Д.Түвшин: “Өнөөгийн нийгмийн төрх байдлын талаар иргэн миний санаа бодол”

By: Admin
2024-12-27
0
1475

Жаргалант суманд оршин суудаг Мянгад сумын иргэн, өндөр настан Д.Түвшин өнөөгийн нийгмийн амьдралын талаар өөрийн бодол саналаа уншигч олон түмэнтэй хуваалцаж байна  

 УИХ-ын гишүүдийг шаардлаатай тохиолдолд

                                                                                                                        эргүүлэн татдаг болох нь чухал

Манай улс улс  төрийн талаар бүрэн эрхтэй улс.  Тиймээс гадны ямар нэг улс орны нөлөөнд орохгүйгээр биеэ даасан байдлаар бусад улс орнуудтай харилцан ойлголцож улс орноо хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл одоогийн болж байгаа үйл явдлуудаас ажиглаж байхад Америк, Хятад, Солонгос, Япон гэх мэт орнуудтай харьцахдаа өөрийн бус гадны хүний үгээр яваад байх шиг. Тухайлбал, Дэлхийн банк, ОУВСангийн мэдэлд  санхүүгийн хувьд бүрэн орсон байна. Эх орноо хөгжүүлэхэд ажилчин ангиа илүү их анхаарч дарга ангиа хасаж, хариуцлага, сахилга батыг бүх шатандаа дээшлүүлэх нь чухал Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын бүтэц бүрэлдэхүүнд байгаа хүмүүсийн  маань ихэнх нь хөрөнгө чинээтэй хүмүүс болжээ. Нэг ёсондоо төрийн эрх барих байгууллагад мөнгөтэй баян хүн л суух ёстой гэсэн бичигдээгүй хууль манайд үйлчилж байна. Энэ тэдгээр хүмүүс хууль журмыг өөрсдийн эрх ашигт нийцүүлж зохиох улсын төсөв, хөрөнгө оруулалтыг дандаа өөрсдийн халаас руу сэм гулгуулах гэх мэтэд таатай боломж олгож, улс оронд харин ч сөрөг үр дагавра хохирол авчирах гол хүчин зүйл болж байна. Иймээс УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг зөрчиж буй үед нь  эргүүлэн татдаг хууль гаргаж бодитоогоор мөрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. УИХ бол зөвхөн хууль санаачилах, хэлэлцэн батлах, түүний биелэлтэд хяналт тавих л эрхтэй байх нь зохимжтой гэж бодогдоно

Газраа цөлмөж дуусгах нь

Хуулинд газар бол нийт ард түмний мэдэлд байх талаар заасан ч хуулийн заалт сүүлийн 27 жил үндсэндээ биелсэнгүй. Бидэнд эцэг дээдсээс өвлөн үлдээсэн маш их баялаг эх орны маань хөрсөн дор байсан ч одоо дээрэмч тонуулчдын гарт орж гадны хүний идэш болж байгаад сэтгэл их зовж явна. Оюу толгойгоос монгол улс 34 хувийн ашиг авахдаа эргүүлж мөнгө төлж авах болж байх шиг. Хэзээ ашиг авах нь тодорхойгүй. Ийм гэрээг улайран байж хийсэн тэр хүмүүст хариуцлага тооцож, хохирлыг төлүүлмээр байна. Аймаг, сум болгоны нутагт ашигт малтмалын үй олон  лиценз олгогдож, малтаж ухсаар их хэмжээний бэлчээр, гол ус, уул нуруу, хөвч тайга сүйдэж байхад зөв юм шиг бодож, өөгшүүлж дэмжиж суугаа төр засгийн эрхмүүдтэй огт санал нийлэхгүй байна.  Тухайлахад манай төрөлх сум л гэхэд 30 гаруй лиценз олгогдсон гэсэн мэдээ байдаг.  ба түүнийг эзэмшиж буй зарим компаниуд нь бэлчээр, ус сүйтгэж байгаад нутгийн иргэд ихээхэн бухимдалтай байгаа. Хот орон газарт  газрын наймаа ихээр цэцэглэж,  хөл гишгэх шахам газаргүй шахам барилга барилга барьсаар байгааг зохицуулах цаг болжээ.

 Гадныханд алдсан том ордуудаа буцааж мэдэлдээ авцгаая !

                Энэ их хэмжээний доллар мөнгө гадаад орнуудад нуугдмал байдалтай байгаа нь эдгээр хүмүүсийн өөрийн цэврээр олсон мөнгө биш, зөвхөн заль мэх, авлига хээл хахуулиар олсон мөнгө тул түүнийг улс хураан авч улс орны хөгжилд зарцуулдаг болох хэрэгтэй. Жишээ нь нэг сая доллараа мартчихсан хүнд тэр мөнгөний хэрэг байхгүй биз дээ. Нарийн авч үзвэл тэр мөнгө эх орноо харийнханд худалдаж олсон мөнгө байх аа. Иймээс хураан авч сургууль, цэцэрлэг гэх мэт аль хэрэгцээтэй зүйлд зарцуулбал зохино. Цаашид лицензийг олгодог байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Бид ер нь хойч үедээ юу үлдээх улс вэ? ухаж сэндийчсэн нүх, овоолгоотой шороо, ус нь ширгэсэн хуурай нуур, цөөрөм, голын сайр жалга, ургамал амьтан нь устсан зэлүүд цөл, элсэн говь үлдээх юм биш үү? Даанч харамсмаар байна. Одоо үлдсэн газар шороогоо доор, дээрх баялагтай нь үлдээж, хойч үедээ өвлүүлэх нь хамгаас чухал билээ. Хөрөнгө оруулалт нэрээр гадныханд алдсан Оюу толгой мэт том ордууд болон бусад олон уурхай баялгаа өөрсдөө мэдэлдээ авах талаар шийдвэртэй алхам хийх нь Монгол улсын маань амин чухал эрх ашиг гэдгийг төр засгийн эрх мэдэлтнүүд ойлгоосой  

 Албан тушаал авлига хоёр нэг амьтай болжээ !

Бидний үед арын хаалга гэдэг нэр томъёо байсан ч энэ тун цөөхөн, өдрийн од шиг тохиолддог зүйл байв. Тэхдээ энэ нь  олны хараа хяналтаас мултардаггүй байлаа. Одоо бол ил цагаандаа гарч, аль их өгч чадсан нь албан тушаал, ажил алба авч, мэдлэг чадваргүйн улмаас хариуцсан салбарын ажлыг зохион байгуулж чадахгүй улсад хор хохирол учруулсаар байна. Хээл хахууль, авлигаар ажилд орсон хүмүүс дээшээгээ ихэвчлэн худал тоогоор мэдээлэл өгдгөөс улс орон тэр аяараа худал хөгжиж байна. Авлига авах, танил тал татаж ажилд авах, хүн хохируулах явдал манайд  хүчтэй цэцэглэж байна. Хээл хахууль авч нутаг орноо худалдан газар шороо, ус булгаа, бэлчээр ургамлаа, сүйтгэх үзэгдэл орон нутагт элбэгшиж байгааг хуулиар хамгаалах хэрэгтэй.

 Үндсэн хууль, түүний өөрчлөлт 

1992 онд батлагдсан сүүлчийн үндсэн хууль бол нийгмийн байр суурь бүрэн өөрчлөгдсөн үед тохируулан хийсэн хууль юм. хүний эрх, эрх чөлөөг хэт  дөвийлгөн тавьж өгснөөр үгэнд орж ажлаа хийдэг хүн цөөрч, ихэнхдээ өөрийн тааваараа аашилдаг болжээ. Энэ жишээг УИХ-ын ирц дээр харж болно. Орон нутагт багийн ИНХ-д харж болно. Батлан мөрдсөнөөс хойш 25 жил болоход амьдралд нийцэхгүй, зөвхөн тухайн үеийн эрх баригч, нам хүчнүүдэд зохицуулан хууль өөрчлөх явдал газар авсаар байна. Ер нь Үндсэн хууль гэдэг бол дагалдан гарах бүх хуулийн эцэг хууль байх ёстой. Өнөөгийн эрх баригчид ихэвчлэн  явцуу эрх ашигт баригдсан, эрх баригчдад ашигтай, тэр ч байтугай хоёрдмол утгатай бүрхэг заалтууд бүхий “хуулинцарууд” батлан гаргаж байгааг зогсоох ёстой. Одоо энэ парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй юм. учир нь нам хүчнүүдийн харьцаа тэнцүү биш, олонхи цөөнх байна. Ард түмнээс сонгогдсон тусдаа /АИХ/ байгууллага энэ хуулийг хэлэлцэн батлах чухам үнэнд нийцнэ !  

 Гавьяа шагналыг бодитой болгоё  

 Аливаа улс орон  эх орон, ард түмэндээ тустай зүйл хийсэн,  тив дэлхийд онцгой гавьяа байгуулсан хүмүүсээ ид хийж бүтээж явах үед нь сэтгэл санааны эд материалын урамшуулал үзүүлдэг. Манай улс ч ялгалгүй эртнээс нааш хэрэглэсээр л байна. Бид нэг удаа олгосон алдар цол, одон медаль дээр нь сар бүр тодорхой хэмжээний мөнгө өгдөг нь арай дэндүү үрэлгэн юм. энэ ч их хэмжээний мөнгө шүү. Монгол улсад бүх салбар бүрт өчнөөн олон зуун мянган гавьяатнууд бий. Үүнд сар бүр 150,000 төгрөг, түүнээс дээш цолтонд бас ахиухан мөнгө, төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад нь 24-36 сарын цалинтай тэнцэх мөнгө олгодог нь буруу юм. тэдгээр хүмүүс нэгэнт тэтгэвэрт гарсан бол тэр мөнгөөрөө дээр нь жирийн ард түмнийхээ  адил хувийн бизнес гэх мэт зүйлээрээ ч юм уу, мөн хувьцаа эзэмших гэх мэтээр амьдрах ёстой. Иймээс энэ мэт үрэлгэн зардлыг тэвчин, тэндээс хэмнэсэн мөнгөө зайлшгүй шаардлагатай, дутагдаж гачигдаж байгаа зүйлд  зарцуулдаг хуультай болох хэрэгтэй байна. Ялангуяа спортод амжилттай оролцон тив, дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл авсан хүнд тухайн цагт нь нэг удаа гавьяа шагнал олгоод сар, жил, бүх амьдралд тэтгэдэг буруу жишгийг болих хэрэгтэй.

Монголд нам шиг дэмий юм алга болжээ

Манай улс олон намын тогтолцоонд шилжиж, засаг төрийн үйл ажиллагааг 2-3 нам ээлжилж барьсаар 25 жил өнгөрлөө. Манай ул төрийн намууд монгол орноо хөгжүүлэх гол зорилгоосоо хазайж, зөвхөн өөрийн нам хүчний эрх ашгийг хамгаалсан  үйл ажиллагааг явуулдаг болсон нь ард иргэдэд хэдийн тодорхой болсон ба улс ард түмэнд төдий чинээ халгаатай зүйл юм.  Намуудад элсэн орогч дээд тушаалын хүмүүс нь зөвхөн албан тушаалын төлөө өрсөлдөх хэмжээний санаа бодолтойгоос  Монгол улсын намуудын хүч чадлыг задлан бутаргаж ажил үйлийг нь үр дүнгүй болгож байгаа юм. ялангуяа намын нэр хүнд орон нутагт унаж, зөвхөн нэр төдий болжээ. Намуудын хоорондын болон дотоодын эв нэгдэл бүрэн алдагдаж, тэр нь доод, дунд, дээд шатандаа улам бүр ил болж байна. Улс төрийн намын системийг халах цаг болсон гэж бодно. Хэрэв  нам гэдэг байгууллага байя гэвэл бүх намууд  бүрэн хэмжээний их цэвэрлэгээ хийх цаг нь болсон байна. Энэ ажил бас зүгээр санасан шиг болохгүй. Ихээхэн хэлмэгдүүлэлт явагдаж болзошгүйг бодолцох хэрэгтэй. Манай улс намаар удирдуулдаг зарчмаас гарч, төрөөр жолоогоо бариулдаг  боллоо гэсэн ч, одоо хүртэл намууд нь төрийнхөө дээр сууж, нэр нь хүчгүйдэж ажил нь урагш ахихгүй, улс орон нь хөгжихгүй байна.

 Хэзээ бид бодитой сонгууль хийдэг болох вэ ?

Мөн л өнөө намын гай балгаас болж ард түмэн маань бутран сарниж,  миний, чиний, танай нам гэж талцан хуваагдажээ.  Үндсэн хууль бусад дагалдан гарсан хуулиудад төрийг бүрдүүлэх сонгууль хийхийн тул зөвхөн улс төрийн намаас  нэр дэвшүүлнэ гэсэн тул тэр намууд нь дотроосоо  арай дээр гэснээ дэвшүүлэх ёстой биз.  Гэтэл намын дунд нэр хүндээр биш мөнгөтэй, баян чинээлэг хүмүүсээ дэвшүүлдэг болсон. Сонгуулийн сурталчилгаа гэдэгт ихээхэн мөнгө зарж, тэр хөрөнгөө ивээн тэтгэгч нэртэй хүмүүсээс авч ажил, албан тушаал олгохоор наймаалцдаг нь дэнджээ. Энэ бүх ажил манай бүх намуудад байгаа эрх биш анхаарч засахгүй бол болохгүй гажиг гэхэд дэндүү гажиг зүйлүүд юм. Ингэснээр манай сонгууль жинхэнэ ард түмний сонгууль биш, мөнгөний сонгууль болж, төр маань мөнгөнд урхилагдсан төр болж дуусаж байна. Орон нутгийн сонгууль ч бас ах дүүс, хамаатан олонтой хүн булан тохойн үзэл, дээрээ албан тушаалтай ах дүүтэй хүмүүс төрийн албанд сонгогдож, алба ажилтай дүр үзүүлж байна. Үүнийг засаж залахын төлөө,мэдлэг чадвартай төр засгийн ажилд үнэнчээр зүтгэх хүнээ бүх шатны сонгуульд өрсөлдүүлж, зарим шатанд шууд сонгодог болох шинэ тогтолцооны төлөө бүгдээрээ санаа нэгдэн шийдвэртэй алхам хийх цаг нэгэнт тулжээ гэдгийг жирийн иргэн би бодож явдгаа сониноор дамжуулан түмэн олонд дэлгэхийг хүссэн билээ.   

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 6 =

Create Account



Log In Your Account