"Сутай"-д уулчид авирсны ойг "Сутайн бор"-ынхон санаачлан тэмдэглэв

By: Admin
2024-12-23
0
1236

Манай баг Мөнххайрханы Альпинад өндөрлөсний маргааш өдөр нь буюу 2017 оны VII.03-ний өдөр Тонхил сумандаа хүрэлцэн ирлээ. Бидэнтэй хамт МУҮХ-ноос 6 хүний бүрэлдэхүүнтэй баг, бусад холбоо, клубүүдээс 4 уулчин хамт ирцгээсэн юм. Мөн өдөртөө Төрийн тахилгат Мөнх цаст Сутай хайрханы өвөрт кэмп байгуулж хоноглоцгоов.Дээрх нэрэмжит авиралтад нийт 33 уулчин техник /18 уулчин/-ийн болон чөлөөт авиралт /15 уулчин/-ын замуудаар 2017.VII.04-ний өдөр амжилттай авирлаа. Оргилд нийт 32 уулчин хөл тавьсан. “Сутайн бор” клубээс техникийн авиралтад дараах тамирчид оролцов. Үүнд:
1. Г.Чимэд-ОчирУулын спортын мастер,багийн ахлагч
2. О.Олонбаяр
3. П.Дашдулам
4. Д.Хандсүрэн
5. Ж.Сэдэд
6. Х.БатсайханУулын спортын I зэрэгтэй
7. Б.ОдмандахУулын спортын I зэрэгтэй
8. Э.Ариунаа
9. Л.АлтанцэцэгУулын спортын мастер
10. Д.Болормаа
11. Х.Саранхөхөө нар тус тус амжилттай оролцлоо.
“Сутайн бор”клубээс Чөлөөт авиралтад дараах тамирчид оролцов. Үүнд:
1. Х.НямдооУулын спортын мастер,багийн ахлагч
2. А.Батсүх
3. Б.Баяндорж
4. Т.Отгонжав
5. Н.Сэлэнгэ
6. Б.Ариунбаяр
7. Н.Ганболд
8. О.Баттөр
9. Б.Насанжаргал
10. Д.Балдорж
11. Ц.Батхуяг нар тус тус амжилттай оролцлоо.
Монголын Уулчдын Үндэсний Холбооноос:
1. Дэд ерөнхийлөгч Б.Золжаргал
2. Ж.Мөнхдөл
3. Ч.Бат-эрдэнэ
4. Д.Батболд
5. Н.Батсайхан
6. Б.Ундрах нар амжилттай оролцов.Түүнчлэн Д.Энхбаатар,Б.Гэрэлт-Од,Б.Бат-Эрдэнэ,Д.Сэргэлэн /UB хайкинг клуб/ нар хамтран амжилттай оролцлоо. "Сутайн бор" клубээс 8 шинэ залуу тамирчин анх удаа өндөрийн авиралт хийлээ.Нэрэмжит авиралтад оролцсон бүх тамирчдад Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын БАТЛАМЖ гардуулсан юм.Цаг агаарын хувьд оргилд гарахтай зэрэгцэн цас орж,манан ихэссэн тул Чөлөөт авиралтыг шинэ замаар буулгав.

ТАХИЛГЫН ИХ ОВОО

Төрийн тахилгат мөнх цаст Сутай хайрханы Их тахилгын овоог Тонхил нутгийн зон олон энэ зун шинэчлэн тохижуулсан билээ. Миний бие хайрханы өвөр дахь кэмп байгуулахаар очих замдаа хэсэг нөхдийн хамт үлдэн Их овоог зорьлоо. Бид автохөсгөө дор үлдээгээд дээш алхлаа. Тонхилд нартай хуртай сайхан зун болж байгаа аж. Ягаан, шар, цагаан өнгийн цэцэгс хивс дэвссэн мэт алаглана. Анхилуун сайхан үнэр хамар сэнхийнэ. Их овоо өгсөх амны эхэнд 10 сайхан адуу тайван бэлчиж байхтай таарч хүн бүр ихэд билэгшээв. Өгссөөр Их овоонд 15-20 метр орчим ойртохтой зэрэгцэн олон лам хуврагууд бурхны ном айлдах чимээ чихэнд тод сонсогдлоо. Итгэсэнгүй гайхсаар дахин хэд алхтал чимээ тасарснаа дахин хүнгэнэлээ…Их овоог шинэчлэн засч тохижуулан нээх ёслолд лам нар төв орон нутгаас хэдхэн хоногийн өмнө хүрэлцэн ирж ном уншсэн билээ. Ая дан нь шингэж хоцров уу гэсэн бодол толгойд зурсхийв… Сайхан тохижуулжээ. Тойрч мөргөн залбирч адис авцгаалаа. Тэнгэр цэв цэлмэг. Дулаан зөөлөн салхи цэцэгсийн үнэр хамт авчирч хацар илбэнэ. Сутай хайрхан толинд тусах мэт тод харагдана. Сүү өргөлөө. Хүүтэйгээ хамт зураг татууллаа. Миний бие энэ удаагийн аялалын турш бага хүүгээ дагуулан хамт явсан юм. Хэрэв Та Их овоонд ирвэл Сутай хайханы оройг хамтад нь багтаасан зураг татуулж болно. Овооноос доош ногоон дэвсгэр мэт энгэр бэлчээр, зусландаа буусан айлуудын бөмбөгөр цагаан гэрүүд, сарлаг, хонь, ямаа адуун сүрэг идээшлэх нь гарын алган дээр байгаа мэт тод ойрхон үзэгдэх ажээ. Хайрханы бэлд түрүүлж хүрсэн уулчдын отог хэдэн зуугаар тоологдох хонь ямаан сүрэгтэй хаяа дэрлэн хамт эвсэг харагдах нь содон. Ер нь бүх зүйлс ер бусын сайхан хослол бүрдүүлдэг аж. Их овоонд зөгий олноор үүрлэсэн бололтой. Нүд эрээлжлэм цэцэгс, шинэхэн арц хүжний үнэр, нар төөнөсөн дулаахан өдөр… тэднийг цуглуулах нь арга ч үгүй бизээ.Дороос өгсөн зүглэх үед номын дуу болон сонсогдсоны учир энд байж. Маргааш нь биднийг тосохоор хайрханы бэлд ирсэн ахмад уулчдад энэ тухай дуулгавал “…зөгий үүрлэх сайн…” хэмээн билэгшээцгээж байлаа. Хайрханд өвөл нь цас багатай байсан тул энгэрийн нь цас багасчээ.Энэ нь бидний хувьд бол мөс ил гарсан гэсэн үг бөгөөд авиралтын зам амаргүй байх болно гэдгийг мэдрүүлж байлаа. Шөнө нь тогтуун сайхан цаг агаартай байв. Алдарт Сутайн бор морины хүндэтгэлийн хөшөөний нээлтэд зориулж МУҮХ-ноос Сутайн бор клубтэй хамтарсан авиралт хийсэн энэ удаагийн авиралтад нутгийн зон олон,сумын үе үеийн уулчид сэтгэл үнэхээр хангалуун үлдсэнийг онцлон тэмдэглэх учиртай билээ.

АМРАЛТЫН БАС АЖЛЫН ӨДӨР

Маргааш нь буюу 2017.VII.05-ны өдөр амралтын нэртэй ч тун ч завгүй ажлын өдөр байв. Сутайн бор клубын уулчид түр амсхийсний дараа тус тусын хариуцсан ажилд шамдлаа. Сумын төр,захиргааны байгууллагуудын хувьд ч мундахгүй их ажилтай байв. Сонгууль,сумын төвийн конторын засвар,хөшөөний нээлт,сумын наадмын бэлтгэл…гэх мэт хөвөрнө. Сумын төвийнхний ажил амьдрал гаднаас нь ажиглахад тайван өрнөх мэт атлаа зав чөлөөгүй үргэлжилсээр… Тамч, Бүс, Оргил болон Алтансоёмбо багуудын наадам, бусад арга хэмжээ зэрэг шахам тал талд зохиогдож буй мэдээ чимээ чих дэлсэнэ. Радио чанга яригчаар ”… таван ханатай,давхар бүрээстэй,цоохор гэр зарна… Сумын наадмын сурын харваанд оролцох хүмүүсийг бүртгэнэ…” гэх мэт олон төрлийн зар үе үе давталттай нэвтэрнэ. Манай клубийнхэн наадамд чамгүй сайн оролцдог ажээ. Г.Чимэд-Очирын уясан түрүү жилийн сумын наадмын аман хүзүү азарга , даага дээрхи наадмуудад түрүүлжээ. Б.Пүрэвжав сумын наадмын сурын харвааны аварга бөгөөд энэ жил цолоо ахиулах зорилготой байгаа бол Т.Раднаабазар бөхийн барилдаанд шинэ цолонд ойрхон байгаа гэнэ. Тамгийн газар болон төрийн албанд ажилладаг бусад уулчдын хувьд ч толгой өндийлгөх завгүй ажлын өдөр байв.
Сутайн бор клубын уулчдын санаачлагаар Сутайн бор морины хүндэтгэлийн хөшөөний нээлтэд зориулж сумын төвтэй хаяа нийлэн орших Ерэнхүүгийн оргил /д.т.д 2550м/-ын дэргэд нутгийн өнгөт цагаан чулуугаар “СУТАЙН БОР” гэсэн бичээс хийх ажил өглөөний 09 цагаас үдшийн 20 цаг хүртэл үргэлжилж амжилттай өндөрлөв. Алдарт сутайн бор морины хүндэтгэлийн хөшөөний нээлтэд клубын уулчдын хүндэтгэл,өргөн барьж буй нэгэн бэлэг!.
Энэхүү бичээс нь сумын төвөөс тод үзэгдэх бөгөөд үсгийн өндөр нь 6м, өргөн нь 3-3.5м, шилбэний өргөн 0.8м юм. Монгол гэрийн диаметрийн хэмжээг бэлэгдэж үсгийн өндөрийг тогтоожээ. Клубын уулчид нийт олон тонн жинтэй чулууг уут шуудайд хийж үүрч зөөсөн дөө. Бүтээн байгуулалтын энэхүү ажилд Х.Нямдоо, Х.Батсайхан, Б.Баяндорж, Б.Одмандах, П.Дашдулам, Д.Хандсүрэн, Ж.Сэдэд, Б.Насанжаргал, Н.Сэлэнгэ, Н.Ганболд, М.Пүрэвхүрэл, Т.Отгонжав, Д.Балдорж, Л.Алтанцэцэг, А.Батсүх нар идэвхтэй оролцлоо.

ЕРЭНХҮҮГИЙН ОРГИЛ

Дээр дурьдсанчлан Тонхил /д.т.д 2225м/ суманд Ерэнхүү/д.т.д 2550м/-гийн гэх нэртэй нэгэн оргил буй. Бяцхан түүх сөхвөл өдгөөгөөс 60 шахам жилийн тэртээ 1950-иад оны сүүлчээр Тонхилын дунд сургуулийн багш, сурагчдын дунд тус оргилыг эзлэх гүйлтийн тэмцээн зохиожээ. Уг уралдаанд тухайн үед сурагч хүү н.Рэнцэн түрүүлж,бага ангийн багш Д.Тогтох удаалж байжээ. Энэ үеэс эхлэн уг оргилыг Рэнцэнгийн оргил, Рэнцэнхүүгийн оргил, хожмоо Ерэнхүүгийн оргил хэмээн дуудаж хэвшжээ. Ерэнхүү гэдэг нь дуудахад хялбаршуулсан нэр юм байна. Сонирхолтой нь сүүлд буюу 2011 оны VI.01-ний өдөр Рэнцэн агсаны үр хүүхдүүд Тонхил суманд хүрэлцэн ирцгээж аавынхаа дурсгалд зориулж уг оргилыг эзлэх гүйлтийн уралдаан зохиоход Тонхил сумын дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч хүү Ц.Рэнцэндорж түрүүлжээ. Ижил нэртэй хоёр сурагч хүү түрүүлсэн байх юм. Энэ цагаас хойш нутгийнхан Ерэнхүү гэдэг нэрэнд бүр ч итгэл үнэмшилтэй болсон гэмээр санагдсан. Оргилыг отгон аварга Ц.Рэнцэндорж хүү Сутайн бор клубын тамирчин бөгөөд өндөр уул,спорт авиралтын төрлүүдээр хичээллэдэг. Батлан хамгаалахын их сургуулийг дүүргэсэн бөгөөд өдгөө Тонхил сумандаа ажиллаж амьдардаг юм. Энэ оргил өдгөө ч Сутайн бор клубын тамирчдын бэлтгэл хийх дуртай газрын нэг мөн билээ. Сумын төвийн айлуудтай хаяа залган оршдог тул ойр,Бэлээс оргил хүртэл 750-800 орчим метр зайтай хэдий ч ихэнх хэсэгтээ 70-75 градус орчим огцом налуутай тул хөл гарын зэрэг ажиллагаа шаарддаг юм. Амьсгал задлах,тэсвэрийн бэлтгэл хийхэд илүү тохиромжтой мэт санагдсан.Сумын төвөөс оргил эзлэх гүйлтийн тэмцээний зам ойролцоогоор 2 км орчим.

ЦАДИГ ТҮҮХИЙН ГЭРЧ
ЦАСТ СУТАЙН УНАГА
СУУТАЙ УУЛЫН САХИУС
СУТАЙН БОР ХҮЛЭГ

Тэртээ 1981 оны долоодугаар сарын зургааны өдөр буюу өдгөөгөөс 36 жилийн өмнө Тонхил сумын Сутай клубын Ш.Мөнхбаатар тэргүүтэй 13 уулчин алдарт Сутайн бор морийг Сутай хайрханы оргилд авч гарсан түүхтэй билээ. Энэхүү авиралтын үнэ цэнэ цагийн уртад улам тодорсоор буй нь гүнзгий утга агуулгатай. Учир нь энэ авиралт Монгол ахуйгаас салшгүй холбоотой уул ус,эх дэлхийгээ хайрлан хүндэтгэх үзэл санааны тод бөгөөд өвөрмөц илэрхийлэл болж түүхэнд үлдсэн юм. Монгол хүний тэр тусмаа Тонхилын үе үеийн уулчдын хайр хүндлэлийг ямагт татсаар ирсэн хүлэг бол Сутайн бор билээ. Хүндэтгэлийн хөшөөний нээлтэд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгийн газар болон нутгийн иргэд,хэвлэл мэдээлэлийн байгууллагын төлөөлөгчид өргөнөөр оролцлоо. Сутайн бор клубын уулчид нэрэмжит авиралтын талаар аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзоригт рапорт өгөв. Ахмад уулчдыг төлөөлж уулын спортын мастер Ш.Мөнхбаатар,МУҮХ-г төлөөлж миний бие болон Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж нар үг хэлэв. Сумын ардын авьяастнууд ая дууны мялаалга өргөж,авьяаслаг сурагч багачуудын морин хуурын чуулга ая дууны эгшигээ хурсан олонд өргөн барилаа. Хүндэтгэлийн хөшөөг “Далай инженер групп”-ын Ерөнхий захирал П.Бат-Оч ивээн тэтгэжээ. Туршлагатай авьяаслаг уран бүтээлчдийн багийг Р.Ганхуяг ахалсан бөгөөд тэдэнд Богд уул судлаач Т.Баасан гуай зөвлөсөн байна.
Анхны багийн 13 уулчнаас өдгөө 12 уулчин амьд сэрүүн буй бөгөөд тэд Сутайн бор морины хөшөөний бүтээлгийг нээх торгон агшинд дор бүрнээ залбирцгаан үг хэлж үл чадан, нулимс бөмбөрүүлэн ширтэцгээнэ. Монгол хүн морь хоёр үггүй ойлголцдог аж. Юутай их хүндлэл, биесээ хүлээсэн тэвчээр гээч нь энэ вэ?!. Монгол оронд морины хөшөө олон буй ч уулын морины анхны бөгөөд цор ганц хөшөө ийнхүү Тонхил сумын төвд сүндэрлэлээ. Алдарт Сутайн бор хүлэгийн дүрийг хайрханд авч гарах тэр л үеийн эмээл, жолоо, туурайнд нь гараар урлаж бэхэлсэн тусгай тахны хамт чадварлаг урлажээ. Хайрханы оргил дээр авахуулсан фото зургийн эхийг ашигласан гэнэ. Тухайн үед уулчид нэгдлийн удирдлагаас хайрханд морь авч гарах зөвшөөрлийг бичгээр шийтгүүлэн аваад нэгдлийн адуучин Э.Хуланд ханджээ. Залуу,зүрх зориг сайтай,номхон хүлэг өгөхийг хүссэн гэдэг. Э.Хулан адуучны үр хүүхдүүд өдгөө ч Сутайн бор клубтэй холбоотой байдаг бөгөөд энэхүү нээлтийн ёслолд ая дуугаа өргөн барьсан юм. Ингээд есөн настай бор морийг сонгон авч уяа сойлгыг нь тааруулж,багагүй хугацааг ардаа үдсэн гэдэг. Багийн гишүүд бор морийг уях,тах хэрэгсэл гараар урлаж бэлдэх болон бусад олон төрлийн бэлтгэл ажлын ард хамтын хүчээр гарч чадсан байна. Сонирхуулахад ахмад уулчин, багийн гишүүн С.Галсан гуайн хүү Г.Чимэд-Очир тухайн үед дунд сургуулийн сурагч байхдаа Сутайн бор морийг адгуулахад аавдаа тус дэм болон хариулж байсан аж.Өдгөө тэрбээр клубын Гүйцэтгэх захирал,уулын спортын мастер цолтой нэгэн. Ахмад уулчид маань бор морио хөшөөнд амьд мэт адилхан дурслэгдсэнд сэтгэл нь ихэд өөдрөг сайхан буйгаа бүгд санал нэгтэй хүүрнэж байлаа. Бор морио санан дурсах уулчдын сэтгэл ийн дэвтэвээ!.
Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг уулчдын сэтгэл хөдлөм нэгэн шийдвэр гаргаснаа хурсан олонд дуулгалаа.Энэ бол ахмад уулчин,уулын спортын мастер, аймгийн заан, анхны багийн гишүүн С.Галсан гуайд “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” цол олгосон тухай шийдвэр байв.Хурсан олон удтал алга ташиж талархан хүлээн авав. С.Галсан гуай болон түүний багийнхан хосгүй бас ижилгүй амжилтын эзэд мөн билээ.Алдарт Сутайн бор хүлэг уясан эзнээ аймгийн алдарт уяач болгосон түүх ийм бөлгөө. Өнөөдөр Тонхил сумын наадам эхэлж байгаа билээ. Та бүхэн сайхан наадаарай.


Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”клубын Удирдах Зөвлөлийн гишүүн А.Батсүх PhD

Улаанбаатар
2017.07.08

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 1 =

Create Account



Log In Your Account