Орон нутгийн аялал жуулчилал - өнөө маргааш, алс хэт – I

By: Admin
2024-12-23
0
2243

        Цуврал 1

  1. “Суусан цэцнээс явсан тэнэг”

Аялал жуулчлал бол эдийн засгийг тэтгэж хөгжүүлэх чухал хүчин зүйлсийн нэг гэдгийг аль хэдийнээс л дээр дооргүй ярьцгаах болсон. Магад 10 гаруй жилийн өмнөөс Ховд аймгийн хөгжүүлэх бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчиллыг бий болгож хөгжүүлэх төсөөлөл, ойр, хэтийн төлвийг авч үзэж эхэлсэн. Тэгээд 2015 онд аймгийн аялал жуулчиллын хөтөлбөрийг тухайн чиглэлийн мэргэжлийн байгууллагуудаар захиалан хийлгэж, батлуулан, улмаар “Цайны зам” өв соёлын наадам, “Мөсний баяр” арга хэмжээ гэх мэт нийтийг хамарсан “эвент”-үүдийг (онцлог үйл явдал) тогтмолжуулахыг хичээх гэх мэтээр хэрэгжүүлэх ажлууд ч явагдаж ирэв.  Тэглээ ч Ховд аймгийн хувьд аялал жуулчиллын бизнесийг дагнан эрхлэж, жуулчидад үйлчилдэг систем, харилцаа, холбоо хэлхээ нь төдий л биежиж өгөхгүй, зочид буудал, жуулчны бааз, гэр буудал, аяллын хөтөлбөр эрхлэгчдийн бааз суурь, үйл ажиллагаанд дорвитой ахиц дэвшил гарахгүй, түүнчилэн газар зүйн тогтоц, байгалийн сонин сайхан, баруун Монгол зоны унаган ахуй байдал, язгуур соёл гээд жуулчдын сонирхлыг татах хүчин зүйлс нэн арвин байтал жуулчид  ирэх нь ховор хэвээрээ байсаар байгаа нь тухайн чиглэлд анхаарал хандуулж ажилладаг байгууллага, хүмүүст юм, юм бодогдуулсаар буй бололтой. 2020-2021 онд аймгийн аялал жуулчиллын салбарын хөгжлийн асуудлаар улс, бүс, орон нутгийн түвшинд мөнөө л хэд, хэдэн удаагийн онлайн хэлэлцүүлэг, зөвлөлдлөг, уулзалт сэлтийг зохион байгуулж, олонтоо санал солилцсоны үр дүнд тухайн асуудлаар нэгэн барьцтайхан сэжүүрийг олж барьж авсан нь Монгол улсын хэмжээнд аялал жуулчиллын чиглэлээр арвин туршлага бүхий, тур оператор (зуучлан зохион байгуулагч) нэг хоёр компанийг сонгон холбоо тогтоож, түншлэн хамтарч ажиллах, улмаар аймаг орон нутагт аялал жуулчиллын бизнес эрхлэхийг хичээж, сууриа тавьж буй нөхдөд нөхцөл байдлыг таниулан, бусад газрын туршлага судлуулж, суралцуулах ажлыг сэдсэн явдал болно.

Дээрх сэдэл болгосон ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэн, тодорхой зорилтод чиглэгдсэн төсөл хэрэгжүүлэхээр болж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд  Үндэсний томоохон туршлагатай компани болох Нью Жуулчин компани уг зорилтот төслийн зохион байгуулагч буюу чиглүүлэн дэмжигчээр  шалгарчээ. Төслийн хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын эхэн, дунд хагаст Ховд аймгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон Аялал жуулчны холбооны төлөөллүүдээс бүрдсэн багийг нийслэл хотын орчим дахь төвийн бүсээр аялуулж, тухайн бүс нутагт аялал жуулчлалын бизнес эрхлэж буй газруудын амьдрал байдалтай танилцуулж, туршлага судлуулахын зэрэгцээ холбогдох байгууллага хүмүүстэй санал солилцох уулзалтууд зохион байгуулсан юм. Туршлага судлах аяллын баг Улаанбаатарт хүрэлцэн очсон оройгоо “Эдельвейс” зочид буудалд байрлан хоноглох дашрамд, зочид буудлын үйлчилгээний байр байдал сэлттэй цухас танилцан, улмаар өглөө нь Нью Жуулчин компаний ажлын байранд зочилж, удирдлага ажил хариуцсан хүмүүстэй товч уулзалт хийж, аяллын хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл авахын зэрэгцээ түншлэж ажиллах болсон гол зорилготой холбоотой зарим асуудлаар санал бодлоо солилцоод, үд голлох үеэр Тэрэлжид байрлах тус компаний “Алунгоо” болон “Гүрү” нэртэй жуулчны баазуудад очихоор нийслэлээс хөдлөв.

tsayalal 1

“Нью Жуулчин” компаний хөтөч тайлбарлагч О.Булган гэх бүсгүй туршлага судлах аяллын туршид манай багт үйлчилж, хөтөч тайлбарлагчаар ажиллахаар томилогджээ. Анхны өглөө зочид буудлаас компаний ажлын байр луу явахын өмнөхөөс эхлээд гайд буюу хөтөч тайлбарлагч маань аяллын багт үйлчилж эхэлсэн бөгөөд нэг ёсондоо аяллын багийнханд хөтөч, тайлбарлагч чухам яаж ажилладагийг давхар харж, мэдэж суралцах боломжийг олгосон хэрэг байв. Өөрөө аливаад үлгэрлэж, аяллын хөтөлбөрийн дагуу цагийг яс баримтлахаас эхлээд, хөтөч тайлбарлагчийн наад захын соёл ажиглагдаж эхлэнэ. Тэрчилэн жуулчидад нэн ялангуяа гадаадын жуулчидад хөтөч тайлбарлагч хийнэ гэдэг үл анзаарагдам аахар шаахар, хийгээд “юмыг яаж мэдэхэв” гэдэгчилэн болзошгүй бүхий л асуудлыг урьдаас санаж, сэрж, болгоож таньж, басхүү урьд, урьдын өөрт болон бусдад тохиолдож байсан туршлаганд дулдуйдан, алив бүхнийг нэгд нэгэнгүй тодорхой тайлбарлаж, элдэв эрсдлээс хүртэл жуулчдыг хамгаалахад хамаг хүч анхаарлаа шавхаж байдаг ажил юм байна гэдгийг хөтөч тайлбарлагч Булганаас сайтар ойлгож мэдэв. Жишээлэхэд Булган маань автобусанд буух, суухаас эхлээд замд саатаад мордох, хоноглосон газраасаа хөдлөх тэр бүрийд эд зүйл, юм хумаа мартуузай гэдгийг заавал сануулж, цүнх, хэтэвч, гар утас, аппарат камер гэх мэтээс өгсүүлээд үнэтэй цайтай юм хум тань байх ёстой газраа байгаа эсэхийг шалгаарай ! гэж нэг бүрчлэн тоочин сануулна. Гадаадын жуулчидтай ажиллаж байхад тохиолдсон гэх сургамжтай, зарим талаар хөгтэй ч гэхээр олон жишээнүүд ярианы завсарт дурьдаж байснаас сонирхуулбал намар оройхон жуулчны баазад хоноглосон зочдод хөтөч тайлбарлагч нь хоноглож буй Монгол гэрийнх нь онцлогийн талаар таниулан тайлбарлаж, шөнө орой даарвал галч нарыг дуудаж гал түлүүлж болно гэдгийг хэлж, бороо орвол өрхийг нь ингэж татна хэмээн зааж өгсөн юмсанж. Гэрт буй зочдыг унтахын алдад галч ирж зуухыг галалсан ба шөнө дунд гал унтарч гэр хөрөх аястай болсонд жуулчин мэдэмхийрэн гал түлэх гэж оролдож байгаад хувцсаа түлж орхисноор зогсохгүй шөнө бороо орж, тэнгэр дуугармагц жуулчин тооно нь шилэн рамтай битүү болохыг үл хайхран, өрхийг битүүлэн татаж орхисон тул их гал өрдсөн янданд өрх нь түлэгдэж сүйд болох шахсан аж. Морин аялалд гадаад жуулчдыг авч явсан хөтөч, орчуулагч төдий хашир бус эмэгтэй хүн байсан агаад нэг жуулчны унаж явсан морийг хөх түрүү хазсаны улмаас морь нь ухасхийн урдаа явсан жуулчны морины жолоонд хүзүүгээ оруулан пижигнэн зүтгэсэн нь өмнөх жуулчдын унаж явсан мордыг үргээн, тавуул зургуул морьдоос унаж, газарт цацагдсан гэх мэт. Хөтөч тайлбарлагчийн хувьд энэ мэт болзошгүй таагүй зүйлүүдээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч сануулж, тайлбарлах бүхий л зүйлсийг хэлж ярьж өгөх, түүнчилэн аяллын хөтөлбөрийн дагуух явах саатах, буух суух цаг, зүг, газар орны таниулга, буудаллах буудал, баазуудын нарийн ширийнийг нэг бүрчлэн тайлбарлах нь маш чухал байдаг байна.

Тэрэлжид буй “Нью Жуулчин” компаний “Алунгоо” жуулчны баазын гэр буудлууд, зоогийн газар болон бусад зүйлс, орчны тохижолт сэлтийн хийц маяг нь үндэсний онцлогийг түлхүү агуулснаас гадна тав тухын хувьд чухам тансаг зэрэглэлийн бааз юм. Гэр буудлууд нь гэхэд газраас тохой хэрээс аваад мухар алд өндөр хөндий тавцан дээр баригдсан, модон шатаар өгсөж хаалганд хүрдэг, хаалганы гадна тавцантай, голдуу нэгээс, хоёр ортой, дотроо бие засах өрөө, ариун цэврийн өрөө, халуун ус, шүршүүртэй, шалны халаалттай, давхар бас гэрийн дулааны хэмийг тохируулах, агааржуулах төхөөрөмжтэй, цэвэр бохирын системтэй,  чухам хотын өндөр зэрэглэлийн зочид буудлаас ялгаагүй бөгөөд гэрийн ханыг салхи шуурганд хөдөлгөөнгүй байлгахын тулд модоор гоёмсог хүрээ хийж, түүнд бэхэлжээ. Зоогийн газар нь мөн л Монгол гэрийн хийц маягийг улам боловсронгуй болгох замаар хийгдсэн, гурван тасалгаа бүхий, наран талдаа цэлийсэн цонхтой, үүдэн хэсэгтээ, хаалганы гадна уужим том тавцантай аж. Жуулчны баазын хойд биед төрөл бүрийн жимсний модууд тариалсаар жимсний төгөл бий болгожээ. Тэрхүү төгөлд есөн зүйлийн шувууд чуулж, тэр нь жуулчдын сонирхлыг татах бас нэгэн өвөрмөц зүйл болдог байна. Газрын өндөрт буй байгалийн усыг аясаар нь, тусгай хоолойгоор урсган, жуулчны баазын зүүн талд буй хадан дээрээс унагах замаар бяцхан хиймэл хүрхрээ үүсгэж, түүнийхээ дэргэд жуулчдын тухлах суудал, сүүдрэвчүүдийг засаж бэлдсэн байх. Нью Жуулчин компаний үйл ажиллагааны гол зарчим нь аялал жуулчлалыг байгальд ээлтэй, эко байдлаар зохион байгуулж хөгжүүлэх, орон нутаг руу хандсан үйл ажиллагаандаа мөн байгальд ээлтэйгээс гадна нутгийн иргэд, малчдын унаган ахуй байдалд түшиглэсэн этно буюу угсаалаг, уламжлалт зүйлсийг чухалчилах явдал хэмээн компаний удирдлага, ажил хариуцсан хүмүүс ярьж байсан нь үйл байдал дээрээ ч харагдаж байв. Эднийх Тэрэлж орчмоор нутагладаг малчин айлуудтай түншлэн ажиллаж, Монгол унаган ахуй, амьдрал, аж байдлын онцлогийг жуулчдад сонирхуулах, таниулах үйлчилгээг үзүүлдэг ба тэдгээрийн нэг нь болох малчин айлд биднийг аваачин уулзуулсан юм. Гэрийн эзэгтэй Лхамноржмаа өрх гэрийнхээ жуулчид руу чиглэгдсэн бүхий л ажил үйлчилгээгээ хариуцаж, зохицуулдаг аж. Ирсэн жуулчдад мал ахуйгаа эрхлэх, сааль сүү саах, цагаан идээ боловсруулах, тогоо нэрэх, сүү цагаа ээдүүлэн, бяслаг шахах зэргийг нүдэн дээр нь хийж үзүүлээд, боловсруулсан үйлдэхүүн, бүтээгдэхүүнээрээ халуун эсрэг дээр нь жуулчдыг дайлдаг, өөрөө гар бие оролцохыг хүссэн жуулчдад зааж өгч оролцуулдаг, тэнд хонож өнжиж ажиглах, мэдрэх гэсэн жуулчдыг гаднаа барьсан гэр буудлууддаа (илүү гэр) байлгаж, Монгол ахуйг таниулах үйлчилгээ үзүүлдэг юм байна. Тэр бүр нь тодорхой үнэлгээтэйгээс гадна сэтгэлд нь таалагдсан жуулчид гарын мөнгө ч өгдөг гэнэ. Ингэж жуулчидад үйлчилж, цаг наргүй, борви бохисхийхгүй ажиллахын хэрээр “хүн нэрээ, тогос өдөө”  гэдэгчилэн цэвэрч, нямбай байдалдаа ч улам их анхаардаг болж, ажил, ахуйн зохион байгуулалт, цагийн хувиарлалт зэргээ зохицуулах чадвар ч улам сайжирдаг хэмээн гэрийн эзэгтэй Лхамноржмаа ярьж байв. Хөтөлбөрт мөнхүү Нью Жуулчин компанитай түншлэн, жуулчдад үйлчилдэг казак айлаар зочилж, туршлагыг нь судлах үйл ажиллагаа байсан авч тэр айлынхан Баян-Өлгий яваад ирж амжаагүй, эзгүй байсан тул энэ маань талаар болов.tsaayalal 2

Биднийг тухайн өдрийн хөтөлбөрөө дүүргээд, “Нью Жуулчин” компаний “Гүрү” жуулчны баазын зоогийн газарт оройн хоол идэхээр явж орвол зоогийн өргөөнд хоёр цагдаа хоол идэж суув. Энэ бааз бас цагдаа хамгаалагчтай юм байж хэмээн дотроо таамаглаж суугаад, дараа асуувал тэр хоёр цагдаа тэднийтэй хамаагүй, харин Тэрэлжийн жуулчны баазууд “ковид” цар тахлын үед Засгийн газраас гаргасан дэглэм зөрчиж, жуулчин, амрагчдыг хүлээн авч үйлчилж байна уу, яаж байна гэдгийг тандан шалгаж, нийслэл хотоос яваа “туршуул” байжээ. “Иймэрхүү тандуул, туршуултай, хавчлага, хяхалттай л аж төрж байна даа” хэмээн жуулчны баазынхан энүүхэндээ учирлав. Цар тахлын хууль гэгч нь үйлчилж эхэлснээс хойш жуулчны баазууд ердийн журмаар үйлчилгээ явуулах нь хориотой болсон болохоор тухайн хуулинд тохируулан, зөвшөөрөл авсны үндсэн дээр, нэг удаад таваас илүүгүй хүнтэй гэр бүлийн хүмүүст хоногоор үйлчилэх, эсвэл нялх нойтон хүүхэд, өндөр настантай, хавар, зуны улиралд зайлшгүй хөдөө гарч, агаар салхинд байх шаардлагатай өөрийн гэсэн зуслангийн газаргүй, хашаа гэргүй айлуудад гэр буудлаа хямдхан тохирч түрээслүүлэх гэх мэт арга чарга хэрэглэх болсноо сонирхуулж байв. Бизнесийн байгууллагын бизнес үйл ажиллагаа зогсвол тэр олон (хэдэн зуун) ажиллагсдын цалин хөлсийг яаж залгуулах гэхээс авахуулаад бөөн зовлон үүсэх нь ойлгомжтой. Биднийг очих үеэр Засгийн тогтоосон дэглэм, хавчлага нь улам чангарсан бололтой жуулчны баазууд ганц ч үйлчлүүлэгчгүй байв. Бидний ажигласнаар бол чухам цар тахлын үед хүмүүс хууль, ном сахих, сахиулах тухайд учраа мэддэг, өндөр соёлтой, үйлчилгээний арвин туршлагатай ийм газарт, задгай агаарт, хоорондын зай, нягтралын хувьд солгом (холхон зайтай) зохион байгуулалтаар баригдсан эдгээр гэр баазад, ирж амарч, хонож өнжвөл харин ч ковидоос сэргийлж, дархлаагаа дэмжихэд илүү тустай баймаар санагдаж байв. Гэлээ гээд цар тахлын түр хууль гэгч нь хэдий олон нийтийн шүүмжлэл дагуулсаар байгаа ч, өнөө цагийн дарга мэдэлтнүүд түүнийгээ сайтар нягтлахыг хүсэхгүй байгаа болохоор яалтай.    

Бид мөн нийслэлээс 60-аад км-т, Төв аймгийн Аргалант сумын нутаг Шивэр хайрхан уулын өвөрт, Ар улаан гэх газарт байх “Монгол номадик” жуулчны баазад зочилж хоноглон, жуулчдад зориулан зохион байгуулдаг Монгол үндэсний ахуй соёлын үзүүлбэртэй нь танилцаж, уран зургийн галерей үзэж, уг баазын туршлагыг судлав. Монгол номадик баазын хувьд үндэсний соёлын үнэт зүйлсийг түшиглэн аялал жуулчлалын үйлчилгээ явуулахыг чухалчилдаг гол онцлогтой аж. Баазын эзэн нь зураач уран бүтээлч нэгэн бөгөөд биднийг зочлох өдрүүдэд уг баазын галерейд Ховд аймгийн Чандмань сумаас гаралтай зураач Амарсанаа гэх залуугийн бие даасан үзэсгэлэн дэлгэгдсэн байв. Гэр буудлууд нь тус бүрдээ нэг, хоёр, эсвэл гурван ортой хийгээд харин ариун цэврийн болон бие засах газар нь нийтийн, зоогийн газар нь мөн гэр хэлбэрийн шийдэлтэйгээр, үүдэн хэсэг, гал зуух, тэндээсээ хоёр тийш салаалж залгагдсан зоог барих өргөө гэсэн зохион байгуулалтайгаар хийгдсэн. Зоогийн өргөө нь нэг гэртээ (тасалгаа) 50 орчим хүний суудалтай аж. Гэр буудлуудыг мөн газраас тохой хэр өргөгдсөн бетон тавцангууд дээр барьж, модон шатаар өгсөн хаалга руу ордог байдлаар хийжээ. Гэрүүдийн үүдэн хаалгыг вакум хүрээ бүхий зузаан шилээр хийж, дотор модон хавтасанд нь хээ угалз сийлэн, чимэглэжээ. Зоогийн газрын дотоод байдал ч эгээ асар том Монгол гэрт сууж байгаагаас өөрцгүй. Биднийг баазад хүрч очиход үдийн хоолны цаг нэгэнт болсон байсан тул баазын эрхлэгч нар угтан аваад, зоог барихыг урив. Тийнхүү зоогийн өргөөнд зочилж Монгол хорхог тэргүүтнээр дайлуулан зоог бариад гарч ирвээс баазын хүрээнээс төсөрхөн урд зүгт байх гаднаа мал ахуй, тэрэг тэнжээ болсон хэдэн гэрийн тэндээс морь, сарлаг, тэмээ хөлөглөсөн хэсэг хүмүүс биднийг угтан айсуу. Бид жуулчны баазын үүдээр гадагш гарч, хүрээний гадна зогсож байтал тэдгээр хүмүүс дэргэд хүрэлцэн ирсэн бөгөөд амар мэндийг мэдэж, “баазад зочилсон та бүхнийг Монгол үндэсний ахуй соёлын үзүүлбэр сонирхохыг урьж байна. Сонирхож байгаа хүмүүс шууд эндээс морь, сарлаг, тэмээний аль дуртайгаа унаад тийш явцгаагаарай” гэх юм. Манай багийнхан болон тэнд зочилж байсан бас бус хүмүүсээс тэдгээр сарлаг, морь тэмээн дээр мордоцгоосон ба хөтөч нар нь тэдгээрийг хөтлөн, урд харагдаж буй хот айл руу (гэрүүд) явцгаав. Хот айлын гадна хүрэлцэн очиход жуулчдад үзүүлдэг үзүүлбэрийнхээ учир холбогдлыг товч танилцуулаад, баруун талын гэрт бүгдээрээ орохыг урьсан ба тэр гэрт орвоос эрт цагаас Монгол айл өрхийн хэрэглэдэг байсан эдлэл хэрэглэлүүд нүднээ тусна. Баруун хатавчинд айргийн ширэн хөхүүр, ширэн богц, айргийн модон хувингууд гуулин домбо, ган тулга, зэс тогоо сэлтийг эгнүүлж, зүүн биенд эрэгнэгийн тулгуураас өлгөөтэй аяны хүн цай давс, нүдэж бэлтгэсэн борц сэлтээ хийж авч явдаг жижиг танжаа, түүний доохнуур гуулин шанага халбага сэлт харагдана. Хоймроор эрээн авдар түүний дээр модон хүрээ бүхий бурхан тахил өрөөтэй.

Хүмүүс гэрт зочилж, гэрийн эзэн мэнд мэдэн, хөөрөг зөрүүлж, эзэгтэй цай идээ барьж байх зуур үүд хавьцаа зогссон идэр насны эр гэр дотор өрнөж буй мэндлэх хүндлэх ёсноос эхлээд, гэрийн бүтэц, хийц, айл гэрийн ахуй заншил гээд бүгдийг тайлбарлаж ярьдаг тухайгаа бидэнд таниулан, үлгэрлэж үзүүлэв. Энэ маань гадаад жуулчдыг зочилох үед явагддаг зүйл ба ийм байдлаар жуулчдад үйлчилэх үйлчилгээг зохион байгуулдаг гэдгээ бидэнд таниулах зорилгоор тайлбарлан ярьж буйгаа мань эр учирлаж байв. Монгол үндэсний ахуй соёлын үзүүлбэрийн хөтөч тайлбарлагч Лантуу гэх тэр хүн зочдын нэгнийх нь асуусан асуултын хариуд сонин болгож ярьсан нь: “Гэрийнхээ үүдийг яагаад заавал урд зүг рүү харуулж барьдаг гэх мэтийг жуулчид асууна. Тэгэхээр бид өглөө нар урд зүгээс тусдаг учир Монголчууд гол нь тооноор туссан нараар цагаа баримжаалахын тулд гэрийн үүдийг урагшаа харуулж барих ёстой болдог гэж хариулна. Тэгмэгц нар харагдахгүй, тэнгэр бүрхэг байхад тэгвэл цагаа яаж баримжаалах юм гэх мэтээр мушгиад эхлэнэ. Тэр тусам бид тийм үед гадаа байх үнээ малынхаа хэвшсэн байц хөдлөл, хэвтэж босох, бэлчих зэргээр бас баримжаална гэх зэргээр нарийн ширийн рүүгээ орох жишээтэй. Гэрийг хэрхэн яаж барьдаг, унь, хана нь хэд салж яаж эвхэгддэг, хэрхэн ачаалж, нүүж суудгийг ч ярьж өгөх хэрэгтэй болдог. Гэрт англи хэлтэй нэг хэсэг, япон хэлтэй нэг хэсэг, хятад хэлтэй, солонгос хэлтэй, герман, франц хэлтэй гэх мэт жуулчид хэсэг хэсгээрээ орчуулагчтайгаа хамт сууна. Тэгээд бидний тайлбарыг сонсож байснаа хоорондоо мэтгэлцээд эхлэх нь ч бий. Түүнийг нь улам хөхиүлээд мэтгэлцүүлэх нь ч бас зүгээр байдаг. Ардын урлагийнхаа дугарааг өргөн барьсны дараа тэд өөр, өөрсдийн зүгээс үндэсний дуугаараа ая өргөх их дуртай байдаг” хэмээсэн. Ийнхүү анхдагч таниулга, тайлбар явагдсаны дараа тогоо нэрэх, эсгийний ноос савах, зулах, эсгий хийх, шагай харвах, шагай шүүрэх, зэргийг үзүүлж, үхэр тэрэг, морин тэрэг, тэмээн тэрэг хөллөн, хөсөг хөдөлгөж, жуулчдыг хөсгөнд суулган, тодорхой зайнд аялах, мөн морин аялал, тэмээн аялал зохион байгуулах үйлчилгээнүүдийг жуулчдын тус тусын сонирхол хүсэлтийн дагуу явуулдаг юм байна. Энэ бүхнийг бий болгож бэлтгэхэд морь, тэмээ, үхрээ бэлтгэх, сургаж номхруулахаас эхлээд тэрэг чаргуудыг нь бэлтгэх, ахуй соёлын эд хэрэглэгдэхүүнүүдийг цуглуулах гээд хичээл зүтгэл, цаг хүч ихээхэн шаардагдах нь ч мэдээж.

Эдгээр томоохон жуулчны баазуудын хувьд гэр буудлын ор хоногийн төлбөр нь ангилал, зэрэглэлээсээ хамааран, нэг хоногт 200-350 мянга орчим хоол унд, үзүүлбэрүүд, бусад үйлчилгээнүүд нь тус тусдаа тогтсон үнэтэй байдаг байна. Жишээлэхэд морин аялал, үхэр, морь, тэмээн тэргээр аялуулахад нэг цаг нь нэг жуулчинд 30-40 мянга гэх мэт байдаг гэнэ. “Монгол номадик” баазын бас нэг онцлог нь оюуны болон урлагийн бүтээлүүдийг жуулчидад дэлгэж, тэдний оюуны хэрэгцээнд үйлчилэх үйлчилгээг бий болгосон явдал. Уг баазын уран зургийн галерей нь  мөн л Монгол гэр хүрээний зохион байгуулалтаар,  үзэсгэлэнгийн гол танхим нь магад 100 орчим метр квадрат талбай бүхий гурван том гэрийг нийлүүлж, гурван хэсэг бүхий дугуй танхим маягаар баригдсан, тэдгээрээс залгуулаад жижгэвтэр 10-аад гэрээр хүрээ үүсгэж, хүрээний дундах талбайд жуулчдын амрах талбарыг засаж бэлдсэн нь их аятайхан санагдсан. Дээр цухас дурьдсанчилан бие даасан үзэсгэлэнгээ толилуулж буй зураач Амарсанаа нь Ховд аймгийн Чандмань сумын гаралтай нэгэн бөгөөд үзэсгэлэнд хэд хэдэн төрөл зүйлээр туурвин бүтээсэн 100 гаруй бүтээлээ дэлгэн тавьжээ. Зураач уран зургуудаас гадна Монгол уран бичлэгийн (калиграф) бүтээлүүд хийдэг бөгөөд жуулчид болон зочдод хүссэн үг, үгүүлбэрийг нь уран бичлэгээр бичиж өгч үйлчилдэг ажээ.  Ийнхүү аяллын зам цааш үргэлжлэх тусам ёстой л нөгөө “суусан цэцнээс явсан тэнэг” гэдэг хэлц үг санаанд бууж байв.        (Үргэлжлэл бий) 

Хиргис Г.ТӨРМӨНХ  

2021 оны 9 дүгээр сар         

tsayalal 3

 tsayalal 5


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 7 =

Create Account



Log In Your Account