Т.Жаргалсайхан: Өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ

By: Admin
2024-12-22
0
2035

Аймгийн Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үеэр “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан танилцуулав. Ховд аймаг 2019 оныг “ӨРХИЙН БОЛОН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ээр зарлаад байна. “ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” хөтөлбөрийг 2018 оны 12 дугаар сард өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор иргэд, олон нийт, хувийн хэвшлийнхний дунд гурван удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналыг нь тусган, аймгийн ИТХ-ын 2018 оны 105 дугаар тогтоолоор батлуулж хэрэгжүүлэхээр болсон. Үйлдвэрлэгчдийн түншлэлийг өргөжүүлэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоодын зах зээлийг хамгаалах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн зорилгоор “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дуулгалаа.
“Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг дараах дөрвөн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
1. Үйлдвэрлэл эрхлэгчид хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар түншлэлийг өргөжүүлэн, үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх
2. Дотоодын компаниудын үйл ажиллагааны тогтвортой, эдийн засгийн үр ашигтай байдлыг хангах, борлуулалтыг нэмэгдүүлэх
3. Үйлдвэрлэлийг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоотойгоор инновацид суурилан хөгжүүлэх
4. Орон нутгийн онцлог хэрэгцээнд тохирсон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих замаар ажлын байрыг бий болгон зорилтот өрхийн иргэдийг ажлын байраар хангаж, ажилтай орлоготой болгох
Манай аймгийн ДНБ-ий 42 хувийг хөдөө аж ахуй, 39 хувийг үйлчилгээ, 19 хувийг үйлдвэр, барилгын салбар бүрдүүлж, эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, худалдаа, үйлчилгээ зонхилж байна. Мөн аймгийн хэмжээнд нийт 2380 орчим аж ахуйн нэгж, иргэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, жилд дунджаар 11,8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгаа юм.
Тиймээс Жаргалант суман дахь “Мянган угалзат” ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа байрыг бизнес инкубатор төвийн зориулалтаар ашиглаж, үйлдвэрлэл эрхлэгч ААН-үүдийг үйл ажиллагааны зардал багатай, нэгдсэн ажлын байраар хангах зорилт тавин ажиллаж байгаа. Үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжих үүднээс Аймгийн ИТХ-аас 2019 онд Жаргалант суманд 10 га газрыг үйлдвэрлэлийн чиглэлээр олгохоор шийдвэрлэлээ.
“Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт 7 үйлдвэр байгуулахаар батлагдсан нь:
1. Жилдээ 10,000м2 хүртэл төмөр эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай төмөр хайс, хаалт хаалга зэрэг импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15 хүнийг ажлын байраар хангах төмөр эдлэлийн үйлдвэр
2. Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж (Энэ үйлдвэрийг барьж, ажилуулснаар, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр, мөн химийн аргаар боловсруулалт хийдэг үйлдвэрлэлийг явуулах боломж бүрдэнэ)
3. 20,000-200,000м3 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 50 хүнийг ажлын байраар хангах барилгын ханын дүүргэлтийн хөнгөн блокны үйлдвэр
4. Жилд 200 тн жүүс ундаа, чанамал бэлтгэх, 50 хүнийг ажлын байраар хангах жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр
5. 2020 онд хоногт 20 тн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай 150 хүнийг ажлын байраар хангах мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр
6. Хоногт 120-200 ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай 35 хүнийг ажлын байраар хангах оёдлын үйлдвэр
7. Жилд 500.000 тн цемент үйлдвэрлэж 120 хүнийг ажлын байраар хангах цементийн үйлдвэр ( Цементийн үйлдвэртэй болсноор барилгын материалын үйлдвэрлэлийн гол түүхий эд болох цементийн үнэ буурна. Одоогоор Ховд аймагт 1.0 тонн цемент 320000 төгрөгний үнэтэй байна. Үйлдвэр ашиглалтанд орсноор 1 тонн цемент 160000 төгрөг болох тооцоо бий)
Зөвлөгөөнд оролцсон удирдах ажилтнуудыг орон нутагтаа хөгжүүлж болохуйц жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авч орлогыг тус бүс нутагтаа төвлөрүүлж, Орон нутгийн хөгжлийн сангийн болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр зардагдаж буй сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулахыг уриалсан юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 10 =

Create Account



Log In Your Account