Ховд аймгийн тэмээчдийн зөвлөгөөн болов

By: Admin
2024-12-22
0
1559

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Манхан сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран 2022 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр Манхан  сумын  төвд Ховд аймгийн тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулав. Тэмээчдийн зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын тэмээчдээс сонгогдсон төлөөлөгчид,  сумдын Засаг дарга нар, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ХХААГ-ын дарга Б.Бямбажав, аймгийн Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газрын холбогдох албан хаагчид оролцож, Дөргөн суманд бий болгосон тэмээний шилмэл омгийг батлуулахад чиглэгдсэн ажлын тухай, тэмээ өсгөхийг бодлогоор дэмжих зорилгоор шинээр санаачлан боловсруулж буй сайн үүлдэрийн буур болон ингэнд түүнчлэн бойжуулсан ботгоны тоо толгойд мөнгөн урамшуулал олгох тухай журмын төслийн хэлэлцүүлэг, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газраас явуулсан үйл ажиллагааны тайлан, Аялал жуулчлалын газрын мэдээлэл зэрэг асуудлууд хэлэлцүүлснээс гадна Монгол улсын гавъяат тэмээчин Эрдэнийн туршлагыг сонсож, тэмээ өсгөхөд тулгарч буй бэрхшээл, давуу тал, боломжийн тухайд тэмээчдийн дунд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

tZ

Үүний дотор тэмээ өсгөх, тэмээний чанар сайжруулах, бойжуулсан ботгонд  мөнгөн урамшуулал олгох журам нь тэмээчид болон зөвлөгөөнд оролцогсдын анхаарлыг гойд татсан асуудал байв. Энэхүү журмын төсөлд баталгаажсан үүлдэр, омгийн буур болон ингийг худалдан авсан мөн ботгоо хорогдолгүй бойжуулсан байдлыг нь харгалзан баталгаажсан үүлдэр омгийн буур, ингийг худалдан авсан төлбөрийн баримт,  малчин өрхийн баталгааны тэмдэг, гарал үүслийн гэрчилгээ, мал эмнэлгийн үзлэг шинжилгээний баримт сэлтийг үндэслэж худалдан авсан нэг буур тутамд нэг зуун мянган төгрөг, худалдан авсан нэг ингэ тутамд тавин мянган төгрөг, тэмээчин өрх зургаагаас дээш толгой ботго бойжуулсан тохиолдолд 6-аас дээшх 10 хүртэлх таван ботгоны тоо толгой тутамд 5000 төгрөг, 11-аас дээшх 20 хүртэлх арван ботгоны тоо толгой тутамд 10000 төгрөг 21-ээс дээш ботгоны тоо толгой тутамд 20000 төгрөгийн урамшуулал олгохоор санаачилжээ.

Зөвлөгөөнд оролцсон тэмээчдийн хувьд үнэхээр тэмээн сүргийг өсгөхийг бодлогоор дэмжих журам л юм бол 5-аас дээш гэж заах нь зохисгүй, бойжуулсан ботго тутамд эсвэл төллөх ингэний тоонд харьцуулан уяж, нийт төрсөн ботгоны тэдэн хувиас доошгүйг бүрэн бойжуулж тэмээ болгосон нөхцөлд гэж заах хэрэгтэй гэсэн оновчтой саналыг гаргаж байсан юм. Тэмээчдийн энэ саналыг журамд хэрхэн тусгаж баталсан нь удахгүй тодорхой болох байх.

Мөн энэхүү журам хэрэгжихтэй холбоотойгоор бусад аймгийн тэмээний үүлдэр омгоос буур, ингэ худалдан авахаас гадна өөрийн аймагт  тэмээний омог, үүлдрийг бий болгож батлуулах нь нэн чухал болж байгаа тул Дөргөн  сумын тэмээчдийн бий болгосон тэмээний шилмэл омгийг батлуулах ажлыг даруй шийдүүлэх нь чухал гэдэг дээр зөвлөгөөнд оролцогсод санал нэгтэй байлаа.

“Ховдын толь” сонины редакци  

TZ 1

tz3

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 6 =

Create Account



Log In Your Account