Алтай нутаг дахь Монгол бөхөнд эрсдэл нүүрлэсэн үү?

By: Admin
2020-12-11
0
53

Хүйсийн говиор нутагладаг Монгол бөхөнгийн идэш тэжээл ховордож, энэ өвөл онд ороход хүндрэл үүсч болзошгүй болсон байна. Халдварт өвчний улмаас Алтай нутаг дахь Монгол бөхөнгийн тоо толгой нь эрс цөөрч 3000 гаруйхан болоод байсан бол Дэлхийн байгаль хамгаалах сан болон нутаг дэвсгэрт нь бөхөн тархан суурьшсан аймгуудын бөхөн хамгаалах зорилгоор явуулсан идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд тоо толгой нь 8500 орчим болж өсөөд байгаа. Гэвч “бэлчээр, идэш тэжээлийн хомсдол нүүрлэх юм бол дахин эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүй байна” хэмээн холбогдох хүмүүс ярьлаа.   

Нэн ховордсон амьтдын нэг болох бөхөнгийн гол тархац нутаг бол Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сум юм. Тэгвэл Монгол бөхөнгийн гол бүс нутаг болох Хүйсийн говьд өнгөрсөн зун бороо хур элбэгтэй, зуншлага сайтай байсан ч эдгээр нутаг оронд Баянхонгор, Говь Алтай аймгийн бусад сумдаас малчид отор нүүдэл хийн ирснээр монгол бөхөнгийн өвөлжилт хүндрэх төлөв ажиглагджээ.

Үүнээс сэргийлэхийн тулд малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулж, байгаль орчинд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэхгүй бол цөлжилт үүсч, нэн ховор болон ховор амьтдын амьдрах нутаг хумигдах аюул нүүрлэхээр байна хэмээн албаны зарим нөхөд үзэж байгаа юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 4 =

Create Account



Log In Your Account