Судлаачид, уулчид хамтран цахим хэлэлцүүлэг өрнүүлэв

By: Admin
2024-12-23
0
2086

12 дугаар сарын 11-ны олон улсын уулын өдрийг тохиолдуулан, Уул спортын Сутайн бор клуб, тус клубын ерөнхийлөгч, Монгол уулчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх нар санаачилж, баруун таван аймгийн уулчид болон Монголиан экспедишн компани зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан,  мөн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн,  Монгол улсын Боловсролын их сургуулийн зарим судлаачидтай хамтарсан цахим хэлэлцүүлэг зохион байгуулав.

Цахим хэлэлцүүлэгт Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын ус судлалын хэлтсийн дарга, доктор Х.Пүрэвдагва, Монгол улсын боловсролын их сургуулийн Биологийн тэнхимийн багш судлаач, доктор В.Гүндэгмаа нар “Монгол Алтайн нурууны мөстлөгийн судалгаа”, “Монгол Алтайн нурууны ургамлын судалгаа” гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, оролцогсод тэдгээртэй холбоотой асуултууд асууж, хариулт авахын зэрэгцээ, уур амьсгалын дулааралт, үйлдвэржилтийн нөлөө, хүлэмжийн хийн ялгаралтын улмаас, сүүлийн жилүүдэд түрцтэй нэмэгдэж буй өндөр уулын бүсийн мөстлөгийн хайлалт, хөрсний бүтцийн өөрчлөлт, ургамлын төрөл зүйлүүд ховордох, зарим ховор ургамал устаж, үгүй болох үзэгдлүүд ажиглагдах болсон зэрэг таагүй хүчин зүйлүүдээс хэрхэн сэргийлэх, цаашид ямар байдлаар хамтран ажиллаж болох талаар санал солилцож, чөлөөтэй ярилцсан юм.

Оролцогсод энэ чиглэлээр цаашид хамтран ажиллаж, өндөр бүсийн уур амьсгал, ургамал газар зүйн төлөв байдал, түүний өөрчлөлт хувирлын судалгаанд тал талаасаа дэм тусаа нэгтгэх, энэ үүсгэл санаачилгыг байнгын системтэй үйл ажиллагаа болгож хөгжүүлэх, ярилцсан асуудлуудаар уриалга, зөвлөмж гаргаж, зорилтот хэсгүүд болон ажил хариуцсан холбогдох байгууллага, газруудад хүргүүлэх, цаашид бодлогын нөлөөлөл явуулах бэлтгэл ажлуудад шамдах талаар санал нэгдэв.

Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн төвөөс Алтай таван богд уулын мөстлөгийн хил хүртэл засмал зам тавих ажлыг хэрэгжүүлнэ гэж байгаа нь байгаль хамгаалал, биологийн олон янз байдлын унаган төрхийг хадгалах, мөнхүү эко болон этно  аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдсэн  бодлогын үүднээс шаадлагагүй ач, холбогдолгүй санаачилга гэдэг тухайд оролцогчид санал нэгдэж, энэ  талаар тухайн асуудлыг хариуцсан эрх бүхий газарт санал хүргүүлэх, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч нөлөөлөл явуулах шаардлагатай гэж үзсэн.

Уг хэлэлцүүлэгт Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн уулчдын клуб, уулчдын төлөөллүүд Монголиан экспедишн компаний удирдлага, Сутайн бор клубын ерөнхийлөгч, мөн судлаачид оролцсон юм.  

                                                                                                                                                                                                                             Г.Төрмөнх    

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 9 =

Create Account



Log In Your Account