"Халзан бүрэгтэй" - асуудал, "Хууль бус ашиглалтын “лиценз”-ийг хамгаалах хуйвалдаан"

By: Admin
2024-12-22
0
2647

                                                                                                                                                 (Цуврал 6)

2012-2014 онд Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэйн газрын ховор елементийн орд газарт явагдаж байсан үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн жилүүдэд үүсээд байсан нөхцөл байдал, уг шалтгаааны талаар 5 цуврал нийтлэлийг бэлтгэн уншигчдад хүргэсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотой сүүлийн үед 2021-2022 онд ямар нөхцөл байдал бий болоод байгааг дахин судлаж, нийтлэлийг үргэлжлүүлэн, 6, 7 дахь цувралыг бэлтгэснийг уншигч та бүхэнд толилуулж байна.                     XZ 1  

          “Алтай бидний шүтээн” төрийн бус байгууллагаас тухайн үед байсан аймгийн Засаг дарга, болон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт таван зүйлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардсан,  үндэслэл тайлбар бүхий шаардлага хүргүүлснээс хойш хэдэн сарын дараа, зуны сар гарахын үед Халзан бүрэгтэйд хайгуул өрөмдлөгийн ажил хийж байсан “Монголиан нэшнл рийр ийрт корп” компанийхан өрөмдлөгийн анги байр орон, техник тоног төхөөрөмжөө аваад уван цуван уг газрыг орхив. Түүнээс хойш хайгуулын ажлаа дахиж үргэлжлүүлсэнгүй. “Алтай бидний шүтээн” төрийн бус байгууллагынхан болон сум, орон нутгийнхны өрнүүлсэн тэмцэл үр дүнгээ өгсөн хэрэг. Мэдээжийн хэрэг хамгийн ноцтой асуудал нь өрөмдлөгийг цааш үргэлжлүүлэх тусам тухайн газраас ялгарч алдагдаж байсан уран, торий буюу цацраг идэвхт бодисын идэвхжил аюул дагуулах нь тодорхой байсан хэрэг. Түүнээс гадна өөрийн зардлаар бөөн эрсдэл бий болгон, өрөмдлөг хайгуулын ажлыг хийж дуусгалаа гэхэд залгуулаад ашиглалт, олборлолт явуулах арга зам нь тодорхой бус, энэ талын төлөв байдал нь үндсэндээ мухардмал байснаас болсон байх.

            Төрийн бус байгууллага болон олон нийтийн хөдөлгөөний шахалт, шаардлагаар 2013 оны 4 дүгээр сард явагдсан олон талын оролцоот хэлэлцүүлэг дээр “Монголиан нэшнл рийр ийрт корп” компаний гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ аймгийн удирдлагын ойлголт, байрь суурийг ажигласныхаа дараа хэлэлцүүлэгт оролцогсдод хандаж мэдээлэл өгөхдөө “Манай компани Халзан бүрэгтэйд эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт, ашиглалт явуулах тухайд бол ямар ч төсөөлөлгүй байгаа. Би өөрөө энэ чиглэлийн мэргэжилтэй, газрын ховор элементийн  талаар зохих түвшинд судалгаа хийсэн хүн. Өнөөгийн нөхцөлд газрын ховор элементийг олборлох технологийн шийдэл манай улсад бий болоогүй. Австрали зэрэг улсын тухайн чиглэлийн технологийг миний бие судалж үзэж байсан. Үйлдвэрлэлийн процесс нь маш өндөр өртөгтэй, нарийн арга технологоор явагддаг. Тэдгээрийг одоо бид нэвтрүүлэх боломжийг нээгээгүй байна. Тэгэхээр тухайн газарт үйлдвэр байгуулаад, олборлолт хийгээд, аймагтай гэрээ байгуулаад, татвар төлөөд, аймгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулаад явчихна гэдэг бол хийсвэр хүлээлт болно. Миний хувьдаа ажиглаж, дүгнэж байгаагаар энэ төсөл маань зогсож ч магадгүй” гэж байсан нь нэгийг үгүүлнэ.

            Мөнхүү үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Эко суваг” телевизийн сэтгүүлчид Улаанбаатараас тухайн газарт зорьж очин, эх сурвалжуудтай уулзаж, олон талын мэдээлэл цуглуулж, сайтар судалсны үндсэн дээр 2014 онд хоёр цуврал нэвтрүүлэг бэлтгэн, нийтэд хүргэсэн. Уг нэвтрүүлгээр Мянгад сумын иргэдийн санаачилгаар үүсэн бий болсон хөдөлгөөнд оролцогсод, сумын иргэд олон түмэн, “Алтай бидний шүтээн” төрийн бус байгууллагынхны эсэргүүцэл тэмцлийг бодитоогоор харуулан, холбогдох бүх баримт мэдээллүүдийг дэлгэсэн нь чухал ач холбогдолтой зүйл болсон юм. Нэвтрүүлгийн хоёр дахь цувралаар Монгол орон дахь газрын ховор элемент тэр тусмаа Халзан бүрэгтэйн ордод судалгаа хийж байсан эрдэмтэд, судлаачдын үг яриаг нэвтрүүлсэн хийгээд 1990-ээд онд, хуучнаар ЗХУ-ын геологч А.С.Минины удирдлаган дор явагдаж байсан Халзан бүрэгтэйн газрын ховор элементийг судлах эрлийн шатны ажилд оролцон ажилласан аналитик химич, доктор Б.Цэндээ, тухайн үед 2013 онд Монгол Улсын их сургуулийн Улаанбаатар их  сургуулийн химийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан доктор, профессор Ж.Оюун нар уг ордын судалгааны төлөв байдал, мөн сөрөг үр дагавар, нэн ялангуяа газрын ховор элементүүдийг дагалдсан уран торий, цацраг идэвхт бодис, цацраг туяаны аюулын талаар сайтар тайлбарлан ярьсан, тэрчлэн Ж.Оюун профессор Халзан бүрэгтэй уулын 4 цэгт түүн дотроо Цахир уулын хэсэгт уран торийн агууламж нэн их байгаа гэдгийг тодорхой хэлсэн нь компанийхан болоод уг компаний эздүүд, аймаг, орон нутгийн удирдлага, албан тушаалтнууд, тодорхой нарийн мэдээлэлгүй атлаа, баялаг ухаж ирээдүйд их ашиг олно хэмээн сохроор шунан тэмүүлэгсдэд дорвитой ойлголт, мэдээлэл өгч, сэрэмжлүүлсэн зүйл болсон гэж боддог бөгөөд компани үйл ажиллагаагаа даруй зогсооход уг нэвтрүүлэг, мөн сонины цуврал нийтлэлүүдээс гадна дээр үгүүлсэн хүчин зүйлүүд нөлөөлсөн нь магад юм.

            Шар нунтаг буюу уран торийн аюулын тухай хөндсөн дашрамыг ашиглан энэ тухай шинжлэх ухааны  тайлбар, тэрчлэн тэнгэр дээдсээс буулгасан айлдвараас цухсыг эшлэн толилуулья. “...Мендлеевийн үелэх систем дэх 82-оос дээш дугаартай химийн эементүүд бүгд цацраг идэвхтэй. Цацраг идэвхт бодисоос альфа, ветта, гамма гэсэн гурван төрлийн цацраг цацрах бөгөөд аль ч цацрагийн хувьд хүн, амьтан зэрэг амьд зүйлийн биеийг нэвтлэх явцдаа эсийн доторх нарийн нийлмэл бүтэцтэй уураг, РНХ, ДНХ-ийн молекулуудын хоорондын тусгай холбоосыг тасалснаар эсийг гэмтээдэг. Байгальд уран болон торийгоос цацраг ялгарах бөгөөд энэ нь хамгийн аюултай цацраг. Цацраг туяанд өртөж гэмтсэн эсүүд хорт хавдрыг үүсгэдэг. Эхийн хэвлийд бойжиж буй урагт цацраг туяа нөлөөлснөөр элдэв гаж хөгжилтэй хүүхдүүд төрдөг ба ихэнх нь цаашид амьдрах чадваргүй учир зулбаж үрэгддэг” /”Оршихуйн зургаан тив” судар 20 дахь тал/    

            “...Өнөө цагт уран буюу нунтаг шарыг цахилгаан эрчим үүсгэхэд зориулан газрын хөрсөн дороос гаргаж ирж байна. Энэ эрчим өөрөөсөө халууныг ялгаруулж, халууных нь хэмийг хувирган өөрчилснөөр тэрхүү цахилгаан эрчмийг үүсгэж байна. Тэгтэл энэхүү газрын доор байх учиртай  нунтаг шарыг дээш хөрсөн дээр гаргаснаар зарим цэцэгс ургахаа больж, зарим өвс ногоодын шим нь бүрэлдэхээ больж уршиг нь илэрч байна. Дэлхий ээжийн дотор халуун буюу дэлхий ээж өөрөө оршин тогтнох учиртай хэм нь алдагдаж байна. Хүмүүс та нарын биеийн захаар орших цусны судсууд агшвал цусны гүйдэл саарч, бүрэн эргэлддэггүйн адил дэлхий газрын дотор хэм нь багасан буурснаас байгальд өвс ногоо ургахаа болихоос гадна хөрсний дотоод давхрагуудаар шүүгдэн дамнаж цэнгэг ус бүрэлдэх тэрхүү үйл явц ч саармагшина. Усны ундрагууд тэтгэгдэхээ болино...”, “...Цөмийн шаарыг буцааж хөрсөнд булсан бол 50, 60 жил өнгөрч байж дөнгөж хагас хугас нь задарна. Цаашлаад 100 жил, 1000 жилээр хороо үзүүлсээр байхуйц эрчмийг тэндээс ялгаруулна. Тэр газарт хөрсний шим байхгүй болж, өвс ногоо ургахгүй, хийсч бутарсан хуурай хөрс болж, уг хөрсөн дээр хур бороо ч буухгүй. Хэрвээ хур бороо асгаран бууж, тэр борооны ус хөрсөн дээгүүр урсан шингэлээ гэхэд урсаж шингэсэн хийгээд, ойр тойронд буй бүхнийг цацраг туяадын нөлөөнд автуулна, тэндэх гол мөрнүүд ширгэнэ...” /”Сүнс-сүнсний ертөнц” судрын 52-53 дахь тал/  гэсэн байна.

            Аюул эрсдлээс зайлсхийж, компани өөрөө хайгуул өрөмдлөгийг зогсоосон нь сайшаалтай ч гэсэн уг хайгуул өрөмдлөгийн ажил болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль бус асуудлуудыг цэгцлэх талаар арга хэмжээ авагдсангүй орхигдов. Тэрбээр хууль бусаар авсан ашиглалтын лиценз цуцлагдсангүй. Мянгад сумын таван багийн Иргэдийн нийтийн хурал болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2000 болон (2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4003А тоот), 2004 (2004 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 6911А тоот), 2007 онуудад (2007 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 12335А тоот) тус тус Монтем гэх компанид хууль зөрчин байж олгосон, улмаар “Монголиан нэшнл рийр ийрт корп” компанид 2011 оны 03 сарын 22-нд шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах, мөн Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийг өргөтгөх байдлаар Халзан бүрэгтэй уул, түүний орчим газрыг улсын тусгай хамгаалалтанд авахуулах тухай хүсэлтүүдийг уламжлах тогтоол гарган, сумын мянга гаруй иргэдийн гарын үсгийн хамт Ховд аймгийн ИТХ, Засаг дарга, Монгол Улсын УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар, мөн  Уул уурхайн яам, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд /тухайн үеийн нэршил/ 2014 онд хүргүүлсэн ба тэдгээрийн заримаас нь тухайлбал УИХ-ын нэр бүхий гишүүд, УИХ-ын Тамгын газар, Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэж хариу ирүүлсэн байдаг.

HZ2

HZ3

            Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн орд газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь мэдээжийн хэрэг илт хууль бус ажиллагаа байв. Юу гэвэл Ж.Мэндсайхан гэдэг нөхөр Монтем гэдэг компани байгуулаад, Халзан бүрэгтэйн орд газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтад нь авахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүсэлт өгснийг (хууль бус) уг зөвлөл зөвшөөрч, 2001, 2004 онуудад ашиглалтын лицензийг хууль бусаар (тусгай зөвшөөрөл) олгосон байдаг. Хууль бус гэдгийг нь нотлох баримтууд ч хангалттай байсан хийгээд 2012 онд аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгалтаар илрүүлээд, хууль бус ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Нямдаваа МХГ-ын улсын ахлах  байцаагчийн 2012 оны 21-05/003/675 дугаар дүгнэлт болон холбогдох баримт нотолгоог үндэслэн, БОНХ-ын яам, мөн Ашигт малтмалын газар, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс болон Эрдэс баялгийн  мэргэжлийн зөвлөлд 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1/774, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/1297,  2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1415 дугаар албан бичгүүдээрээ асуудал тавьж, хууль бус ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт хүргүүлж байв.

            Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д.”Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гээд, 25.1.5 -д хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хэмээн хавсаргах баримт  материалуудыг тодорхой зааж өгсөн, бас 26.2.3-д.хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг тогтоосон байх” гэдэг шаардлага тавигдсан байдаг. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг давхар, нэг дор олгохгүй бөгөөд, эхлээд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан этгээд хайгуулаа хийж дуусгаж, хайгуулын үр дүн нь тодорхой болж, ашигт малтмалын нөөц, газар зүйн болон байгаль экологийн төлөв байдал, эерэг, сөрөг хүчин зүйлс, болзошгүй аюул, түүнээс сэрэмжлэх арга замын талаар бүрэн судлагдан, тайлагнагдаж, уг тайлан нь батлагдсаны дараа тэрхүү тайланг үндэслэж, бас үүнээс гадна уг  хуулийн 25 дугаар зүйлийн 25-ын 1, 25-ын 2,  25-ын 6, 25-ын 7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан байж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдэх ёстой гэдэг нь дээрхээс тодорхой ойлгогдож байна.

            Гэтэл Монтем компанид 2001 оны 12 дугаар сарын 28, 2004 оны 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд тус тус  олгож,  улмаар Монголиан нэшнль рийр ийрт корп компанид шилжүүлсэн Халзан бүрэгтэй уулан дахь 6911А дугаартай, мөн уг газартай залгаа орших Ар хүрэн уулан дахь 12335А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хувьд хайгуулын үр дүнг тайлагнах нь байтугай, хайгуул хийж ч эхлээгүй байхдаа авсан нь хөдлөшгүй баримттай зүйл. Түүнчлэн Монголиан нэшнл рийр ийрт корп компани 2011-2015 онд Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн орд газарт хайгуул хийж байхдаа ч байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй байснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрлийг ч мөн хууль бусаар авсан байх магадлалтай. Тусгай зөвшөөрөл хууль бусаар авсан бол цуцлах тухай заалт уг хуулинд бий бөгөөд энэ нь мэдээжийн ойлгомжтой асуудал.

            Тэгтэл яагаад сум, баг орон нутгийн засаг захиргаа, ард иргэд, олон нийтийн хөдөлгөөн, төрийн бус байгууллага, аймгийн удирдлагаас удаа дараа асуудал тавиад байхад эрх бүхий байгууллагууд нь уг хууль бус тусгай зөвшөөрлийг цуцлахгүй, арга хэмжээ авахгүй дарагдуулсаар байна гэдэг нь огт ойлгомжгүйгээр барахгүй, ноцтой асуудал. Судлаж үзвээс “Монголиан нэшнл рийр ийрт корп” компани нь Худалдаа хөгжлийн банкны охин компани байх магадлалтай ажээ. Худалдаа хөгжлийн банкыг эзэмшдэг бүлэглэл олон тооны охин компани байгуулж, тэдгээр компануудийг ашиглан том том луйвар хийдгээрээ гаршсан тухай мэдээллүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр түгээгдэгийг уншигчид мэднэ. Ашигт малтмал, газрын тосны газрын архивт байгаа хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн бүртгэл дээр "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК-ны эзэмшигчийн хаяг нь ЭТӨ-19 Худалдаа хөгжлийн банкны төв байр 414 тоот, Товуудоржийн Даваа гэж байгаагаас үзэхэд уг компани нь Худалдаа хөгжлийн банкыг эзэмшигч эрхмүүдийнх байж магадгүй болж байгаа юм. 

                                                                                                                               Хиргис Г.ТӨРМӨНХ 

                                                                                                                             2022 оны 4 дүгээр сар. Ховд хот  

HZ4

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 9 =

Create Account



Log In Your Account