Тулааны урлагийн домогт жүжигчин Шиничи "Сонни" Чиба 82 насандаа таалал төгсөв

By: Admin
2024-12-22
0
2288

The Fast and Furious:Tokyo Drift, Kill Bill зэрэг 200 гаруй кинонд дүрээ мөнхөлсөн Шиничи "Сонни" Чиба 8-р сарын 19-ний пүрэв гаригт “Ковид-19”-ийн хүндрэлээс болж нас баржээ.

1939 онд Фукуока мужид төрсөн Чибагын жинхэнэ нэр нь Садахо Маэда юм. Тэрээр дунд сургуульд байхдаа хөнгөн атлетик, бейсбол, волейболын спортоор хичээллэх дуртай байсан бөгөөд ахлах ангид ороод уран гимнастикт өөрийгөө бүрэн зориулж, Японы Үндэсний спортын наадамд түрүүлж байсан удаатай. Сонни Чиба кино үзэх, тэр дундаа “Shane”, “High Noon” зэрэг барууны кинонуудыг үзэх дуртай байв.

 Улмаар 1957 онд Ниппон спортын шинжлэх ухааны их сургуульд суралцаж байхдаа Чиба бэртэл авч, гимнастикийн олимпийн тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Хожим нь тэрээр Японы бүрэн контакт каратегийн Кёкүшин сургуульд хар бүс авч, жүжигчний карьераа эхлүүлсэн.

1960-аад оны сүүлээр гарч эхэлсэн "Key hunter" телевизийн детектив олон ангит  кинонд тоглосон дүр нь олны хүртээ болж чадсан билээ.

1974 оны каратегийн "Gekitotsu! Satsujin ken" (The Street Fighter) кинонд бүтээсэн түүний дүр, ур чадвар Япондоо төдийгүй АНУ-д хит болж, гайхагдаж байв.

Сонни Чиба японы кино урлагийн салбарын тэргүүн эгнээнд явж байснаараа үргэлж бахархдаг байсан бөгөөд дэлхийд өрсөлдөх хит кино бүтээх урам зоригоо хэзээ ч алдаж байгаагүй.

Мөн тэрээр Брюс Лигийн шүтэн бишрэгч байсан бөгөөд түүнтэй уулзах гэж оролдсон гэдгээ хуваалцжээ. Сонни "Би түүнтэй нэг удаа уулзахаар Хонг Конг руу явсан. Би тэнд хоёр өдөр хүлээсэн боловч тэр нас барсан болохоор уулзаж чадаагүй. Хэрэв би түүнтэй уулзаж чадсан бол бид сэтгэл хөдөлгөм, сонирхолтой яриа өрнүүлэх байсан байх гэж бодож байна"  хэмээн дурсан ярьсан байдаг.

Сонни 2003 болон 2004 оны Kill Bill 1,2 боть кинонд Hattori Hanzo-ийн дүрийг бүтээсэн бөгөөд Ума Турман, Дарил Ханна, Дэвид Каррадин нарын хамт тоглосон. Хожим нь тэрээр 2006 онд The Fast and Furious: Tokyo Drift кинонд Босс Камата-ын дүрийг бүтээсэн.

Чиба 2007 онд Британийн хөтлөгч Жонатан Росс-д өгсөн ярилцлагын үеэрээ “Миний хувьд тоглоход хамгийн тааламжтай дүр бол муу залуугийн дүр. Би ялангуяа муу хүнд дуртай. Тийм дүрийг бүтээхэд асуудалгүй амархан байдаг” гэж ярьж байжээ. Гэвч Соннигийн менежер Тимоти Биал CNN-д өгсөн ярилцлагаар Чиба бол "даруухан, халамжтай, найрсаг хүн байсан” гэж хэлжээ.

Г.Мичидмаа


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 5 =

Create Account



Log In Your Account