Ховд аймаг дахь Эрдэс баялаг-Уул уурхай, хүрээлэн буй орчны хариуцлага, ил тод байдал, тулгамдсан асуудлууд

By: Admin
2024-12-22
0
176

Хүрээлэн буй орчин

“Ховдын толь сонин” НҮТББ-аас Ховд аймгийн хүрээн дэх Эрдэс баялаг уул уурхайн хариуцлага, ил тод байдлын асуудлаар ажиглалт, хяналт, шинжилгээний ажлыг 2020 оноос явуулж ирсэн бөгөөд урьд нь манай сонинд энэ тухай хэд хэдэн удаагийн нийтлэл мэдээллүүд гарч, олны хүртээл болж байсан. Харин энэ удаад 2022 оноос хойших Ховд аймгийн тухайн асуудлаарх нөхцөл байдлыг тоймлон танилцуулж байна.
Манай байгууллагын хувьд байгалийн эрдэс баялаг, уурхайн хайгуул олборлолтын аливаа мэдээлэл нь бүх нийтэд ил, нээлттэй байх ёстой гэсэн зарчмыг баримтлаж буйн үүднээс сүүлийн үеийн буюу 2022 оноос хойших Ховд аймаг дахь тухайн салбарын зарим асуудалд хийсэн судалгааны үр дүн, мэдээллүүдийг холбогдох газрууд хийгээд олон нийтэд хүргэх, зарим асуудлаар тодорхой зүйлүүдийг санал болгох, зөвлөмжлөх зорилгоор Нийтийн сонсголын тухай хуулинд нийцүүлэн сонсгол зохион байгуулах саналыг аймгийн ИТХ-д 2023 оны 8 дугаар сараас хойш тавьсан бөгөөд эл асуудал хойшилсоор өдгөөг хүртэл сонсголыг явуулах нөхцөл бүрдэхгүй байгаа тул энэ тухай тойм мэдээллийг хэвлэлээр (сонин, сайтаар) уншигч олон түмэнд хүргэх нь зүйтэй гэж үзэв. Тэгэхээр байгалийн эрдэс баялаг, уурхайн хайгуул олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулахад ямар нийтлэг ухагдахууныг суурь болгох ёстой вэ гэдгийг эхэлж авч үзье.         

Эрдэс баялаг уул уурхайн салбар дахь хариуцлага, ил тод байдлын нийтлэг зарчим 

- БАЙГАЛЬ ЭХ, ГАЗАР ДЭЛХИЙ БОЛ АРД ТҮМНИЙ ҮЕИЙН ҮЕД ОРШИХ, ОРШИХУЙН ЭХ ҮНДЭС, БАТАЛГААГ ГАГНАСАН ГАГНААС ЮМ.

- Байгалийн нөөцийн алсыг харсан нэн менежмент чухал.

- АЛЬ Ч УЛС ТҮМЭНД ЯЛГААГҮЙ МАШ УХААЛАГ, ХОЙЧИЙН ИРЭЭДҮЙ БОДСОН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЭНЭ САЛБАРЫН ҮНДСЭН ШААРДЛАГА БОЛНО

- Бүртгэл, тайлагналт, аливаа шийдвэрүүд, гэрээ контракт, үйл ажиллагаа нь бүхэлдээ аливаа улс төрөөс болон, улс төр бизнесийн эрхшээлээс хараат бус бие даасан, мэргэжлийн чиг хандлагыг эрхэмлэсэн байна.  

- Хяналтын мэдээллүүдийг байнга ил тод байлгана гэсэн үндсэн зарчмуудыг юуны өмнө мөрдлөг болгох нь чухал байдаг. Эдгээрийг дэлхий нийтэд жигд хэрэгжүүлэхийн тулд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага хэмээх олон улсын санаачлага бий болж, дэлхийн 80 гаруй орныг нэгтгэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай улс энэхүү олон улсын санаачилгад 2006 онд албан ёсоор нэгдсэн байдаг.  

ОҮИТБС-ЫН АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ГОЛ ЗАРЧМУУД

- Талуудын тэгш оролцоог хангах, оролцоонд суурилсан байнгын хяналтыг хэрэгжүүлэх

- Бүртгэл, тайлагналт, аливаа шийдвэрүүд, гэрээ контракт, үйл ажиллагаа,
хяналтын мэдээллүүдийг байнга ил тод, нээлттэй байлгах

- Эцсийн өмчлөгчийг ил тод болгох/байлгах/

- Эрх зүйн орчинг бүрдүүлэхэд талуудын оролцоог жигд хангах  

- мэдээллийн хүртээмжийг тасралтгүй өргөжүүлэх зэрэг юм.

Энэ нийтлэлээр бид Ховд аймаг дахь байгалийн эрдэс баялаг, уурхайн хайгуул, олборлолтын төлөв байдлын тухай тойм мэдээлэл өгөхийн тулд нэгдүгээрт орон нутгийн гэрээ буюу Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон орон нутгийн захиргааны хооронд байгуулдаг хамтран ажиллах гэрээг тойрсон асуудлууд, хоёрдугаарт “стратегийн өмгөөлөл” гэж юу болох хийгээд Ховд аймагт хийгдэж буй стратегийн өмгөөллийн тойм мэдээлэл, гуравт ил тод байдал, хариуцлагатай холбоотой тулгамдсан асуудлуудыг авч үзэх болно.

Монгол Улсын түвшинд уул уурхайн салбар дахь зарим гэрээ ялагуяа орон нутгийн гэрээний баримт бичгүүд харьцангуй ил тод болсон ч нэн ялангуяа газрын тосны чиглэлээрх гэрээ ил тод бус. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл дэх заалтын хэрэгжилт хангалттай биш, Аливаа этгээдийн эрх ашгийг хөндсөн Захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулахад эрх ашиг нь хөндөгдөж  буй этгээдүүдийн (нутгийн иргэд) саналыг сонсох зорилгоор сонсох ажиллагаа заавал явуулах тухай Захиргааны Ерөнхий хуулийн 26.1 дэх заалтын хэрэгжилт нэн хангалтгүй байгаа. Энэ талаарх эрх зүйн ямар зохицуулалтууд байна гэвэл  Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор батлагдсан орон нутгийн гэрээ байгуулах жишиг загварчлалыг голчлон дурьдах ёстой бөгөөд уг тогтоолын хавсралтанд “ гэрээг байгуулмагц талууд өөрсдийн цахим сайтад ажлын 3 хоног дотор нийтлэх, Олбоорлох үйлдвэрлэлийн дэд зөвлөлд ажлын 5 хоног дотор хүргүүлэх, Иргэдэд сар бүр мэдээлэл хүргэх, гэрээг байгуулах хэлцлийн явцад олон нийтийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгүүлах гэсэн үүрэгжүүлсэн заалтууд бий. Харин хэрэгжилтийн хувьд тийм ч шуурхай бүс, зарим нь сайтдаа байршуулдаггүй, хэрэгжилт тааруу, газрын тосны салбар дахь гэрээнүүд ихэнх нь ил тод тавигдаагүй, (гэрээг ил тод байршуүлсан байдал нь дунджаар 50 хувьтай) тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлага ажиглагддаг гэх мэт асуудлууд байгаа. Ховд аймгийн хувьд бол iltodgeree.mn цахим сайтад гэрээгээ байршуулсан нь МоЭнКо компани болон “Талст молор” компанийн ганц нэг ус, газар ашиглах гэрээнүүдээс бусад нь ил тод бус байсаар байна. Тэрчлэн Ховд аймаг болон МоЭнКо компаний хооронд 2021 онд шинэчлэн байгуулсан хамтран ажиллах гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газар өөрийн цахим сайтад байршуулаагүй явж ирсэн ба 2022 оноос хойш манай байгууллага болон ОҮИТБС-ын дэд зөвлөлөөс удаа дараа сануулж, шаардсаар авч хэрэгжихгүй байгаа нь тоогүй. Энэ талаар бага зэрэг дэлгэрүүлвэл:  

Хууль ёсны үүрэг хариуцлагынхаа дагуу аймаг, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь энэхүү ажлыг зохион байгуулж, холбогдох ажил хариуцсан хэлтэс, газруудаар судалгаа хийлгэн, хамтран ажиллах гэрээ байгуулвал зохих уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээр үүсгэх ёстой. 

Ховд аймгийн Засаг дарга болон МоЭнКо компаний хооронд 2021 онд шинэчлэгдэн байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу батлагдсан гэрээг тухайн гэрээ батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд байршуулах ёстой ч одоо болтол цахим сайтад тавигдаагүй байгаа. Мөн гэрээний 25.2-т заасны дагуу гэрээний хэрэгжилтийг жил бүрийн 1 дүгээр сард багтаан дүгнэхээр заасан байдаг ч гэрээний хэрэгжилтийг бараг 3 жилийн турш дүгнэлгүй явж ирэв. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийг 42.2-т заасны дагуу гэрээ байгуулах тухай хэлэлцээр үүсгэж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Орон нутгийн Захиргааны байгууллагатай хамтран тухайн асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулах үүрэгтэй ч, уг асуудлаар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах алхмууд ер хийгдсэнгүй. Тэрчлэн Ховд аймгийн Засаг дарга хийгээд МоЭнКо компаний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлыг талуудын болон олон нийтийн оролцоог хангаж ил тод нээлттэйгээр зохион байгуулан, дүгнэлтийг мэдээлэх талаар ажиллаж эхлэнэ гэж найдсаар ирсэн боловч талаар болсон юм. 2022 оноос хойш Ховд аймгийн Засаг даргаар ажиллассан Э.Болормаа энэ асуудлаар ихээхэн үр өгөөжтэй, ахиц дэвшилттэй ажил хийж, эргэлт гаргаж байгаа шахуу зүйлийг байнга ярин хэвлэл мэдээллээр сурталчилсаар ирсэн. Гэтэл бодит байдал дээр тэрхүү сурталчилга ухуулга нь ор тас худал зүйл байсныг энд дурьдах хэрэгтэй !    

Стратегийн өмгөөлөл” цогц үйл ажиллагаа болох нь  

Стратегийи өмгөөллийн үйл ажиллагаа нь хүний эрх болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хуулийн харэгжилтийг хангах, жишиг тогтоох, хууль тогтоомж эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, шийдвэр, зөвлөмж, дүгнэлтийн гүйцэтгэлийг хангах зэрэг цогц үйл ажиллагааг агуулдаг. Өмгөөллийн үйл ажиллагаа нь хэдийгээр саад бэрхшээлийг тойрдоггүй ч,  эрх зүйн шинэчлэл, олон нийтийн хандлагыг зөв гольдролд чиглүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Манай байгууллага 2022 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэй дэх “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны үйл ажиллагаатай холбоотой зөрчилтэй асуудлууд, нийтийн эрх ашигт харшлаж буй зүйлүүд болон Цэцэг сумын нутаг Цагаан эргийн хууль бус олборлолт, авлига, байгаль орчинд учруулсан хохирлыг шүүх байгууллага хэрхэн шийдвэрлэж байгаа тухайд стратегийн өмгөөлөл явуулж байна. Халзан бүрэгтэйн асуудлаар 2022-2023 оны байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг хууль зөрчин баталж, хууль бус үйл ажиллагаа явуулсныг нягтлан судлаж, нотлох баримтуудаар нотлон Ховд аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдүүлсэн бол “Монголиан нэшнл рийр ийрт корп” компаний одоо эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хууль бус болохыг мөн нарийвчлан судлаж тогтоогоод, хуулийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамаар дүгнэлт гаргуулах асуудлыг Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг даргатай хамтран тавьсан бөгөөд яаман дээр тухайн асуудлыг шийдвэрлэх нь хүлээгдэж байна. Эдгээр нь иргэд олон нийт, оршин суугчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийтийн эрх эрх чөлөөг дээдлэхэд чиглэгдсэн зайлшгүй үйл ажиллагаа юм. Судалгаа, өмгөөллийн явцад илэрсэн нарийн тодорхой асуудлуудыг мэдээлэх, холбогдох албаны хүмүүст таниулах, цаашдын эрсдлээс сэргийлэх үүднээс эдгээр асуудлаар болон эрдэс баялаг, уул уурхайн салбар дахь хариуцлага, ил тод байдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах боломж олгохыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад шаргуу дэвшүүлсээр байгаа болно.

Стратегийн өмгөөллийн туршид хуримтлуулсан мэдээлэл, илрүүлэн тавьсан гогцоо асуудлуудын тухай системчилсэн тойм мэдээллийг дараах зурган таниулгуудаас үзнэ үү.   

EB strategi 1   

 

EB strategi 2EB strategi 3EB strategi 4EB strategi 5EB strategi 6EB strategi 7

Харин одоо бидний хэрэгжүүлэн ажиллаж буй хөтөлбөрийн үр дүнд томъёологдсон холбогдох байгууллага, газрууд ажил хариуцсан хүмүүст санал болговол зохих зөвлөмжүүдийн тоймыг толилуулъя.

Төрийн байгууллагууд үүрэг хариуцлагааа сайтар ухамсарлах, хуулийн хүрээнд иргэний нийгэм, шинжээчид, мэргэжлийн байгуулагууд, иргэд олон нийт, хувийн хэвшил гэхчлэн бүх талуудтай хамтран ажиллахад суралцах, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг заагдсан нөхцлөөр заавал явуулж хэвших, Хөндлөнгийн хяналтыг нэвтрүүлэх, аливаа шийдвэр гаргахад бүх талуудын санал бодлыг харгалзан үзэх гэх мэт оролцооны арга барилуудыг цаашид тасралтгүй хөгжүүлэх, Захиргааны байгууллага, албаны эрхэмүүд маань Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудад заагдсан нийтийн эрх, хүний эрхийг хамгаалах үүргээ сайтар ухамсарлах, Ил тод, нээлттэй байдлыг бодитоор хэрэгжүүлэх, зөвлөмж, шүүмж, саналуудад ач холбогдол өгч хэвших нь үгүйлэгдсээр байна гэж хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн зүгээс дүгнэсэн болно.

Тиймээс: Нэгдүгээрт: орон нутгийн хамтран ажиллах гэрээг дүгнэж, талуудын болон олон нийтийн хяналтын сайжруулах, тайланг ил тод болгох, бодит дүнг нягтлан үзэх боломж бүрдүүлэх. ОҮИТБС-гын дэд зөвлөл болон хөтөлбөрийн багаас санал болгосны дагуу гэрээг дүгнэхэд бүх талын оролцоог хангах, давхар хяналт тавих боломж бүрдүүлэх, Гэрээ байгуулаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй оролцоог хангасан, нээлттэй, ил тод байдлаар  хэлэлцээр үүсгэж, гэрээ байгуулах ажлыг хэрэгжүүлэх;

Хоёрдугаарт: Ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж, чимээгүй аюул нүүрлээд буйг онцгой анхаарч хуулийн дагуу нийтийн эрхийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх. Тусгай зөвшөөрөл эзэмшигч зориудаар худал мэдээлэл түгээх, албан тушаалтнууд хууль зөрчих, бусармаг зүйлийг аялдах явдлууд байгааг анхаарч, тухай бүр таслан зогсоох арга хэмжээ авах. “Халзан бүрэгтэй”-д өрнөж буй үйл явдлыг тойрсон хууль бус асуудлууд, аюул хөнөөлийн талаар үнэн мэдээллүүдийг нийтэд хүргэж, мэдэх эрхийг хангах, сонсгол, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, сургамжийг таниулах зэрэгт Захиргааны байгууллагаас хуулийн хүрээнд үүргээ хэрэгжүүлж ажиллах.

Гуравдугаарт: “Цагаан эргийн хэрэг явдал”-ын тухайд төрийн байгууллагууд (Байгаль орчны яам, аймаг, сумын Засаг дарга, ИТХ)  хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх. Хэргийг шүүхээр шийдвэрлэхэд хууль ёсны хохирогчийг оролцуулахгүй байгаа явдлыг анхаарч, энэ талаар гомдол, санал гарган, таслан шийдвэрлэх ажлыг хуульд нийцүүлэхийн төлөө тэмцэх, Цагаан эрэгт учирсан экологи, эдийн засгийн хохирлыг бодитоогоор арилгахад чухалчилан анхаарах” гэсэн санал зөвлөмжүүдийг дэвшүүлэн тавьж байгаа юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Тамгын газрын зүгээс энэ асуудлаар нийтийн сонсголыг хуулийн дагуу зохион байгуулах бололцоог хангаж, хамтран ажиллана гэдэгт найдсаар байгаа билээ.  

                                                                                                                                    ТӨСЛИЙН БАГ  

 

      


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 4 =

Create Account



Log In Your Account