Бага Кимийн "Том нүүдэл"

By: Admin
2024-12-22
0
1970

Умардын залуу удирдагч Ким Чен Ун БНХАУ-д гурав хоногийн хугацаатай айлчилсан нь дэлхий нийтийн анхааралд ороод байна. Тэрбээр анх удаагаа ийнхүү гадаад айлчлал хийсэн нь энэ юм. Ким Чен Ун Умард Солонгосын удирдагч болсоноосоо хойш гадаад айлчлал хийгээгүй ба БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй уулзсан нь Зүүн хойд Азид үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхэд Бээжингийн зүгээс баримтлах бодлогыг тодорхой болгоход оршиж байгаа хэмээн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд мэдээлж байна.

Учир нь БНХАУ бол Хойд Солонгосын хувьд эдийн засгийн гол түнш улс бөгөөд газрын тос, байгалийн хийгээ тус улсаас авдаг юм. Ким Чен Ун АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай удаа дараа сөргөлдөн, цөмийн зэвсгийн туршилт хийн Японы газар нутгийн дээгүүр алсын тусгалтай пуужин харвасан билээ. Үүнээс үүдэлтэйгээр “Дэлхийн 3” дайн гарах гол бүс нутаг нь Зүүн Хойд Азиар нэрлэгдээд байсан. Тэрбээр шинэ он гарсанаас хойш гадаад бодлогодоо томоохон өөрчлөлт хийн БНСУ-д болсон Пёнчаны өвлийн наадамд тамирчдаа илгээн, Өмнөд Солонгостой харилцаагаа зөөлрүүлэхэд анхаарлаа хандуулж буй.

Тэрбээр ирэх сарын 27-нд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахаар тохиролцсоныг “Ёнхап” агентлаг мэдээлж байгаа бөгөөд түүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар болсон юм. Мөн БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо ирэх сарын дундуур ОХУ-д айлчлах гэж байгаа аж. Залуу удирдагч Ким Чен Ун мөн зүүн хөрш Япон улсын ерөнхий сайд Абе Шинзотой зургаадугаар сард уулзахаар болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. АНУ, БНСУ, Япон зэрэг улсууд дээд хэмжээний уулзалт дээр “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох” асуудал голчлон ярих таамаглал байгаа. Харин Умард Солонгос эдгээр улсуудаас тус улсад тавьсан эдийн засгийн хоригоо цуцлах, эдийн засаг, санхүүгийн томоохон дэмжлэг хүсэх магадлалтай. Ямартай ч Ким Чен Ун дэлхийн улс төрийн тавцанд энэ оны “Гол дүр” нь байхнээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 10 =

Create Account



Log In Your Account