Халхын голын байлдааны (дайн) ялалтын 80 жилийн ойд зориулсан “Халхын голын ялалт 80 жил” яруу найргийн бэсрэг наадам 2019 оны 8 сарын 28-нд Зэвсэгт хүчний 123 дугаар анги дээр болов.
Бэсрэг наадмыг Монголын Зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбарын санаачлагаар Ховд аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб, Монголын Зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги хамтран зохион байгуулсан.
Утга зохиол бол хэзээнээс хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон, нийтийг хамарсан хүнд хэцүү, үйл явдлууд хийгээд дайн, байлдааны үед цэрэг эрчүүдийн болон ард олны сэтгэлийг өргөн зоригжуулах чухал хүчин зүйл байсаар ирсэн. Тиймээс ч дэлхийн утга зохиолын сан хөмрөгт буй бүтээлүүдийн багагүй хэсгийг цэрэг дайны сэдэвт бүтээлүүд эзэлдэг. Энэ удаад бид уг уламжлал, утга санааг нь бодолцон, ялалтын 80 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх, түүхэн ялалтын үнэ цэнийг өнөө цагт утга зохиолоор дамжуулж хүмүүсийн зүрх сэтгэл, ой тоонд шингээх зоригдлын үүднээс уг үйл ажиллагааг санаачилсан юм хэмээн МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбарын гүйцэтгэх захирал Г.Төрмөнх ярьж байна.
Яруу найргийн бэсрэг наадамд эхний шатанд бүтээл нь тэнцсэн 10-аад найрагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид болсон II шатны наадамд оролцсоноос яруу найрагч Батсүхийн Магсаржав, Батхүүгийн Хүлэгбоорчи, Баасанхүүгийн Баяраа, ЗХ-ний 123 дугаар ангийн байлдагч шүлэгч С.Сүхтулга нарын шүлгүүд онцлох шүлгээр шалгарч, зохион байгуулагчдын батламж, мөнгөн шагналаар шагнагдсан юм.
Яруу найргийн бэсрэг наадмын шүүгчээр зохиолч Жаргалсайхан, Яруу найрагч, утга зохиол судлаач доктор, дэд профессор Д.Өрнөхдэлгэр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Г.Төрмөнх нар ажилласан.
Уг наадмыг 123 дугаар ангийн байнгын бүрэлдэхүүн болон сонирхогчид олон нийтийн төлөөллүүд өргөнөөр үзэж сонирхсон юм.
Г.Энх