"Их Алтай" олон улсын их наадам тэнхлэгээ бүтэн эргэв

By: Admin
2024-12-23
0
1996

- Их Алтай Россия - 2019 олон улсын аялал жуулчлалын спортын фестивалаас хийсэн сурвалжилсан тэмдэглэл - 

Алтайн хязгаар дахь Барнаул хотын улсын их сургуульд багшлахын зэрэгцээ бараг л  Ховд аймгийн хойд хөрштэй харилцах харилцааг зохицуулан суух Дэлэгнямын Нямаа багш маань хамт ажилладаг Орос нөхдийн хамт биднийг Алтайн сууринд /Алтайск/ тосож угтан, цааш дагуулав. Хүрэх газрын барааг харах хараахан болоогүй, магад хагас өдөржийн зайтай явах үес үдшийн бүрий нөмрөн, улмаар харанхуй өтгөрч, дагуулж явсан нөхөд маань явах замаа гарцаагүй сайн мэдэхгүй байгаа бололтой, хэдэнтээ эргэж хургасны эцэст Белокуриха хотын нэгтээ байх хүүхдийн амралтын газарт биднийг хонуулаад маргааш өглөө нь Элстэйн голд (Песчанная река) хүргэхээр болжээ. Тэгээд маргааш нь эргэн тойронд нь хараа барааны  зайтай хөглөрөн ногоорох уулс, хавцалын ам, нугачааг харуулдах мэт налайн дуниартах Солоныский тосгоноос хөтөч, замчлагчаа солин, зарим ачаа бараагаа ачааны машинд тавиад цааш хөдлөв. Шинэ Зеланд улсаас фестивалд оролцохоор ирсэн гэх өндөр дохигор шар нөхрийн хамт бидний машинд орж суусан янхигардуу шар хүүхэн цаашаа зам зааж, харин Барнаулын их сургуулийнхан маань маргааш араас чинь очно гээд үлдэцгээлээ. Нямаа багш маань байран газар руугаа буцсан болохоор тосгоноос цааш багийнхандаа хэлмэрчлэх үүрэг надад тохогдов. 2017 онд өмнөд Чуйн нурууны ноен оргил, Алтайн нуруун дахь өндөр уулын спорт аяллын төв гэгдэх Актру хайрханд авирах хэргээр Чуйн хөндийгөөр зорчсоноос хойш хилийн дээс алхаж, өдгөөгийн “Орос Алтай”-д хөл тавилгүй жил хагасыг үджээ.  Тэр чигээрээ ой модоор бүтсэн гэмээр хөглөгөр ногоон уулс алсад сунайн үргэлжилж, эргэн тойрон хуш модоор голчилсон салхины зурвасаар (салхинаас хамгаалах) хүрээлэн эмжсэн тариалангийн талбай хивс мэт алаглана. Орос тосгоны дундуур зорчин ахуйд эртний гэмээр төрхтэй хашаа, модон байшингууд бүхий өргөн гудамж дунд дэгнийсэн өндөр биетэй, урт хүзүүтэй улаан хээр морь (тоомсог) аргамжааны олсоо тойрон толгой хаялна. Тэрүүхэнд холгүй морин тэрэгтэй хоёр хүн зөрөг даган сажлуулна. Тариалангийн талбайгаар жижиг оврын улаан трактор хүнгэнүүлэн давхина. Төдөлгүй бид Шекийн хавцал гэгдэх хоёр талаараа битүү модтой уулс бүхий урт хавцлын аманд хүрч, том том, хад чулуу бүхий шаварархаг замаар түгчлүүлэн, уулын түргэн урсгалт голыг хөвөөлөн өгсөж эхлэв.

 “Алтай бид бүгдийн орон гэр” олон улсын хөтөлбөрийн хүрээнд хоёр жил тутамд явагддаг “Их Алтай” аялал жуулчиллын спортын наадам 2019 оны 6 сарын 07-оос 15-ны өдрүүдэд ОХУ-ын Алтайн хязгаар дахь Смоленск мужийн нутаг дэвсгэр Шекийн хавцал, Элстэйн гол (Песчайнная река), Белокуриха аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдахаар бэлэн болсны дагуу бид уг фестивальд оролцохоор зорьж яваа нь энэ.

Багийн бүрэлдэхүүнд Ч.Сүхбаатар (СМ, багийн ахлагч), Т.Гүррагчаа (МУ-ын гавъяат уулчин, ОУХМ, багийн дасгалжуулагч), Х.Бямбасүрэн (СМ, уулчин), Д.Мөнх-Эрдэнэ (СМ, авирагч), Ц.Баярхүү (усчин, аврагч), Д.Мянганбаатар (тамирчин, аврагч), Б.Цэнд-Аюуш (багийн эмэгтэй тамирчин), Э.Уламбаяр (тамирчин, СМ), Энхтөр (жолооч) болон миний бие багтаж яваа.      

Бидний оролцохоор яваа аялал жуулчиллын спортын наадмыг анх “Алтай бидний бүгдийн орон гэр” олон улсын санаачлагын хүрээнд ОХУ-ын Алтайн хязгаарын холбогдох байгууллага, хүмүүс санаачилсан бөгөөд хоёр жил тутамд Их Алтайн нурууг дамнан орших улс орнуудын нутаг дэвсгэрт ээлжлэн явагдаж, ОХУ, Монгол улс, Хятад, Казакстан улсын баг тамирчид тогтмол оролцож ирсэн байдаг. Тэрбээр 2013 онд Монгол улсын баруун хязгаар Ховд аймгийн нутаг дахь Шижигтэйн хавцалд, 2015 онд БНХАУ-ын Шинжаан Уйгарын ӨЗО-ны Алтай аймгийн нутаг дэвсгэр Хөх тохойд, 2017 онд Дорнод Казакстаны нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан бол энэ удаад ОХУ-ын Алтайн хязгаарт зохиогдох ээлж таарсан хэрэг.

Тосгоноос цааш 10-аад км-т хавцлын бартаат замаар сэгсчүүлсээр Элстэйн голын (Песчанная) хөвөөн дэх фестивалын үндсэн лагер байралсан газарт хүрч, зохион байгуулагчдаар заалган,  гортиг татсан хэсэгт майхан, саваа босгож төвхнөөд, хооллож, тэмцээний төрөл тус бүр дээр тамирчдаа бүртгүүлэх гэх мэт ажлууд өрнөв. Лагер дээр хэдийн ирж байрласан олон улсын баг тамирчдын майхнууд голын сав дахь уйтхан хөндийд алаглан жирийж, тэдгээрийн дунд шовгор оройтой дөрвөлжин даавуун асар бүхий хоёр үндсэн штабын байрыг байршуулжээ. Мөн лагерийн дунд нийтийн угаагуурууд, бие засах газрууд, халуун усанд орох газар (ванн, саун) хэд хэдэн том асар, цэргийн зориулалтын халуун тогоо, бусад төхөөрөмж хэрэгсэл, сав суулгуудаас бүрдсэн хээрийн нөхцөл дэх нийтийн гал тогоо зэргийг байр зайг нь олон төвхнүүлж, ажиллагсад нь гар хумхих завгүй хөдлөж буй бололтой. Биднийг төвхнөөд удаагүй байтал гурван орос охин хүрэлцэн ирж, хөтөлбөр зохион байгуулалт, лагерийн журам дэглэм, анхаарах зүйлсийн талаар тайлбарлан таниулаад, фестивалийн туршид  манай багтаа хамт байх тухайгаа хэлсэн нь уг фестивалийн зохион байгуулалтын дагуу манай багийг хариуцан ажиллахаар томилогдсон Барнаулын улсын их сургуулийн Хэл, соёл, Аялал жуулчиллын ангийн дадлагажигч оюутнууд аж. Үүнээс хойш үнэхээр л тэд маань цаг тутам шахуу биднийг эргэж тойрч, мэдээлэл өгөн, зохион байгуулалтай холбоотой тайлбар таниулгыг хийсээр байсан юм.   

Энэ удаагийн фестивальд ОХУ-ын Алтайн хязгаар, Чемаль муж, Алтайн Бүгд Найрамдах улсаас нийтдээ 10 баг, Монголоос 1 баг, Дорнод Казакстанаас 2 баг, БНХАУ-аас 2 баг, мөн Беларус, Шинэ Зеланд улсаас тамирчин сонирхогчид, Алтайн хязгаарын олон хот, тосгодоос сайн дурынхан, сонирхогчид оролцохоор иржээ. Тэмцээний албан ёсны мэдүүлэгтэй багуудын тамирчдад Фестивалийн таних тэмдэг бүхий цагаан путболк, цагаан малгай, зохион байгуулагчдад улаан шар өнгийн цамц, малгай, шүүгчдэд шар өнгийн путболк хантааз, сайн дурынханд ногоон цамц, малгай, тэрчлэн баг тус бүрийн ахлагч болон дасгалжуулагчдад улаан өнгийн бугуйвч, бүх тамирчдад хувийн дугаар бүхий ногоон өнгийн бугуйвчийг тавьж олгожээ. Усан завийн уралдаан зэрэг зарим төрлийн тэмцээнд оролцогчдод тусгай дугаар бүхий майкийг мөн олгохоор бэлтгэсэн аж.     

6 сарын 09-ны өдрөөс эхлэн, авто, мото уралдаан, агаарын нислэгийн спорт, рафтинг буюу усан завийн спортын багийн (зургаан хүнтэй) болон ганцаарчилсан (нэг хүнтэй), мөн хосын  (хоёр хүний) төрлүүдээр богино, уртын зайн уралдаанууд, хадны авиралтын сонирхогчдын болон мэргэжлийн төрөл, скайранинг буюу уулын гүйлт, хурд, авхаалж самбаа сорьсон экстрем буюу адал явдалт спортын нийлмэл төрөл (комбинирования), мөн адал явдалт нийлмэл спортын мэргэжлийн төрөл, уулын алхалт, дугуйн спорт, загасчлалын спорт, олс таталт, Алтайн хязгаарын ард түмний үндэсний спортын төрөл болох куреш бөх, бухаша тартыс буюу хүч сорих тэмцээн, бай онох тэмцээн гэсэн спортын олон төрөл тэмцээн уралдаанууд хөтөлбөрийн дагуу явагдаж, орой бүр зохион байгуулагчид болон шүүгчдийн зөвлөл зөвлөлдөн, дараа дараагийн өдөрт явагдах тэмцээн уралдаануудын нарийвчилсан зохион байгуулалт, үнэлгээний систем, цаг цэг, бусад зүйлсийг яв цав тохирч байлаа. Зөвлөлгөөнд баг бүрээс нэгээс доошгүй төлөөллийг (багийн ахлагч, эсвэл дасгалжуулагчийг, Оросоос бусад орнуудын хувь орчуулагчын хамт) заавал оролцуулж байсан юм. Өдөр бүрийн тэмцээн, уралдаантай зэрэгцээд урлаг, соёлын хөтөлбөрүүд ч тогтмол явагдаж байлаа.

Фестивалийн зохион байгуулалтын тухайд ихэд хянуур, нямбай төлөвлөж бэлтгэсэн нь бүхий л зүйл дээр мэдрэгдэж байв. Тухайлахад ОХУ-ын Алтайн хязгаараас оролцож байгаа баг бүрт багийн гишүүдийн, тоо, урьдчилан мэдүүлсэн тамирчдын бүртгэл мэдүүлэг зэргээ ягштал баримтлаж, оролцогчид, зохион байгуулагчид, шүүгчид, сайн дурынханы байрлах газрыг тус тусад нь олгон, илүү дутуу хүмүүс хөлхөлдөх, замбараа алдах сэлтээс сэрэмжилж чадсан нь харагдаж байв. Түүнээс гадна үндэсний спортын төрлүүдэд оролцогч орны тамирчидын хэн нь ч  адил мэдүүлгээ өгч оролцох нээлттэй боломжийг бүрдүүлсэн байлаа.     

Нээлтийн үйл ажиллагаанд Алтайн хязгаарын Засгийн газрын орлогч дарга хийгээд Эдийн засаг, аялал жуулчлалын сайд Павел Детятов, Монгол улсын Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Борис Ларин  нар оролцож, нийт тамирчдад мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн.

Павел Дитятев хэлэхдээ “Бид харилцаа хамтын ажиллагаагааныхаа хөгжлийг эрчимжүүлж сайжруулах хүлээлт шаардлага байсаар байгаа. Өнөөдрийн энэ үйл явдал чухам энэ тал дээр аятай боломжийг авч ирж байна гэдэгт бид итгэлтэй байна. Алтайн нутаг маань бидний зүрхэнд үргэлжийн баялаг хийгээд өгөөмөр, үзэсгэлэнтэй сайхан дүр төрхөө шингээн мөнхжүүлсээр байдаг шиг энэхүү үйл ажиллагаанд Алтайн бүх ард түмний халуун сэтгэл, хүсэл зориг шингэсэн гэж бодно. Спортын наадам явагдах өдрүүдэд цаг агаар тааламжтай байж, бүгд хүссэн үр дүндээ хүрч амжилт үзүүлэх болтугай гэж ерөөе” гэсэн бол, Ноён Борис Ларин “Долоон жилийн өмнө энд Белокурихад залуучуудын аялал жуулчлалын спортын наадмын тухай шинэлэг сэдэл санаа дэвшүүлэгдэж, түүнийг Алтайн бүс нутгийн улс орнууд хийгээд хамтарсан зөвлөл санал нэгтэй дэмжиж байв. Харин өнөөдөр бид энд тэрхүү үйл ажиллагааг олон улсын буюу Алтайн бүсийн улс орнуудын түвшинд бүүр дөрвөнтээ зохион байгуулахаар чуулцгааж байна. Энд би нэгэнтээ “Алтай бидний бүгдийн гэр орон” олон улсын зохицуулах зөвлөлөөс дэвшүүлсэн “Алтай бол хуваагдашгүй нэгэн цул ард түмний өлгий нутаг юм” гэсэн тунхаглалыг дахин илэрхийлэхийг хүсэж байна. Бүгдэд сайн сайхныг хүсэж, дор бүрнээ хүссэн үр дүндээ хүрэх болтухай гэж ерөөе. Нарлаг сайхан өдрүүд үргэлжилж, наадам маань амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.  

Монгол улсын Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав: Спорт – аялал жуулчиллын анхдугаар их наадам Монгол улсад зохиогдож байх үеийн онцлог зүйлсийг тодруулаад, Алтайн бүсийн улс орнуудыг дамжин дөрөвдэх удаагаа болж буй энэ томоохон арга хэмжээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох шаардлагатай гэж үзсэн нь “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлөөс дэвшүүлж буй харилцан дэм түшигтэйгээр, хамтран хөгжиж, нэгдэл нягтралыг эрхэмлэх Монголчуудын хэлдгээр “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэсэн гүйн ухааны ухагдахууныг амьдрал хөгжилийн чиг хандлага болгох нь зүйтэй гэсэн дэвшилтэт баримтлалыг дэмжиж хүндэтгэсэн хэрэг гэдгээ илэрхийлсэн. Мөн фестивалийн нийт оролцогчдод амжилт хүсэж, зохион байгуулагчидад талархал дэвшүүлсэн юм.      

Тэмцээн уралдаанууд Смоленскийн болон Алтайн район Шекийн хавцал, Элстэйн гол болон “Белокуриха 1”, “Белокуриха 2” аялал жуулчлалын цогцолборуудыг дамжин зохион байгуулагдав. Үндсэн лагерээс өөр газарт болох тэмцээнүүдийн оролцогсдыг тухай бүр нь машинаар болон автобусаар зөөж, буцааж хүргэж байснаас гадна өдөр бүрийн тэмцээний зохион байгуулалт, холбогдох бүхий л асуудлыг урьд өдөр нь техникийн зөвлөгөөнөөр нарийвчилан хэлэлцэж, багуудад мэдээлэл өгч байв. Гадаад улсаас оролцсон багуудад тус бүрт нь зааварлагч томилсон, басхүү тухай бүрт нь тайлбар мэдээллээр үйлчилэх хүмүүсийг томилсон байсан нь гадаадын багуудад үлэмж дэм тустай зүйл байлаа.

Найман өдөр үргэлжилсэн энэхүү наадмын нийлбэр дүнгээр Барнаул хот дахь Алтайн улсын их сургуулийн баг тэргүүлж, мөн Алтайн хязгаарын “Улаан од” (Красная звезда) баг, (Хятадын баг хамтран) дэд байрыг, Дорнот Казакстаны баг гутгаар байрыг эзэлсэн Монголын оролцогчдын хувьд хадны авиралтын төрлөөр Д.Мөнх-Эрдэнэ, Куреш бөхийн нэмэх 90 кг-ын жинд Э.Уламбаяр нар мөнгөн медаль, Мөн бай онох төрлөөр Д.Мянганбаатар, Э.Уламбаяр нар хүрэл медаль хүртэж, скайранинг буюу уулын гүйлтийн төрөлд Г.Төрмөнх, Д.Мянганбаатар нар 100 гаруй гүйгчээс эхний гучид багтсан тэрчлэн рафтинг, болон экстрем спортын нийлмэл төрөлд багаараа идэвхтэй оролцсон юм. Рафтинг буюу усан завийн төрөлд манай багийнхан их төлөв туршлага нимгэн хүмүүс орсон ба багийн ахлагч Онцгой байдлын аврагч Ц.Баярхүүгийн багаа ахалж оролцсон хүчин зүтгэлийг онцлох нь зүй.  Фестивалийн урьдчилсан удирдамжанд альпанизм буюу уулын спортын төрлүүд байгаа гэж бичсэн байсан тул багийн бүрэлдэнхүүнд орсон манай уулчид өндөр уулын авиралтын хурд, техник, онол арга зүйн тэмцээн явагдах байх хэмээн хэрэглэл багаж сэлтээ авч явсан юм. Учир нь "Их Алтай" спортын наадам 2013 онд Монголд болоход Цамбагарав хайрханд олон улсын өндрийн авиралтын тэмцээн зохиогдож байсан билээ. Гэвч Их Алтай Россия-2019 фестивалийн хувьд өндрийн авиралт хийх 4000 метрээс дээш өндөр бүхий мөстлөгт уулсаас хэт алслагдсан газар оршдогоос ийм тэмцээн зохиох боломжгүй байсан бололтой. Харин түүний оронд хадны авиралт, скайранинг буюу уулын гүйлт, уулын треверс алхалт, (буухиа алхалт)-ын тэмцээнүүд зохион байгуулагдсан. Эдгээр нь мөнхүү сонирхолтой байсныг дурьдах хэрэгтэй.    

Спортын наадмын угтал үед хийгээд, газар дээр нь очсоны дараа тэмцээн уралдааны туршид ажиглагдсан зүйл, сэтгэлд үлдсэн сэдэл санаа, эрэгцүүлэмж сэлтээс заримыг дурьдвал юуны өмнө энэхүү үйл ажиллагаанд урьдаас зохион байгуулалттай бэлтгэх тухайд хайхрамж муутайхан хандсан тал бий. Юу гэвэл спортын их наадмын ерөнхий удирдамж бүүр 4 сарын эхээр аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох ажил хариуцсан хүмүүст ирсэн байсан авч, орчуулж, удирдлагуудад танилцуулах, тодорхой шийдэл гаргах гэх мэт ажлуудын аль нь ч хийгдэхгүй байсаар  5 сар гаргасан байдаг. 4 дүгээр сарын сүүлчээр уг Их наадмыг хэрхэн зохион байгуулах тухай зөвлөлдөх уулзалт болоход Ховд аймгаас ЗДТГ-ын нэгэн хэлтсийн дарга, мөн Аялал жуулчлалын холбооны тэргүүн нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс очиж оролцсон боловч, ирээд л таг мартаж орхисон бололтой. 5 сарын 10-дын үеэр Барнаулд суугаа Д.Нямаа багш над руу холбогдож, Барнаулд зөвлөгөөнд оролцсон дарга нарыг олж уулзаад, хэрхэн оролцох гэж байгаа, баг бүрэлдэхүүн, бусад бэлтгэл нь бэлэн болсон эсэхийг мэдээд хариу өгөөдөхөөч, мэдүүлэг хүлээн авах хугацаа тулчихсан гээд Оросын зохион байгуулагчдаас шаардаад байна хэмээн гэнэтхэн шахамдуулав. Мөнөөх дарга нартай хөөцөлдөхийн зэрэгцээ, аймгийн Спортын газарт мэдээлэл хүргэж, бас бус сонирхож болох холбогдох газар хүмүүст дуулгах зэргээр наана, цаана болсоор, тэд ч яв цав, тодорхой тоймтой шийдэл гаргахгүй байсаар зургаан сар гарав. Яг явдагийн өмнөх өдөр Аялал жуулчлалын холбооны тэргүүн Амарсанаа гуайн хамт ЗДТГ-ын дарга болон аймгийн Засаг даргыг хөдөө ажлаас ирмэгц нь анаж уулзаж, учрыг тайлбарласан маань сая бүтэлтэй болж, Засаг дарга ч ач холбогдол өгч, өөрийн биеэр нээлтэнд нь оролцох, баг тамирчдыг яаралтай бэлэн болгох талаар тохирон, зардал мөнгөний асуудлыг газар дээр нь шийдсэнээр тийн зам шулуудсан юм. Ийм давчуу шийдэл гарч, яаруу түргэн хөдөлсний үр урхаг нь мэдээж бэлтгэл тааруу баг бүрэлдэхүүнийг оролцуулахад хүрсэн.

2013 онд “Их Алтай” фестиваль өөрийн аймгийн нутагт болох үед мөн оролцож, дараа дараагийн удаад юун дээр анхаарвал зохих, хөгжүүлэхийн тулд яаж ажиллавал таарах талаар ажиглалт, бодол дүгнэлтээ тусгасан нийтлэл бичин, олны хүртээл болгож байсан боловч, онлайн, цахим, дижитал, цэнхэр дэлгэцийн үсрэнгүй хөгжилд нэвтэрсэн тухай ам уралдуулж, сайрхах дуртай манай уншигчдын ой санаанаанаас нэгэнт арчигдсан, бас зарим нь ер ойшоож үзэлгүй хөсөр орхисон биз ээ гэх хүлцэнгүй бодолтойгоо эвлэрэсхийгээд өнгөрөв.

Барнаулд болсон урьдчилсан зөвлөгөөний үеэр Ховд аймаг тус бүр 10 хүн бүхий 2 баг оролцуулах эрх авсан боловч, нэг багийг л чуу, ай бүрдүүлж явсан болохоор  тэмцээний нийт 20-иод төрлөөс тэн хагасд нь л оролцож таарсан. Хэдийгээр тамирчдын хувийн амжилт боломжийн байсан ч дээрх шалтгааны улмаас багийн үзүүлэлт ихэд доошлов. Түүний дээр оролцохоор бүртгүүлсэн байсан спортын 4 төрөлдөө оролцохгүйгээр яаран буцах шийдлийг багийн зарим нөлөө бүхий нөхөд гаргаж, тэмцээнийг дуусахаас 2 өдрийн өмнө орхисон нь тэндээс хангалттай сайн мэдээлэл авч, анализ хийх боломжийг бас хязгаарлав.

Авто, болон мото (ралли) уралдаан, агаарын нислэг (моторт шүхрээр нисэх) усан завийн уралдааны төрлүүд, ялангуяа рафтингийн ганчаарчилсан төрөл, загасчлал, зүг чиг баримжаалах тэмцээн, нийлмэл төрлийн мэргэжлийн ангилал зэрэгт манай аймгийн хувьд бэлтгэгдсэн нь бүү хэл сонирхож хичээллдэг хүмүүс байгаа эсэх нь ер тодорхойгүй байгааг ч энд дурьдах нь зүй. Хоер жилийн дараа бүх төрөлд биш юмаа гэхэд ядаж ихэнхэд нь баг тамирчидаа оролцуулах хэмжээний болохсон.    

Тэнд байх хугацаанд фестивалийн Ерөнхий зохион байгуулагч Сергеев Антоноос бэлтгэл ажил хэрхэн хийгдсэн талаар асуухад 2017 онд Казакстанд болсон, өмнөх Их наадмын дараагаас л төлөвлөлт, бэлтгэл зохион байгуулалтын ажлууд системтэйгээр хийгдэж ирсэн тухай үгүүлсэн нь нэгийг сануулна. 2021 онд эл наадам ээлж ёсоороо манайд зохион байгуулагдана. Тэр үед нөгөө л байдгаараа цагт нь тулгаад яарч, сандардаг шигээ хандвал бүтэлтэй юм болохгүй гэдгийг онцлохыг хүсэв. Тэрчилэн зохион байгуулалт, мөнгө санхүү, хураамж, орлого, зарлагатай холбоотой урьдаас бодлоготой хандаж, олон улсын түвшинд хэлэлцээрийн ширээнд суух асуудлууд ч бишгүй гэдгийг гадарлаж байгаа болов уу гэж санана.

Дашрамдуулаад дурьдахад аялал жуулчлалын буюу адал явдалт экстрем спортыг хөгжүүлэх асуудал хүн амын тэр тусмаа залуу хойч үеийн олон талт хөгжлийн нэн чухал өгөгдхүүн гэдгийг улс орнууд хэдийнээс олж хараад, бодлоготой системтэйгээр хөгжүүлж эхэлжээ. Гэвч манайхан төдий л хайхрахгүй хэвээр. 2015 онд бидний хэдэн нөхөд, Хан “Алтайн Бүргэдүүд” уулчдын клуб болон “Ховд аймгийн Экстрем спортын холбоо” хамтран Аймгийн хэмжээнд хэрэгжидэг спортын “Аврага” хөтөлбөрийн агуулга цар хүрээг илүү дэлгэрүүлж, ирээдүйг угтан харсан бодлого нэвтрүүлэн, энэхүү адал явдалт экстрем спорт буюу аялал жуулчлалын чиглэлийн, эко спорт туризмыг хөгжүүлэх үзэл санаа, бодлого төлөвлөлтийг тусган хэрэгжүүлэх санал өргөн барьсан боловч, удирдлага захиргааны байгууллагын холбогдох ажил хариуцсан нөхөд ер ойлгохгүй байгаа дүр үзүүлсээр, аажимдаа дарагдан мартагдах тийш хандсан. Одоо түүнийг  сэргээн дэвшүүлвээс огтхон ч хуучраагүй билээ.

Энэ мэтийг яншин улиглах аядсан маань дараа дараагийн ажил үйлсэд хэрэг болох болуужин гэснээс юм. Одоо үүнийг түр орхиод фестивалийн үеэр улс орнуудын төлөөлөгчид, зохион байгуулагчид, тамирчидтай уулзаж, яриа хөөрөө өрнүүлэх үед тэдний ярьсан зарим нэг зүйлийг сонирхуулъя.

Тэрбээр фестивалийн ерөнхий зохион байгуулагч Сергеев Антонтой товч төдий хөөрөлдсөнөөс цохолборлон толилуулбал:  

-Таны хувьд энэхүү фестивалийн анх санаачагчдын нэг. Түүнээс  хойш 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулгдаж байна. Тэгэхээр энэ удаагийн фестивалийн талаар таны сэтгэгдэл ямар байгааг сонсоё гэж бодлоо.

- Энэ удаагийн фестивалийн талаар сэтгэгдэл ер нь баялаг байна. Дундын болон холын зайн төрлийн уулын гүйлт, алхалтууд, уулын аялал, үндэсний спорт болох бухаша тартыс, бас олс таталт, загасчиллын спорт гээд бусад орны оролцогчдын хувьд шинэлэг байж болох спортын төрлүүдийг энд онцолмоор байна. Эдгээр нь сонирхолтой хийгээд багагүй ололттой зүйл болж байна.

- Энэ томоохон үйл ажллагааг зохион байгуулахын тулд төдий хэр томоохон бэлтгэл ажил хийгдсэн байж таарна. Энэ талаараа ярихгүй юу?

- Тэгэлгүй яахав. Үндсэндээ хоёр жилийн туршид бэлтгэл ажил хийгдсэн. Үүний үр дүнд фестиваль болохын өмнөхөн бид лагерийг амжилттай байгуулж чадсан. Лагерь байгуулахад шаардагатай, материал, эд зүйл, хэрэглэлүүдийг олон км-ын алсаас тээвэрлэж авч ирж, тэмцээнүүдийг зохион байгуулах 4 хэсэг талбарыг хоорондоо багагүй хол зайтай газруудад засаж бэлэн болгосон. Түүнээс гадна ёслол хүндэтгэлийн арга хэмжээ явуулахад шаардлагатай талбар зэргийг оролцуулбал 5-6 газрыг фестивальд зориулан байгуулж, засаж бэлтгэх гээд их ажил хийгдсэн.

- Тэмцээн зохион байгуулагдаж байгаа энэ газрыг сонгож авахдаа ямар шинж байдлыг нь гол болгож, ямар шалгуураар сонгосон бэ?

- Песченная река (Элстэйн гол) хэмээх энэ газрын хувьд уулын түргэн урсгалт хэрнээ өргөн голтой, бас эгц, цавчим хавцал, өндөрлөгүүдтэй голын хөвөөгөөр өндөр модод ургасан зэрэг юуны өмнө спорт туризмын төрлийн, тухайлбал гол дээгүүр татлага олсоор дамжиж гарах, уулын эрс ар өөд мөн олсоор гарч, буух зэрэгт шаардлагатай талбарыг бэлтгэж, зохион байгуулахад тохиромжтой, дээрээс нь хадны авиралтын стандартад нийцэхүйц хадтай, завины олон төрлийн тэмцээн зохион байгуулахад тохиромжтой болохыг анзаарсан. Тэгээд эдгээр бүхий л төрлүүдийг энэ газар дээр урьдчилан туршиж үзсэнээр нөхцөлийг бүрэн хангаж байна гэж үзээд сонгож авсан.

- Монголд фестиваль зохион байгуулагдах үед юун дээр илүү анхаараасай гэж та бодож байна?

- Монголчууд маань урьд нь энэ фестивалийг өөрийн орондоо зохион байгуулаад тодорхой туршлагатай болчихсон. Байгаль газарзүйн хувьд бүх боломж нь бүрдсэн, бас бус асуудлаар ч тохиромжтой гэж үзэж байна. Тиймээс ямар нэг хүндрэлтэй зүйл бараг байхгүй гэж бодож байна” гэсэн юм.

Мөн  ОХУ-ын Алтайн хязгаарын Аялал жуулчлалын спортын хэрэг эрхлэх газрын дарга Танкова Марина хэлэхдээ: “Алтай бидний бүгдийн гэр олон улсын зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд 2012-оос энэхүү фестивалийг санаачилж, анхдугаар наадмыг Монгол улсын баруун хязгаарт зохион байгуулах үеэс Алтайн хязгаарын Засгийн газар, мөн манай байгууллага, бусад спортын холбоод зохион байгуулалтын тал дээр хамтран ажиллаж ирсэн. Алтайн нурууг тойрон оршдог 4 гол улсын түвшинд 2 жил тутамд ээлжлэн зохиогдохоор төлөвлөгдсөн энэ үйл ажиллагаа маань өдгөө нэг бүтэн цикл орчил эргэлт хийгээд дуусаж байна. 2021 онд Монголд болох наадам маань 2 дахь циклийг эхлүүлнэ гэсэн үг. Монгол, Хятад, Казакстан улсуудад зохиогдоход тухайн улс орон бүр их сэтгэл зүтгэл гаргаж, зохион байгуулалтыг өндөр түвшинд болгохын төлөө ажиллаж байсныг тэмдэглэж хэлэх ёстой. Энэ удаагийн фестиваль маань өмнөхүүдээсээ сургамж, туршлага хуримтлуулж, шинэ, шинэ өнгө төрхийг ч нэвтрүүлж чадлаа гэж бодож байна. Юуны өмнө Монгол, Хятад, Казакстаны оролцогчид маань уламжлал ёсоороо хүрэлцэн ирсэнд их баяртай байна. Тэмцээний төрлүүд улам өргөжиж, оролцогчдын цар хүрээ ч нэмэгдэж байна. Дараагийн фестивальд оролцогчдын маань туршлага ур чадвар улам ахиж, харилцаа хамтын ажиллагаа маань баяжин, “Алтайн их гэр бүл”-ийн нэгдэл нягтрал бэхжсээр байх болно” гэсэн.      

Оролцогчид хийгээд холбогдох хүмүүсийн сэтгэгдэлийг сонсоход ч сонирхолтой байх нь магад. Зохион байгуулах багийн гишүүн Анна Худякова сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Миний хувьд  өмнө нь Хятад, Казакстан улсад болсон фестивальд оролцож ажиллаж байсан. Одоо өөрийн эх оронд болж байгаа энэ фестивалийн зохион байгуулалт дээр мөн ажиллаж байна. Энэ фестивалын нэг сайхан боломж бол Алтайн бүсийн улс орнуудын төлөөлүүд маань хоорондоо танилцаж, нөхөрлөж, анд нөхөр болцгоох  нь нээлттэй байгаа явдал. Аялал жуулчлалын гэгдэх спортын наадам болж буй энэ өдрүүдэд байгаль цаг уур тохиромжтой, олон улс орны оролцогчид маань бие биендээ дэмжиж туслаж, нөхөрлөх боломжийг бүрдүүлсэн сайхан өдрүүд үргэлжилж байна. Түүнчилэн уулын болон хадны спортууд, усан дээр завиар уралдах төрлүүд, үндэсний спортууд гээд маш олон сонирхолтой төрлүүдээр сонирхолтой тэмцээнүүд өрнөж байгаа нь тааламжтай байна” гэсэн бол “Их Алтай” фестивалийн ерөнхий нарийн бичгийн дарга Наталья Кошкина хэлэхдээ “Би энэ фестивалийг санаачилж зохион байгуулж эхлэх үеэс нь 2013 онд Монголд, 2015 онд Хятадад, 2017 онд Казакстанд, одоо ОХУ-д зохион байгуулагдахад бүгдэд нь ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Фестиваль маань үндсэндээ Алтайн бүсийн болон эргэн тойрон дахь улс орнуудын нөхөрлөл, нэгдэл нягтралын хөдөлгөөн юм. Манай Алтайн хязгаарт болж байгаа энэ удаагийн фестивальд юуны өмнө Монголын баг хүрэлцэн ирсэнд баяртай байна. Түүнчлэн Казакстан, Хятадын оролцогчид багаараа хүрэлцэн ирж оролцож байгаад сэтгэл өндөр байна. Бүх оролцогчиддоо болон Их Алтайгаа тойрон оршдог улс орнуудынхаа ард олон мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсье гэсэн.

Хятадын багийн ахлагчын санал бодлыг сонсоход “Хятадын баг энэ фестивалийг анхлан зохион байгуулагдах үеэс нь буюу 2013 оноос эхлэн Алтайн бүсийн бусад улс орнуудын багуудын адил өдгөө дөрөв дэх удаагаа оролцож байна. Бидний хувьд энэ удаагийн фестивальд шинэ бүрэлдэхүүнээр ирсэн. Тэр тусмаа оролцогчид маань бусад улс орнуудын олон шинэ нөхөдтэй танилцаж нөхөрлөх боломжтой болж байгаа нь сонирхолтой байна. Тэрчлэн зохион байгуулж буй Оросын баг болон бусад оролцогчдод талархал илэрхийлье. Монголд болох дараагийн фестиваль мөн адил сонирхолтой сайхан болно гэдэгт найдаж байна” гэсэн. АБНУ-ын Горно-Алтайск хотын оролцогч  Акжина Александр “Фестиваль маш сонирхолтой сайхан болж байна. Миний хувьд анх удаа оролцож байгаа. Бусад улс орнуудын төлөөлөгчидтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болох боломжийг олгосон нь хамгийн сонирхолтой байна. Манай багийн хувьд спортын бүхий л төрлүүдэд боломжийн амжилттай оролцож, байгаадаа сэтгэл өндөр байна. Эндхийн байгалийн байдал, бас цаг агаар гээд бүх зүйл их аятайхан байлаа. Ер нь фесьтивал маш сонирхолтой байлаа. Олон улс орны залуус хоорондоо харилцаж, нэгэн хамт олон шиг нөхөрлөлийг бий болгоно гэдэг сайхан хэрэг. Тэр дундаа Монголын төлөөлөгчидтэй танилцсандаа баяртай байна. Танай сувгаар дамжуулаад бүх Монголчуудад мэндчилгээ дэвшүүлье гэв.

Алтайн хязгаарын Бийск хотын оролцогч Кошлева Марина нар (Юнарий багийн охидууд) хэлэхдээ “Бидэнд их таалагдаж байна. Ийм сайхан байгалийн эко орчинд болж байгаа тэмцээн уралдаануудад багууд маань чадварлаг, фестивалийн зохион байгуулалт нь боловсронгуй юм. Энд бид шинэ танилууд, шинэ найз нөхөд, шинэлэг сэдэл санаа сэтгэгдлийг олж авч байна. Бидний тэр бүр сонсоогүй мэддэггүй байсан спортын шинэ төрлүүдийг ч энд мэдэж авч байгаа нь их сонирхолтой байна. Зарим төрлүүд нь бас эрсдэлтэй баймаар санагдаж байгаа ч ер нь бол сонирхолтой тал нь илүү давамгайлж байна. Өөр бас хамгийн сонирхолтой зүйл гэвэл манай оронд Монгол, Хятад,Казакстаны төлөөлөгчид зочид маань зочилж, тэдэнтэй танилцах боломж олдож байгаа явдал байна. Бас урьд спортын олон сонирхолтой төрлүүдийг харж мэдэрч, заримыг нь туршиж суралцах боломж олдож байгаа нь их сонирхолтой байна. Тиймээ бид эндээс олон зүйлийг мэдэж авлаа. Дараагийн удаад багаараа дахин оролцоно гэж бодож байна. Бид үндсэндээ гурав дахь удаагаа сонирхогчоор оролцож байна. Бидний хувьд сайн дурын буюу сонирхогчын түвшинд оролцож байгаа юм. Фестиваль хэрхэн өрнөж байгааг үзэж сонирхох, зохион байгуулалтын үйл ажиллагаанд туслах, зорилгоор гэх үү дээ. Яг үндсэн оролцогч тамирчид биш. Гэхдээ фестиваль бидний сонирхолыг маш их татаж байгаа. Фестивалийн гол агуулга нь залуучууд өсвөр үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, бас олон улс орны оролцогч төлөөллүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, нэгдэл нягтралыг дэмжих явдал гэж бодож байна хэмээсэн.

Зохион байгуулах багийн гишүүн Барнаулын улсын их сургуулийн оюутан Настя “Өнөөдөр бид энд гэгээлэг мөрөөдөл, итгэл найдварыг тээж, фестивальд оролцоцгоож байна. Фестиваль маань жилээс жилд улам сонирхолтой сайхан болно гэж бодож байна. Энэ үйл явдал бидний хүсэл зоригийг нэгтгэж байгаа нь хамгаас онцлууштай нь юм. Бид дараа нь Монголд болох фестивальд заавал очно гэж бодож байна. Дараа баяртай уулзахын ерөөл өргөе” гэж байлаа.   

2013 онд Монголд зохиогдсон фестивалийн дараа бичиж нийтлүүлсэн нийтлэл маань өдгөө миний өмнө байна. Тэрбээр “Их Алтайн имижийг бүрдүүлэхийн төлөө” гэсэн гарчиг өгчээ.   Их Алтай бол хэзээ язаанаас Монголчуудын өвөг дээдсийн сүслэн дээдлэж ирсэн Хан Алтай, Хатан Алтай, Зүүн гарын Алтай, Илийн Алтай, Хүнгээн Алтай, Таласын Алтай, Говийн Алтай, Дархан Алтай, Дээрхийн Алтай... гэх зэрэг  Алтайн арван гурван том нурууны цогц нэгдэл. Мөн эдгээрүүд бараг бүхэлдээ Монголчуудын эртний өвөг дээдсийн өлгий нутаг билээ. 2013 оны анхдугаар наадмын үед энэхүү санаачлагын зорилгыг тодорхойлохдоо олон улсын адал явдалт спорт болон аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд Их Алтайн “имиж”-ийг (онцлог) бүрдүүлэх, хил дамнасан хамтын ажиллагааны түншлэл, олон улсын залуучууд, тамирчдын нөхөрлөлийг хөгжүүлж бэхжүүлэх, тамирчдын ур чадварыг сайжруулж, норм, зэрэг дэвийг ахиулах, эрүүл аж төрөх ёсыг сурталчилах хэмээн томьеолж байжээ. Тэгээд өнөөдрийн түвшинээс харахад онцлог /имиж/ нь хэдэнтээ хэлбэржиж, өнгө төрхөө олсон гэж бодно. Харин одоо 2021 оны үйл ажиллагаанд эртнээс бодолтой бэлтгэх явдал өмнө маань сорилт болон хүлээж байна.   

Хиргис Г.ТӨРМӨНХ

2019 оны 6 сарын 13- 20 Алтайн хязгаар, Ховд хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 5 =

Create Account



Log In Your Account