Ховд аймагт 2023 оны нэгдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд “Хөрөнгө оруулалтын форум /чуулган/” нэртэй томоохон арга хэмжээ зохион байгуулагдсан. Чуулганыг Ховд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас голлон хариуцаж явуулах гэж байгаа тухай зар сурталчилгааны мэдээллүүд чуулган болохоос 10 гаруй хоногийн өмнө нийтийн цахим сүлжээгээр өргөн хэмжээгээр мэдээлэгдсэн бөгөөд энэхүү мэдээллийг авсан орон нутгийнхны хувьд тодорхой хүлээлтүүд үүссэн байсан нь
Чуулганд гол төлөв Улаанбаатар хотоос уригдсан нэр хүнд бүхий “өндөр зиндааны” төлөөлөгчид олноор оролцов. Зохион байгуулалтын болон техникийн багийнхан ч зонхиороо нийслэл хотоос ирцгээжээ. Хурал хэлэлцүүлэг дараах сэдвүүдээр өрнөсөн юм. Үүнд: 1. “Эрчим хүчний сэргэлт ба сэргээгдэх эрчим хүч”, 2. “Баруун бүсийн аялал жуулчлал ба хөрөнгө оруулалт”, 3. “Тээвэр логистик”, 4. “Цахим шилжилт /ТЕК Ховд, Соёлын бүтээлч үйлдвэрлэл”/, 5. Боловсон хүчин, 6.”Ховд хот ба барилгын салбарын хөрөнгө оруулалт”, 7. “Уул уурхайн экспортын орлого ба ногоон хөгжил” 8. “Үйлдвэр технологийн парк ба хөдөө аж ахуй (мал аж ахуй) дахь хөрөнгө оруулалт”, 9. Баруун бүсийн хөрөнгө оруулалтын боломж, 10. Ховд аймаг хөрөнгө оруулалтад бэлэн үү?”, 11. “Дүгнэлт хэлэлцүүлэг” гэсэн сэдвүүдээр явагдав.
Ямар ч сэдвээр тодорхой илтгэл, таниулга, мэдээлэл хийгдээгүй бөгөөд сэдэв тус бүрт хөтлөгчтэй хамт 5-6 оролцогчийг тайзан дээр суулган, тэдгээр оролцогчид хоорондоо асуулт хариулт хэлбэрээр товч яриа өрнүүлэх /театрчилсан шоу/ маягаар хурал хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Чуулганы хөтөлбөр дээр танхимд сууж буй үзэгчдэд /оролцогчид/ асуулт тавих 10 минутын боломжийг олгосон байсан ч яг чуулган дээр энэ нь хэрэгжсэнгүй, аль ч сэдвээр яриаг хөтөлсөн хөтлөгчид үзэгчдэд асуулт асуух цаг гаргаж өгөөгүй юм. Зөвхөн “Баруун бүсийн хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт яриаг хөтөлсөн Гэрэл медиа группын захирал Ж.Отгонбаяр л танхимд суусан 500 орчим хүмүүсээс хоёр хүнд асуулт асуух боломж олгосон. Тайзан дээр өрнөсөн яриануудын агуулгыг тоймлон сийрүүлбэл:
Эрчим хүчний хэрэгцээ жил тутам 7-8 хувиар өсөж байгаа. Өнөөгийн нөхцөлд баруун бүсэд 238 сая киловатт/цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байна. Цементийн үйлдвэр 52 сая киловатт/цаг эрчим хүч хэрэглэхээр захиалга өгч байгаа. Мянгад сумын нутагт шинээр баригдсан нарны станц 2022 онд 15 сая киловатт/цаг эрчим хүч үйлдвэрлэсэн. Дөргөний УЦС 58 киловатт/цаг эрчим хүч үйлдвэрлэж түгээж байгаа. Харин “Эрдэнэбүрэнгийн УЦС” ашиглалтанд орсноор баруун гурван аймгийг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Гэвч ойрын жилүүдэд эрчим хүчний үнийг бууруулах боломжийн тухайд Эрчим хүчний яам тодорхой үүрэг хүлээх боломжгүй. Дамжуулах, түгээх сүлжээнүүдийн хүчин чадлыг цаашид өргөжүүлэх шаардлага тулгарч байгаа ч зардлыг улсын төсвөөс шийдэх нөхцөлгүй, орон нутаг зохицуулахыг хичээх хэрэгтэй. Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх тал дээр ч орон нутаг зохицуулалт хийх хэрэгтэй. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтанд орсны дараа уг станцид ажиллах 60-80 ажилтныг бэлтгэх үйл ажиллагааг зохицуулж эхэлж байгаа.
Энэ сэдвээр хөндөгдсөн гогцоо асуудал нь жуулчид, зорчигчдыг татах зорилгоор агаарын тээврийн үйлчилгээний таатай нөхцлийг хэрхэн бий болгох тухай байв. Өнөөгийн нөхцөлд Ховд нисэх буудлын үйл ажиллагааны зардал нь орлогоосоо өндөр, алдагдалтай ажилладаг. Агаарын тээврийн тийзний үнэ асар өндөр байгаагаас зорчигчид маш цөөн үйлчлүүлдэг зэрэг бэрхшээл байгаа. Ховд, Улаанбаатарын хооронд 7 хоногт 5-6 л нислэгтэй. Үүнийг өөрчлөхийн тулд онгоцны буудлын менежментийг сайжруулах, буудлын дэд бүтэц болон терминалыг өргөтгөж, зэрэглэлийг дээшлүүлэх хэрэгтэй гэцгээв. “Аеро Монголиа” компаниас онгоцны буудлыг эзэмшилдээ аваад хөрөнгө оруулалт хийх санал гарсан боловч, захирал нь сэтгүүлчтэй ярилцах үеэрээ тийзний үнийг бууруулах бодит боломж байхгүй гэж тайлбарласан нь мөнөөх саналаа үндсэндээ мухардуулж орхив.
Аялал жуулчиллын салбарын эрх зүйн орчны шинэчлэл эрчимтэй явагдаж байгаа. Уг салбарт чухам ямар хөрөнгө оруулагчдад боломж олгохыг тодорхойлох, бүс нутагт чиглэгдсэн, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчиллыг дэмжих, отоглох цэгүүдийг байгуулах, олон угсаатны аялал жуулчиллын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзүүлбэр зэрэгт хөрөнгө оруулах эрх зүйн орчинг дэмжих заалтыг хуулинд тусгах нь зүйтэй гэсэн санаанууд яригдав. БНХАУ-тай хэлэлцээр хийх замаар Хятад Монголын хил орчмын бүс дэх Хятадын жуулчдыг татан оруулах хөшүүрэг хэрэглэх, байгалийн, тусгай сонирхлын, угсаатны аялал жуулчиллыг хөгжүүлэх, аялал жуулчиллын сан байгуулах, алслагдсан бүс нутгийн иргэний агаарын тээвэрт санхүүгийн дэмжлэг олгох бодлого хэрэгжүүлэхийг чухалчилна хэмээн БОАЖЯ-ны төлөөлөл мэдэгдэв. “Тайж групп” ХХК гадаадын төслөөс 15 сая долларын санхүүжилт авч Дөргөн нуурын орчимд аялал жуулчиллын бааз байгуулахаар болсон талаар яригдав. Энэхүү санхүүжилт болон хөрөнгө оруулалтанд Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өдгөө МҮХАҮТ-ийн захирал С.Баясгалан, мөн тус яамны газрын даргаар ажиллаж байсан одоо “Тайж групп”-ын дэд захирал Г.Нямдаваа нар зонхилох оролцоотой байгаа нь тодорхой болсон бөгөөд тэдгээр эрхмүүд тайзан дээр ярилцагчаар оролцсон юм. Тайж групп энэ төслөө хэрэгжүүлэхээр Дөргөн нуурын хөвөөнд 10 га газрыг шийдүүлж авчээ. Баруун бүсийн аялал жуулчиллыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 30 сая долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудал 2018 оны үед шийдэгдэж байгаа гэж байсан нь өдгөө 2023 онд бүтэж магадгүй гэж яригдав. Арц суурь, Шивээ хүрэнгийн төмөр замын төсөл яригдаж байгаа, Тосонцэнгэл Улаангомын 59 км зам, Улиастай-Говь-Алтайн хоорондох замын санхүүжилт шийдэгдсэн зэрэг аялал жуулчиллыг хөгжүүлэхэд нэмэртэй хэмээн албаны эрхэм ярив.
Баруун 5 аймаг Монгол улсын мал аж ахуйн салбарын 24 хувийг эзэлдэг, жилд дунджаар 15-16 сая мал тоолуулдаг. Ховд аймагт Хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн парк байгуулахыг дэмжиж байгаа. Энэхүү төсөл 2012 оноос хойш яригдаж аажмаар хэрэгжих алхамууд хийгдэж байна. 2023 онд уг паркын бүтээн байгуулалтанд зориулж 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдсэн. Үйлдвэр технологийн паркын хүрээнд ноос ноолуур самнах хяргах, угаах, арьс шир, мах боловсруулах зэрэг үйлдвэрүүд байгуулагдахаар төлөвлөгдсөн байдаг. Стандартын шаардлага хангасан цэвэрлэх байгууламж байгуулахын тулд байгаль орчны болон бусад үнэлгээнүүдийг хийлгэх ёстой. Энэ ажлуудын ХХААХҮ-ын яамны зүгээс шахаж шаардаж ажиллана. Махны экспортыг дэмжих зорилгоор Ховд, Увс, Баян-Өлгий аймгийг хамруулсан хорио цээрийн эрүүл бүс бий болгох бодлого баримтлаж байгаа. Мах экспортлох чиглэлээр Ховд аймагт бий болсон 8 компанитай цаашид хамтран ажиллана гэсэн зүйлүүд яригдав. Энэ сэдэвийн ярианд оролцсон ОХУ-ын Алтайн хязгаарын төлөөлөгч тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалж, мод бут, жимс үржүүлэг цэцэрлэгжүүлэлтийн талаар мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэж өгөх, таримал суулгац нийлүүлэх, мал аж ахуйн түүхий эд боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах талаар хамтарч ажиллах бололцоотой гэдгээ илэрхийлэв.
“Боловсон хүчин” сэдвийн хүрээнд:
Бүс нутгийн хэмжээнд байгаа их, дээд сургууль, коллежуудыг хөгжүүлж, сургалтын нөхцлийг сайжруулах нь бүс нутгийн боловсон хүчний салбарт чанартай хөрөнгө оруулалт хийгдэж байгаа хэрэг болно гэдгийг оролцогсод онцлов. МУИС-ын Ховд дахь салбар сургууль, мөн бүс нутагт байгаа коллежууд Улаанбаатар хотын их сургууль коллежоос ялгаагүй, адилхан хөтөлбөрөөр сургалт явуулдаг болсон, эдгээрт суралцаж байгаа оюутнуудын зардал, амьдралын өртөг нь хотод суралцагсдаас 3 дахин хямд байдаг ажээ. Тиймээс бага зардлаар чанартай боловсрол эзэмших боломж байгаа гэдгийг элсэн суралцагсдад ойлгуулах нь чухал болж байгааг оролцогсод онцлож байлаа.
Уул уурхайн экспортын орлого ба ногоон хөгжил сэдвээр:
Оюутолгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төлөөлөл болон Ховд аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлтэй 3 компаний төлөөллийг оролцуулсан уг яриаг Парламент телевизийн тоймч Т.Болд хөтөлсөн бөгөөд уул уурхайг хариуцлагатай эрхлэж буй сайн туршлагын талаар ярилцлагыг эхлүүлсэн боловч, аажимдаа “уул уурхайн төслүүдийг нутгийн ард иргэд эсэргүүцээд байдгийг шүүмжилж, бүүр “Өмнөговиос бусад аймагт яагаад уул уурхай явж болдоггүй юм. Аймгуудын удирдлага нь ард иргэдтэйгээ нийлээд эсргүүцээд байдаг та нар юу юм” хэмээн тайзан дээрээс хий загнах, агсамнах маяг үзүүлэх зэргээр хадуураад явчихсан. Энэ ярианд зөвхөн оролцогч уул уурхайн компаниудын таниулга, тайлбар төдий зүйлс яригдав. Хариуцлагын тухай дорвитой хөндөгдөөгүйгээс гадна ил тод байдал, талуудын тэгш оролцоо, ниймгийн лиценз зэрэг чухал асуудлууд сох орхигдов.
Дээр дурьдагдсанчлан аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт, тэрчлэн УЦС зэрэг олон жил яригдаж ирсэн төслийн ажлуудад тодорхой алхмууд хийгдэх тухай мэдээллүүдийг давтан ярьцгааснаас гадна “Номин холдинг” компани Ховд аймагт чингэлэг худалдаагаа өргөтгөж хэд хэдэн агуулахтай болох гэж байгаа, Худалдаа хөгжлийн банк тус аймагт салбараа нээх гэж байгаа, Мобиком корпораци сүлжээний өргөтгөл хийж, мөн 5G сүлжээ нэвтрүүлэх гэж байгаа (5G нь өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологи хэдий ч цацраг идэвхт нөлөөлөл ихтэйн улмаас эрүүл, аюулгүй амьдрахад эрсдэл авч ирдэг хэмээн дэлхий нийтийн түвшинд ихэд болгоомжлох болсон) тухай бизнес үйл ажиллагааны шинэ мэдээллүүдээ дуулгав.
Чуулганы үеэр Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн ярьснаар алслагдсан бүс нутагт /1000 км-ээас дээш/ үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийг татвараас 90 хувь хөнгөлөх, аялал жуулчиллын бизнес эрхлэхэд эхний 5 жил татвараас чөлөөлөх гэх мэт бодлогын хөшүүргүүд байгаа ажээ. Тэгтэл энэ мэт боломжийг орон нутгийн жижиг бизнес эрхлэгчдэд наалдацтай байлгах талаар чуулган дээр ер хөндөгдсөнгүй. Тэднийг чуулганы үйл ажиллагаанд оролцуулахаас зайлсхийж, санал болон төслүүдээ танилцуулах, тэр ч байтугай асуулт асуух бололцоог нь хаасан нь учир дутагдалтай болсон гэж үзэхээс аргагүй.
Бас нэг зайлшгүй анзаарах, цаашид анхаарах асуудал гэвэл тодорхой хууль бус асуудлууд, зөрчилтэй зүйлүүдийн улмаас ард иргэдийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарсаар буй нэр бүхий уул уурхайн компанийг (Монголиан нэшнл рийр ийрт корп) уг арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцуулан, бодит нөхцөл байдлыг илт гуйвуулж, эрээгүй худал мэдээллээр бөмбөгдсөн сурталчилгаа, шторкыг нь чуулганы далбаан дор хөлслөн урьж оролцуулсан хэвлэл мэдээллийн сувгуудаар үндэсний хэмжээнд олон давтамжтайгаар цацуулсан, энэ тухай болон бусад асуудлаар орон нутгийнхан болоод тайзан дээр уригдсанаас бусад хүмүүст үг хэлэх, дуу хоолойгоо илэрхийлэх боломж олгоогүй зэрэгт дүгнэлт хийж, дараа дараагийн ийм төрлийн үйл ажиллагааг нийгмийн харилцааг бүрэлдүүлэгч олон талын оролцоотойгоор төлөвлөж, зохион байгуулж, өрнүүлж байх хэрэгтэйг чухалчилан сануулах нь зүй гэж үзэв.
Г.ТӨРМӨНХ