Монголын зохиолчдын нэгдсэн их хурал болов

By: Admin
2024-12-26
0
1588

Монголын Зохиолчдын нэгдсэн чуулган 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод, Төрийн ордонд болж өнгөрөв.

Монголын Зохиолчдын эвлэл болон Монголын чөлөөт Зохиолчдын холбооны удирдлагууд, гишүүд, утга зохиолын зүтгэлтнүүд санаачилан 30 - аад жилийн турш хоёр салангид үйл ажиллагаагаа явуулж ирсэн зохиолчдын дээрх хоёр байгууллагыг нэгтгэж, нэгдсэн нэг дээвэр дор үйл ажиллагаа явуулах, зохиолчдын эв нэгдлийг чухалчилах, үүний тулд нэгдсэн чуулган зохион байгуулах нь зүйтэй гэж тохиролцсоны дагуу Монгол улсын Ерөнхийлөгчид хандаж уг чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор хийхийг санал болгожээ. Чуулган товолсон өдөртөө төрийн ордонд зохион байгуулагдаж, нээлтэнд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг тэргүүтэй улс төрийн албан тушаалтнууд, Зохиолчдын байгууллагын удирдлагууд, уран зохиолын нэрд гарсан зүтгэлтнүүд оролцон үг хэлсэн бол чуулганы үйл ажиллагаанд Монгол улсын бүх хот, аймгуудад сууж зохиол бүтээлээ туурвин уран зохиолын төлөө хувь нэмрээ оруулж буй зохиолчдын төлөөллүүд болох 300 гаруй зохиолч оролцжээ. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа гэх тодотголтой уг чуулганыг Ерөнхийлөгчийн зүгээс ивээсэн зүйл нь хуралдааныг төрийн ордны танхимуудад хуралдуулах төдийгөөр хязгаарлагдав. 

zkh ikh

Монгол улсын 21 аймгаас сонгогдон оролцсон зохиолчдын төлөөлөгчид бүгд хувийнхаа зардлаар чуулганд оролцсон юм. Энэ нь Монгол улсын эдийн засаг, санхүүгийн байдал ихээхэн хүнд байдалтай болж, гол төлөв улс төрийн сэдэл бүхий үйл ажиллагаанууд, сонгууль гэх мэтэд зарцуулсан урьд жилүүдийн үрэлгэн зарцуулалт, эдийн засгийг удирдах бодлогын алдаануудынхаа горыг амсан, “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр хэзээ хойно нь “хэмнэлтийн хууль” гэгчийг гаргаж, төсвийн зарцуулалтыг дээд хэмжээгээр хумих, тэр дотроо гэгээрэл соёлд чиглэгдсэн зардлуудыг бүүр тэглэх гэх мэт мөнөө аргаа барсан “харалган” арга хэмжээнүүдээ хэрэгжүүлж эхэлсний үр нөлөө юм.       

Зохиолчдын нэгдсэн чуулганаар “Уран зохиол-нийгмийн оюун санааны дархлаа” /МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо/, “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оруулах үүрэг,  оролцоо” /Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Батбаяр/ гэсэн үндсэн илтгэлүүд, мөн яруу найраг, хүүрнэл зохиол, судлал шүүмж, жүжиг кино, шог хошин болон баримтат уран зохиол, орчуулгын уран зохиол, хүүхдийн уран зохиол гэсэн салбар хуралдаануудаар уран зохиолын тухайн төрөл зүйлийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар тус бүр 3-аас доошгүй илтгэлүүд хэлэлцүүлж, санал шүүмжлэл өрнүүлсэн. Соёлын сайд Ч.Номин, БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан нар нээлтийн дараах нэгдсэн хуралдаанд илтгэл хэлэлцүүлэхээр чуулганы хөтөлбөрт тусгагдсан байсан ч илтгэлээ тавьсангүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ тусгаар тогтнолыг бататгах, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ухамсрыг сэргээх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, соёл, боловсролыг түгээх эрхэм үйлсэд үе үеийн соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагчид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд, ард түмний эв нэгдлийн үлгэр жишээ, бэлгэ тэмдэг нь байх үүрэг, хариуцлагаа ухамсарлан, 30 гаруй жилийн дараа Зохиолчдын хоёр байгууллага эргэж нэгдсэнд талархал илэрхийлсэн.

Мөн үндсэн илтгэлүүд болон чуулганд үг хэлсэн хүмүүсийн хэлсэн үгэнд цаашид уран зохиолын шилдэг бүтээл, туурвилыг төр, засгаас бодлогоор дэмждэг, урамшуулдаг, түгээн дэлгэрүүлдэг тогтолцоотой болоход анхаарах цаг болсныг, тэрчлэн хүүхдийн зохиолч, судлаач шүүмжлэгч, мэргэшсэн орчуулагч зэрэг хэрэгцээт боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлтгэх шаардлагатайг,   шилдэг бүтээлүүдийг бусад монгол угсаатнуудын хүртээл болгох, орчуулж түгээх, дэлхийн шилдэг зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэх зэргийг эрчимжүүлэх нь  зүйтэй гэдгийг чухалчилж байсан нь олзуурхууштай. Гагцхүү бодитоор хэрэгжих эсэх нь хүлээлт болж үлдэж байгаа юм. Z ik

Монголын зохиолчдын хоёр байгууллага /МЗЭ болон МЧЗХ/ нэгдэж байгаа, мөн Монголын зохиолчдын эвлэл өнгөрсөн 2021 оны сүүлчээр ээлжит их хурлаа хийсний дараа бүтэц, зохион байгуулалтаа сайтар цэгцэлж, ялангуяа орон нутгийн салбарын тэргүүнүүдийг шинэчлэн томилж, баталгаажуулаагүй байсантай холбоотойгоор Монгол улсын 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй МЗЭ-ийн салбаруудын удирдлагыг дүрмийн дагуу томилон, заримынх нь урьдны сонголт, томилгоог баталгаажуулж, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн тогтоол гаргасны зэрэгцээ салбарын тэргүүнүүдтэйгээ хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулсан юм.

Тодруулбал: МЗЭ-ийн Архангай аймгийн салбарын тэргүүнээр Нямсайханы Минжинсайхан, Баянхонгор аймагт Баяндалайн Жавзандулам, Баян-Өлгий аймагт Баймергений Зархум, Булган аймагт Намсрайжавын Батжаргал, Говь-Алтай аймагт Бямбацогтын Ганхүрэл, Говьсүмбэр аймагт Төмөрийн Болдбаатар, Дархан-Уул аймагт Ренчиндоржийн Лхамрагчаа, Дорноговь аймагт Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Дорнот аймагт Пүрэвийн Гэрэлхүү, Дундговь аймагт Пэрэнлэйн Нямлхагва, Завхан аймагт Батдоржийн Баяржавхлан, Орхон аймагт Лхагвадоржийн Болдсайхан,  Өвөрхангай аймаг Цэцэгмаагийн Батгэрэл, Өмнөговь аймагт Цээнзэнгийн Галбадрах, Сүхбаатар аймагт Цэгмидийн Оюундэлгэр, Сэлэнгэ аймагт Янжингийн Жаргал, Төв аймагт Цэвэг-Очирын Эрдэнэбаатар, Увс  аймагт Сайжрахын Энхтайван, Ховд аймагт Гонгоржавын Төрмөнх, Хөвсгөл аймагт Буяндэлгэрийн Сарантуяа, Хэнтий аймагт Дэжидмаагийн Галсансүх, Америкийн нэгдсэн улсад Өлзийбатын Пүрэвсүрэн, Европын холбоон дахь салбарт Банзрагчийн Энхтуяа нарыг тус тус салбарын тэргүүнээр батлан, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн 2022 оны 6 сарын 20-ны өдрийн 22/07 дугаар тогтоол гаргаж баталгаажуулсан байна.    

                                                                                                    МЗЭ-ийн Ховд аймаг дахь "Алтай" салбар

zokh salbarud

 

 

  

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 1 =

Create Account



Log In Your Account