Л.Батбаяр: Ховд аймгийн хэмжээнд 92 хэсгийн хороонд санал авах үйл ажиллагаа явагдана

By: Admin
2024-12-22
0
1869

Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой цаг үеийн үйл явдал, бусад холбогдох дүрэм журмууд болон сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар Аймгийн сонгуулийн хорооны дарга Л.Батбаяртай ярилцлаа.

- Сонгуулийн үйл ажиллагаа явагдахад өнөөдрийн байдлаар 11 хоног үлдээд байна. Сонгууль явуулах бэлтгэл ажил манай аймагт ямар шатанд явна вэ?

-Аймгийн сонгуулийн хороо байгуулагдсанаас хойш өнөөдрийн байдлаар санал авах байрнуудын ахлах зохион байгуулагчдийг бүрэн хэмжээнд ажилд нь орууллаа. Аймгийн хэмжээнд 17 суманд 92 санал авах байр ажиллаж байна. Энэ 92 санал авах байранд 674 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 444 нь эмэгтэй, 230 нь эрэгтэй хүн ажиллаж байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн батлагдсан сонгуулийн хуулийн гол онцлог нь сонгуулийн үйл ажиллагааг төрийн албан хаагчдаар зохион байгуулах ажлыг гүйцэтгүүлж байгаа. Учир нь ямарваа нэгэн намыг давамгайлсан, аль нэг намын үйл ажиллагаанд оролцохгүй байх, эргээд хариуцлага тооцох арга зам нь тодорхой байдаг учраас ийнхүү тангараг өргөсөн төрийн албан хаагчдаар гүйцэтгүүлж байгаа нь шударга бөгөөд сонгуулийг зөв зүйтэй явуулахад давуу талтай юм.  

-Санал авах үйл ажиллагаатай холбоотой техник хангамж, санхүүжилтийн асуудлууд бүрэн шийдвэрлэгдсэн үү?  

-Нөгөө талаасаа Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооноос Ховд аймагт ирүүлэх ёстой бүхий л төрлийн санхүүжилтийг шийдвэрлэж ирүүлсэн байгаа. Аймгийн сонгуулийн хороо 92 хэсгийн хороондоо бас шаардагдах санхүүжилтийг цаг алдалгүй шуурхай хүргүүллээ. Мөн аймгийн Цагдаагийн байгууллага, Тагнуулын газар гэсэн байгууллагуудтай бид бас хамтарч ажиллаж байгаа. Энэ чиглэлээрээ сумдын санал авах байранд ажиллах Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг бүрэн байдлаар томилгоожуулж манайд ирүүлсэн. Мөн аймгийн Тагнуулын байгууллагатай хамтарч санал тоолох төхөөрөмж буюу хурууны хээ унших машиныг зохих хэмжээнд нь хадгалах нөхцөл байдлыг бүрдүүлэн ажиллаж байна. Түүнээс гадна аймгийн сонгуулийн хорооны гишүүд маань саналын хуудсаа бүх сумдад хүргүүллээ. Ховд аймгийн хэмжээнд одоогийн урьдчилсан мэдээгээр 52264 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалт гарсан байгаа.  Магадгүй энэ хугацаанд бас цөөн тоогоор хөдлөх нөхцөл байдал байж болно. Учир нь хуулийн хугацаанд шилжүүлэгээ хийлгэчихээд санал өгөх газраа бүртгүүлээгүй иргэдийг бол бүртгэж байгаа. Тэгэхээр сонгогчдын тооны хувьд бага зэргийн өөрчлөлт гарч магадгүй. Улсын хэмжээгээр 6 сарын 21-нд бид саналын өгөгдөл дамжуулах туршилтын арга хэмжээг хийхээр төлөвлөж байна. Ингээд сонгуулийн хүрээнд зохион байгуулагдах ажлууд бүрэн хэмжээгээр хийгдлээ гэж үзэж болно. Дээр нь бид цаг үеийн болзошгүй үйл явдалд уялдуулаад санал авах байрнуудын эрчим хүчний эх үүсвэрийн зардлууд, саналын хуудсуудыг хавтасжуулах зэрэг ажлуудыг бүрэн хэмжээгээр зохион байгуулаад байна.

-Аймгийн хэмжээнд сонгуулийн санал явуулахад хичнээн төгрөгийн санхүүжилт батлагдсан бэ?

-Ховд аймгийн хэмжээнд сонгуулийн үйл ажиллагаа зарцуулахад сонгуулийн хороонд 158 сая төгрөг шийдвэрлэгдсэн. Энэхүү санхүүжилтээр 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах нөхцөл бүрэн хэмжээгээр бүрдсэн гэж үзэж байгаа. Мөн техникийн даамлууд болон иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд манай мөн мэдээлэл технологийн даамлуудын тухай үед ажиллах санхүүжилтийн асуудлуудыг бүрэн хэмжээгээр шийдвэрлэсэн.

-Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх үйл явцын талаар мэдээлэл өгөөч? 

-Тэгэхээр хуулийн хүрээнд битүүмжилсэн зөөврийн саналын хайрцгаар санал өгөх хүмүүсийн нэрс тодрох хугацаа хараахан болоогүй байна. Энэ нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүмүүсийнхээ нэрсийг 6 сарын 23-нд эцэслэн гаргана. Өөрөөр хэлбэл 6 сарын 21-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ өгөөд 25-нд санал авах үйл ажиллагаа болно.

-Сонгогчид саналаа өгөхөд ямар бичиг баримттай очих вэ. Хурууны хээ уншуулж байгаа нөхцөлд заавал иргэний үнэмлэхтэй байх шаардлагатай юу?

-Ер нь бол сонгогч иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх ёстой. Зайлшгүй хүндэтгэх шалтгаанаар буюу иргэний үнэмлэх нь гээгдэж үрэгдсэн тохиолдолд аймгийн төв болон сумдын санал авах байранд санал тоолох төхөөрөмжинд бол хурууны хээгээ уншуулаад саналаа өгч болно. Харин зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өгч байгаа тохиолдолд иргэний үнэмлэх зайлшгүй байх ёстой.

-Сонгогсдын шилжилт хөдөлгөөний тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Шилжилт хөдөлгөөн бол орон нутагт бүрэн хэмжээгээр хуулийн хугацаандаа зогссон. Харин шилжүүлгээ хуулийн хугацаанд хийлгэчихээд шилжиж очсон буюу санал өгөх газраа бүртгүүлээгүй хүмүүсийг бүртгэх боломжтой. Ер нь сонгогч өөрөө миний нэр сонгогчдын нэрсийн жагсаалтанд байна уу, үгүй гэдгийг www.burtgel.mn хаягаар ороод өөрийн овог нэр регистрийн дугаараа оруулаад шалгах хэрэгтэй. Дээр нь бүх санал авах байран дээр тухайн багийн санал өгөх иргэний нэрсийн жагсаалт очсон байгаа. Тэгэхээр Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульдаа иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгуулийн санал авах үйл ажиллагаа 6 сарын 26-ны 06 цагаас 21 цагийн хооронд явагдана.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 10 =

Create Account



Log In Your Account