Ш.Сүхтулга: "ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ" аянд нэгдэцгээе!

By: Admin
2024-12-22
0
1711

Монгол Улсын хэмжээнд Залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсч, иргэд хохирсоор байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа тул Мөрдөн байцаах алба, Монгол банк, Банкуудын холбоо хамтран, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “ятгах тусам нягтал” аяныг зохион байгуулж байгаа. Энэ аяны хүрээнд гэмт хэргийн талаар ард иргэдэд мэдээлэл хүргэх, залилах төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Сүхтулагын ярилцлагыг хүргэж байна.

- Улсын хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Ятгах тусам нягтал" аян зохион байгуулагдаж байгаа юм байна. Тэгэхээр бусдыг залилах гэмт хэрэг нэлээн элбэг гарч байгаа байх нь ээ?

- Улсын хэмжээнд 2011 онд залилангийн төрлийн 688 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 4600 гэмт хэрэг бүртгэгдэж 7 дахин өссөн. Нэг гэмт хэргийн цаана нэлээд хэдэн хохирогч байдаг тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирогчийн тоо хэдэн зуун мянга, хохирлын хэмжээ хэдэн арван тэрбумаар тооцогдож байна. Ховд аймгийн хэмжээнд залилах төрлийн гэмт хэрэг сүүлийн 3 жилийн байдлаар 2017 онд 6, 2018 онд 16, 2019 онд 52 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3,2 дахин өссөн. Хохирогч, хохирлын хэмжээ ч хэдэн зуугаар, хэдэн зуун саяаар тооцогдож байна.

- Залилах гэмт хэргийг үйлдэж буй арга хэлбэр, онцлог нь ямар байгаа талаар сэрэмжлүүлэх үүднээс тодорхой мэдээлэл өгөх үү?  

- Хэлбэрийн хувьд гэвэл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг "худалдах, худалдан авах", "түрээслэх, түрээслүүлэх", "арилжих", "барьцаалах", иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэх зэрэг иргэний хуульд заасан гэрээний харилцааны явцад, мөн гадаад улсын виз гаргаж өгнө хэмээн бусдыг залилах, иргэдийн имэйл, фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн, тэдний нэрээр ойр дотны найз, нөхөд, ах, дүү нараас нь мөнгөний тусламж үзүүлээч гэх байдлаар, бас иргэдээс гар утас худалдаж авна гэж ойлгуулаад, эсвэл хүний утсыг гуйж ярих гэсэн дүр эсгэж авч зугатах байдлаар, түүнчлэн ажил, сургууль, цэцэрлэгт оруулж өгнө, диплом гаргаж өгнө, төсөл, хөтөлбөр, зээлэнд хамрагдах болзол хангаж байгаа тул гэх мэтээр дансанд урьдчилгаа байршуулахыг санал болгох, олон шатлалт маркетинг, прамид тогтолцооны буюу сүлжээний гэх мэт. Ялангуяа сүлжээний гэх тодотголтой хэргийн хохирлын мөнгөний урсгал гол төлөв гадагшаа чиглэж байна.

Сүлжээний гэмт хэргийн онцлог гэвэл хохирогч хохирсноо мэддэггүй, нотариатаар байгуулсан гэрээ хэлцэлдээ найддаг, залилагч этгээдийн хувьд урьдын харилцааны явцад бий болсон нэр хүнд, нөхцөл байдлыг ашигладаг тул энэ хүн миний эд хөрөнгө, мөнгө төгрөгийг хэлсэн хугацаандаа буцаагаад өгчих байх, урьд нь итгэлтэй хүн байсан гэж хүлээдэг. Хэсэг хугацааны дараа залилуулснаа мэдээд, цагдаагийн байгууллагад хандахад залилагчид шилжүүлэн өгсөн эд хөрөнгө, мөнгө ч үгүй, залилагч этгээд ч үгүй болж, хөрөнгө мөнгийг нь шилжүүлэн аваад оргон зайлсан байдаг. Залилан мэхлэх гэмт хэргийг анхнаасаа төлөвлөж, таны хэрэгцээ шаардлагыг судласны үндсэн дээр бизнесийн таатай санал тавих ч юмуу, эсхүл танд хэрэгцээтэй байгаа зүйлийг амлаж хөрөнгө мөнгийг өсгөнө, үнэгүй байр, машин, хөрөнгөтэй болгоно гэх мэт аргыг ашигладаг. Тэд хүнийг амьжиргаанаас нь салгаж байна гэдгээ ухаарах, өрөвдөх, хайрлах, энэрэх сэтгэл байдаггүй, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хүүхэд гэж ялгалгүй залилдаг нь урьдны баримт мэдээллүүдэс харагдаж байна. Мөн залилах хэргээ төгс үйлдэхийн тулд итгэл төрүүлдэг. Жишээлбэл: Сүлжээний хэрэгт түрүүлж элссэн хүнд урамшуулал олгож ашигтай юм байна гэх илтгэлийг төрүүлээд, тэрнээс илүү олон хүнийг элсүүлж залилдаг. Эргээд нөгөө урамшуулал авсан хүн маань хохирсон иргэдийн төлбөр мөнгийг барагдуулахаар иргэний хариуцагчаар татагдан хамтран оролцдог.

- Ховд аймгийн тухайд залилах гэмт хэрэг ямар байдлаар үйлдэгдэж байна вэ? Онцлог анхаарал татсан хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

Ховд аймгийн тухайд бол мал, хөрөнгөгүй хэрнээ мал болон ямар нэгэн эд хөрөнгө зарна, шилжүүлнэ, сүлжээний бизнес ашигтай гэх байдлаар тухайн сүлжээний нэрийг барьж залилан мэхлэсэн гэмт хэргүүд зонхилон бүртгэгдсэн. Тухайлбал сүлжээнд элсүүлж байна гэх нэрийдлээр маш олон удаагийн үйдлээр бусдаас мөнгө шилжүүлэн авч тэрнийгээ хувьдаа ашигласан хэргийг цагдаагийн байгууллагаас 2019 оны 11 дүгээр сард илрүүлэн шалгаж, 11 үйлдэлтэй 130 сая орчим төгрөгийн хохиролтой хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд байна.

- Залилах гэмт хэргээс ард иргэдийг сэрэмжлүүлэхийн тулд таны зүгээс юуг анхааруулж, зөвөлмөөр байна?  

- Хохирогчдын тухайд гэвэл ихэнхдээ залилагч этгээдийн итгэл төрүүлэхээр төөрөгдүүлж байгаа зүйлийг нягтлан шалгаж, асууж тодруулдаггүй, өмнөх харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлээрээ хандаж залилуулсан байдаг. Сүлжээний гэх тодотголтой хэрэгт төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, алба хаагчид маш их элсэж, цаашлаад иргэний хариуцагчаар татагдсан, хөрөнгө мөнгөөрөө хохирсон тохиолдол цөөнгүй байгаа тул өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ бусдад шилжүүлэхдээ нягтлан шалгаж байх шаардлагатай байна. Иргэд өөрсдөө хариуцлагатай байх юм бол энэ хэргийн хохирогч болохгүй байх боломж бүрэн бий. Иймд Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аливаа үйлдэлдээ хариуцлагатай хандах, улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аянд нэгдэхийг уриалж байна. 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 6 =

Create Account



Log In Your Account