйцэтгэлтэй байлаа. Б.Хосбаярын ярианаас ажвал Монголд хөөмийн урлагийг их сургуулийн хөтөлбөрөөр эзэмшүүлдэг болсон. Өдгөө тийнхүү сургуулиар бэлтгэгдэн гарсан 40 баклавр, 20 магистр байгаа аж. Мөн хөөмийн урлагийн нэг доктор байгаа нь эмэгтэй хүн юм байна. Монгол туулийг ихэвчлэн эртний урианхай аялгаар хайлдаг (дуудан үгүүлдэг) учир  чухам юуг үгүүлж байгааг нь тэр бүр хүмүүс бүрэн гүйцэд ойлгодоггүй тал байдаг. Тиймээс орчин үед залуу үеийнхэн үлгэр туульсын соёлын сүлжээ бий болгохыг ихэд сонирхож байгаа гэнэ.  

Кокоригээс ирсэн Анатолий Турлунов: “Манайд үлгэр туульсийг сонирхох нь үлэмж, гэхдээ тохирох багш нар бараг үгүй. Залуус маань үүнд суралцацгаавал энэхүү язгуурийн соёл урлаг маань ард түмний дунд байнга үлдэж, ардын маань соёлын салшгүй хэсэг байсаар байх боломж бүрдэнэ. Энэ чиглэлийн багш нар бараг үгүй, сургалтаар эзэмшүүлэх туршлага байдаггүй нь дутагдалтай ч, өдгөө энэ урлаг ард түмний амьдралын хэв маягийг илтгэхүйц түгээмэл зүйл болж ирж байна.

Намайг бага байхад эцэг маань хоньчин байсан. Манайд гэрэл, цахилгаан, телевизор ч гэж байсангүй. Хүүхэд наснаасаа үлгэр туульсийн хэсгээс сонсож дассан, энэ авиа аялгуунд дуртай болсон нэгэн. Үлгэр туульсийн ая дан  надад тэр цагийг, хүүхэд насыг минь, манай ард түмний эртний соёл, аж байдал, ахуйг тээж ирдэг” хэмээсэн. Анатолий өөрөө анх 7 настай байхдаа гартаа товшуур хөгжим барьж үзэж, тэгээд ааваараа заалган, оролдож сурсан байна. Тавдугаар ангид байхдаа дэнлүүний гэрэлд туульс уншин, цээжлэх болжээ.  Түүний бяцхан хүү байхаасаа сурсан хамгийн дуртай тууль үлгэрүүд нь “Алып-Манаш”, “Маадай-Кара” гэдэг туульсууд аж. Мөнхүү энэ наадмын оролцогч Байыр Турлуновын хувьд өнгөрсөн жилийн долоодугаар сард үүсэн байгуулагдсан “Ээл Кай“ хэмээх “Алтайн үлгэр, туульс, хөөмийн нийгэмлэг”-ийг санаачлагчдын нэг аж. “Бид үүнийг санаачилж хийхдээ үлгэр туульс, хөөмийн соёлыг зөвхөн судалгааны ажил, номын хуудсанд байх зүйл бус ард түмний амьрал дунд бодитоогоор амьдарч, уламжлагдаж хөгжиж байх зүйл байлгахыг чухалчилсан юм.  Туульсийн урлаг ард түмний ахуй соёлын амьд хэсэг байх ёстой. Тиймээс бид тосгонуудаар аялж, баатарлагын үлгэр туульсуудыг хайлж, /дуудан үгүүлэх/ ажлыг зохион байгуулдаг, энэ ажлаа нэн ялангуяа залуу үеийнхэнд хүргэхэд ихэд анхаардаг. Тэд үлгэр туульсийг сонсоод, түүнд гарч буй эртний үг хэллэгүүд болон үгүүлэмжүүдийн утгыг ухаж ойлгох, эртний түүхийг мэдрэх сэдэлтэй болж эхлэнэ. Түүгээр зогсохгүй энэ нь орчин үеийн хэл ярианы үгийн санг баяжуулах, хэлний ядуурлыг зогсооход нэн тустай, туульсийн үгүүлэмжид гарч буй асар баялаг утга санааг багтаасан үг хэллэгүүд орчин үеийн хэл ярианд байхгүй болж мартагдахад хүрсэн нь бодит үзэгдэл. Төрөлхийн авъяслаг хүүхэд багачууд тосгонуудаар олон байна. Тэдэнд үлгэр туульсийг хэрхэн хайлж, сурахыг зааж өгөх хэрэгтэй. Тэдний дундаас энэ чиглэлийн чадварлаг жүжигчид төрөх боломжтой гэдэг нь мэдээж магадтай зүйл. Тиймээс энэ төрлийн ажил эрхлэж буй болон сурч буй хүмүүсийг цалинтай болгох шаардлага ч бий. Үлгэр, туульс, хөөмийн урлагаар үзэгч сонирхогчдод үйлчилсний төлбөр, орлогоос тэдний цалингийн санг бүрдүүлэх боломжтой шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлийн зохион байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй” хэмээн тэр үгүүлсэн.

Наадмын ерөнхий шүүгч Артём Какаевич Еликпаев хэлэхдээ: Үлгэр туульсийн өлгий нутаг болох Кош-Агачийн районыхан энэ наадамд түлхүү рольтой оролцдог. Анх 1988 онд Леонид Отуков, Андреем Талкыбыев, Герман Мандаев нарын хамтаар Алтайн ард түмний анхны туульсийн наадмыг зохион байгуулсны дараа ард олны дунд тууль хөөмийг сэргээн, хөгжүүлэх явдал үлэмж идэвхжисэн. Анхны тэр наадамд Мухор-Тархата суурингаас хамгийн олон залуус оролцсон юм. Тосгонуудаар явж хөөмийлдөг тууль хайлдаг хүмүүсийг хайж байлаа шүү дээ. Харин тэгтэл одоо сургуулийн хүүхдүүд энэ урлагаар хичээллэж, ирээдүйн авъяаслаг туульч, хөөмийчид олноор гарч ирж байна. Өнөөдөр бид энэхүү уламжллат соёлоо сэргээн хөгжүүлэхэд саад болох хүчин зүйл үгүй. Монголоос ирсэн зочид маань бидний мэддэггүй, өвөрмөц сонин гүйцэтгэлүүдийг үзүүллээ. Тэд уламжлалт хэлбэрийг орчин үеийн хэв маягаар баяжуулж, үгүүлэмжийг ончтой богино хэлбэрт оруулан, харин баатарлагийн үйл явдлыг илүү эрчимлэг, тэсрэлттэй болгожээ. Бид ч бас өвөг дээдсийнхээ тууль хайлах дэг жаягийг судалсны үндсэн дээр, ийм байдалд оруулан орчин үежүүлж болох юм байна” гэсэн.

Наадмын эцэст дүн гарахад “Үлгэр, туульсийн уламжлалт төрөлд Байыр Турлунов, харин “Хөөмийн” төрөлд Байрам Малчинов нар тэргүүн байранд шалгарав. Наадмын хамгийн залуу оролцогч болох арвангурван настай Саят Ултариковд үзэгчдийн нэрэмжит шагнал олгов. Оролцогсод бүгд л энэхүү наадам цаашид, дараа жилүүдэд  үргэлжлэн явагдана гэж найдаж байгаагаа илэрхийлцгээж байв. Сайлюгемскийн үндэсний хүрээлэнгийн (Сийлхэмийн) төв талбар “Чаган-Бургаз”-д нийт оролцогчдын санал солилцох уулзалт болсон ба үлгэр туульсийн орчин үеийн хэлбэрт оруулсан найруулсан гүйцэтгэлийг улам өргөжүүлэн дэлгэрүүлбээс зүгээр юм гэсэн саналтай хүмүүс олон байлаа.  Түүнчлэн энэ үеэр зохион байгуулагчид “Нүүдэлчдийн дуу хоолой” хэмээх хөөмийн наадмыг жил бүр уламжлал болгон явуулахаар төлөвлөсөн гэдгээ илэрхийлсэн юм.

Любовь ИВАШКИНА /Гэрэл зургийг зохиогч/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 10 =

Create Account



Log In Your Account