Барилгын салбар дахь нийтийн болон хувийн эрх ашгийн харьцаа

By: Admin
2024-12-23
0
734
  • Ховд аймагт болсон Барилгын чуулганаас сурвалжилвал -

Ховд аймагт 2023 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Барилгын салбарын чуулган зохион байгуулагдаж өнгөрсөн. Энэхүү чуулганд Ховд аймгийн Барилгын салбартай холбоотой төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдээс гадна нийслэл хотоос Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Э.Ариунням, Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, Норм, нормативын хэлтсийн мэргэжилтэн Ш.Мөнгөнчимэг, Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын зөвлөх Х.Батболд, Барилгын зураг төслийн “Урбанист” холбооны үүсгэн байгуулагч З. Туяа, Марч групп ХХК гүйцэтгэх захирал Б.Алтаншагай нарын хүмүүс уригдаж ирж  “тайзны хэлэлцүүлэг”-т оролцов. Чуулган дээр яригдаж буй зүйлүүдээс ажиглахад барилгын салбарт тулгамдаж ужгирсан, шийдэх шаардлагатай боловч яаж шийдэхийг мэдэхгүй, учраа олохгүй асуудал бас л арвин ажээ.  

Урбанист холбооны захирал З.Туяагийн толилуулсан илтгэлд дурьдсанаар барилгын салбарын үйл ажиллагааг зохистой явуулах суурь нөхцөл нь хот төлөвлөлтөөс шалтгаалах бөгөөд Монгол улсад өнөөгийн байдлаар зогсохгүйгээр хэзээнээс нааш үүнд оролцох талуудын оролцоо, уялдаа холбоо асар сул учир төлөвлөлт нь түүхий болдог гашуун туршлагатай юм байна.  Барилгын тухай хуулинд зааснаар хот суурин газрын барилгажилтыг зохион байгуулахад хамгийн түрүүнд хүн амын нутагшилт суурьшилтын хөгжлийн ерөнхий төслийг бодитой, үндэслэл сайтайгаар боловсруулж батлуулсан байх шаардлагатай бөгөөд түүнд үндэслэн бүсийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнүүдийг шат дараалан боловсруулсан байх ёстой. Тэдгээрт нийцүүлэн шинээр баригдах барилгын зураг төслийг зохиодог. Тэрчлэн дээрх үндсэн баримт бичиг, төлөвлөлтүүдийн дагуу хийгдэж буй хот байгуулалт, барилгажилтын ажлын явцыг шинжлэн, уг шинжилгээ хяналтанд тулгуурлаж хот төлөвлөлтийн суурь судалгаа, хот суурин газруудыг дахин хөгжүүлэх төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх учиртай юм байна. Амьдрал дээр энэ шаардлагууд хангагдах нь бараг үгүй. Ховд аймгийн хувьд хот  төлөвлөлт, хот байгуулалтын асуудал хэзээнээс “зуун задгай, жаран хагархай” явж ирсэн хийгээд аймгийн төв Жаргалант сумын хувьд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчилсэн байдлаар саяхан хийлгэсэн авч хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүд хийгдээгүй учир барилгажилтыг зохион байгуулах төлөвлөлт нэг мөр болоогүй байна гэсэн үг. Мөн сумуудын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө огт хийгдээгүй байгаа юм байна.

b1

Бас нэг адармаатай асуудал бол хот суурины газар зохион байгуулалтыг барилгажилттай, хотын хөгжлийн төлөвлөлтүүд болон түүний хэрэгжилттэй уялдуулах явдал чухал байдаг. Гэвч Монгол улсад энэ талаар эрх зүйн боломж хангагдаагүй, газрын тухай багц хуулийг шинэчлэхээр боловсруулсан төсөл нь өргөн олон түмний эрх ашигт нийцээгүй, нэн ялангуяа хот суурины барилга байгууламжуудын доорх газрын талаарх зохицуулалт шийдэл нь түүхий, шинжлэх ухааны үндэслэл муутай, амьдралд нийцээгүй байна гэсэн шүүмжлэлд өртөж, уг хуулийн төсөл буцаан татагдсан байдалтай байгааг бид мэдэж буй. Жаргалант сумын буюу Ховд хотын захирагч Ц.Цогтбаярын мэдээлэлд дурьдагдсанаар шинээр баригдаж буй орон сууцны барилгуудын гаднах орчин, дэд бүтцийн байгууламж зэрэг нь чанар, стандартад нийцдэггүй нийтлэг зөрчил буй хийгээд үүний шалтгаан нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийгдээгүйтэй мөн холбоотой ажээ. Мөнхүү хотжих барилгажих тусам тэдгээрт оршин суух айл өрхүүдийн хог хаягдлын менежментийг хэрхэн зохистойгоор шийдэх тухай, тэрчлэн цэцэрлэгжилт, ногоон байгууламж, эрчим хүч, дулаан халаалт, сантехникийн байгууламжуудын суурь хүчин чадлын тухайд дутуу дулимаг шийдэлтэй байгаа нь мөн тулгамдсан зүйл болж байгаа гэв.  

b2

Барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо явуулж, ялангуяа орон нутагт барилгын материал, бэлдэцүүдийг үйлдвэрлэн барилга барьж буй компаниудад нийлүүлж байвал тухайн компаниудад хийгээд орон нутагт эдийн засгийн ач холбогдолтой. Гэвч үүнтэй холбоотой хэд хэдэн асуудал тулгамдсан хэвээр байгаа нь нэгд: Барилгын материал үйлдвэрлэлд хэрэглэгддэг түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл авахад бэрхшээл ихтэй, хоёрт барилгын материал, бэлдэцүүдийн чанар хангалтгүй байх нь элбэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг орон нутгийн ИТХ-ын саналыг үндэслэн Засаг дарга олгож байхаар хуульчлагдсан байдаг ч одоо боловсруулагдаж буй Ашигт малмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Түгээмэл тархацтай ашигт  малтмалын тухай дээрх хуулийг хүчингүй болгож нэгдсэн нэг хуулиар зохицуулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас олгохоор тусгагдсан нь үндэслэл муутай шийдэл юм гэсэн шүүмжлэлд өртөж буй. Барилгын материал үйлдвэрлэдэг компаниуд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон  ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад хүнд суртал их байна хэмээн гомдоллох нь цөөнгүй тохиолдох бөгөөд үүний шалтгаан нь компаниуд зөвшөөрөл хүсэх материалаа хууль журмын дагуу бүрдүүлэхдээ учир дутагдалтай ханддаг, хоёрт гэвэл тухайн төрлийн ашигт малтмалын илэрц хийгээд нөөцийн тухай судалгаа, мэдээллийн сан бүрдээгүй, гуравт компаниудын ашиглахаар санал болгосон байгалийн олдоц, ашигт малтмалын дээж нь лабораторын шинжилгээгээр шаардлага хангадаггүй зэрэгтэй холбоотой бололтой. Ашигт Малтмал, Газрын тосны газрын төлөөллийн ярьж байгаагаар энэ талаарх тодорхой нарийн судалгаа мэдээллийг цахим талбарт системжүүлэн байршуулсан байгаа гэх боловч Ховд аймгийн Барилгачдын холбооны дарга асан, ахмад мэргэжилтэн Б.Даваасүрэнгийн ярьснаар “бодит байдал дээрээ тийм судалгаа байхгүй, үнэн хэрэгтээ Ховд аймгийн аль нэг суманд барилга барьж буй компани яг барилгын чанар, стандартад нийцэх элс, хайрга, шороог хаанаас авч болохыг тодорхойлсон судалгаа огт гараагүй, 90-ээд оноос өмнө ийм судалгаа байсан ч тэр материал нь алга болсон. Тиймээс энэ талын суурь судалгааг гаргах асуудал үгүйлэгдэж байгаа” юм байна. Мөн “MBC групп” ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Нямтулга зэрэг хүмүүсийн ярьснаар одоо Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материалын лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, стандартын түвшинд ажиллах боломж зэрэгт анхаарал хандуулж лабораторын чанарыг сайжруулахад анхаарах хэрэгтэйгээс гадна импортоор орж ирж буй барилгын материалын чанар аюулгүй байдлын хяналт сул, түүнийг хянах шинжлэх лабораторууд хил дээр маш дутагдалтай гэхчлэн асуудлууд байгаа гэнэ.

b3

b4

Чуулганы хүрээнд явагдсан  “Ховд хотын өнөөгийн байдал” сэдэвт “тайзны хэлэлцүүлэг”-т Жаргалант сумын Засаг дарга (Ховд хотын Захирагч) Ц.Цогтбаяр,  Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, Архитектор, хот төлөвлөгч З.Туяа, Ховд аймгийн Залуу инженерүүдийн холбооны тэргүүн Э.Алтан-Од, Ховд аймгийн Ерөнхий архитектор Б.Түмэндэмбэрэл, Зам тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газрын дарга Д.Отгонсүрэн нар оролцож, чиглүүлэгчээр “Шинэ Ховд” баруун бүсийн хөгжлийн корпораци ОНӨАТҮГ-ын захирал Ш.Батжаргал ажилласан бол

“Газрын харилцаа” сэдэвт “тайзны хэлэлцүүлэг”-т Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Баярсүх, аймгийн ГХБХБГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Төгөлдөр, Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Э.Ариунням, Гэрэл гэгээ наран ХК-ны захирал А.Пүрэв-Очир, Жаргалант сумын Засаг дарга (Ховд хотын Захирагч) Ц.Цогтбаяр, Архитектор, хот төлөвлөгч З.Туяа, Буянт сумын ИТХ-ын дарга Б.Цэнд-Аюуш нар оролцож, чиглүүлэгчээр сурвалжлагч Н.Таванцэцэг,

“Дэд бүтэц” сэдэвт “тайзны хэлэлцүүлэг”-т Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-ны захирал С.Гантөмөр, Ховд дулааны станц ТӨХК-ны инженер Т.Бямбатөмөр, “Бадамлах дөл” ХХК-ний ТУЗ-ын дарга С.Баяржаргал, Ховд аймгийн НААҮ-ний “Шим ус” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер М.Нансалмаа, “Эрхэт Модун групп” ХХК-ний захирал Г.Очироо, “Турлиахт” ХХК-ний ерөнхий инженер Л.Батхишиг нар оролцож, чиглүүлэгчээр сурвалжлагч Н.Лхагва,

“Барилгын материал үйлдвэрлэл” сэдэвт “тайзны хэлэлцүүлэг”-т  Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Ховд аймгийн Барилгын материалын лабораторын шинжээч Ч.Ганчимэг, “Талст чиглэл” ХХК-ний гүйцэтгэх захирал Т.Мягмардорж, “Марч групп” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Алтаншагай, “Шинэ Ховд” үйлдвэр, технологийн паркын дарга Б.Наранбаатар, “Ховд эко цемент” үйлдвэрийн ерөнхий технологич инженер Д.Дарханбаяр, “Хөнгөн бетон” ХК-ний гүйцэтгэх захирал Б.Наранзул нар оролцож чиглүүлэгчээр сэтгүүлч Ж.Саруул,

“Барилгажилт ба хөрөнгө оруулалт” сэдэвт -тайзны хэлэлцүүлэг-т Ховд аймгийн барилгачдын холбооны тэргүүн Ц.Цэндхүү, Монгол банкны Ховд аймаг дахь салбарын захирал Ц.Бат-Эрдэнэ, Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, “Пламбинг деволопмент” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Батаа, “Саруул цамхаг” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Бадрах, “Ховд эко цемент” үйлдвэрийн дэд захирал П.Өлзиймаа, Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Нарантуяа нар оролцож, чиглүүлэгчээр мөн сэтгүүлч Ж.Саруул,

 “Барилгын норм, норматив, стандарт” сэдэвт “тайзны хэлэлцүүлэг”-т Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативийн хэлтсийн дарга Ш.Мөнгөнчимэг, Зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Барилгын хөтөлбөрийн багш, Монгол улсын мэргэшсэн инженер Г.Нэмэхбаяр, Ховд аймгийн ГХБХБГ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга З.Өмиртай, “MBC групп” ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Нямтулга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын захиалагчийн хяналтыг хариуцсан Г.Анхбаяр, мөн ХБИ-ийн төлөөлөл Ч.Нэргүй нар оролцож, чиглүүлэгчээр Н.Таванцэцэг нар тус тус ажилласан юм.     

Бичвэрийн төгсгөлд уг чуулган дээр тавигдсан илгэлийн хэсгээс эш татан сануулахад “Хэрэв орон нутгийн засаг захиргаа нь газар зохион байгуулалт, дэд бүтэц, барилгын чанарын шаардлага, стандартын талаар нам гүм байвал тухайн салбарт ажиллаж буй хувийн хэвшлийнхэн зөвхөн өөрийн ашгийн төлөө дурын шийдвэрийг гаргах нь жам ёсны үзэгдэл байдаг” ажээ.      

Г.Төрмөнх     


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 7 =

Create Account



Log In Your Account