“Эх орны эзэд”-д

By: Admin
2024-12-23
0
1254

Эх орон минь баян ... гайхамшигтай баян ...

Газар дороо ч, хөрсөн дээрээ ч баян гэдгээрээ дэлхийн 200 гаруй улсаас арван долоод жагсдаг юм байна. Тэр үнээн. Агуу их түүхийг бүтээж, ертөнцийн талыг эзлэж явсан өвөг дээдсийн үеэс нааш яривал хэний ч уураг тархинд урд өмнө нь орж ирээгүй ховор, өв баялгууд зөндөөн бий. Баялаг гэхээр алт зэс, америк долларын тухай бодож, шүлс нь савирдаг эрхэмүүдийн хувьд харин өв баялаг гэдгийг өөр утгаар тархиныхаа багтаамжийг тэлж ойлгоосой гэж бодож буйгаа энд хавчуулах нь зөв байх.

Их Нацагдоржийн бичсэнээр “Алтай хянганы завсарт атар баялаг орон” гэвэл яах аргагүй Монголыг маань хэлэлгүй яахав. Ямар ч хүмүүн эх орноороо бахархахаас илүү бахархал үгүй биз ээ. Эх оронтойгоо байгаа цагт өөрт хамааралтай хамаг нарийн, нандин бүхэн чинь дэргэд байдаг учиртай. Гэтэл ийм тансаг, уужим дэлгэр эх оронтой мөртлөө эзэд нь яагаад тэмээ, ямаанаас ч илүү эрс, тэс ялгаатай амьдарч байгаа юм бэ? Зах зээл гэгч “гайхамшигт зүй тогтол”-ын жамаар, шалгарал явагдаж байгаа юм гэж мунхруулдаг нь цаг үеэ өнгөрөөж байна. Хөгжлийн хурдаар бус харин цагийн эрхээр хөөрхий эрх мэдэлгүй, мөрөөрөө ядуус энэ дайны тархи угаалтыг ойлгохтойгоо болжээ.

Энэ үгэнд маань зарим эрхэмүүдийн үс гэзэг нь босч байгааг ч бараг харж байна. Монгол хэмээх үндэстнийг зуун, зууны шашдирт үлдээх гэж зүрхнийхээ хилэнг бадрааж, морин дээрээсээ буухгүй шахам тэмцэлдэж явсан дээдсүүдээ дурсан санагалзах болгондоо, тэдний дотор миний өвөг дээдэс ч дайтаж л явсан хэмээн гүнзгий итгэдэг болохоор хэн ч гэлээ өнөөдрийн эх орондоо хайртай байж таарна. Итгэл хүчээ зориулах эх оронгүй бол дэндүү гунигтай биз. Хамгийн хэцүү өнчрөл юу вэ гэвэл эх оронгүй болохыг л хэлнэ. Тэгвэл өнөөдрийн хүмүүсийн итгэл зориг хаашаа чиглэж байгааг тодорхойлох нь магадгүй төр засгийн маань тэргүүнээс тэргүүнд тавих, чухлаас чухал зүйл нь байх ёстой болов уу !

Адгийн гуйлгачнаас, арван хэдэн тэрбумын хөрөнгөтөн хүртэл, алба хаших гэдгийн учрыг тоймлохгүй уулын мухрын зэрлэг анчинаас “төрийн өндөр дээд” хэмээн өргөмжлөгдөх нөхөд хүртэл эх орныхоо төлөө, үнэн итгэл сэтгэлтэй болчихвол ямар ч алагчлал ялгаварлал, баян хоосны, их багын ялгаа, ядуурал зовлон байхгүй болох үүд нээгдэнэ гэдэгт мөрийцөхөд бэлэн байна.

Өнөөдөр Миний эх оронд миний ард түмэнд тохиолдож буй зовлон бэрхшээлийн уг учиг нь юу юм гэвэл өөрсдийгөө өндөр боловсролтой, ийм тийм цол зэрэгтэй, өндөр зиндаатай хэмээн дотроо аархан бодож яваа нөхдийн хэдийнх нь сэтгэлд ямар бодол нуугдаж байна гэдгээс л эхтэй.

Ард олны итгэлийг хүлээж өндөр сууринд заларсан мөртлөө хэдэн тэрбумаар нь тэднийхээ хөрөнгийг гулсуулж, харийн гудсан доогуур нуусандаа гэмшиж улайхгүй байгаа, дэргэд нь байсан мөртлөө тэр гэмийг нь арилгаж, засахын төлөө бус харин ч ширэн нүүрлэн гүрийж суугаа хөөрхийсийг бодоход л тэд даанч өрөвдөлтэй түвшинд оччихсон болохыг түвэггүй ойлгоно.

Дээшлэх тусмаа оюун санааны хоосролд орчихсон төртэй улсад цөв нүүрлэхгүй байхын аргагүй.

Хүмүүн бидний хувь заяаг адилгүй гэдэг боловч үнэндээ бол төрөх үхэхийн туйлаар холбогдсон нэг л мөн чанартай. Цаг нь ирсэн бол баян, гуйлгачин, эрх ямбатан, эгэл борчуулын аль аль нь цагаан даавуу, аяга хоёроос илүү өв хогшилгүйгээр хорвоог орхидог. Хаанаас нь ямар өнцгөөс ямар нүдээр харсан ч өөрчлөгдөхгүй ийм үнэнтэй орчлонд амьдрахын зуур илүүрхэх дутуурхахын ялгаа үгүйг л олон хүн ойлгочих юм бол тэр улс чухам хүчирхэг баян улс болно биз ээ.

Хаана алт гарна тийшээ дээр дооргүй бүгдээрээ очиж бүгд адил хүртэцгээе. Үгүй бол ганц ч хүн тийшээ зүглэхийн хэрэггүй гэдгийг ойлгох ухамсар бол өв баялаг юм.

Арван хуруугаа моонийтол морины тах цохиод ч юм уу, хар хөлсөө асгаруулж байж хүний зэрэгтэй яваа нэгэн байхад олон түмний татаасын мөнгөөр өглөө бүр өлөн хирээ угаах байдлаар, огт хэрэгцээгүй хөтөлбөр ч юмуу, баримт бичгийг зайлбаргүй хэрэгтэй зүйл мэтээр сурталдах замаар дундаас нь гэдсээ цүрдийлгэх бодолтонгууд арай олон болчихсон юм шиг хар сэжиг байнга төрнө. Айхтар хар санаатайдаа биш, амьдралын дүр зураг ийм байгаа учраас л тэгж бодогдоод болохгүй байна.

Тэгээд дээрээс нь улс төрч гэж хэлэхэд нэг л болмооргүй, амьдралын их сургууль байтугай дамжаа дүүргээгүй, тэгсэн хэрнээ баахан олон янзын диплом, үнэмлэх халаасалчихсан хоосон толгойтой нөхөр энд тэнд үсчээд, нутаг орныхоо баялгийг хаа газрын хэл буруу нөхдүүдтэй хувааж тоншоод байдаг нь олон түмний хар нүднийх нь цөцгий дотор хуулбарлагдан үлдсээр байхад хичнээн сайхан санаалаад ч яах билээ дээ.

Үнэндээ хөөрхий эх орон маань том, жижиг олон улс төрчдөөсөө залхаж байна биш үү !

Хот суурин байтугай хөдөөгийн сум, багт ч жалгын нэг “улс төрч” далавчаа дэвэн шоволзож, тавь, жаран намын тухай суртал ухуулга хийхээс бус эх орныхоо тухай элэг зөөллөм үг дуугарах нь барагтай л үзэгдэх юм. .

Өөрөө улс төржихийн өвчинд нэрвэгдсэн мөртлөө эх орныхоо төлөө үнэн дуугарч буй нэгнийг битгий улс төржөөд бай гэж зандран, намнах байдал нэг бус ажиглагдах агаад тэдгээр “зандрагчид” маань ард олны санг хадаглагч “төр” хэмээх баяны авдарнаас хааяа хумслах нигууртай.

Эх орон ард түмнийхээ төлөө элгэн халуун сэтгэлтэй улс төрчид ч байлгүй яах вэ. Гэтэл Оюу толгой, Таван толгой, манай нутгийн Хөшөөт ч юм уу орд газруудыг маань “их мэдэгчийн баг”-ан дотор нууж байгаад, сэмхэн наймаалцчих нь холгүй охор бодолтнууд ч цөөн бусаар шургалаастай. Энэ байдлаас л болоод ийм баян дэлгэр эх оронтой Монголчуудын наян хувь нь ядуу байгаа юм. Дөрвөн улиралд хэрүүлтэй байдаг “парламент”-тэй болсноос хойш ээлжээр идэгчдийн тоо нэмэгдэж, олны оюун санаа самгардан сарниж “ хязгааргүй зайд эмх замбараагүй тархсан бодисын хамгийн жижиг хэсгийг молекул гэнэ” гэсэн физикийн хууль үйлчилж эхэлсэн юм байна.

Ажилтай, орлоготой Монгол хүн” нэртэй лоозон дэвшүүлсэн нь харин ч эсрэгээрээ, ажилгүйчүүдийн эгнээ улам залуужиж, эх орондоо биш арлын “Гуулин” гэгч улс руу хоолны мөнгөө олохоор мөргөлчин шиг цуврах болов. Ядаж байхад өнөө харийн орон нь орлогогүй ядуучуудыг нь бус харин Монголын төрийн албыг залгуулж байгаа нөхдүүдээс сорчлон “цалингаас чинь дээгүүр цалин” гэсэн халтар зоосны урхи хэрэглэж аваачаад, илжиг болгон мөлхүүлж, мөлхүүлж, хэдэн зоос халаасанд нь хийж буцаана. Харин нөгөө орлогогүйн улмаас арлын орон луу бадар барих ч эрхгүй болсон борчууд нь ямар нэгэн аргаар мөнгө олохын тулд дуртай бүхнээ хийгээд зарим нь аавын хаалга татах нь ч бий. “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.0 мянган төгрөг” хэмээн хуульчилсан ч, мөн чанараар нь дүгнэвэл сургуультай овчарка нохойн ганц өдрийн хоолны мөнгөтэй дүйцнэ. Монголчууд биднийг ямар далдын хүч ийм ялгаа зөрөөтэй байлгаад байна гэхээр ердөө хөдөлмөр хийсний хариуд хүртдэг хөлс мөнгөний асар их ялгааг л олж харах хэрэгтэй !

Бид бүгд л ам амандаа “хөгжил”-ийн тухай ярих болов ч хөгжил гэж чухам юуг хэлэх ёстойг эрэгцүүлж тунгаах нь бараг үгүй. Интернет, гар утас, технологийн дэвшил, инновац, шинэ ололтууд хөгжил мөн үү гэвэл гарцаагүй мөн билээ. Гэтэл аль нэг аймгийн төвийн эсвэл архины лонхон дээрх нэр хаяг өөрчлөх, өөрсдөө ч нарийн ширийнийг нь бараг ойлгоогүй элдэв чамин нэр томъёгоор хээнцэрлэн маяглаж, санхүү мөнгөний урхин доор хэлцэл, гэрээ үзэглэх замаар дэлхий, газрын өв баялгийг шавхан наймаалцахад адган тэмүүлэх, олон нам байгуулж, хийрхэн тэмцэлдэх, оюун бодлоос илүү газар, алт мөнгө, валют чухал хэмээн үр удамдаа сурталдах, эсвэл хэд алхаад л таардаг болсон гоо сайхны “салон”-д орж, хумсаа будуулан, сормуусаа түүлгэх нь хөгжилөөс тэс өөр үзэгдэл билээ.

Аливааг хайрлах энэрэх, үнэн шудрага холч бодлыг эрхэмлэх ухаантай байх, юуг ч хамаагүй зөвхөн өнөө маргаашийн өөрсдийн амар сайхны төлөө ашиглан сүйтгэх хоёр ч эрс ялгаатай. Хоёр дахь үзэгдэл бол “хоосон боловсрол”-оор далайлган цэцэрхэгчдийн бий болгосон үзэгдэл юм.

Тийнхүү хоосон боловсролоор бусдыг мэрж идэх аминч, бүлэглэмтгий зан чанар бүхий аалзны тор нэхэгчид олон болжээ. Тиймээс торыг задлан хийсгэх, эс бөгөөс үргэлжлүүлэн нэхсээр байх хоёр сонголт хүлээж буй нь магад.

Эх орон минь тансаг баян. Эзэд нь харин тэмээ, ямаа шиг амьдралтай..... яагаад гэдгээс залгуулан яах ёстой вэ гэсэн асуултыг үлдээлээ.

Уушийн Батболд


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 7 =

Create Account



Log In Your Account