Нийтийн сонсгол дээр яригдсан хурцадмал асуудлууд

By: Admin
2024-12-23
0
828

 “Ховдын толь сонин” НҮТББ-ын санал болгосноор “Ховд аймаг дахь Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хариуцлага ил тод байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт нээлттэй сонсголыг Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр аймгийн ИТХ-ын ажлын алба хариуцан зохион байгуулав. Уг сонсголд “Ховдын толь сонин” ТББ-аас (Г.Төрмөнх) “Ховд аймаг дахь эрдэс баялаг уул уурхайн салбарын зарим онцгой тулгамдсан асуудлууд”-ын талаар хийсэн судалгаа, мэдээлэл, түүнээс гарсан дүгнэлтийг танилцуулж, илтгэл мэдээлэл хийсэн бөгөөд мөн үүнтэй холбоотойгоор зарим суманд  сүүлийн жилүүдэд илэрч байгаа, хүн амын өвчлөлийн төлөв байдал, шалтгаан нөхцлийн тухай таамаглал” сэдвээр “Эрүүл амьдралын түүчээ” НҮТББ-ийн тэргүүн Б.Сүхнаран  мөн мэдээлэл хийв. 

Нийтийн сонсгол дээр мэдээлэгдсэн илтгэл мэдээллийн хүрээнд оролцогчид асуулт асууж, мөн санал бодлуудаа илэрхийлсэн. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Ховдын тол сонин НҮТББ-ын тэргүүн Г.Төрмөнх нарын хэлснээр “Нийтийн сонсголын тухай зар мэдээллийг хуулийн хугацаанд оролцвол зохих бүх хуулийн этгээд, албаны хүмүүст албан ёсоор хүргүүлж, иргэд олон нийтийн сонорт нээлттэй нийтэлсэн” авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс эхлээд, аймгийн Засаг дарга холбогдох, газар хэлтсийн дарга нар сонсголд хүрэлцэн ирээгүй нь хууль зөрчсөн асуудал бөгөөд Нийтийн сонсголын хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой” ажээ. Албаны нөхдөд ийнхүү мэдээлэл хүргэсэн атал Нийтийн сонсголд хүрэлцэн ирээгүй явдлыг оролцогчдын зүгээс ч хурцаар шүүмжилж, хуулийн хариуцлага заавал тооцох нь зүйтэй гэсэн санал гаргацгаасан юм.

Нийтийн сонсгол дээр нэн чухал, ноцтой асуудлууд яригдсаны учир тэдгээр асуудлын талаар судалгаа шинжилгээ хийсэн байгууллагын (“Ховдын толь сонин” НҮТББ) гаргасан дүгнэлт, зөвлөмж, сонсголд оролцогчдын саналыг үндэслэн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж даалгавар хүргүүлэхээр болсон юм.

Нийтийн сонсголоос гаргасан зөвлөмж даалгаврыг толилуулж байна.  

2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Ховд аймаг дахь

Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хариуцлага ил тод

байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт нийтийн сонсголоос

гарсан зөвлөмж даалгавар

“Ховдын толь сонин” НҮТББ-ын санаачилгаар Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр аймгийн ИТХ-ын ажлын алба хариуцан зохион байгуулсан Ховд аймаг дахь Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хариуцлага ил тод байдал, тулгамдсан асуудлууд сэдэвт нээлттэй сонсголоор мэдээлэгдсэн мэдээлэл, хэлэлцэгдсэн асуудлууд (Ховдын толь сонин ТББ-ын илтгэл мэдээлэл), тэдгээрээс гарсан дүгнэлт, оролцогчдын саналуудыг үндэслэн зөвлөмж, даалгавар хүргүүлэх нь:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт

  1. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа уул уурхайн салбар дахь Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний баримт бичгийг хууль журмын дагуу ил тод болгож аймгийн ЗДТГ-ын цахим хуудсанд байршуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад сувгаар нийтэд мэдээлэх ажлыг нэн даруй хэрэгжүүлэх;
  2. Ховд аймаг болон МоЭнКо ХХК-ны хооронд 2021 онд шинэчлэгдэн байгуулагдсан хамтран ажиллах гэрээг эхний жилүүдийн хэрэгжилтийг дүгнэх хугацаа даруй 5 сараар хэтэрсэн байгаад дүгнэлт хийж, энэ асуудлаар судалгаа хийсэн ТББ-аас зөвлөсөнчлөн уг гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан хамтын ажиллагааны хорооноос гадна, ОҮИТБС-гийн дэд зөвлөл, тэрчлэн бусад талууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, олон нийтийн тэгш оролцоотойгоор, олон нийтийн хяналттайгаар зохион байгуулах;
  3. Ховд аймгийн нутаг дэвсгэрт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа, Ашигт малтмалын хуулийн дагуу орон нутгийн захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулах ёстой аж ахуйн нэгжүүдийг судлаж, гэрээ байгуулах асуудлаар тэдгээртэй хэлэлцээр үүсгэх ажлыг хэрэгжүүлэх;
  4. Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэйд үүссэн зөрчилтэй асуудлуудын хүрээнд иргэд, олон нийт, тухайн асуудлаар судалгаа хийж, нийтийн эрхийн, хүний эрхийн, стратегийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагаас хүргүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн гомдол санал гаргасан этгээдүүдийг заавал оролцуулан, хэлэлцүүлэг явуулж, хуулийн дагуу, нийтийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж шийдвэрлэх;
  5. Нийтийн сонсголд оролцсон оролцогчдын саналыг үндэслэн Халзан бүрэгтэй дэх энэхүү хурцадмал асуудлын талаарх хараат бус судалгааны мэдээлэл, дүгнэлтийг талууд болон холбогдох албан тушаалтнуудыг заавал байлцуулан (Аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс агентлагууд, БОАЖГ, ОБГ, Цагдаа, Шүүх, Прокурор, Хүний эрхийг хамгаалах байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, АТГ-ын төлөөлөгч, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох сумдын удирдлагууд, нийтийн эрх, хүний эрх, уул уурхай, байгаль орчин, хүрээлэн байгаа орчин, эрүүл мэндийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн) дахин хэлэлцэх ажлыг зохион байгуулах;
  6. Эдгээрээс гадна “Ховдын толь сонин” НҮТББ-аас аймгийн Засаг даргад хүргүүлсэн хүсэлт, саналуудыг (Хөшөөтийн уурхайгаас гэрээний дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй орлоготой холбоотой, Цэцэг сумын нутаг дахь Цагаан эргийн хууль бус олборлолтын асуудлаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой, түүнчлэн Эрдэс баялаг, уул уурхайн хариуцлага, ил тод байдлын талаарх бусад зүйлүүд) тухай бүрийг нь нягт анхааран, холбогдох арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэх;
  7. Нийтийн сонсголоос гарсан энэхүү зөвлөмж даалгаврын хэрэгжилтийг 2023 оны 3 дугаар улиралд багтаан тайлагнаж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх;

Жич: Нийтийн сонсголын оролцооны байдалтай холбоотойгоор тухайн сонсголд оролцогчдоос гаргасан санал гомдлыг шийдвэрлэхийн тулд Нийтийн сонсголын зар мэдээллийг хүлээн авсан боловч оролцоогүй албаны хүмүүст Нийтийн сонсголын хуулинд заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно” гэжээ.

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 9 =

Create Account



Log In Your Account