Хүүхдийн зөв хооллолт

By: Admin
2024-12-23
0
677

Эрүүл мэндийн зөвлөгөө

Хүүхэд төрсний дараах эхний 2 жилд өсөлт хөгжил хамгийн хурдацтай явагддаг. Мөн тархи мэдрэлийн эрхтний хөгжил 3 хүртэл насанд эрчимтэй өсч, хөгждөг. Энэ хурдацтай өсөлт, хөгжилтийг дагаад хоол, хүнсний хэрэглээ ч нэмэгддэг. Хүүхдийн биеийн жин 1 гр-аар нэмэгдэхэд 7 ккал илч зарцуулагддаг. Хүүхдийн өсөлтийн үе шатыг харгалзан зөв зохистой хооллосноор хүүхдийн бие бялдар, сэтгэхүйн хэвийн өсөлтийг хангаад зогсохгүй гадаад орчны харш нөлөөллийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж эрүүл чийрэг, өсөн торнихын үндэс болно. Хүүхдийг 6 сар хүртэл дан эхийн сүүгээр хооллох.

Төрсний дараах эхний 6 сард эхийн сүү нь хүүхдийн бие махбодод шаардлагатай тэжээллэг бодис, аминдэм, эрдэс бодисыг хамгийн зохистой харьцаатайгаар агуулдаг тул амархан шингэж боловсорно. Нянгийн эсрэг үйлчлэлтэй дархлааны бодис нь хүүхдийг аливаа халдварт өвчнөөс сэргийлнэ.

  • 6 сартайгаас тохирсон нэмэгдэл хоолонд оруулах ба хоёр нас хүртэл боломжоороо үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллох.
  • Эхийн сүүнд цадахгүй, хөхүүлэх боломжгүй үед хүүхдийн сүүн тэжээл хэрэглэж болно.
  • Хүүхдийн сүүн тэжээл хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй ба найруулж бэлтгэх зааврыг зөв баримтлах
  • Цэвэр, аюулгүй байх. Сүүний савыг 10 мин буцалгаж ариутгах, хоолыг аяга, тавганд хийж, заавал халбагаар хооллож байх.
  • Хоолыг тухай бүрд нь шинээр бэлтгэж өг. Орон нутагтаа олдоцтой, хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэ.
  • Хүүхдийн нас, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааны онцлогт тохируулан бэлтгэх.
  • Махан хоолыг бэлтгэхдээ махыг 2-3 дахин машиндаж хийнэ.
  • Хоолыг бэлтгэхдээ 6-7 сартайд хагас шингэн, зутан хэлбэрээр бэлтгэж, аажмаар хоолыг өтгөрүүлэн, 11-12 сартайгаас 1-2 удаа машиндсан махтай, гурил, ногоог жижиглэн хэрчсэн байдлаар бэлтгэж, чанаж, жигнэж боловсруулна.
  • Жимс ногоог чанаж буюу жигнэж, нухаш, зутан, ундаа хэлбэрээр боловсруулж өгнө. Учир нь бага насны хүүхэд түүхий ногоо, шинэ жимсийг бүрэн боловсруулж шингээх чадваргүй байдаг.
  • Өдөрт хооллох давтамж, хэмжээний хувьд хангалттай байх. 6 сартайгаас нэг удаад 200-250 мл буюу 1аягыг, өдөрт 2-3 удаа, 9 - 11 сартайд 250-300 мл-гөдөрт 3 – 5 удаа, 1-2 настайд 300-350 мл-г өдөрт 5 удаа өгөөрэй.

Ховд БОЭТ-ийн ТАТ-ийн ахлах сувилагч Э.Оюунцэцэг

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 7 =

Create Account



Log In Your Account