"Солиот"-ын захидал

By: Admin
2024-12-23
0
1110

Улаанбаатар хотоос, Шар хадны больницоос бүх аймгууд руу бичиж байна. Учир нь Улаанбаатарын нэг ч сонин үүнийг хэвлэхгүй гэдгийг би мэдсэн хэрэг. Монголын сэргэн мандалтад юу саад болж байгааг багийн иргэд та бүхэн мэдэрч байгаа. Нөгөө олон хүний яриад л байдаг улс төрийн дампуурал, намуудын зөрчил, хуулийн алдаа завхрал... мэдээж нөлөөтэй. Гэтэл Улаанбаатарын иргэд өөр нэг том саадын тухай ярьдаггүй, бас яриулдаггүй юм. Энэ саад юу вэ? Улаанбаатар хотын хороодын элит (өөрсдийгөө тэгж нэрлэдэг) – үүдээс Монголын ард түмнийг гол нь аймаг, сумынхан та бүхнийг ноёлсоор ирсэн дарангуйлал юм. Бодоцгооно уу. Улаанбаатарынхан өөрсдийгөө хорооны иргэд, хөдөөгийн гэх та бүхнийг багийн иргэд гэж басамжлан нэрлэсэн (Хорооны, хүрээний гэсэн үгс; бас баг, бага гэсэн үгс нэг гарвалтай!) Монголын Их хурлын гишүүд, нам, олон нийт, төрийн бус байгууллагын удирдлагынхан, тэргүүн баячууд бүгд... дугаар хорооны иргэд билээ.

Яагаад их нүүдэл Улаанбаатар руу зүглэсэн бэ? Учир нь Хорооны иргэд өөрсдийнхөө амьдралын өртгийг дээшлүүлэх гэж ямагт хичээсээр ирсэн. Улсын төсвийн 80-аад хувийг Улаанбаатарт, 20-иод хувийг 21 аймагт хуваарилж байх шиг. Гадаадын туслалцааны, сангийн гэх бүх мөнгө Улаанбаатарт. (Улсын хэмжээний том үйлдвэрт хөрөнгө оруулахтай хольж болохгүй.)  Та бүхэн юу хийж, юуны төлөө тэмцэх хэрэгтэй вэ?

  1. Аймаг дундын улс төрийн нэгдсэн холбоо байгуулах цаг болжээ.
  2. Үндсэн хуульд зарчмын өөрчлөлт оруулж, УИХ-ыг давхар танхимтай болгох ёстой. Их хурлын 400 – 500 гишүүн байлаа гэхэд хөдөө аймгийн гишүүд 56 хувь буюу 224 – 280 байна гэсэн үг юм. Тэд Улаанбаатарт очиж суурьшихгүй, амьдрал иргэншил нь хөдөөнөө байх ёстой. (Уг нь Монголд ерөнхийлөгчийн засаглал тохиромжтой боловч нөгөө 76 зөвшөөрөхгүй нь мэдээж биз.) Үндсэн хуулиар, намуудын эрх мэдлийг хязгаарлах, юуны өмнө гишүүнчлэлгүй болгох нь зөв.
  3. Сонгуулийн үр дүнг хороодын иргэд хүссэнээрээ шийддэг юм. Хэдийгээр би одоогийн ерөнхийлөгчийнхөө сайн мууг ярих гээгүй боловч 20 аймагт ялагдсан хүн гараад ирэх жишээтэй.
  4. Улсын төсвийг пропорциональ байдлаар хувиарлуулах нь чухал. Цэрэг арми, Ерөнхийлөгчийн тамгын газар, сайд, ерөнхий үүргийн дарга нар нийслэлд байх ёстойг бодолцон хөдөө аймгуудад арай багасгаж төсвийн 50-иад (56 биш) хувийг хуваарилуулахын төлөө тэмцэх юм. Хороодынхон улсын нийгмийн даатгалын 86%-ийг бид төлдөг гээд сагсайдаг. Тэгвэл малчид юу төлдөг билээ?!
  5. Аймгийн төвийг хотын статустай болгох, багийг хороо болгон зохион байгуулах нь зөв.
  6. Шинэ нийслэлээ баруун зүгт, нутгийнхаа төв хэсэгт байгуулж, зүүн аймгуудын төвийг аль нэг хотод нь төвлөрүүлж үйлчилгээний радиусыг багасгах шаардлага бий. Улаанбаатарынхан дагуул хотууд байгуулж утаа, бохирдол бөглөөснөөсөө салах тухай ярьж байгаа нь амиа аргацаах гэсэн ач холбогдол багатай шийдвэр юм. Энэ нь хөдөөгийнхнөө үргэлжлүүлэн соронзон адил татах арга болж хувирна.
  7. Аймгийн төвүүдэд үйлдвэр шинээр барих, зарим үйлдвэрүүдийг ажилчдынх нь хамт нүүлгэн шилжүүлэх боломж бий. Сууцыг нь бариад өгсөн байхад ажилчид нь дургүйцэхгүй. (Бусад улс тайван цагтаа ч, дайны үед ч нүүлгэн шилжүүлэлтийг хийсээр ирсэн.) Улаанбаатарынхнаас зохих төсвөө салгаж аваад өөрсдөө захиран зарцуул.
  8. Орон сууцны 50 гаруй хувийг аймаг сумдад барих шаардлагатай. Үүнд Улаанбаатарын үгсэн хуйвалдсан барилгын бүлэглэл саад хийх байх шүү! Тендрийн бүх эрхээ шилжүүлж аваад, аймгийнхаа бараг бүх барилга байгууламжаа өөрсдөө барь. Яамдын дарга, түшмэд, Улаанбаатар хотын удирдах ажилтан, мэргэжилтнүүд ардаа хувийн компанитайг та бид мэдэх билээ.
  9. Хөдөөд цалин хангамжийг нь нэмэгдүүлэх нь зөв. Төрийн албан хаагчдаас эхлэн цалинг аймгийн төвд 30 хувь, суманд 50 хувиар нэмэх хэрэгтэй. Төсвийнхөө хамт Улаанбаатрынхаас цалингийн фондоо нийт хүн амдаа пропорционалиар салгаж ав. Сумынхны дунд соёл, урлаг, спорт 70-аад оныхоо түвшнээс ухарсан. Хот хөдөөгийн ялгааг аажим ойртуулах зорилтыг хэзээ ярьж байлаа? Ахмадууд мэднэ. Одоо тийм үг нууцын зэрэглэлд орох шиг. Хороодынхонд хоолыг нь бэлдэж өгдөг малчид, тариаланчдын хүүхдүүдийг аймгийн төв, суманд нь сургах хэрэгтэй. Бага боловсролыг багуудад нь гэрийн багшаар ч сургаж болно. (Мэдээж шалгаж үнэмлэх олгоно.) Улаанбаатарын хороодын гэх иргэд утаандаа, хөрсний бохирдолдоо, шинэ цэвэрлэх байгууламждаа хөрөнгө оруулж зүрх, уушиг хэвлийн өвчнөө; бөглөөснөөс голлосон мэдэрлийн өвчнөө илаарьшуулах, гэр хорооллыг устгах зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө жагсаал цуглаан хийхдээ цаад утгаараа багийн иргэдэд их мөнгө өглөө гэж орилоод байгаа, зориуд орилуулаад байгаа юм. Тэдний үйлийн үрийг хэн юуны төлөө боловсруулсан юм бэ? Ганц Улаанбаатарынхны амьдралын өртгийг дээшлүүлэхийн тулд юм. Чухам ингэснээр хөдөө ядуурч соёл унасан.
  10. Хөдөөгийн иргэдийг гаргуунд нь хаяхдаа нүүдлийн гэх “гайхамшигтай” соёл иргэншлийн тухай номлодог. Бараг дэлхийн бүх хүн эхэн үедээ нүүдэлчид байсан юм билээ. Мал аж ахуйг хагас суурьшуулах хэрэгтэй. Үүний тул эзэмшиж байгаа газрынхаа уулын ам, гол горхи бүхий газруудад их хэмжээний мод бут тариалах, бэлчээрээ усжуулах ажлыг албан журам болгохын хамт, тариалалт усжуулалтын шаардлагатай тоног төхөөрөмжөөр хөдөөг хангах нь зүйтэй. Гадаадад элсэн манхны нүүдлийг бутлаг ургамал, бударгана шаваг, тариалж хөрсжүүлсэн баримт олон байдаг. Малчдад найдвар төрүүлж, тайвшруулсан “Мал төрийн хамгаалалтад...” гэсэн үг “Отор” гэдэг үгтэйгээ хамт одоохон хаягдах байх шүү. Сумын удирдлага, аж ахуй, фермерүүд хариуцлагаа өөрөө үүрэх хэрэгтэй. Нийгмийн хуулийг дагаж, хамтарч чадсан нь үлдэх болно.

Энэ бүхнийг хэрэгжүүлэх нь Улаанбаатарчуудад нэг хэсэгтээ бэрхшээл учрах боловч, хэрэг дээрээ удирдагч нарынхаа үйлийн үрийн золиос болж утаа, бохирдол, бөглөөсөндөө шаналж өвчинд баригдсан хороодын гэх иргэдээ зовлонгоос гэтэлгэх зөв гарц болно. Тэд ч бас монгол хүн. Бидний ахан дүүс.

Ингээд бусдыг дараагийнхаа захидалд бичье. Цагаан халаадтай сувилагч ороод ирлээ. Унтуулах тариагаа хийлгэх цаг болчихож. Өнөөдөр чөлөөгөөр түр гарах найз Солиотдоо бичсэнээ дамжуулж амжив. Тэр Солиот минь танай сонины газар луу илгээх болно.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 7 =

Create Account



Log In Your Account