УИХ-ын гишүүн О.Батнасан тойрогтоо ажиллаж байна

By: Admin
2024-12-22
0
1706

УИХ-ын гишүүн О.Батнасан намрын чуулган завсарлаад тойрогтоо ажиллахаар ирээд байна. Тэрээр ирсэн даруйдаа аймгийн төвд үүсээд буй нөхцөл байдал болох халаалт дулаан доголдож буй асуудлуудтай газар дээр нь танилцаж “Бадамлах дөл” ХХК-ны дулааны станцаар орж холбогдох хүмүүстэй нь уулзлаа.

Мөн үргэлжлүүлээд Буянт, Магсаржав, Алагтолгой, Цамбагарав багийн иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уг уулзалтаар УИХ-аас батлагдан гарч буй хууль тогтоомж болон  төр засгийн бодлого шийдвэрийн талаар танилцуулан иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өгч санал хүсэлтийг нь сонссон юм.

Тэрээр Ховд аймагт улсын төсвөөр 2018 онд хийгдэх томоохон хөрөнгө оруулалтуудаас хуралдаанд оролцогчдод мэдээлэл өглөө. Тухайлбал, БОЭТ-ийн Бельгийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төслийн Монгол улсын Засгийн газраас оруулах хөрөнгө оруулалт буюу 5 тэрбум төгрөгийн асуудал шийдвэрлэгдсэнийг онцлов. Энэ нь баруун бүсийн хэмжээнд томоохон үр өгөөжөө өгөх олон жил яригдсан ч шийдвэрлэгдэж чадаагүй өнөөг хүрсэн ажлуудын нэг юм. Тус ажлыг төсөвт суулгахад УИХ-ын гишүүн О.Батнасангийн хувьд идэвх санаачилга гарган ажилласан байна. Мөн Чандмань сумын Эрүүл мэндийн төв, Булган сумын 50 ортой эмнэлэгийн үлдэгдэл санхүүжилт, аймгийн төвийн 50 ортой Хүүхдийн эмнэлэгийн барилга зэрэг ажлууд нь эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм. Мөн тэрээр сургууль, цэцэрлэг, соёл спорт, дэд бүтэц, шугам сүлжээ, төрийн захиргааг бэхжүүлэх, Хөдөө аж ахуйн салбарын томоохон хөрөнгө оруулалтууд зэрэг шийдвэрлэгдсэн ажлуудын талаар танилцууллаа.  

Хуралдаанд оролцогч ахмадуудын хувьд тэтгэврийн зээлийн хүү буурсанд талархаж байгаа ч зээлийн хүү нь 12 сараас дээш хугацаанд авах зээлэнд хөнгөлөгдөхгүй байгааг харгалзан үзэж бодлого, шийдвэрт тусгуулах, тэтгэврийн зөрүүг арилгах тал дэр анхаарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн Ховд их сургуулийг түшиглэн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах шаардлагатай байгааг иргэн Х.Хартолгой хэллээ. Мөн тус сургуулийн дэргэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх эрэлт хэрэгцээ байгааг онцлов.

Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Батнасан цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын нэг болох Эрдэнэбүрэний Усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо. Үүнийг дагаад орон нутгийн нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд томоохон нөлөө үзүүлэх уг төсөл нь нийтдээ 400 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр байгуулагдах юм. Энэ ажил амжилттай хэрэгжиж чадвал бид эрчим хүчний хувьд хоёр хөршөөс хараат байдал ангижирах болон цахилгааны үнийг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бий юм.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 6 =

Create Account



Log In Your Account