Захиргааны ерөнхий хуулийн мэдвэл зохих заалтууд

By: Admin
2024-12-23
0
1549

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан

4 дүгээр зүйл.Захиргааны үйл ажиллагааны зарчим

4.1.Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.

4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:

4.2.1.хуульд үндэслэх;

4.2.2.шуурхай, тасралтгүй байх;

4.2.3.хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх;

4.2.4.үр нөлөөтэй байх;

4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;

4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;

4.2.7.ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах;

4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах.

Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.

 

Хэвлэх

14 дүгээр зүйл.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх зүйн чадамж

14.1.Хуульд заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй.

14.2.Оролцогчийг хуульд заасан эрх зүйн чадвар, чадамжтай байхыг шаардана.

Хэвлэх

15 дугаар зүйл.Оролцогчийн эрх

15.1.Оролцогч захиргааны байгууллагатай харилцахдаа дараах эрхийг эдэлнэ:

15.1.1.захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах;

15.1.2.тухайн захиргааны шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны талаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах;

15.1.3.өөрийн гаргаж өгсөн баримт бичгийн баталгаажсан хуулбар болон эх хувийг буцаан авах;

15.1.4.захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх;

15.1.5.хэрэгжүүлэхийг хүссэн төсөл, үйл ажиллагаа, төлөвлөгөө, өргөдөл, хүсэлтийн талаар мэдээлэл авах;

15.1.6.хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллагын бүртгэл, архивын баримттай танилцах;

15.1.7.захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах;

15.1.8.хуульд заасан бусад эрх.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан мэдээлэл авах эрх төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан мэдээллээр хязгаарлагдана.

Хэвлэх

16 дугаар зүйл.Хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах

16.1.Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно.

Хэвлэх

17 дугаар зүйл.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд төлөөлөх

17.1.Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулж болно.

17.2.Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.

17.3.Итгэмжлэлээр төлөөлж байгаа этгээдийн бүрэн эрхийг оролцогч тодорхойлно.

17.4.Иргэний эрх зүйн зарим чадамж болон бүрэн бус чадамжтай оролцогчийг түүний хууль ёсны төлөөлөгч төлөөлнө.

17.5.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон бол түүнтэй, харин оролцогч нь хуульд заасны дагуу хамтран оролцох үүрэгтэй бол захиргааны байгууллага тэдгээртэй харилцана

26 дугаар зүйл.Оролцогчийг сонсох

26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.

Хэвлэх

27 дугаар зүйл.Сонсох ажиллагааг явуулах

27.1.Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.

27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:

27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;

27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.

27.3.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:

27.3.1.сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл;

27.3.2.захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт;

27.3.3.захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл.

27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:

27.4.1.сонсгол зохион байгуулах;

27.4.2.саналыг бичгээр авах;

27.4.3.биечлэн уулзах;

27.4.4.утсаар санал авах;

27.4.5.цахим хэлбэрээр санал авах;

27.4.6.төлөөлөгчөөр дамжуулан санал авах;

27.4.7.бусад.

27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.

27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.

27.7.Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй.

Хэвлэх

28 дугаар зүйл.Сонсох ажиллагааг хийхгүй байх

28.1.Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:

28.1.1.нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;

28.1.2.гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;

28.1.3.иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд;

28.1.4.захиргааны шийдвэрийг техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол;

28.1.5.захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол;

28.1.6.төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарах бол.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй.

Хэвлэх

30 дугаар зүйл.Нууцыг хадгалах

30.1.Оролцогч төр, байгууллага болон хувь хүний нууцыг задруулахгүй байхыг захиргааны байгууллагаас шаардах эрхтэй.

30.2.Захиргааны байгууллага энэ хуулийн 30.1-д заасан нууцыг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд задруулсан тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Хэвлэх

31 дүгээр зүйл.Зөвлөгөө, мэдээлэл өгөх

31.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй.

31.2.Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Хэвлэх

32 дугаар зүйл.Оролцогч баримт бичигтэй танилцах эрх

32.1.Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно.

32.2.Энэ хуулийн Долоодугаар бүлэгт заасан нийтийг хамарсан төлөвлөлтөөс бусад тохиолдолд захиргааны шийдвэр хүчин төгөлдөр болсноор оролцогч, түүний төлөөлөгч тухайн шийдвэртэй холбоотой баримт бичигтэй танилцах эрхтэй.

32.3.Баримт бичигтэй танилцуулах ажиллагааг тухайн захиргааны шийдвэр гаргасан байгууллага хариуцна.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ТӨЛӨВЛӨЛТ

73 дугаар зүйл.Төлөвлөлт

73.1.Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно:

73.1.1.нисэх онгоцны буудал, дагалдах байгууламж, төмөр зам, төмөр замын өртөө, буудал барих, өөрчлөх, засварлах, нүүлгэн шилжүүлэх;

73.1.2.хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх;

73.1.3.олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам барих, засварлах;

73.1.4.усны барилга байгууламж, усан цахилгаан станц барих;

73.1.5.хог, хаягдлын цэгийг байгуулах, өөрчлөх, нүүлгэх;

73.1.6.зам, талбай, гудамж, усан сан зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, цогцолборыг байгуулах, өөрчлөх, нүүлгэх, буулгах;

73.1.7.хуульд өөрөөр заасан нийтийн ашиг сонирхлыг хөндөх бусад асуудал.

Хэвлэх

74 дүгээр зүйл.Төлөвлөгөөнд сонсох ажиллагаа явуулах

74.1.Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна.

74.2.Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 27 дугаар зүйлийг баримтална.

74.3.Төлөвлөгөөг танилцуулснаас хойш 30 хоногийн дотор чиг үүргийн дагуу санал өгөх үүрэгтэй захиргааны байгууллага болон төлөвлөлт хийгдэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга тайлбар, саналаа гаргаж өгөх үүрэгтэй.

74.4.Энэ хуулийн 74.3-т заасан хугацааг төлөвлөлтийн цар хүрээ, онцлогоос хамааран нэг удаа 60 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд хугацаа сунгасан захиргааны актад хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхой заасан байна.

74.5.Энэ хуулийн 74.3-т заасан этгээд тогтоосон хугацаанд тайлбар, саналаа ирүүлээгүй, эсхүл тухайн төлөвлөгөө өмнө нь танилцуулагдаж байсан бол саналыг авах шаардлагагүй.

Хэвлэх

75 дугаар зүйл.Төлөвлөгөөнд эсрэг санал гаргах

75.1.Төлөвлөгөөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд, энэ хуулийн 74.3-т заасан хугацаа дууссанаас хойш, эсхүл албан ёсоор мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төлөвлөгөөний талаар эсрэг санал байвал төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллагад уг саналаа гаргах эрхтэй.

75.2.Энэ хуулийн 75.1-д заасан хугацааг төлөвлөлтийн цар хүрээ, онцлогоос хамааран нэг удаа 60 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд хугацаа сунгасан захиргааны актад хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхой заасан байна.

75.3.Эсрэг саналыг төлөвлөгөөнд тусгаагүй тохиолдолд төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага тайлбарлах үүрэгтэй.

Хэвлэх

76 дугаар зүйл.Хэлэлцүүлэг

76.1.Төлөвлөгөөнд эсрэг санал ирсэн тохиолдолд төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага уг төлөвлөгөөнд санал өгсөн болон эсрэг санал гаргасан бүх оролцогчид 10-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэнээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

76.2.Энэ хуулийн 76.1-д заасан хэлэлцүүлгийг урьдчилан мэдэгдэхэд энэ хуулийн 27.2-т заасан зохицуулалт үйлчилнэ.

76.3.Төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага энэ хуулийн 74.3-т заасан этгээдийн тайлбар, санал, энэ хуулийн 75.1-д заасан этгээдээс гаргасан эсрэг саналыг төлөвлөгөөг батлах захиргааны байгууллагад хүргүүлнэ.

76.4.Төлөвлөгөөг боловсруулах болон батлах байгууллага нэг байгууллага бол энэ хуулийн 76.3 дахь хэсэг хамаарахгүй.

Хэвлэх

77 дугаар зүйл.Сонсох ажиллагаа хийхгүй байх

77.1.Нийтийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эсхүл тухайн этгээдэд өмнө нь танилцуулж байсан бол энэ хуулийн 74, 76 дугаар зүйлд заасан ажиллагааг хийхийг шаардахгүй.

Хэвлэх

78 дугаар зүйл.Төлөвлөгөөг батлах

78.1.Төлөвлөгөөг батлах захиргааны актад энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан захиргааны актын зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.

Хэвлэх

79 дүгээр зүйл.Төлөвлөлтийн эрх зүйн үйлчлэл

79.1.Төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна.

79.2.Нийтийн болон хувийн ашиг сонирхолтой холбоотой гомдлыг энэ хуулийн Есдүгээр бүлэгт заасан гомдол гаргах журмын дагуу шийдвэрлэнэ.

79.3.Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.

79.4.Энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно.

79.5.Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй.

79.6.Энэ хуулийн 79.5-д заасан сөрөг нөлөөг арилгах болон багасгах боломжгүй бол нөхөн төлбөр олгоно. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол энэ зүйлд хамаарахгүй.

Хэвлэх

80 дугаар зүйл.Төлөвлөгөөг өөрчлөх

80.1.Төлөвлөгөөг эцэслэн батлахаас өмнө өөрчлөлт оруулбал сонсох ажиллагааг дахин явуулна.

80.2.Нийтийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр өөрчлөлт оруулах тохиолдолд сонсох ажиллагаа дахин явуулахыг шаардахгүй.

Хэвлэх

81 дүгээр зүйл.Төлөвлөгөөг баталсан захиргааны актыг хүчингүй болгох

81.1.Төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага эхлүүлсэн төлөвлөгөөг зогсоохоор албан ёсоор хүсэлт гаргасан бол шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актыг хүчингүй болгоно.

81.2.Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нийтийн ашиг сонирхлыг ноцтой хохироох тохиолдолд тухайн захиргааны актыг хүчингүй болгож болно.

81.3.Төлөвлөгөөг баталсан захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага төлөвлөгөө батлахын өмнө байсан нөхцөл байдлыг сэргээх үүрэгтэй.

81.4.Батлагдсанаас хойш таван жилийн дотор төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээгүй бол холбогдох захиргааны байгууллага захиргааны актыг хүчингүй болгож болно.


АРАВДУГААР БҮЛЭГ
ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ

100 дугаар зүйл.Хохирол арилгахыг шаардах эрх

100.1.Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.

Хэвлэх

101 дүгээр зүйл.Хохирол барагдуулах этгээд

101.1.Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.

101.2.Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.

Хэвлэх

102 дугаар зүйл.Хохиролтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэх журам

102.1.Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.

102.2.Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ.

Хэвлэх

103 дугаар зүйл.Захиргааны байгууллага хохирлоо барагдуулах

103.1.Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.

103.2.Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.

103.3.Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.

103.4.Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр гаргасан актын хувийг холбогдох аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

Хэвлэх

104 дүгээр зүйл.Нөхөх олговор, түүний хэмжээг тогтоох

104.1.Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна.

104.2.Нөхөх олговор олгох журмыг хуулиар тусгайлан зохицуулна.

104.3.Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно.

104.4.Нөхөх олговрын хэмжээний талаар маргаан гарвал захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 9 =

Create Account



Log In Your Account