Э. Алтан-Од: Хүний төлөө, хамгийн сайхан хотыг бүтээхийн төлөө насаараа ажиллана

By: Admin
2024-12-27
4
279

Архитектор Э.Алтан-Одыг энэ удаагийн дугаартаа урьж оролцуулж байна. Нийгмийн сүлжээнд Ховд хотын бүхий л асуудалд тэр тусмаа хот төлөвлөлтийн асуудлаар өөрийн үзэл бодол, шүүмжээ хүчтэй илэрхийлдэг.

Төлөвлөлттэй, хүний төлөө шийдвэр гаргадаг, эмх цэгцтэй хотыг бий болгох нь түүний зорилго. Э.Алтан-Одын хувьд энэ удаагийн сонгуульд “ХҮНИЙ ТӨЛӨӨ” уриатайгаар оролцож байгаа ба иргэдийн өөрсдийнх нь хүсэл санаачилга, оролцоогоор аливаа асуудлыг оновчтой шийдвэрлэж чадна гэж үздэг байна. Ингээд Жаргалант сумын ИТХ-д Цамбагарав багт МАН-аас нэр дэвшигч Э.Алтан-Одтой ярилцсанаа сийрүүлэн хүргэе.  

aaaaa

- Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаан чинь юу вэ? Яагаад Цамбагарав баг гэж?

-  Сүүлийн арав гаруй жил бидний өмнө тулгамдаж байгаа олон асуудлаар өөрийн дуу хоолойгоо илэрхийлж, нийгмийн сүлжээнд шүүмж өрнүүлсээр ирсэн. Би архитектор мэргэжилтэй. Одоо мэргэжлээ дээшлүүлэхээр Сөүлийн их сургууль болон ШУТИС-ийн хамтарсан “Хот ба бүс нутгийн төлөвлөлт”-ийн хөтөлбөрт элсэн “Аймаг ба сумын төвийн хөгжлийг тодорхойлох судалгааны загвар” сэдвээр магистрын түвшинд суралцаж байна.Бидний мэргэжлийн зорилго бол хүний амьдрах орчныг бэлдэх юм. Мэдээж бид аятай тухтай, амар тайван, ажилтай орлоготой, аюулгүй яг л өөрийн гэр орон мэт хотод амьдрахыг хүсдэг. Ийм сайхан хотыг бий болгох ажлыг санаан зоргоор хийчихгүй. Яг л мэс заслын эмч хүнийг эмчилж, загасчин эр тороо дэлгэн ан хийх адил манай мэргэжлийн хүмүүс хамгийн чухал үүрэг оролцоотой байдаг. Гэтэл манай баруун таван аймагт хот төлөвлөгч хүн бараг л алга. Одоо ч бид Ховд хотыг өдөр бүр байгуулсаар л байна. Гэвч дан ганц дарга нар юм уу, улс төрчид хотыг байгуулчихдаггүй. Иргэн нэг бүр амьдралдаа ядаж нэг удаа барилга барьж, мод тарьж бүтээн байгуулалт хийсэн байдаг. Жамаараа бүтэж буй энэ хотод иргэний зүгээс зөвөөр нөлөөлөн чиглүүлж сайн үр дүнд хүрэх гэж сүүлийн 10 жил зүтгэсэн байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн хэрэгжүүлсэн ажлын зарим нь санасанд хүрээгүй ч харамсдаггүй. Маш олон эерэг үр дүн үзүүлсэн. Харин энэ хугацаанд Ховддоо ажиллан амьдарч бүхий л шатны байгууллагууд, янз бүрийн ажил мэргэжилтэй, асуудал бэрхшээлүүдтэй иргэдтэй ойртон ажилласны дүнд энд болж буй нийтлэг дүр төрх алдаа оноог сайтар ажиглан таньснаар одоо нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэдийнхээ төлөөлөл болон оролцсоноор 10 жил хийх ажлыг ганцхан жилд багтаан хийх боломжтой гэдгийг харсан тул нэр дэвшиж байгаа юм. Цамбагарав баг бол ойн бүс, хамгийн анхны гэр суурьшил, малчны хороолол, орон сууцны хэсгүүдээс  бүрддэг. Өөлдийн хороолол гэх гэр суурьшил бол сангийн хотын ойролцоох хамгийн эртний суурьшлын бүсүүдийн нэг шүү дээ. Суурьшлын хувьд бүхий л хэв шинжийг агуулсан баг гэсэн үг. Үнэхээр гайхалтай, маш сонирхолтой өгөгдөл. Ойн бүсийг олон нийтийн амралт, аялал зугаалгын чөлөөт бүс байдлаар хөгжүүлэх, малчны хорооллын маш муу зохион байгуулалтыг оройтоогүй дээр нь засан сайжруулах, гэр хорооллыг дэд бүтцэд холбох, орон сууцны хэсгүүдийн эмх замбараагүй байдлыг цэгцлэх гээд миний мэргэжлийн хүмүүсийн хувьд бол мэргэжлийн ажлаа практик дээр хэрэгжүүлэх алтан боломж юм. Хийх ажил их, хийсэх хугацаа богино байна. Миний зорилго бол хүний төлөө бүхнийг хийж хүүхдүүддээ зориулсан хотыг бүтээн байгуулах юм.

- Иргэний хувиар олон жил санал шүүмжээ илэрхийлж ирсэн асуудлуудаас зөв гольдрилдоо орсон асуудлууд хэр олон байна? Хүний төлөө шийдвэр гаргадаг, бодлого шийдвэртээ тусгасан жишээ байна уу?

-зорилгодоо хүрсэн. Намайг сургуулиа төгсөөд ирэхэд цагдаа нар нь иргэнээ хүчирхийлдэг, дарга нар нь харанхуй бүдүүлэг, дээрэнгүй маш хоцрогдсон нийгэм намайг угтан авсан. Залуу хүний хувьд ямар газар амьдарч байснаа, цаашид амьдрахаа хараад ихэд эмзэглэн гадаад орныг зорьсон ч тэнд надад хийх ажил үлдээгүй байсан тул богино хугацааны дараа нутагтаа эргэн ирж өнөөдрийг хүртэл төрж өссөн энэ хотынхоо бүхий л асуудлыг шийдэхээр өдөр бүр санаагаа чилээсээр байна. Би ганц л зорилго тавьсан. Иргэн нь илүү хүчтэй юм, дарга гэдэг бол ажил хариуцсан үйлчлэгч юм аа гэдгийг эхлээд өөрөө ойлгох гэж, дараа нь бусдад ойлгуулах гэж л олон жил явлаа. Өнөөдөр лав л миний эргэн тойронд энэ зүйл бодитой болсон байна. Харин Ховд хотод болж буй сайн муу алив ажил, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын алдаа оноог хэлэх нь иргэний үүрэг гэж үздэг учраас л оролцож, шүүмжилж явдаг. Миний шүүмжилсэн ажлууд үргэлж бодлого, шийдвэрт тусгагдаж, хэрэв тусгагдаагүй бол хэлэлцэгдээд өнгөрдөг нь урамшмаар санагддаг. Харин энэ сонгуулийн үр дүн сайнаар гарвал үүнээс ч олон асуудлыг цэгцэлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Бодитой хэдэн ажил нэрлэвэл Ховд хотын иргэдийн ундны усны эс үүсвэр дээр газар олгохыг иргэд шаардаж, төрөөс бараг л зөвшөөрчихсөн байхад манай Залуу инженерүүдийн холбооны инженер залуучууд шөнийн 12 цагт шуурхай хуралдан энэ асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, төрд шахалт үзүүлснээр таслан зогсоосон. Ховд хотын төвийн бүх модны мөчрийг огцом тайрахард би өөрөө Улаанбаатар хотод сурч завгүй байсан ч утсаар холбогдон 7 хоног шаардлага тавьж байж 80 гаруй хувийг нь тайруулалгүй авч үлдсэн. Гэхдээ л тэр тайруулсан 20 хувь одоо ч харамсалтай санагддаг. Гэтэл тайрах нь буруу байсан, зөв байсан гэдэг маргаан өнөөдрийг хүртэл нийгэмд өрнөсөөр байна. 2023 онд энэ асуудлаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс салбарын эрдэмтдийг оролцуулан хурал хийсэн. Моддыг буруу тайрсан нь нотлогдож цаашид онцгой анхаарахыг сануулсан. Ингээд нэрлээд байвал хэдэн зуун жишээ байна. Зөвхөн энэ хоёрхон асуудал дээр л гэхэд 1-2 жилийг зарцуулдаг. Нэг л мэдэхэд хүний төлөө хийж буй энэ ажил маань миний үндсэн ажил болтлоо хөгжсөнийг мэдээд одоо өөрийгөө хүлээн зөвшөөрсөн мэдрэмж үргэлж авдаг. Яахав ингээд явахаар маш олон эрсдэл бий. Танилууд чинь чамаас дөлнө, нөхөрлөхөөс татгалзана, ажил бизнес чинь дампуурна, хайр дурлал чинь ч үнэн худал нь ялгарна. Харин эцэст нь эрх чөлөөг олж харах болно. Бид ардчилсан оронд амьдарч байгаа ч жинхэнэ эрх чөлөөг олж харахгүй л байна. Энэ нь төрөөс биш харин хүнээс өөрөөс шалтгаалж байна.

- Хотынхоо өнгө төрхийг харахаар төлөвлөлтийг нь хараад шийдвэр гаргагчдад нөлөөлөх ажил хийх хэрэгцээ, шаардлага байгаа гэж хараад байгаа. Ховд хотын ерөнхий төлөвлөгөөг тэрбум гаруй төгрөгөөр хийлгэсэн. Хэрэгжүүлэх явцыг мэргэжлийн хүний хувьд ямар түвшинд явж байна гэж боддог вэ?

-Хотын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй байгааг бид бүгд мэднэ. Иргэд энэ талаар ойлголтгүй байна. Мэдээллээр хангаж, ойлголттой болгох нь төрийн үүрэг мөн шүү дээ. Гэтэл иргэд хашаандаа дуртай юмаа хийж болно, зөвшөөрөлгүй эхэлж болно гэж боддог, эрх баригчид ч үүнийг нь эсэргүүцдэггүй. Ийм байдлаараа бид цаашид яаж сайн сайхан хотыг бий болгох вэ дээ. Эмчийн зааваргүй эм ууж, тормосгүй машинтай явах адил ийм байж болохгүй.  Хүн өөрийн газраа дуртай юмаа барьж болно гэсэн хууль байхгүй. Би таны хөрш байгаад хашаандаа таньд саад болохуйц, таны хашааны үнэ цэнийг унагаахуйц зүйл хийгээд байвал хөршүүдийн хооронд асуудал үүсэх нь мэдээж. Тэгэхээр түүнийг зохицуулах бидний дундын дүрэм, журам, төлөвлөгөө, хууль заавал байх хэрэгтэй. Энэ дүрмээ бий болгохын тулд иргэдийг оролцуулан хамтдаа хийнэ ээ гэж байгаа юм. Би энэ ажлыг хийхэд бүх анхаарлаа хандуулан ажиллана гэж бодож байгаа. Шийдвэр гаргагч нөлөөлөх гэж олон жил явсан харин одоо илүү ойроос нөлөөлөх гэж л нэр дэвшиж байна. Харин ерөнхий төлөвлөгөөний хувьд бид мөнгөө ердөө ч харамлах хэрэггүй. Хангалттай төсөвлөж, үргэлж сайжруулж шинэчилж төгөлдөршүүлэх хэрэгтэй. Түүний ард бид хүн бүр элдэв бүтэл муутай санаагаа хэрэгжүүлэх гэж биш харин төлөвлөгдсөн ажлыг хийхийн тулд илүү олуулаа хамтдаа ажилладаг болох хэрэгтэй байна. Үүнийг хийх нь ердөө л хандлагын асуудал шиг заримдаа харагддаг.

Миний хувьд Ховд аймгийн Залуу инженерүүдийн холбооны тэргүүнээр 2019 оноос ажиллаж байгаа. 2023 оны 02 сарын 14-нд Ховд аймгийн Барилга, хот байгуулалтын форум болсон. Тэр форумыг манай холбооноос санаачилж, Ховд хотын захиргаанд санал хүргүүлснээр аймгаас төсвийг нь шийдээд хийсэн. Улаанбаатар хотоос мэргэжлийн хот төлөвлөгчид, Хот төлөвлөгчдийн нэгдсэн холбооныхон ирээд манай аймгийн хот төлөвлөлтийн байдалтай танилцаад Ховд хотыг хөгжүүлэх гарц, санал дүгнэлт, зөвлөмжөө өгсөн. Дашрамд хэлэхэд тэдгээр мэргэжилтнүүд хэлэхдээ Ховдод инженер залуус хотоо сайхан болгох гээд ингээд явж байгаа нь үнэхээр бахархмаар ойрд хараагүй сайхан үйл явдал байна гэж хэлсэн юм. Тиймээс ч тэд бидний урилгыг хүлээн авч сайн дураараа энд хүрэлцэн ирсэн. Манай холбооноос энэ жил зургаан залуу сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа.

-Нэгдүгээр сургуулийн хашаанд нийтийн орон сууц барьж байгааг хамгийн их эсэргүүцдэг хүн нь өөрөө шүү дээ. Эсэргүүцэж байгаа иргэд ч алга. Байр барих нь зөв юм уу? Буруу юм уу?

-Байр барих нь буруу. Учир нь тэнд байр барих албан ёсны нэг ширхэг ч зөвшөөрөл байхгүй.  Сургуулийн хашаанд байр бариад байгааг эсэргүүцэж байгаа нэг ч иргэн алга. Хамгийн гол нь жирийн иргэн эсэргүүцэх, эсвэл дэмжих ёстой юм уу гэдгийг л мэдэхгүй байгаатай л холбоотой. Харин хот байгуулалтын тухай хуулийн мэдлэгтэй байсан бол хууль зөрчсөн үйлдлийг бага дээр нь таслан зогсооно шүү дээ. Тэнд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт л хийх ёстой болохоос өнөө маргаашийн амьдрах орон сууцаа бодоод тэнд байр захиалаад байх ч хэрэг байхгүй. Бидний үр хүүхэд, хойч үе сурч боловсорч, өсөж торних орчинг хамгаалах учиртай. Алсаа бодсон шийдвэр гаргахад иргэн бүр оролцдог, хуулиа мэддэг, мэдээлэлтэй байгаасай л гэж хүсдэг. Гэхдээ тэр нийтийн байрны өмчлөгч иргэдийг бүү хохироосой гэсэндээ аймгийн удирдлагуудад энэ асуудлыг анхаараарай гэж олон удаа сануулсан, одоогоор нэг ч удаа олон талт уулзалт хийж зөвшилцөөгүй л байна. Сайн төлөөлөгч бол үүнийг хэдийнээ хийчихсэн байгаа. Хот байгуулалтын хамгийн муу жишээнүүдээс Цамбагарав баг дээр гэхэд л Прогресс сургууль орчмын орон сууцнууд төлөвлөлтгүй, эмх замбараагүй учраас бага насны хүүхэд гэрээсээ гарах л юм бол эрсдэх нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Монгол улсад мөрдөгдөж байгаа Хот байгуулалтын тухай хуулийн нэг зүйл заалтыг нь ч хэрэгжүүлээгүй учраас л ийм байдалд хүрч байгаа юм. Гэтэл манай хот байгуулалтын салбарыг авч явдаг нэгэн эрхэм яг энэ хэсгийг хамгийн зөв хийгдсэн гэж хэлэхийг сонсоод харамсах сэтгэл төрсөн. Мэргэжлийн хүн байсан бол, хүний төлөө гэсэн сэтгэлтэй бол өөрөөр харах байсан даа.

- Прогресс сургуулийн орчим гэр хороолол байсан. Барилгын компаниуд айлын хашаа худалдаж аваад орон сууц барих нь энгийн үзэгдэл болсон шүү дээ. Гэр хорооллын төлөвлөлтийг зөв хийх ямар боломж байна?

- Гэр хороолол чинь нарийн зохион байгуулалтгүй ийм л хэсэг. Орон сууцжуулахын тулд заавал нарийн төлөвлөгөө хэрэгтэй. Төрөөс гаргаж болох хамгийн зөв санаачилга, шийдлийг би хувьдаа хашааны эзэн, барилга барих компани, хотын захиргаа, ерөнхий архитектор, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нэг ширээний ард олон талт уулзалт хийж, энэ орчныг цаашдаа амины орон сууцаар нь авч үлдэх үү, иргэд газраа зарах хүсэлтэй бол орон сууц барихаар төлөвлөх хэрэгтэй.  Олон талт уулзалт хийснээр тухайн орчинг хөгжүүлэх ерөнхий дүр зураг гарна гэсэн үг. Түүндээ зориулж, алсыг харсан, хэрэгцээг нь урьдчилан таамагласан төлөвлөгөө гаргуулаад явчихвал асуудал цэгцэрнэ. Бидний буруу яваад байгаа асуудал ердөө энэ. Хуулиа баримтлаад явбал компаниуд дур зоргоороо биш тухайн ерөнхий төлөвлөгөөг хамтарч хэрэгжүүлнэ. Хот замбараагүй болоод байгаа нь ерөөсөө хамтрахгүй байгаатай холбоотой. Энэ асуудлыг хэдэн жил шүүмжилж явсны ачаар олж мэдэж байгаа юм л даа. Хэрвээ би шүүмжлээгүй байсан бол хуучин явж ирсэн бодлогыг дагаад өнөөдөр би ч өөрөө буруу жишгийг зөв гэж итгээд явж байхыг үгүйсгэх аргагүй. Шүүмжлэлийнхээ ачаар өөрөө хүртэл ухаажиж байна гэсэн үг л дээ.

- Ингэхэд хотын ерөнхий архитектор ер нь юу хийх ёстой вэ?

- Ерөнхий архитектор гэж хэн юм бэ гэдгийг энгийнээр тайлбарлая л даа. Хот байгуулалтын тухай хууль, ерөнхий төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг хийх үндсэн үүрэгтэй. Цаашилбал, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шийдвэр гаргагчдад таниулах, иргэд олон нийтэд ч хот байгуулалтын тухай мэдлэг олгодог байх учиртай. Тэр төлөвлөгөөг таниулж, ойлгуулаагүйгээс хийдэл гарна. Ерөнхий архитектор бол бүх байгууллагыг чиглүүлж удирдаж явах үндсэн чиг үүрэгтэй байгаад байгаа юм. Бүгд аймгийн Засаг дарга бүх төлөвлөлтийг мэддэг гэж боддог. Хуулиараа аймгийн дарга Хот байгуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй ч ямар ч мэргэжилтэй хүн байж болно. Тиймээс мэргэжлийн байгууллага, тэр дундаа ерөнхий архитектор ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг төлөвлөж, хүний төлөө шийдвэр гаргах боломжоор хангах л үүрэгтэй хүн. Аймгийн дарга юм уу, хотын дарга нь мэргэжилтнүүдийн саналыг үндэслэж шийдвэрийг баталгаажуулж гарын үсэг зурдаг хүн болохоос хүссэн газраа газар олгоод байдаг ч юм биш. Хамгийн гол нь энийг ганцхан жилийн дотор засах боломж байгаа. Гарын үсэг зураад байгаа даргаа нэг жил мэдээллээр нь хангачих, мэдээлэлтэй хүн чинь төлөвлөгөөн дээрээ ажиллаад оновчтой шийдвэрээ гаргах нь гарцаагүй. Ерөнхий архитектор өрөөндөө суугаад байх ч шаардлагагүй. Нүдээ боогоод, чихээ таглаад, тэргэнцэртэй, дугуйтай, явган алхаад, хүүхдээ тэрэгтэй нь түрээд, өндөр, нам тэнхлэгтэй машин унаад явах гээд бүх бэрхшээлтэй нүүр тулж, Ховдоо тойроод нэг үзчих хэрэгтэй. Юу тулгамдаад байгааг өөрийн биеэр туршиж байж мэднэ шүү дээ. Энэ зам дээр энэ хэсэг хэнд ээлтэй, ээлгүйг мэдчихвэл төлөвлөлт дээрээ бас ажиллах нэг сэдэл болох болов уу. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангахуйц төлөвлөлтийн нөлөөллийн ажлыг гарцаагүй хийх шаардлага байна, хийх ч болно. Эхний ээлжинд төлөөлөгч нарыгаа шинэхэн архитекторын хэмжээнд төлөвшүүлнэ. Хүчлэх ч үгүй. Хүмүүсийг соён гэгээрүүлэх чинь зугаатай бас жаргалтай ажил.

-Гадна тохижилтоо хийгээгүй байхад л орон сууцыг комисс хүлээгээд авчихдаг, оршин суугчид нь байрандаа яараад нүүгээд орчихдог асуудал хавтгайрлаа. Хүүхдэд ээлгүй, эрсдэлтэй орчин ч ихэслээ. Цэгцлэх боломж байна уу?

-Төлөөлөгч гэдэг хүн чинь иргэдийг төлөөлөхөөс гадна мэдээлэл дамжуулагчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Төр, иргэний холбох гүүр байх атал заавал мэдэх шаардлагатай зүйлсийг мэдээлдэггүй, зөвхөн өөрөө эзэмшиж, давуу байдал олж авдаг тал ажиглагддаг.  Иргэдийг мэдээллээр нь хангачих хэрэгтэй. Энэ ч болохгүй, тэр ч болохгүй гэсээр байгаад хэнээс, юуг, хэрхэн шаардахаа мэдэхгүй төөрөлдөөд байгаа юм. Жишээ нь Цамбагарав багийн 208 өрх оршин суудаг Эсбагийн байрны хувьд машиндаа л зориулсан орчин тохижуулчихсан. Миний харж байгаагаар тэр орчимд хүнд зориулсан төлөвлөлт гаргуулах шаардлагатай. Манайхан төлөвлөгөө хийлгэхэд хөрөнгө зарцуулахыг үргүй зардал гэж хараад байгаа. Мэргэжлийн хүний тархиар биш зүгээр өөрсдийнхөө үзэмжээр машинуудыг л багтаачихвал болно гэж үзэж байгаад хамаг учир байгаа юм. Ингээд хүндээ ээлгүй орчныхоо төлөөсийг бид эрүүл мэндээрээ л төлнө шүү дээ. Хүний төлөө биш машины ч юм уу, эд хөрөнгөний төлөө хотууд үүсгээд байна. Тэгэхээр бид нар шийдэл тодорхой байхад л буруу замналаар яваад байна. Иргэд хүслээ илэрхийлж, мэргэжилтнүүд шийдлийг боловсруулна. Шийдэлд алдаа гарч болно, нягтлаад дахин боловсруулна. Тун энгийн.  

-Иргэдийн оролцоотой л бүх асуудлыг шийдэх нь оновчтой гэж хэлж байна уу?

-Манай аймагт шийдвэрлэх боломжгүй нэг ч асуудал байхгүй. Манай аймгийн бараг анхны суурьшлын бүс Рашаант, Наран, Цамбагарав баг байх шүү. Энэ гурван багт хөрсний бохирдол, ундны усны асуудал өнөөдөр шийдлээ хүлээсээр байгаа. Баатархайрхан, Тахилт, Хайрхан, Бугат багуудад инженерийн шугам сүлжээнд холбох ажил өрнөж байгаа. Үлдсэн багуудад энэ ажлыг ирэх дөрвөн жилд хийхээр манай намын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ ажлыг л хяналттай, стандартын дагуу, хүн амын төвлөрөл, хэрэгцээгээ бодож хийлгэх учиртай. Хэрэгжүүлчих юм бол бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана. Бусад төрлийн хөрөнгө оруулалтаас ч илүү цаг алдалгүй арга хэмжээ авах ийм шаардлага үүсэж байгаа. Үүнийг л бодит ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ дээ. Миний хувьд Ховд аймагт 2018, 2019 онд хашаандаа сайхан амьдарцгаая төслийг ажил хэрэг болгоход нь гар бие оролцоод явж байсан. Энэ ажлыг л баг дээрээ хэрэгжүүлнэ.

-Энэ сонгуульд зургаан инженер нэр дэвшиж байгааг танилцуулгаас нь харсан. Инженерүүдийн нийгмийн оролцоо нэмэгдэж байна уу даа?

-Ховд аймгийн Залуу инженерүүдийн холбоо 2011 онд байгуулагдсан. Өмнө нь “Инженерүүдээ сонсъё” гэдэг өдөрлөгийг аймгаас зохион байгуулж, инженерүүд хотоо хөгжүүлэхэд санаа бодлоо уралдуулдаг, түүнийг нь аймаг орон нутаг нь онцгойлон бодлого чиглэлдээ тусгадаг байсан байгаа юм. 2019 онд нийгэм дэх инженерүүдийн оролцоо бараг байхгүй болчихсон үед залуу инженерүүд нэгдэж, дуу хоолойгоо төрд хүргэх зорилгоор холбоог шинэчлэн байгуулсан юм. Инженер хүн гэдэг чинь өөрийгөө ажлаа хийх ёстой гээд зүтгээд л байдаг. Гэтэл манай мэргэжлийн салбаруудыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байна. Тиймээс залуу инженерүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхээр тасралтгүй таван жил манай холбооныхон ажиллалаа.  Энэ жил манай холбооноос  надтай нийлээд зургаан хүн иргэдийн хуралд нэр дэвшиж байна. Энэ тоог цаашдаа улам олон болгоё гэж бодож байгаа. Иргэд бидэнд итгэл хүлээлгэвэл Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, иргэд, бусад төлөөлөгчдөдөө ойлгуулах зэргээр хотоо сайн сайхан болгоход бид хамтарч ажиллана даа.

-Сүүлийн хормыг танд үлдээе?

-Хот хурдацтай хөгжиж байгаа энэ үед салбарын мэргэжилтний хувьд зүгээр орхих эрх бидэнд. байхгүй. Тиймээс мэргэжлийн зөвлөгөө өгөөд явахаас гадна иргэдтэйгээ тулж ажиллахын тулд иргэдийн хуралд нэр дэвшиж байгаа. Цамбагарав багийн хувьд ч, Ховд аймгийн хувьд ч хөгжлийн олон талт боломж байна. Цамбагарав багийн иргэдийн хүсэн хүлээж байгаа дэд бүтцийн асуудлуудыг шийдэх, хүний төлөө шийдвэр гаргадаг, ээлтэй орчинтой, төлөвлөлттэй Ховд хотыг бий болгохын төлөө том зургаар нь харж, залуу хүний хувьд үзэл санаагаараа, үйлдлээрээ, өөрийнхөө оролцоогоороо манлайлж ажиллах болно. Дуртай үгээ хэлмээр байна. Хот бол гэр юм. Уншигчиддаа аз жаргал хүсье. Хамгийн чухал нь гэр бүл шүү.

- Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 9 =

Create Account



Log In Your Account