“Цагаан нуурын чөлөөт бүс”-ийн нээлтийг хийв

By: Admin
2024-12-23
0
841

Монгол Улсын баруун бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх чухал хүчин зүйлүүдийн нэг гэж үзэж буй Цагааннуурын худалдааны чөлөөт бүсийн нээлтийн ёслолыг 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Цагааннуур тосгонд, уг чөлөөт бүсийн талбайд хийв. Цагаан нуурын чөлөөт бүсийг хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны түшиц газар, олон улсын худалдаа, тээврийн төв болгон хөгжүүлэх үзэл баримтлал, Ерөнхий төлөвлөгөө, бариж байгуулах байгууламжуудын зураг төсөл нь хийгдсэн юм байна.

Нээлтэнд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Эдийн Засгийн хөгжлийн яамны Газрын дарга Булган-Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга, ОХУ-ын Алтайн бүгд найрамдах Улсын Эдийн Засгийн зөвлөлийн тэргүүн Трехин Васильевич, тус улсын ХАҮ-ийн тэнхимийн дарга, бизнес хөгжүүлэгч Андрей Архипов болон бизнесийн төлөөлөгчид, БНХАУ-ын Шинжаан Алтайн бүсийн Худалдааны товчооны орлогч дарга Фү Яо, тус Улсын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн Алтайн салбарын нарийн бичгийн газрын орлогч дарга Ян Лэй болон бизнесийн төлөөлөгчид, Цагааннуур тосгоны болон зэргэлдээ сумдын удирдлагууд оролцов.

Цагааннуурын худалдааны чөлөөт бүс нь 1990 оноос өмнө идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон сая төгрөгийн гадаад худалдааны бараа эргэлт хийдэг байсан бол тухайн үеэс үйл ажиллагаа нь зогсож, улмаар сэргээн хөгжүүлэх талаар төр засгийн түвшинд яригдсаар 2005 он, 2015 онуудад тодорхой шийдвэр гаргаж байсан боловч хэрэгжээгүй. Тэгвэл энэ 2022 оны 11 дүгээр сард Цагааннуурын худалдааны чөлөөт бүсийг сэргээн ажиллуулах Засгийн газрын тогтоол гарсан нь ийнхүү хэрэгжиж эхлэх алхамаа тавьж байна.

Чөлөөт бүсийн үзэл баримтлалын дагуу бол энэ үйл ажиллагаанд бүс нутгийн хөгжлийн чухал шийдлүүд зангилагдаж, шийдвэрлэх асуудлуудад нь баруун бүсийн бусад аймгууд эн тэнцүү оролцох, ялангуяа бүсийн төв болон Баруун бүсийн зөвлөл, Баруун бүсийн зөвлөлийн дарга, гишүүд, бодлого хариуцсан албаныхан тэргүүлэх үүрэгтэй оролцож байх учиртай. Гэтэл энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Баруун бүсийн Зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өөрөө ч оролцсонгүй, төлөөллөө ч оролцуулсангүй. Түүнчлэн Увс, Завхан, Гов-Алтай аймгийн удирдлагууд ч мэдээгүй юм шиг өнгөрч, зөвхөн Баян-Өлгий аймгийн хүрээнд болж буй олон улсын арга хэмжээ мэт харагдав. Цаашдын асуудлууд нь бас ийнхүү ганц аймгийн хүрээнд өрнөх үү, эсвэл гэдэг нь хачирхалтай байна.

Цагааннуурын чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  цаашид энд эдийн засгийн судалгаанд суурилсан “5 төсөл 5 үйлдвэр” хэмээх үйлдвэрлэлийн 25 төслийг хэрэгжүүлэх, ачин сэлгэх терминал, тээвэр логистик, худалдаа үйлчилгээний төвүүд гэсэн үндсэн 3 хэсэгт суурилуулан системтэйгээр хөгжүүлэх юм байна. Худалдааны чөлөөт бүсийн төв байгууламжийн зураг төсөлд тусгаснаар ажил хэргийн төв нь 15.13 га газар, хот хөгжлийг тэнхлэг нь 24,07 га газар, үйлдвэрийн бүс нь 151.53 га газар, бүсүүдийн сонирхол бизнесийн төв нь 27.99 га газар, тээвэр логистикийн төв нь 90.44 га газар, ногоон бүс нь 160.38 га газар,  авто зам нь 238.86 га газарт тус тус үйл ажиллагаа явуулах ба Цагааннуур тосгоныг чөлөөт бүсээс тусад нь авч үзэж, хот хөгжил, худалдааны бүс бүхий цогцолбор байлгахаар зураглажээ. Чөлөөт бүсийн нээлтэнд оролцсон хөрш улсуудын төлөөлөгчид энэ асуудлад ихээхэн анхаарал хандуулж сонирхож байгаагаа илэрхийлэн, тодорхой төсөл санаачлагууд бэлэн байгаа тухай танилцуулж байсан нь сонирхолтой байв.       

Г.Төрмөнх      

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 10 =

Create Account



Log In Your Account