Ирвэс аялж ирлээ

By: Admin
2024-12-22
0
1714

Алтайн бүгд найрамдах улсын түвшинд явагдсан “Газар дэлхий дэх цасны барс” наадам Горно-Алтайск хотод болж өнгөрөв. Энэ арга хэмжээ 2010 оноос эхлэж, тус улсын муж, районууд болон тосгон суурингуудад ээлжлэн явагдаж ирсэн. Өнгөрсөн долоон жилд, жил дараалан явагдсан уг арга хэмжээ нь тэр болгондоо сонирхолтой санаагаар баяжиж байсан ба хүүхдүүдийн бодол санааны биелэл нь бүжиг, зураг, дуу хөгжим, театрчилсан тоглолтоор илэрдэг билээ. Өнөө жилийн хувьд энэхүү “хүүхдүүдийн экологийн баяр” маань ер бусын үйл явдлаар эхэлсэн нь “Ирвэс аян” байлаа. “Ирвэс аян”-ны оролцогч хүүхдүүд бүгд  найрамдах улсын нутаг дэвсгэрт хамаарах бүхий л муж районоос автобусаар хүрэлцэн ирэв.  Ер бусын зорчигчидтой энэ аялалд хотын сургуулийнхан идэвхтэй хамрагдсан. Тэд үе тэнгийнхэнтэйгээ сонирхолтой яриа өрнүүлцгээх нь “цасны муур” гэх гайхалтай амьтны тухайл байх агаад, “өндөр ууланд амьдардаг энэ ховор амьтныг хамгаалахад бүс нутгийн оршин суугчид бултаараа хүчээ нэгтгэх хэрэгтэй” гэцгээх аж.  

“Ирвэс аян”-ынхан 10 сарын 13-ны өдөр Горно-Алтайск хотод хүрэлцэн ирцгээв. Тэдний хөлөглөсөн автобусууд Драмын үндэсний теартын гол шатны дэргэд зогсож, буухиа наадмын “оргил арга хэмжээ” болох цасны барсд зориулсан шилдэг тоглолтонд (гала концерт) орцгоов. Оролцогчид маань театрын шатны гишгүүр дээрээс концертийг нээсэн ба нээлтэнд зориулан, барс хийгээд мануултай хамтдаа цоохор толбот (пятнистый тнец) хэмээх бүжиг бүжиглэцгээсэн юм.

Энэ удаагийн наадмыг Алтайн бүгд найрамдах улсын Байгалийн нөөц, экологийн харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Үйлдвэрийн орчин дахь мал, амьтныг хамгаалах улсын хороо Сийлхэмийн (Сайлюгем) үндэсний хүрээлэн (парк) болон Алтай, Катуны (Хадан гол) байгалын нөөц газрын хамтарсан “Газар дэлхий дэх цасны барс” төсөл, Дэлхийн онгон байгалийг хамгаалах сан (WWF) –аас хамтран зохион байгуулжээ. Наадмын арга хэмжээнд АБНУ-ын жаран дөрвөн суурингаас зургаагаас арван найман насны нийт гурван мянган хүүхэд багачууд хамрагдсан бол нийслэл хотод явагдсан төгсгөлийн шатны шалгаруулалт буюу “оргил арга хэмжээ”-нд бүс нутаг болон мужуудаас төлөөлсөн нэг зуун хүүхэд мөн тус газруудаас насанд хүрэгчдийн арван дөрвөн төлөөлөл оролцов.

Үндэсний театрын үүдэн танхимд гэрэл зургийн болон, хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэв. Концертын нээлтийг үнэхээр сонгодог түвшинд явуулахаар нямбайлан бэлджээ. Дан байгалийн материалаар бүрдүүлсэн зохиомж, “барс л хамгаас чухал сэдэв” (ну а тема - барс) гэсэн бичиг бүхий цаасан майхан, цаасан тавгууд гээд, үнэхээр гараа гаргаж бэлтгэсэн энэ зүйлсийг хүүхдүүд өөрсдөө урлажээ.

Эцэст нь цасны барсын дүрстэй үлэмж том ханын (адрын) чимэг зураг бүтээсэн ба тэрхүү дурсгалыг оролцогч хүүхдүүдийн гарын алган дээр буулган мөнхөлсөн юм. Зургийг бүтээхэд Горно-Алтайск хотын хүүхдийн уран зургийн сургуулийн хүүхдүүд багш нарын ур ухаан шингэсэн ба тэдний шилдэгүүдийн хамтын удирдлаган дор бүтсэн юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай саяны салбарын хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Иваничкагийн хэлснээр Непал улсын Дэлхийн байгаль байгаль хамгаалах сангийнхан энэ тухай мэдээллийг аваад ихэд талархан дэмжиж байгаагаа мэдэгдсэн ба уулсын эх оронд оршин амьдардаг ирвэсээ хамгаалах энэ үйл хэрэг бол хамгийн чухал зорилт мөн хэмээн санал нэгджээ. Оргил тоглолтын (гала концерт) нээлтэн дээр АБНУ-ын Байгалийн нөөц, экологийн харилцааны яамны сайд Александр Алисов тэмдэглэн хэлэхдээ “АБНУ –д зохиогдож хэвшээд байгаа “Газар дэлхий дэх цасны барс” үйл ажиллагаанд оролцогчдын бүрэлдэхүүн жилээс жилд өргөжин тэлж байна. Одоо ОХУ-ын нутаг дэвсгэрт цасны барсын (уулын ирвэс)  хамгийн том бүл, хэсэг нь оршин амьдарч байна. Энэ наадмын зорилго бол ховордсон амьтдыг хамгаалах үйл хэрэгт олон түмний анхаарлыг хандуулах явдал. Цаашдаа энэ үйл ажиллагаа маань манай төр засгийн болоод байгаль хамгаалах чиглэлийн байгууллагууд, мөн орон нутгийн хүн амын гол зорилгын нэг байх ёстой. Бас энэ ажил бол манай орны хүүхдүүдийн нэг том гавъяат үйлс, бахархал гэж хэлэх байна” гэсэн юм.

Зохион байгуулах хорооноос энэ үйл ажиллагааы хүрээнд “Шилдэг зураг”, “Шилдэг дурсгалын зүйл (сувенер)”, ”Талархалын ил захидал”, “Үлгэр” мөн шинээр үүсгэсэн “Оршин суугчдын экологийн дүрэм” гэсэн таван төрөл зүйлээр бүх үе шатанд, нийтдээ 173 ажил  зохион байгуулсан байна.  Аяны эцэст уг уралдаанд оролцогсдын бүтээлүүдийг гурван насны ангиллаар шалгаруулан, шалгарсан тавин оролцогчид диплом, бусад шагнал гардуулсан бол багийн нийт оноогоор тэргүүлсэн Кош-Агач мужийн ерөнхий боловсролын дунд сургуулийнхан шилжин явах цомын эзэн болсон юм. Кош-Агаччууд энэхүү үйл ажиллагааг эхлэн санаачлагчдын нэг бөгөөд 2010 оны тавдугаар сард анх удаа болсон “Газар дэлхий дэх цасны барс” наадмыг өөрийн аймагт (район) амжилттай зохион байгуулж байсан билээ. Дараа нь 2011 онд энэхүү экологийн наадам маань олон улсын чанартай болж, хөрш Монгол улсаас хүүхдүүд ирж оролцсон. Зохион байгуулагч байгууллагаар “Алтайн тогтвортой хөгжил сан”, “Амар тайван Укок” байгалийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай, Саяны салбарууд хамтран ажиллаж байв. Өнөөдрийг хүртэл энэхүү буухиа арга хэмжээг улсын түвшинд албан ёсны үйл ажиллагаа болгон хэвшүүлэхэд Сийлхэмийн (Сайлюгем) үндэсний хүрээлэн зонхилон зүтгэж, гол үүргийг гүйцэтгэсэн билээ. Яваа яваандаа энэ ажил маань хөрш Тувагийн бүгд найрамдах улсад нэвтэрч, ажил хэрэг болж эхлэв.

Энэ онд гэхэд Буриадын бүгд найрамдах улсын Түнх муж (Тункинский район) экологийн наадамд маань шинээр нэгдэн орлоо. Цаашилбал наадмын маань буухиа 10 сарын 23-нд Монгол улсын Улаангом хотод үргэлжилж, Улаангомынхан анх удаагаа “Газар дэлхий дэх цасны барс” экологийн наадмыг орон нутагтаа зохион байгуулна.

Энд болсон наадам маань 10 сарын 23-ны олон улсын наадамтай нягт холбоотой. Тиймээ мэдээжийн хэрэг. Айсуу яваа хүйтэн өвлийг дулаацуулам энэ сайхан үйл ажиллагаа маань зүй ёсоороо Алтайн бүгд найрамдах улсын нийслэлийн онцлогийг (брэнд) товойлгож чадлаа. Тиймээс жуулчид ч энэ арга хэмжээг сонирхон, зорьж ирж байхаар болов. Яг л Владивостокт болдог “Барын өдөр”, эсвэл манай Алтайн бүгд найрамдах улсын  Мараль цэцгийн баяр (цветение Маральника) шиг. Горно-Алтайск хотын төв талбайд цасны барстай хамт, хөгжилдөн наадаж, ухаан, авъяасаа уралдуулсан эл өдрийг хотынхон маань дандаа санах нь магад.  

Любовь ИВАШКИНА.

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ  

 

                     

                   


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 2 =

Create Account



Log In Your Account