Буянт сумын нутагт хайгуулын ажил хийх "Дорнын шим" компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

By: Admin
2024-11-22
0
1759

Буянт сумын Наранхайрхан багийн Билүүт хэмээх газрын “Их буурал” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан “Дорнын шим” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн байгууллагуудад ирүүлсэн иргэдийн санал гомдлын дагуу тус компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах захирамжийг аймгийн Засаг дарга энэ сарын 22-ны өдөр гаргасан.

Үүний дагуу аймгийн МХГ-ын дарга П.Эрдэнэчулуунаар ахлуулсан МХГ, БОАЖГ, Хар нуур, Ховд голын сав газрын захиргаа гэсэн гурван байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 10-р сарын 23-ны өдөр “Дорнын шим” ХХК-нийн хайгуулын ангийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Тухайн газарт очиход тус хайгуулын анги нь 8 гэр барьж, 2 ширхэг цохилтот өрмийн тоног төхөөрөмж болон бусад хэрэгцээт машин техникийг байрлуулж, үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангасан байдалтай байсан юм. Энэ үеэр ажлын хэсгийнхэн хайгуул хийх тусгай зөвшөөрөл, хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө зэрэг үйл ажиллагаа явуулахад холбогдох бүхий л баримт бичиг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, эдгээр нь бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаад хяналт, шалгалт хийж ажиллалаа. “Дорнын шим” ХХК нь Засгийн газрын 2018 оны 8 сарын 8-ны өдрийн тогтоолын дагуу 2019 оны 7-р сарын 17-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад шалгарч 1226,71 га талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлөө Ашигт малтмал, газрын тосны газраас 9-р сарын 27-ны өдөр авчээ. Зөвшөөрлийн хугацаа 2022 оны 9 сарын 27-нд дуусах юм.

Одоогоор сумын иргэд гомдол гаргасан тул хайгуулын ажлаа албан ёсоор эхлүүлээгүй байгаа талаар компанийн гүйцэтгэх захирал М.Бат, үйл ажиллагаа хариуцсан захирал н.Сүхбат нар хэлж байлаа.

Мөн нутгийн иргэдийн зүгээс тухайн газрын ундны болон бэлчээрийн усан хангамжийн эх үүсвэр болох  худгийн эхэнд түлш асгаж хөрс бохирдуулсан талаар мэдээлсэн. Үүний дагуу ажлын хэсгийнхэн хяналт, шалгалт хийхэд ус хангамжийн хориглолтын бүс (худагнаас 50 метрийн радиус дотор)-ээс хол буюу худагнаас 110 метрийн зайд бага хэмжээний түлш асгарсан нь өнгөн хөрсөнд 5 см орчим нэвчсэн байсныг цэвэрлэж ачин, цэвэр шороо асгасан байдалтай байсан юм.

Компанийн ажилчдын хэлж байгаагаар шаланз машинаас дизель генератор буулгах явцад банкнаас нь 2 литр орчим түлш асгарсан гэлээ. Мөн ажлын хэсгийнхэн тухайн газарт хайгуулын ажил эхлэхээс өмнө худгийн усны найрлага, эрүүл ахуйн үзүүлэлт ямар байгааг шинжлэх зорилгоор хайгуул хийх талбайд орших 2 худагнаас шинжилгээний дээж авсан юм.

Багийн иргэдийн хувьд хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцэж буй гол шалтгаан нь компани өрөмдлөгийн ажилдаа ашиглах усаа тухайн газрын 3 худагнаас авч ашиглана гэж үзэж байгаа юм. Хэрэв тэгвэл худгийн ус ширгэж Билүүт орчимд жилийн 4 улиралд нутагладаг Буянт, Дуут сумын 3 багийн малчин өрхүүд ундны усгүй болж, мал сүрэг бэлчээрийн усан хангамжгүй болохоос гадна байгалийн унаган төрх алдагдах аюултай тул компанийн үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагатай гэж үзэж байна. Харин Хар нуур, Ховд голын сав газрын захиргаанаас 2019 оны 10 сарын 17-ны өдөр тус “Дорнын шим” компанийн хайгуулын ангийн “Ус ашиглах дүгнэлт”-ийг гаргасан байна.

Мөн тус газрын дарга Р.Энхсүрэн хайгуулын талбайд хяналт, шалгалтаар ажиллах үеэрээ унд ахуйдаа болон өрөмдлөгийн ажилдаа хэрэглэх усаа Цагаан бургасны голоос зөөвөрлөх, ингэхдээ шууд голоос соруулах бус тусгайлсан жижиг усан сан бий болгож авах зөвлөмжийг компанийн удирдлагуудад өгсөн юм.

Хайгуулын компанийн явуулах гэж буй үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, аливаа зөрчил байгаа эсэхийг ажлын хэсгийн гишүүд тус бүр мэргэжлийн чиг үүргийнхээ дагуу судалж, холбогдох баримт, мэдээллүүдийг нэгтгэн, 10 сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргад танилцуулж, цаашид хэрхэх талаар хэлэлцлээ.

Хуралд аймгийн Засаг даргад болон мэргэжлийн байгууллагуудад санал хүсэлт ирүүлсэн иргэн н.Цагаанцоож, н.Хосбаяр нарыг мөн оролцуулан, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Хяналт шалгалтын ажлын үеэр “Дорнын шим” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 401.2-дахь заалт буюу “Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байгаа тул тус компани үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй гэж мэргэжлийн байгууллагынхан үзэж байна.

Харин компанийн удирдлагууд хуулийн дагуу палеонтологийн судалгааг ШУА-ын Палеонтологийн хүрээлэнгээр, археологийн судалгааг ШУТИС-иар 11 сарын 2-ны өдрийн дотор хийлгэхээр гэрээ байгуулсан тухайгаа хяналт, шалгалтын ажлын үеэр хэлж байлаа. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл ямар ч судалгааны баг хайгуул хийх талбайд ирж ажиллаагүй байгаа юм.

Дан ганц судалгаа хийлгээгүйгээс гадна залруулах шаардлагатай хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн талаар шалгалтын ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа. Тиймээс мэргэжлийн байгууллагууд түүх дурсгалын олдвор байгаа эсэхийг судлан тогтоох хүртэл компанийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

Харин археологи, палеонтологийн судалгааг хийсний дараагаар ажлын хэсгийнхэн компанийн үйл ажиллагааг цаашид явуулах эсэх тухай шийдвэрийг гаргах юм. Тус шийдвэрт  үндэслэн аймгийн Засаг дарга хайгуулын үйл ажиллагаатай холбоотой албан ёсны үүрэг чиглэлийг Буянт сумын удирдлагуудад өгнө гэдгээ хэллээ.

Мөн тэрээр цаашид сумдын удирдлагууд аливаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах компанитай гэрээ хэлцэл байгуулахаасаа урьтаж иргэдийнхээ санал бодлыг сонсож, тухайн газрын байгалийн нөөц, соёлын өв, бэлчээр ашиглалтын нөхцөл байдлыг харгалзан үзэж байж шийдвэр гаргах шаардлагатай болохыг онцолж байлаа.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 1 =

Create Account



Log In Your Account