Булган суманд газар зохион байгуулалтын шинэчлэлийн ажил явагдаж байна

By: Admin
2024-12-22
0
1803

Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд газар, хашаа, торны иж бүрэн тооллого, бүртгэл, үзлэг хэмжилт хийх, газар зохион байгуулалтын асуудлаар иргэдийн санал авах, газрын зөрчлийг арилгаж цэгцлэх, бэлчээр чөлөөлөх, сумын төвийн айл, лагерийн дундах хуучин гудамжуудыг өргөтгөх, шинээр гаргах гудамж, зам орц, гарцын шугам татах зорилгоор Ажлын 10 хэсгийн 57 хүн, аймгийн газрын харилцаа БХБГ-ын 11 мэргэжилтний хамт тусгай төлөвлөгөөний дагуу 1-р сарын 23-наас 2-р сарын 23-ний хооронд ажиллаа. Энэ ажлын гол зорилго нь сумын хэмжээнд газар өмчлөх, эзэмших ашиглахтай холбоотой зөрчлүүдийг арилгах, газаргүй иргэд, залуу гэр бүлүүдийг газартай болгох, өмчлөл эзэмшлийн гэрчилгээтэй болгон, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх, газраа аж ахуйн болон, эдийн засгийн эргэлтэнд оруулах, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд ашиглах нөхцлийг бүрдүүлж өгөх явдал юм.

Мөн газар зохион байгуулалтыг сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж төлөвлөх, газрын талаар баримтлах бодлого, газар эзэмших ашиглах тухай журам боловсруулан гаргаж, ИТХ-аар батлуулан Хууль зүйн яаманд хүргүүлж байгаа бөгөөд албажиж ирсэн даруйд иргэддээ танилцуулж мэдээлнэ. Бодлого журманд тусгаснаар цаашид суурьшлийн бүсийг:

  1. А бүс Б бүс
  2. Бүрэнхайрхан, Хөх тохой, Буурлын хар-н жимс жимсгэнэ хүнсний ногооны эко бүс
  3. Атар Эрэгнэг-н тариалан бэлчээр хосолсон бүс
  4. Зуны лагерийн тусгай бүс
  5. Шинэ Суурьшлийн бүс

Суурьшлийн бүсийн гаднах буюу хөдөөгийн бүс гэж ангилан авч үзэж газар олголтыг хуульд нийцүүлэн, бүс бүрт сумын хөгжлийн төлөвлөгөө, газрын талаар баримтлах бодлого, журамтай уялдуулж зохион байгуулах, иргэд аж ахуйн нэгжүүд газрын үр шим, өгөөжийг бүрэн ашиглаж жимс жимсгэнэ хүнсний ногоо тарих, тариалан эрхлэх бэлчээрийг зөв зохистой ашиглах нөхөн сэргээхэд тал бүрийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах бодлого баримтална.

Ажлын хэсгүүдийн дүгнэлт, саналыг үндэслэж сумын ИТХ-аас гаргасан шийдвэрийг товчлон танилцуулбал:  

1. "Далт-ын" А хэсэг буюу Хөх тохой, Буурлын хар, Атар эрэгнэг-н чиглэлд ажилласан хэсгийн дүнгээр Хөх тохойд 20.0га, Буурлын хард 40.0га газар, Атар Эрэгнэгт 210.0га бэлчээрийг тус тус чөлөөлөхөөр

2. "Далт-ын" Б, В хэсгийн 2 ажлын хэсгийн дүнд 153.0га газар, бэлчээр

3. Бүрэнхайрханы 2 ажлын хэсгийн дүнд 93.0га газар

4. Баянсудалын 2 ажлын хэсгийн дүнд 202.5га газар, бэлчээр.

Дээрх 7н ажлын хэсгийн нийт дүнгээр суурьшлын бүсэд бүгд 718.2га газар, бэлчээр чөлөөлөхөөр шийдвэрлэж үүнээс сумын төв болон төвийн ойролцоох 170.0га газарт 0.3-0.5 гагаар тооцож 310 гаруй өрхөд өмчлөл эзэмшлийн газар шинээр олгож иргэдээ дэмжих боломж бүрдэж байгаа юм. Мөн Шүүхийн байрнаас доош нисэхийн талбайн араар 90.0га газарт 170 гаруй өрхөд 0.4-0.5 гагаар тооцож шинээр газар олгохоор төлөвлөж байна.

Суурьшлийн бүсийн гадна буюу Хөдөөгийн бүсэд:

1-р баг "Баянгол"-д 206.3га газрын

3-р баг "Байтаг"-т 569.7га газрын

4-р баг "Алаг толгой"-д 62.0га газрын, бүгд 838.0га газрын торыг буулгаж бэлчээр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд суурьшлийн бүсэд чөлөөлөгдөх газрыг нэмж тооцвол сумын хэмжээнд 1300.0 гаруй га газрын тор буулгаж бэлчээр чөлөөлөхөөр болж байна.

Булган голын ай сав дагуу Минж хамгаалах Бургас, чацаргана хамгаалж, нөхөн сэргээх зорилгоор 37 нэгжид 190.0га газар, Бүрэнхайрханы орчимд 40.0га газар, Улаан үзүүр, Гарьдын цэхээ орчмын хулс, зэгс хамгаалах 40.0га газар, Тарвиадайн торыг сэргээж хусан ойн төгөл, ногоон бүс байгуулах зорилгоор 18.2га газар... зэргээр 320.0 гаруй га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэж, нийт иргэдийн олонхийн эрх ашгийг хүндэтгэсэн, тэгш хандлага, шударга ёсны зарчмыг баримтлан ажиллав.

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 8 =

Create Account



Log In Your Account