Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэх эрх зөрчигдөж байгаа нь тулгамдсан асуудал болж байна

By: Admin
2024-12-23
0
409

Хууль, эрх зүй

Монгол улсад хөдөө хот ялгаагүй тулгамдаж, ужгирсаар байгаа нэг зүйл бол олон нийтийн жам ёсны болон хууль ёсны эрхийг хамгаалах асуудал. Энэ тухайд төрийн удирдлага, захиргааны байгууллагын албан тушаалтнууд, хууль хяналтынхан бултаараа хуулиар хүлээсэн үүрэгтээ байдаг ч уг үүргээ хөсөрдүүлэх, үл тоомсорлох нь бараг хэвшмэл үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Энэ талаар санаа тавьж, хөөцөлддөг иргэний нийгмийн буюу төрийн бус байгууллагууд системтэй бэлтгэл ажлын үндсэн дээр өнгөрөгч 3 дугаар сард уулзалдаж, тохиолдож буй бэрхшээлүүдийн талаар зөвлөлдсөн. Тэрчлэн Захиргааны хэргийн шүүхийн 20 жилийн ойг тохиолдуулан, Улсын дээд шүүх мөн Нээлттэй нийгэм форум төрийн бус байгууллагаас санаачилж, Захиргааны хэргийн шүүхэд нийтийн эрхийн асуудлаар нэхэмжлэл гаргахад тулгарч буй асуудлууд, тэрчлэн иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй дээрхтэй уялдаатай зүйлүүдийн талаар Улаанбаатар хотод 4 дүгээр сарын 26-ны  өдөр өргөн хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтын хэрэгцээ, шаардлагыг тодруулах үүднээс өнгөрөгч 3 дугаар сард болсон иргэний нийгмийнхний уулзалтын үеэр яригдсан зарим гол зүйлүүдийг тоймлоё.

  Хэлэлцүүлэг дээр  Федилитас Партнерс өмгөөллийн нөхөрлөл” ТББ-ын тэргүүн, өмгөөлөгч Наранцэцэг хэлэхдээ “Манай байгууллага нийт  3 хэрэг дээр ажилласан.  Эхний хэрэг нь Ковидын үеийн хандив, тусламжийн зарцуулалтыг ил тод тод болгох зорилготой. Урьдчилан хянан шийдвэрлүүлэх шатанд Үндэсний аудитын газраас Халдварт өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Сангийн яам, Улсын нэгдүгээр эмнэлэг зэрэг байгууллагад аудит хийж, зөвлөмж хүргүүлсний үндсэн дээр зарцуулалтын мэдээлэл ил тод болж амжилттай шийдвэрлэгдсэн. Гэхдээ аудитын тайланг хүлээх хугацаанд 2019 онд Өмгөөллийн тухай хуульд орсон өөрчлөлтийг ашиглаж үзэх зорилгоор Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд өмгөөлөгчийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэх эрхийн асуудалд дүгнэлт өгөөгүй.  УДШ-ээс 2023 оны 7 сард гаргасан тайлбарт төрийн бус байгууллагын нэхэмжлэх эрхийг ялгамжгүй байдлаар тогтоосноос хуулиар чиг үүрэг нь тодорхойлогддог Үйлдвэрчний эвлэл гэх мэт байгууллагын нэхэмжлэх эрхийг тодорхойгүй болгосон төвөгтэй асуудал байна” гэсэн бол; 

“Ховдын толь сонин” ТББ-ын тэргүүн, судлаач Г.Төрмөнх “3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан заалтуудыг Захиргааны хэргийн шүүхүүд ялгаатай хэрэглэж байна.  Манай байгууллага 2010 оноос захиргааны хэргийн шүүхэд бараг 10 гаруй удаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байсан. 2021 оноос хойш Ховд аймгийн болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүрээлэн орчин, нийтийн эрүүл мэндийн асуудлаар нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан бол харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх манай байгууллагыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн. Тэрчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Нэхэмжлэлийг хүлээн авахгүй гэж үзсэн үндэслэл нь дүрэмдээ 18.3-т заасан чиглэлийг тусгаагүй гэж үзсэн. Харин манай дүрэмд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг.  

Улсын дээд шүүхийн тайлбарыг судлахад манай байгууллага тэнд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа, үүнийгээ ч шүүхэд хангалттай нотолсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн авахгүй байхын тулд хуулийн заалт, тайлбарыг зориудаар мушгиж байна гэж харж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дахь заалтын агуулгыг нарийвчлан судлах шаардлагатай байна. Захиргааны хэргийн шүүхүүд процессын хуулийг нэг мөр хэрэглэхгүй байх, нэхэмжлэлийг хүлээн авахгүй гэх зориудын хандлага гаргах, ялихгүй шалтгаанаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах зэрэг шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй сөрөг үзэгдлүүд нь  эцэстээ нийтийн ашиг сонирхлыг хамгаалах гэсэн үндсэн зорилгыг хэрэгжүүлж чадахгүйд хүргэх үр дагавартай. Учир нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй төрийн байгууллагуудад ийм сонирхол байхгүй учраас зөвхөн төрийн бус байгууллагууд л үүнийг хийдэг”; 

“Амьд хууль” ТББ-ын тэргүүн Н.Энхжаргал: Манай ТББ өнгөрсөн хугацаанд нийт 9 нэхэмжлэл гаргаж байсан. Өмнө нь 2019-2020 онд гаргасан нэхэмжлэлүүдийн тухайд шүүх манай байгууллагыг ЗДШХШтХ-ийн 18.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж байв. Харин УДШ-ийн тогтоол гарснаас хойш 5 нэхэмжлэл гаргасны 3-ыг нь хүлээн авахаас татгалзсан.  Үлдсэн 2 нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсэж, шүүх хурал зарлагдаад байгаа.  Татгалзсан шийдвэрт давж заалдах гомдол гаргахад 2 өөр агуулгатай магадлал гарсны нэг нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн бол нөгөө нь эрхгүй гэж дүгнэсэн байна. Хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй гэж үзсэн үндэслэл нь үйл ажиллагааны тайлантай холбоотой байсан. Ковидын үед тайланг хугацаанд нь гаргаж чадаагүй бөгөөд 2020, 2021 оны тайлаг 2022 онд гаргасныг шүүх шалтаг болгон ашигласан.    Шүүх тайланд дурдсан бодит нөхцөл байдал, үйл баримтыг зөв үнэлэхгүй байна.  Хамгийн гол нь 2020 онд нэхэмжлэх эрхтэй гэдгийг тогтоосон УДШ-ийн шийдвэр хүчинтэй байхад 2020 онд үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн нь утгагүй байгаа юм. Шүүх хэлбэрийн шаардлагыг хөөгөөд агуулгад дүгнэлт өгөхгүй байгаа нь өөр ашиг сонирхолтой гэж үзэхэд хүргэж байна. Тайлбар өөрөө агуулгын хувьд хуулиас давсан буюу хуульд заагаагүй шаардлага тавьсан. Шүүхүүд тайлбараа барьж, хуулийг хэрэглэхгүй байна. Тэрчлэн манай байгууллага орон нутгийн харьяалалтай.  Богд хан уулын дархан цаазтай газрын асуудлаар гаргасан нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Орон нутгийн байгууллага Улаанбаатар хотод нэхэмжлэл гаргаж болохгүй гэж анхан шатны шүүх үзсэн бол давж заалдах шатны шүүх дүрэмдээ хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар ажиллахаар заасан тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн”; 

“Түгээмэл хөгжил” ТББ-ын тэргүүн Саруул: Манай байгууллага цөөн хэдэн нэхэмжлэл гаргасныг бүгдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-д заасан шаардлагыг хангаагүй хэмээн хүлээж авахаас татгалзсан. Ер нь 18.3-тай тулаагүй нэхэмжлэл бараг байхгүй. Тиймээс 18.3 өөрөө Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх дээр судалгаа хийх нь зүйтэй”;  

Хил хязгааргүй хуульчид ТББ: Оюутны стратегийн өмгөөлөл төслийн хүрээнд 3 нэхэмжлэл гаргасан. Нэг хэрэг дээр нь 2 удаа бүрдүүлбэр хангуулсан. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн үйл ажиллагааны чиглэл нь дүрмийн зорилгоос өөр байна гэсэн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-г үндэслэн, төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой эсэх тухайд асуудал үүсгэсэн. Энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргахад хангалттай ашиг сонирхол илэрхийлсэн байх ёстой  байдаг. өөрөөр хэлбэл, субьектив эрхийг хамгаалах уу, обьектив эрхийг хамгаалах уу гэдэг асуудал;  

Shuux 1

Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан (): Үйл ажиллагааны чиглэлийг гэрчилгээнд бичдэг. Үүнийг тухайн байгууллагын дүрмийг харгалзан улсын бүртгэлийн байгууллага бичихдээ зөрүүтэй бичсэн тохиолдол гарч болно. Манай байгууллага анх Хууль зүйн яаманд бүртгүүлснийг улсыг бүртгэлийн байгууллага тэр хэвээр нь бичсэн. Мөн дүрэмд “иргэдийн оролцоотой байгаль хамгаалах” гэж заасныг шүүх тайлбарлахдаа иргэдийн оролцоотой мод тарих гэх мэт үйл ажиллагааг ойлгоно гэж тайлбарлаж байсан. Зорилго, үйл ажиллагаа хоёр ялгаатай ойлголт бөгөөд зорилго нь үйл ажиллагаагаар дамжин хэрэгжинэ гэж тайлбарлаж ойлгуулж байж нэхэмжлэх эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн. Сүүлийн үед шүүх ТББ-аас санхүүгийн тайлан шаардах болсон. Гэтэл орон нутагт санхүүгийн тайлан гаргаагүй ТББ-уудыг татан буулгаж эхэлсэн байдаг. Өмнөговь аймагт нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа гурван байгууллагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан шаардлага хангуулах гэж 3 жил бэлтгэсэн. Дүрмийн зорилго, тайлангийн зөрчилгүй байлгах гэх мэт. Шүүх одоо нэмээд санхүүгийн тайлан шаардаж эхэлснээр дахиад 3 жил хүлээх хэрэгтэй болж байна.    Олон улсын гэрээний заалтыг хэрхэн яаж ойлгож мөрдөхийг хуулинд  тодорхой болгож, нийгэм соёлын эрхийг хуульчлах шаардлага байгаа нь харагддаг. Өнөөгийн нөхцөлд нүүдэлчин ахуй соёл, уламжлал гэх мэт нийгэм, соёлын эрхийг шүүхээр хамгаалах боломж хязгаарлагдмал байна. Олон улсын гэрээ, конвенцыг шүүх л хэрэглэхгүй бол өөр хэрэглэх вэ? Шүүгч үзэмжээр, өөрийн хязгаарлагдмал мэдлэг, хувь хүний байр сууринаас шийдвэр гаргаж байна”;  

Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Б.Баярмаа Ер нь шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бараг ярьдаггүй. Зөвхөн энэ байгууллага нэхэмжлэх эрхтэй юу гэдгийг л дахин дахин шалгаад байдаг. Тухайлбал шийдвэр гарсны дараа нэхэмжлэх эрхийг дахин шалгаад буцааж байх жишээтэй. Тэгвэл тухайн үед буруу шийдвэр гаргасан шүүгч яагаад хариуцлага  хүлээхгүй байгаа юм. Зөвхөн нэг шүүгчийн бус нийт шүүх, тогтолцооны ёс зүй, хариуцлагыг ярих хэрэгтэй болж байна гэсэн үг.  Арай гэж босгыг даваад хэрэг үүсгэсэн ч шийдэгдэхгүй маш их удна. Нэг талд нь ТББ, тэдний өмгөөлөгч нар санхүүжилт, цалингүй ажилласаар байдаг. Энэ чиглэлээр ажиллаж байгаа цөөхөн өмгөөлөгч нарын нийгмийн асуудал, нийтийн эрх өмгөөллийн санхүүжилтийн асуудлыг ч бас ярих хэрэгтэй”;  

Я.Цэрэнханд (Ангир нүдэн Мөндөөхэй ТББ): “Манай байгууллага 2015 онд нэхэмжлэл гаргаж ажилласан. Нэхэмжлэлийг 1 удаа буцааж улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийнхээ хуулбарыг авчирч өгөхийг шаардсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэр гарж, шийдвэр гүйцэтгэлээр хэрэгжсэн. Манай байгууллагын ажилласан өөр нэг хэрэг дээр Барилгын хөгжлийн төвийн магадлалыг эрх зүйн акт мөн, биш гэсэн маргаан гарсан. Мөн, бишийг нь шийдвэрлэж чадахгүй 7 жил маргаж байна”.   

Өмгөөлөгч Сайханаа (Говьсүмбэр аймаг): Шүүгчийн ёс зүй гэх юм уу, аашнаас болж анхан шатны шүүх хурлаа ч хийж чадалгүй 5 жил болж байна. Анх 2019 онд 6 иргэн нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нарын тоо нэмэгдсэн. Заримдаа шүүх ямар нэг үндэслэлгүйгээр буцаасан тохиолдол ч гарсан. Учир нь буцаасан үндэслэл нь хуулийн зүйл заалтыг хуулж бичээгүй гэсэн агуулгатай. Эндээс харахад энд хэдэн хүний ямар эрх ашиг хөндөгдөж байна гэхээс илүү яаж буцаах вэ гэдэг дээр л төвлөрдөг. Шүүх хуралдаан ямар ч шалтгаан, үндэслэлгүйгээр хойшилдог. Хариуцагч байгууллагууд хугацаа авч, шийдэлгүй удаахын тулд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөө дахин дахин сольдог, өмгөөлөгч нар нь зөвхөн ингээд хойшлуулж өгснийхөө төлөө л сар бүр цалин авдаг. Хуулийг ингэж буруугаар ашиглаж байгаа эсэхийг шүүх шалгадаггүй. Нэг хүн өвчтэй, хуралтай гэхэд л хэзээ эдгэхийн гэж асуугаад л 14 хоног хойшлуулна. Өвчтэй эсэхийг ч шалгахгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “шүүх, арбитрын байгууллагууд шийдвэрлэх боломжтой бол түдгэлзүүлнэ гэж заасан.  Энэ үндэслэлээр  хэргийг 2 удаа түдгэлзүүлсэн. 2020 “Экүсора” компанийн Говьсүмбэр аймгийн Засаг даргыг эсрэг нэхэмжлэл гаргасныг шийдэх газар олдохгүй дамжиж явсаар  сүүлдээ Дундговьд шийдвэрлэхээр болж таарч байх шиг байна.  Харин манай нэхэмжлэлийг Засаг даргад холбогдох энэ хэргийг шийдвэрлэсний дараа шийднэ гээд түдгэлзүүлээд байгаа. Анх 2019 онд эхэлсэн хэрэг 12-13 хавтаст хэрэг болж зузаарсан ч одоо хүртэл шийдэгдээгүй байна. Энэ хооронд иргэд  зарим нь залхаж, өмгөөлөгч нь туйлдаж, хүч мөхөстөж байна,  тамирдаж байна. Үүний эсрэг нэхэмжлэгчийнхээ тоог нэмэх, олон нийтэд ойлгуулах ажил хийе гэтэл зардал мөнгөний асуудал гарна. Дарамт шахалт ч их байдаг. Манай хэрэг 800 иргэний ашиг сонирхолтой холбоотой.  Энэ хүмүүсээс өмгөөлөгч та буцахгүй юм байгаа биз дээ гэх мэтээр таарах болгондоо асууна. Компани уулзъя гэдэг, Засаг дарга гэр бүлийн гишүүдээр дамжуулж нөлөөлөх гэж оролдоно, энэ мэтээр өмгөөлөгчид их дарамт ирдэг”; 

Уранчимэг (Амьд хууль ТББ): “Шүүх хурлыг лайваар нээлттэй хийдэг болж, олон нийтийн хяналтад оруулах шаардлага байна. Учир нь шүүх хуралдаан дээр ярьсан, яригдсанаас илт эсрэг шийдвэр гаргадаг. Харин тиймээ, та нарын яриад байгаа юм зөв гээд л байгаа мөртөө эсрэг шийдвэр гаргадаг. Хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргачихаад та нар дахиад нэхэмжлэл гаргаад ороод ирээч гэж байсан тохиолдол бий. Хурлыг  олон нийтийн нүдэн дээр явуулбал энэ арилах боломжтой. Нөгөө талаар шүүгчдээ ч хамгаална.  Дээд шүүхийн хууль тайлбарлаж байгаа нь хууль тогтоогчоос илүү эрх мэдэлтэй мэт харагдаж байна” гэх зэргээр тохиолдож буй асуудал, бэрхшээлүүдийн талаар ярьцгаасан.

Shuux 2

Тэгвэл өнгөрсөн 4 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Дээд шүүх болон Нээлттэй нийгэм форумаас хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт дээрх төрийн бус байгууллагуудын нэгдсэн эвслээс төлөөллүүдээ оролцуулсан бөгөөд Улсын Дээд шүүхийн удирдлага болон шүүгчид, тус шүүхийн Захиргааны хэргийн танхим, иргэний хэргийн танхимын шүүгчид, Улсын Ерөнхий прокурорын газрын удирдлага болон прокурорууд, өмгөөлөгчдийн холбоо, өмгөөлөгчид, судлаачид оролцож тулгамдаж буй асуудлуудыг тал талаасаа тунгаан хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь “Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалтыг Улсын дээд шүүхээс тайлбарласан үндэслэл” сэдвээр, Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Д.Сарантуяа  “Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч Ө.Эрдэнэ-Очир нар “Төрийн бус байгууллага болон бусад этгээдээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад тулгарч буй асуудлууд” сэдвээр,  Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ч.Отгонбаатар “Өмгөөлөгч нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл хэлэлцүүлж, эдгээртэй холбоотойгоор оролцогсдын дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэв.

2020 оноос хойш Захиргааны хэргийн шүүхэд нийтийн эрх ашгийг төлөөлөн 159 нэхэмжлэл гаргаснаас 131-ыг нь шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Эдгээр нэхэмжлэлүүдийн 76 хувь буюу 125-ыг нь төрийн бус байгууллагууд гаргасан. Нэхэмжлэлүүдийг агуулга, төрлөөр нь авч үзвэл хүрээлэн буй орчинд үүссэн сөрөг нөлөөлөл, хохиролтой холбоотой нэхэмжлэл нэгдүгээрт эрэмблэгдэж байгаа. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шалтгаан үндэслэлийг авч үзвэл дүрмийн зорилгодоо нийцээгүй гэх шалтгаанаар (Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан үндэслэл) 34 нэхэмжлэлийг, дүрмэнд заасан зорилгынхоо дагуу 3-аас дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтгаанаар  (Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т заасан үндэслэл) 35 нэхэмжлэлийг тус тус хүлээн авч, хянан шийдвэрлэхээс татгалзсан гэсэн тоон үзүүлэлт гарсан байна. Гэвч эдгээрийн нарийн учир шалтгааныг өнгийж үзвэл шүүгчид хуулийн заалтыг зөрүүтэй хэрэглэх, тогтвортой үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоохын тулд нотлох баримт шаардахдаа төдийлөн шууд хамааралгүй зүйлийг шаардах, хуулийн заалтын агуулгаа хэтрүүлэн, гуйвуулж хэрэглэх зэрэг олон зөрчилтэй зүйлүүд илэрч байгааг хэлэлцүүлэгт оролцогч талууд харилцан хүлээн зөвшөөрч байв.

Мөн Прокурор нийтийн эрх ашгийг төлөөлөн 2020 оноос хойш шүүхэд 19 нэхэмжлэл гаргасны 34.7 хувь нь төрийн нэрийн өмнөөс, 24.7 хувь нь олон нийтийн эрх ашгийн өмнөөс гаргасан нэхэмжлэл байсан эдгээрийн дийлэнхийг шүүх хүлээн авахаас татгалзсан. Татгалзсан шалтгааныг шүүгчид тайлбарлахдаа Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд прокурын эрхийг өргөжүүлж оруулсан нэмэлт өөрчлөлт нь уг хуулийнхаа суурь үзэл баримтлалтай нийцээгүй, мөн Прокурорын тухай хуулийн зарим заалттай зөрчилдсөн гэх шалтаг гаргаж тайлбарлаж байсан боловч прокурорууд энэ тайлбарыг үгүйсгэж байв. Мөн дурьдсан хугацаанд өмгөөлөгчид нийтийн эрх ашгийг төлөөлж шүүхэд 10-аад нэхэмжлэл гаргасны мөн л дийлэнх олонхийг шүүх хүлээн авахаас татгалзсан нь Өмгөөллийн тухай хуулин дахь энэ эрхийг нээж өгсөн заалтыг, зохицуулах дагалдах журмыг батлаагүй гэх шалтгаантай байх аж.

Дээрх асуудлуудаар шүүгч Банзрагч (Улсын дээд шүүхийн шүүгч), Д.Мөнхтуяа (Улсын дээд шүүхийн шүүгч), Золзаяа (Улсын дээд шүүхийн шүүгч), Батсүрэн (Улсын дээд шүүхийн шүүгч), хуульч Лхагвабаяр, Эрдэнэ-Очир, Өмгөөлөгч Сарантуяа, Батчимэг, Эрдэнэ-очир, Энхжаргал (Өмгөөлөгчдийн холбооны гишүүд), Төрийн бус байгууллагын төлөөлөл У.Ганбаяр (Лантуун дохио ТББ), Г.Төрмөнх (“Ховдын толь сонин” ТББ), Энхжаргал (“Амьд хууль” ТББ), Д.Ганцогт (Буйр нуур, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн ТББ), П.Эрдэнэжаргал, Д.Эрдэнэчимэг нар (Нээлттэй нийгэм форум ТББ) гэх зэрэг хүмүүс тал талынхаа нийтлэг байр суурийг хамгаалан санал онолоо хэлцгээсэн юм.  

Ийнхүү иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, прокурор, өмгөөлөгчдөөс гаргасан нийтийн эрх ашгийг хамгаалах нэхэмжлэхүүдийн ихэнхийг шүүх хүлээн авахаас татгалзсан нь үнэн хэрэгтэй эрх зүйт, хууль зүйт нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилго агуулгатайгаа нийцэхгүй асуудал болж байна гэдэг дээр талууд үндсэндээ ижил байр сууринд нэгдэж, шалтгаан нөхцлүүдийг дахин нарийвчилж нягтлах, энэ чиглэлийн хэлэлцүүлэг зөвлөлдлөгүүдийг үргэлжлүүлэх, судалгаа хийлгэх улмаар тэдгээрээс гарсан дүгнэлтэнд үндэслэн хуулинд нэмэлт өөрчлөлт, эсвэл шинэчилсэн найруулга хийх, тусгайлсан хууль санаачилах гаргалгаануудын талаар дахин зөвлөлдөж, шийдэлд хүрэх шаардалагатай байна гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрснөөр уг асуудлыг зохистойгоор шийдэхэд тустай чухал алхам боллоо.        

shuux 3  shuux 4


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 3 =

Create Account



Log In Your Account