Ховд аймаг дахь Баруун бүсийн Оншилгоо Эмчилгээний Төвийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын байдалд хийсэн ажиглалт судалгааны тайлан дүгнэлт, зөвлөмж

By: Admin
2024-11-22
0
664

Нэг: 2021-2022 оны эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын ерөнхий төлөв байдал:  

Ховд аймаг дахь Баруун Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь “Анагаах ухааны ололт амжилтыг нутагшуулж, бүсийн хэмжээнд үргэлж манлайлагч байх, бүс нутгийн хүн амд чанар аюулгүй байдлыг эрхэмлэн, сонголтод суурилсан, үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг чадварлаг багаар үзүүлнэ” гэсэн алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлон ажилласан байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагааны чиглэл нь бүс, аймаг, сумын хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр тодорхойлогджээ.

“Ховдын толь сонин” НҮТББ нь Ховд аймгийн БОЭТ-ийн 2021, 2022 оны эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, зарцуулалт, тендер шалгаруулалт дээр ажиглалт судалгаа хийж, дараах мэдээллийг боловсруулаад байна. 2021 онд төлөвлөгдсөн төсвийг бодвол 2022 онд эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв өссөн байна.

2021, 2022 онд БОЭТ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэгчдийн мэдээлэл

 

           Ховд аймаг дахь БОЭТ нь 2021 онд 1,370,742,076 төгрөгийн үнийн дүн бүхий 35 багц эм, эмнэлгийн хэрэгслийг 22 аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авахаар сонгон шалгаруулж гэрээ байгуулсан бол ерөнхий гэрээгээр 436,253,920 төгрөгийн өртөг бүхий 68 нэр төрлийн эм, 61,748,720 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийг тус тус худалдан авчээ. Харин 2022 онд 461 нэр төрлийн эмийг 1,313,633,904 төгрөгөөр, коронавируст халдвар /Ковид-19/-ын бэлэн байдал, хариу арга хэмжээний хүрээнд 34 нэр төрлийн эмийг 495,125,270 төгрөгөөр, мөн 199 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийг 712,268,964 төгрөгөөр, коронавируст халдвар /Ковид-19/-ын бэлэн байдал, хариу арга хэмжээнд хэрэглэгдэх 48 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийг 812,761,659 төгрөгөөр тус тус худалдан авсан байна.

      

 

 

Хоёр: 2022 оны эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын төлөвлөлт, гүйцэтгэл:

2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эм, эмнэлгийн хэрэгслийн зориулалтаар 2,579,797,600.00 төгрөгийн худалдан авалт хийхээр, ингэхдээ нийт худалдан авалтын 91,84 хувийг нээлттэй тендер шалгаруулалт, 8,16 хувийг шууд худалдан авалтын аргаар  гэрээ байгуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр 1,698,119,240 төгрөгийн үнийн дүн бүхий 35 багц эм, эмнэлгийн хэрэгслийг 20 аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авахаар сонгон шалгаруулж гэрээ байгуулжээ.

 

Нийт худалдан авалтын 81.3 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторын урвалж, оношлуур нийлүүлэх ажил эзэлж байна. Үүнээс дүгнэвэл худалдан авалтын ихэнх хувийг эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт эзэлдэг ажээ.

 

Гурав: Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд анхаарвал зохих зарим зүйл:

3.1. Эм, эмнэлгийн хэрэгсэлд зориулагдаж буй худалдан авалтын нийт дүнтэй харьцуулахад шүдний эмчилгээнд зориулан худалдан авч буй эм, эмнэлгийн хэрэгсэл хамгийн бага хувийг буюу нэг хувийг эзэлж байна. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Сургуулийн Хүүхдийн нүүр ам судлалын багш Ж.Дэлгэрцэцэгийн хийсэн судалгаагаар амны хөндийн өвчлөл нь хүүхдийн биеийн өсөлт хөгжилтөнд шууд нөлөөлдөг гэж дүгнэгдсэн бөгөөд “Монголд 10 хүүхэд тутмын нэг нь л эрүүл шүдтэй байна” гэжээ. Хүний шүдний 28-32 нь эрүүл байвал түүнийг эрүүл шүдтэй хүн гэж үздэг. Шүд цоорох өвчний үзүүлэлтийг гаргадаг томьёогоор бол цоорсон шүдтэй тохиолдолд цоо эрүүл ангилалд оруулдаггүй. Өөрөөр хэлбэл, харьцангуй эрүүл гэдэг заалтад ордог юм байна. Цоорсон шүдтэй хүүхдийг эрүүл шүдтэй хүүхэдтэй харьцуулбал өсөлт хөгжилтийн үзүүлэлт хоцрогддог гэдэг нь олон судалгааны үр дүнгүүдээр батлагджээ. Тухайлбал, эрүүл болон цоорхой шүдтэй хүүхдүүдийг харьцуулахад (3 нас) цоорсон шүдтэй хүүхэд нь бүтэн шүдтэй хүүхдээс жингийн хувьд хоёр килограммаар бага байгаа нь тогтоогдсон. Улмаар амны хөндийг эмчилж эрүүлжүүлснээс хойш зургаан сарын дараа тухайн хүүхдүүд хэвийн жиндээ хүрсэн талаарх олон улсын судалгаа бий. Мэргэжилтний ярьснаар "Монгол хүүхэд нэг бүрийн амны хөндийд дунджаар 7-8 цоорч, өвчилсөн шүд байдаг", шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлтээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тодорхой босго шалгуурыг гаргаж өгдөг. Энэ үнэлгээний хамгийн дээд түвшин буюу маш өндөр ангилал нь 6.5 байдаг юм байна. 

         Таван настай хүүхдийн аманд 20 шүд байх ёстой. Судалгааны үр дүнгээс харахад 20 шүдний 7-8 шүд нь аль хэдийн цоорсон, авахуулсан, эмчлэгдсэн эсвэл цоорхой хэвээр байх нь дийлэнх хувийг эзэлдэг. Насанд хүрсэн хүн хамгийн багадаа 28 шүдтэй байдаг. Гэтэл 28 байнгын шүднийх нь 12, зарим судалгаанд 18 шүд нь өвчтэй байх нь түгээмэл үзэгдэл болсон ажээ. Нүүр ам судлалын мэргэжилтнүүд үүнийг “чимээгүй тахал”-ын хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Гэвч Ховд аймаг дах БОЭТ-ийн хувьд эмийн худалдан авалтын төсвийг төсөвлөхөд энэ талаар сайтар анхаарч тусгадаггүй, шүдний эмчилгээнд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгслүүдийн хэрэгцээг өвчлөлийн төлөв байдлын судалгаатай сайтар уялдуулдаггүй, шүдний кабинетийн эмч мэргэжилтнүүд нь эм, эмнэлгийн хэрэгслийн төсөвт санал тусгуулах талаар нарийн сайн ойлголтгүй байгаа явдал ажиглагдав. Тиймээс хүүхэд, өсвөр үе, залуусын шүдийг эрүүлжүүлэх асуудлыг шийдэхийн  тулд БОЭТ-ийн шүдний кабинетын эмчилгээний материалын зардал болон, кабинетад ажиллаж байгаа эмч нарын тоог нэмэгдүүлэх, шүдний цоорлыг эмчлэх, шүдээ арчлах талаар зорилтот компанит ажил өрнүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Нэг үгээр хэлбэл нь энэ нь тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд, уг асуудлыг шийдэхийн тулд цаашид амны хөндийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлага байна гэж үзэв.

 

Худалдан авалтын нэр

Нэр төрөл

Нийт санхүүжилтийн дүн

Эзлэх хувь

Эм,тариа

345

       511,155,237

30.77

Эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл

37

       333,572,800

20.08

Эмнэлгийн хэрэгсэл

109

       135,750,150

8.17

Дүрс оношилгоо

5

         38,995,000

2

Ариутгал халдваргүйжүүлэх бодис

34

         65,396,100

4

Эмгэг судлал

20

                       -  

                       

Гемодиализ

25

       206,670,000

12

Шүдний эмчилгээ

85

        20,442,100 

1

Лаборатори

331

      319,152,543 

19

Уламжлалт

42

         29,995,130

2

Нийт

1033

    1,661,129,060

100%

 

3.2. Эмийн худалдан авалтыг төсөвлөх, худалдан авалтыг зохион байгуулах буюу нийлүүлэгчийг сонгон шалгаруулахад учир дутагдалтай зүйлүүд байгаа нь эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын төсвийг зохиохдоо БОЭТ-ийн тасаг тус бүрээс хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгслийн талаар санал авдаг ч, ихэнхдээ урьд жилүүдийнхээ гүйцэтгэлийн мэдээлэл дээр үндэслэж тогтсон хандлагаар санал өгдөг байх магадлал анзаарагдаж байна. Тодруулбал зарим тасаг кабинетээс энэ тухай асуухад төсөв, төлөвлөлтийн талаар бид сайн мэдэхгүй, эмнэл зүйн алба, эм зүйч нар мэднэ гэх мэтээр хариулт өгч байсан. Эмийн төсвийг төсөвлөхтэй холбоотой тусгайлсан судалгаа явагддаггүй байна.

3.3. Тендер сонгон шалгаруулалтын тухайд БОЭТ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн тухайн жилийн төсөв зохиох, нийлүүлэгчдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлыг аймгийн ЭМГ-аас гол төлөв чиглүүлж зохион байгуулдаг. Зарим үед БОЭТ бие дааж зохион байгуулдаг, энэ нь тухайн хоёр байгууллагыг ямар хүн удирдаж байгаагаас шалтгаалж зохицуулагддаг байна. 2023 оны эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг БОЭТ бие дааж зохион байгуулахаар болсон. Гэвч, Эрүүл мэндийн газар хариуцаж зохион байгуулсан ч, БОЭТ бие дааж зохион байгуулсан ч ялгаагүй тухайн салбарт буюу эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дотор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр туршлагажсан АЗ болон А5 сертификаттай, мэргэшсэн хүмүүс нэн ховор. Иймээс үнэлгээний хороог томилоход боловсон хүчний дутагдалд байнга ордог байна. Энэ байдлыг зохицуулахын тулд 2022 онд аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын харъяа Худалдан авах ажиллагааны хэлтэст санал тавьсан ч уг газраас “хамтран ажиллаж, харилцан туслах боломжгүй” гэсэн хариу өгсөн байна. Энэ асуудлыг аймгийн ИТХ, Засаг дарга, цаашилбал салбарын яаманд тавьж шийдвэрлүүлэх шаардлага тулгарч байна. ЗЗНДНТУТ хуулинд заасны дагуу аймгийн ИТХ, Засаг дарга нь тухайн аймгийнхаа харъяалах нутаг дэвсгэр дэх хүн амын эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, зохицуулах үүрэгтэй гэдгийг үндэслэн, энэ талаар тодорхой арга хэмжээ авахыг судалгааны ажлын дүгнэлт, зөвлөмжид тусгаж тус газруудад хүргүүлж байгаа болно.          

 

 

 

3.4. Эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах тендер /санал/ сонгон шалгаруулалтыг явуулахдаа тендерийн зарыг хуулинд заагдсан хугацаанд, хүртээмжтэй зарлан түгээх явдал хангалтгүй байна гэж дүгнэгдэв. Аймгийн Эрүүл мэндийн газар болон БОЭТ дээр энэ тухай баримтын үзлэг хийхэд хадгалагдаж буй баримт материалд нь зөвхөн 2017 оны эцсээр сонинд зарлагдсан 2018 оны тендер шалгаруулалтын зарын хайчилбар байсан бөгөөд түүнээс хойших жилүүдийн баримт  олдоогүй юм. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас асууж тодруулж, нийтийн цахим талбаруудад ажиглалт хийж үзэхэд эмийн худалдан авалтын тендерийн зарын хүртээмж нэн хангалтгүй байгаа нь нотлогдож байна. Тиймээс цаашид тендерийн зарыг орон нутгийн болон төвийн мэдээллийн сувгуудаар хуулийн хугацаанд нь, хүртээмжтэй, өргөн хүрээтэй түгээж байхыг зөвлөмжилж байна.  

3.5. 2022 оны байдлаар авч үзвэл тухайн оны эм эмнэлгийн хэрэгслийн хэрэгцээ батлагдсан төсвөөс болон  тендер зарлаж нийлүүлэгчидтэй гэрээ байгуулсан гэрээний үнийн дүнгээс хэтэрсэн тул, батлагдсан төсвөөс хэтрүүлэн нэмэлт гэрээ байгуулах замаар төсвөөс давсан санхүүжилт олгосон байна. Тодруулбал 2022 оны 1-ээс 11 дүгээр сард нийтдээ 28 нийлүүлэгч, аж ахуйн нэгжид давхардсан тоогоор 93 удаагийн мөнгөн шилжүүлэг хийж, өссөн дүнгээр нийтдээ 10.983.675.790 төгрөгийн санхүүжилт олгосон. Эдгээрийн 2022 онд төсвийн хүрээнд тендер зарлаж гэрээ байгуулсан дүн нь 9.781.894.374  төгрөг. Төсвөөс хэтэрсэн буюу нэмэлтээр олгогдсон санхүүжилт нь 1.201.763.416 төгрөг. Үүнээс эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтанд нийт 79 гүйлгээгээр, өссөн дүнгээр нийтдээ 9.867.217.883 төгрөгийн санхүүжилт олгосон. Харин үүний тендер зарлаж гэрээ байгуулсан дүн нь 8.084.581.904 нэмэлтээр буюу батлагдсан төсвөөс хэтрүүлж олгосон дүн нь 1.782.635.979 төгрөг байна. Өөрөөр хэлбэл 2022 онд Ховд аймгийн БОЭТ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтанд зориулж олгогдсон санхүүжилт нь батлагдсан төсөв болон гэрээний дүнгээс  1.782.635.979 төгрөгөөр хэтэрсэн байна. Нийт худалдан авалтанд олгосон санхүүжилтийн хэтэрсэн дүнгээс эм, эмнэлгийн хэрэгслийн санхүүжилтийн хэтэрсэн дүн 580.872.563 төгрөгөөр илүү байгаагийн учир нь эм эмнэлгийн хэрэгслээс бусад төрлийн бараа ажил үйлчилгээнд олгосон санхүүжилт нь гэрээний дүнгээсээ илүү бус харин дутуу олгогдсон байгаатай холбоотой юм. Эндээс дүгнэлт хийвэл нэгдүгээрт төсвийн төлөвлөлт, боловсруулалт нь судалгаа муутай хийгдэж байгаа, бодит хэрэгцээг сайтар судлаагүй, хоёрт гэвэл нийгмийн эрүүл  мэндийн бодлого буюу хүн амыг өвчлөхөөс, эм эмнэлгийн аргаар эмчлэх шаардлагатай болохоос урьтаж эрүүл амьдрах дадал хэвшилд сургах үйл ажиллагааны хэрэгжилт тааруухан, эс бөгөөс эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өсгөж буй бусад зориудын шалтгаан байхыг ч үгүйсгэх боломжгүй байж болохоор. Тийм учраас эм эмнэлгийн хэрэгслийн зардал нь төсвөөс хэтэрч буй шалтгааныг бодитой тогтоох мониторинг судалгааны ажлыг зохион байгуулах шаардлага байна гэж харагдаж байна.

 

       

 

Дөрөв: Эмийн худалдан авалтын төсвийн 2022 оны гүйцэтгэлийн талаар: 2022 оны эм эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурын тендерийн захиалгыг 35 багцаар бэлтгэж, 345 нэр төрлийн эм тариа, 34 нэр төрлийн ариутгал халдваргүйжүүлэх уусмал, 109 нэр төрлийн нэг удаагийн болон бусад эмнэлгийн хэрэгсэл, 25 нэр төрлийн гемодиализ болон хэвлийн диализын хэрэгсэл, 85 нэр төрлийн шүдний эмчилгээний материал, 331 нэр төрлийн лабораторийн урвалж оношлуур хэрэгсэл, нийт 1033 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг тендер зарлаж худалдан авчээ. Нээлттэй тендер, түүнчлэн ЭМЯ-нд зарлагдсан ерөнхий тендерт шалгарсан 20 эмийн компанитай нийт 1.698.119.240 мянган төгрөгийн эм тариа худалдан авах гэрээ байгуулсан. Хагас жилийн төлөвлөгөөний дагуу нийлүүлэлт хэвийн явагдсан байна.  Түүнчлэн хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг эм бэлдмэлийг журмын дагуу хүлээн авч байна. Мөн нийлүүлэлт хийж буй эм ханган нийлүүлэх байгууллагаас ирсэн хугацаа дөхсөн, хэрэглэж амжихааргүй эмийг буцаан эм ханган нийлүүлэгчид рүү явуулдаг байна.

Тав: Ховд дахь БОЭТ-ийн шилэн дансан дахь эмийн худалдан авалтын мэдээлэлд хийсэн ажиглалтын тэмдэглэл

 

 

Мэдээллийн төрөл

2020 он

2021 он

2022 он

1

Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэл /Бүтэн жилээр, сар бүр

Ерөнхий нэр төрлөөр багцалж тайлан гаргасан. Мэдээлэл дутмаг

Зөвхөн 3 сар, 6 сарын мэдээлэл оруулсан. Хэт ерөнхий байдлаар 10 багц худалдан авалтын нэр, нийт мөнгөн дүн, тендер шалгаруулалтын аргыг бичээгүй

Эхний 6 сарыг зөвлөсөн боловч мэдээлэл байхгүй /устгасан бололтой/

2

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө /бүтэн жилээр/

Жилээр нь 9 нэрээр багцалж төлөвлөсөн /хэт ерөнхий/

7 нэрээр төлөвлөсөн эмийн тендерийн зөвхөн нийт дүнг тавьсан.

7 нэрээр төлөвлөсөн

3

Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн ерөнхий мэдээлэл /тухай бүр/

Нийт дүнг өгүүлбэрээр бичсэн.

Зөвхөн 9 сарын байдлаар 10 багц тендерийн нэр дүн, тендерт оролцогчдын мэдээлэл байхгүй

11 сарын байдлаар 6 тендерийн нэр, дүн хэт ерөнхий, гүйцэтгэгчийн нэр байгаа, оролцогчийнх байхгүй.

4

5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг /тухай бүр/

Сар бүр гаргасан тендер гэрээний дүн, санхүүжилт, нийлүүлэгч, хаяг

Сар бүр гаргасан тендер, гэрээний дүн, санхүүжилт, нийлүүлэгч, хаяг

11 сарын байдлаар 5 нэр бүхий тендерийн мөнгөн дүн, хүлээн авагчийг бичсэн.

5

Худалдан авах ажиллагааны тайлан /бүтэн жилээр/

Хоёрхон тоогоор нийт дүнг бичсэн тайлан

Тавигдаагүй

Тавигдаагүй

6

Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүн /тухай бүр/

 5 сард хийгдсэн аудитын зөвлөмжийг тавьсан.

2021 оны 2 сарын 2-ны нэг хуудас дүгнэлт /албан бичиг/ тавьсан.

Аудитын газар ямар нэг мэдээлэл тавиагүй.

7

Аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан /бүтэн жилээр/

5 сарын 27-ны байдлаар гаргасан тайланг тавьсан.

5 сарын 27-ны байдлаар гаргасан тайланг дахин тавьсан.

11 сарын байдлаар БОЭТ-өөс Аудитаас өгсөн дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээний мэдээллээ байршуулсан байна.

 

Эмийн худалдан авалтын мэдээллийг шилэн дансанд байршуулах, шилэн дансны мэдээллийг тухай бүр шинэчлэх ажил бидний ажиглалтаар дээрх байдалтай байгаа бөгөөд ажиглалтаас хойш 4 сарын хугацаа өнгөрөхөд тодорхой ахиц гараагүй байна. Шилэн дансны хөтлөлт хангалтгүй, дутуу дулимаг байгаагийн шалтгааныг судлаж үзэхэд тодорхой хариуцсан мэргэжилтэн байдаггүй, санхүүч зэрэг хүмүүс хавсран хариуцдаг боловч ажлын ачааллаа дийлдэггүйн улмаас хавсарга ажил нь орхигддог, уг ажилд анхаарал хандуулах зав, боломж нэн хомс байдгаас шалтгаалдаг байна. Тиймээс энэ ажлыг бие даан хариуцаж ажиллах тусгай ажилтныг бий болгох эсвэл төсөв, худалдан авалт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, чанар үр нөлөөг хариуцсан албыг бодлогоор зохицуулан зохион байгуулж, уг албаны чиг үүрэгт тусгаж өгөх шаардлага байгааг БОЭТ-ийн удирдлагад хандан зөвлөмжилж байна.      

 

 

“ХОВДЫН ТОЛЬ СОНИН” НҮТББ

 

2022 ОН


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 7 =

Create Account



Log In Your Account