Б. Сандагсүрэн: Орон нутгийн сонгуульд 930 гаруй хүн нэр дэвшиж байна

By: Admin
2024-12-22
0
1784

    - 2020 оны орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Нэр дэвшигчдийн материалыг хүлээх авах ажил ямар шатандаа явж байна? 
    - Ховд аймгийн хэмжээнд аймаг, сумын ИТХ-ын сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор Сонгуулийн хороо маш их ачаалалтай ажиллаж байна. Хуулийн дагуу 09 сарын 06-ны дотор нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дуусах ёстой. Намууд шат шатны хурлаа хийн нэр дэвшигчдээ тодруулж дууссан байгаа. Харин бие даан нэр дэвшигчид сонгогчдын гарын үсгээ цуглуулж дуусгасан байна. Нам, эвслээс нэр дэвшигчдийн баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр тодорхой дарааллын дагуу бүрдүүлэн  2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрүүдэд  тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ. Манай аймгийн хэмжээнд 930 гаруй хүн нэр дэвшиж байна. 
    - Нэр дэвшигчид ямар материал бүрдүүлж байна. Материал дутуу бол ямар хуулийн зохицуулалттай байна? 
    - Нэр дэвшигчид хуульд заасан материалыг бүрдүүлж өгөх ёстой. Хэрвээ баримт бичгийн бүрдэл хангалтгүй бол Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзах эрхтэй. Нэр дэвшигч нар хувиараа болон намаараа дамжуулаад холбогдох лавлагаануудаа авсан байх. Нэр дэвшигчид нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт, Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, гэсэн материалуудыг бүрдүүлэхээс гадна Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн, Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ёстой. Түүнчлэн Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа; Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт:  Нэр дэвшигчийн намтар; иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүрдүүлсэн байна. Мөн бие даан нэр дэвшигчийг төлөөлж тухайн шатны сонгуулийн хороотой харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, харилцах утасны дугаар; Төрийн аудитын байгууллагаар хянуулсан бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн аудитын дүгнэлт; Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа; Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг; Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа зэргийг бүрдүүлсэн нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн хороо хянаад 09 сарын 30-ны өдөр нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулан өгнө. 
    - Энэ удаагийн орон нутгийн сонгуульд хэдэн нам эсвлийн хичнээн хүн нэр дэвшиж  байна вэ? 
    - Аймгийн хэмжээнд ИТХ-д Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шинэ нам гэсэн улс төрийн дөрвөн хүчин, харин ХҮН намын хувьд Булган суманд хүмүүсээ нэр дэвшүүлээд оролцож байна. Нийтдээ 930 гаруй хүн нэр дэвшиж буйгаас 20 орчим бие даагч байна. 
    - Хуулийн хүрээнд анхаарах шаардлагатай асуудлууд юу байна? 
    - Хэрвээ тухайн нэр дэвшигчийн материал хуульд заасны дагуу шаардлага хангаагүй бол тухайн шатны Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Тиймээс нэр дэвшигчид маань анхаараарай гэж хэлье. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас УИХ-ын Сонгуулиар мөрдөгдөж байсан дүрэм, журмуудыг мөрдөж сонгуулийн сурталчилгаа, аливаа уулзалтуудаа зохион байгуулна гэсэн үг. Хүн хоорондын зайг 1-1,5 м байлгах гэх мэтээр журмыг мөрдөж ажиллана. Зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэхээр тодорхой зааж өгсөн байгаа.  
    - Сонгуулийн үеэр ажиллах инженер техникийн болон бусад алба хаагчдыг хэрхэн бэлтгэж байна вэ? 
    - Сонгуулийн үеэр ажиллах 110 гаруй мэдээлэл технологийн даамлуудаа сургалтад хамрууллаа. Анхаарах зүйлсийг зааж зөвлөж, машинаа ажиллуулах практик туршилт хийлгэж, шалгалт аваад сертификат олгосон байгаа. Мөн иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 110 гаруй ажилтнуудын сургалтыг ч  хийнэ. Сонгуулийг явуулахад төрийн албан хаагчид ажиллаж байгаа учраас санал авах байранд ажиллах хэсгийн хорооны дарга, гишүүд, цагдаа, ОБГ, иргэний бүртгэлийн ажилтнууд нэгдмэл зорилготой ажиллах ёстой. Үүнд ч бид анхаарч ажиллаж байна. 
    - Нэр дэвшигчдийн материалыг хянах хугацаа ямар байх вэ? Мөн нөхөн нэр дэвшүүлэх шаардлага үүсвэл яах вэ? 
    - Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн ирүүлсэн материалыг 7 хоногийн хугацаанд хянаж шийдвэр гаргах ёстой. Ер нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан үндэслэлээр нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг гурван үндэслэлээр нөхөн зохион байгуулна. Нэгд, тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан, хоёрт тухайн нэр дэвшигч нас барсан, гуравт  нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд нөхөн сонгуулийг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө нөхөн нэр дэвшүүлж болно гэж заасан байгаа. Үүний дараа 09 сарын 30-ны өдөр нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулж, үүнээс эхлэн сонгуулийн сурталчилгаа 14 хоногийн хугацаанд  буюу 10 сарын 13-ний өдрийн 00:00 цагт дуусна. 
    - Бие  даагчид ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ? 
    - Нам эвслээс нэр дэвшихээс гадна бие даан нэр дэвших нь хуулийн хүрээнд нээлттэй. Гэхдээ бие даан нэр дэвшигч 07 сарын 25-ны дотор Аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө өгч хянуулсан байх ёстой. Үүнийгээ мэдэхгүйгээс хоцорсон хүмүүс байна. Бид цаг тухай бүрт нь зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийнхөө аудитын дүгнэлтээ гаргуулсныхаа дараа тухайн шатны Сонгуулийн хорооноос маягт авч, сонгогчдын гарын үсгээ цуглуулсан. Аймаг, дүүргийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 201-ээс доошгүй, нийслэлд 501-ээс доошгүй, суманд 51-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулахаар хуульд заасан байгаа. Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
    - Сүүлийн хормыг танд үлдээе. Уншигчид, нэр дэвшигчдэд сануулж хэлэх зүйл юу байна? 
    - Нэр дэвшигчид, иргэд маань хуульд заасны дагуу хандив тусламжийн хэмжээний тухай Аудитын байгууллагаас гаргасан хэмжээний төсвийг сонгуулийн сурталчилгаандаа зарцуулна. Хуулиа сайн судлаагүйгээс хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдалд орохыг ч үгүйсгэх аргагүй. Тиймээс улс төрийн намууд, нэр дэвшигчдэдээ хандаж хэлэхэд хуулиа чанд мөрдөж, шударга өрсөлдөхийг уриалж байна. 
-    Ярилцсанд баярлалаа. 

                                                                                                                                                                                                                                 Г. Энхжаргал 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 8 =

Create Account



Log In Your Account