Дахин шинэтгэл ба Америк - Монгол түншлэл

By: Admin
2024-12-23
0
1712

Гадаадын тоймч манай улсын талаар

АНУ дахь “Дипломат” хэвлэлийн эхний нүүрэнд ойлгоход бэрх, хачин жигтэй гарчиг бүхий нэгэн бичвэр нийтлэгджээ. Юу гэвэл тэнд Монгол улс XXI зуунд олон улсын тавцанд өөрийн дүр төрхийг бий болгож, агуу шинэ  түүхийг бүтээнэ гэсэн агаад гэхдээ энэ нь өөрсдийнх нь хүчин чадал, нөөцөөр бий болох зүйл биш зөвхөн Вашингтоны зөвлөмж зааврыг Улаанбаатар хэрхэн мэдэрч, дагахаас л хамаарах зүйл гэсэн утгатай зүйл бичсэн байгаа юм. Зохиогч нь хэн бэ гэдгийг мэдэж ядах юмгүй. Энэ бол “Уиксгруп” гэх зөвлөх үйлчилгээний фирмийн дэд ерөнхийлөгч, Вашингтон дахь Жоржтауны их сургуулийн хууль, эрх зүйн төвийн дэд профессор Ронсверт Ганан Алмонд гэгчийн бичвэр. Тэр нэлээн эртнээс Ази, Европ, Ойрх дорнод, Африк, Америкийн улс орнуудын Засгийн газрын байгууллагуудад, олон улсын эрх зүйн асуудлаар зөвөлсөөр ирсэн. Эцэст нь түүний зөвлөгөөний үр дүнд Ойрх дорнод болон Хойд Африкийн газрын хэвлийг (газрын баялаг) эзэмшихийн төлөөх өргөн машстаб бүхий илэрхий “дайны үйл ажиллагаа” явагдах болсон юм.

Монголын нийслэл Улаанбаатар хотын өмнө захаар нэвт шувт урсаж өнгөрдөг Туул гол тэндээсээ баруунш эргэн, Орхонтуулын бүсийн цөм хэсэг болох Орхон голд цутгадаг ба улмаар байгаль нуурын сав хэсэг руу шурган, Байгаль нуурын гадагш урсгалаар дамжиж, эцэст нь хойт мөсөн далайд нийлнэ. Онон, Хэрлэн, Туул голуудын аль, аль нь Бурхан халдуны ариун дагшин оргилоос /Бурхан уул/ холгүй Хэнтийн нуруунаас эх авна. Монголын эртний уран зохиолын дурсгал “Нууц товчоо”-нд үгүүлэхдээ Тэмүчин Чингис хааны түүх Бурхан халдун уулнаа үүтэн бий болсноор барахгүй, энэ газар хэрэгтэй үед их байлдан дагуулагчийн  хоргодох байр нь болж, эцэст бие барах цагт нь шарил бунханыг нь хадгалах өлгий нь болсон гэдэг. Антропологич Жек Уэтерфордын үзсэнээр “Чингис хаан бол шалгарсан, гарамгай цэргийн жанжин, айдас хүйдэс төрүүлэгч, үндэстнийг төвхнүүлэгч, дээд хуулийг сахиулагч, чөлөөт шүтлэг, итгэл үнэмшлийг хамгаалагч, Төв Ази болон Европыг холбосон шинэ дипломат харилцааны суурийг тавьж, олон улсын худалдааг хөгжүүлэгч нэгэн”  байжээ. Монголын хаанчилал нь байнгын хуваагдмал, тархай бутархай байсан дэлхийн улсуудыг нэгэн жолоонд оруулж, эх газар хоорондын улс төр, арга ухаан, худалдааны нэгдсэн тогтолцоо, холбоо хэлхээг бий болгосон. Түүхч Эдвард Гиббоны үзсэнээр бол “Чингис хаан дэлхийн бөмөрцөгийг ганхуулж, шинэ дэг журмыг эхлүүлсэн”.

Тэгвэл өнөөгийн Монголын талаар авч үзье. Ирэх жил буюу 2021 онд Монгол улсад Ардын, ардчилсан хувьсгал ялсны 100 жилийн ой тохионо. Гэвч энэ тухайд тун даруухан, чимээ, имээгүй байдалтай байна. Үүнтэй зэрэгцээд тус улсын дотоодод болоод бүс нутгийн түвшинд гэнэтийн төвөгтэй зүйл босож ирсэн нь, мөнөөх бялангач Америкуудын санаагаар зохиож буй “дахин шинэтгэл” буюу “шинэ Монгол”-ын тухай үзэл, төсөөлөл юм. Монголыг АНУ-ын “дагуул” болгох, Энэтхэг- Номхондалайн бүсэд “чөлөөт, нээлттэй нийгэм байгуулах” гэгч энэ санааг хэрэгжүүлэхэд тулбал үй олон бэрхшээл, төвөг чирэгдлийг даван туулах болно. Хаана л байна Америкчуудийн гар сарвалзаж байдгийн нэг илрэл энэ ! Америкийн энэ санаа мэдээж Монголд бүтцийн хувьд маш төвөгтэй асуудлыг үүсгэнэ. Тухайлбал далайд гарцгүй, хүн амын хувьд харьцангуй цөөн буюу 3 сая хүн амтай зэрэг нь газар зүйн талаасаа анхдагч бэрхшээл болно. За тэгээд газрын болон агаарын орон зайн дахь импорт, экспорт нь тэр чигээрээ, ер нь Монгол хүмүүсийн сэтгэхүй, амьдралын хэвшлийн хувьд ч хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-аас түлхүү хамааралтай. Монголын төмөр замын үндсэн шугам болох “Транс-Монгол” төмөр зам нь Оросын хилээс Хятадын хойд болон өмнөдөд хүртэл 1100 км үргэлжлэнэ. Хятадууд олон жилийн турш түүнийг булаан эзэмших арга саам эрсээр буй. Монголын төмөр замын 51 хувь Оросын Засгийн газарт харьяалагддаг нь Америкчуудын санаагаар бол хөгжилд ихээхэн саад тотор болж буй. Монголын эдийн засгийн чухал хөдөлгүүрийн нэг болох Эрдэнэтийн зэс молибдений үйлдвэрийн хувьцааны 49 хувийг эзэмшиж байсан ОХУ 2016 онд энэ эзэмшлээ Монголд худалдсан. Гэлээ ч Монголын эдийн засгийн дийлэнх Москвагийн хяналтанд хэвээр байна. Тодруулбал Монголын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн 90 хувийг ОХУ-аас хангаж байна. Бусад салбарт ч мөн адил Оросын нөлөө нэлээд бий. Нийслэл Улаанбаатар хотоор хөндлөн гулд аялбаас дуурийн театраас гэрлэх ёслолын ордон, түүнчилэн социализмын үеийн чимэг зургаар дүүрэн, зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулагдсан Зайсан толгой хүртэл тэр чигээрээ Оросын соёлын түр төрхөөр амьсгална. Энэ бол Халхын гол дахь 1939 оны Зөвлөлт Монголын дайчдын хамтарсан ялалтын, 1945 онд Ази, Номхон далайн талбар дахь чөлөөлөх дайны хамтын ялалтын үр дүн, түүхийн асар их хал зовлонд хамтдаа хатуужин зовсон ард түмний нөхөрлөлийн амьд дурсгал гэдгийг Америкчууд ойлгодоггүй нь өрөвдөлтэй. 1939, 1945 онд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө Зөвлөлтчүүд тусалж, хамтран тэмцэж, Японы түрэмгийллийг бут ниргэж байхад Америк яагаад ч юм араар нь сууж үлдсэн. Тэрээр энэ талаар ер ганц үг ганхийдэггүй.     

“Америкийн зохиогч” бичихдээ “ардчилсан харилцааг бэхжүүлж буй түншлэгчиддээ талархаж байгаагаа илэрхийлээд, Япон, Өмнөд Солонгос мөн Монголыг бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд хамтарч буй гол түншүүд гэжээ. Ураны баялаг нөөцтэй Монгол улс л гэхэд Зүүн хойд Ази дахь цөмийн зэвсэгийг үл дэлгэрүүлэх үзэл санааг идэвхтэй дэмжигч хийгээд Хойд Солонгостой хэрхэн ойр харилцаатай байсан шигээ өмнөд Солонгостой мөн адил харилцаагаа улам зузаатгаж буй нь сайшаалтай. Улаанбаатарынхны хэрэглэж буй атомашинууд бараг бүхэлдээ Япон, Өмнөд Солонгосоос  импортлогддог, тэдгээр улсуудаас оруулсан үй олон автомашин Монголын нийслэлийг дүүргэдэг. Гэлээ гээд “нуль” ураны эх уурхай болсон энэ улс цөмийн зэвсгээс ямагт хол хөндий гэдгээ илэрхийлж, ураны эх уурхайгаа эзэмших эрмэлзлэлийг нэгэнтээ таягдан хаясан болохоор тэрхүү ураны нөөц нь АНУ-ын хэрэгцээнд ашиглагдах нь мэдээжийн хэрэг” гэсэн байгаа юм. Зохиогчийн санаагаар Монгол улс нь Вашингтоноос явуулж буй даяарчилах тунхагийг хэлбэржүүлэхэд өгөөш болон ашиглагдах учиртай, АНУ-ын нэн чухал гуравдагч түнш болох юм. Улаанбаатар дахь Вашингтоны сонирхол олон улсын талбар дээрх тэдний өөрсдийн зорилготой нь нэгдэж нийлж байх учиртай хийгээд АНУ-ын дэмжлэгтэйгээр Варшав дахь Парламент хоорондын байгууллагын (ардчиллын нийгэмлэг) дэд штабыг даргалах эрхийг Монголд улсад олгосон явдал ч бий. Түрүүхэн Варшавынхан АНУ-ын цэргийн хүчин 1945 оны нэгдүгээр сард Освенцимийн хорих лагерийг фашистуудаас чөлөөлсөн мэтээр дэлхийн хоёрдугаар дайны түүхэн баримтыг бүдүүлгээр гүтгэн гажуудуулсан зүйлд автав. Тэгээд тэр нь үгүйсгэгдэж, польшууд байх ёстой байрандаа буцсан. Мэдээж тэр бол далайн чанад дахь улс төрийн тоглоомын үр хаялга байсан. Харин одоо Америкчууд Ази-Номхон далайн бүсийн талбар дээр дэлхийн хоёрдугаар дайны түүхээр дахин тоглох гэж оролдох уу?

Монгол улс бас Өмнөд болон Дорнод Азийн эвслийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ-тай нэгэн өнгөөр дуугарч байгаагаа илэрхийлж, /АСЕН-н чуулганыг зохион байгуулан/ зохих түвшинд итгэл олж амжсан. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Энэтхэгийн болон Номхон далайн бүс дэх стратегийнхаа тухай ярьсан саяхны нэг илтгэлд “Монгол улс Хойд Солонгосын цөмийн салбар дахь баллистик пуужингийн хууль бус хөтөлбөрийн эсрэг АНУ-ын аюулгүйн зөвлөлийн явуулж буй практик үйл ажиллагаа хийгээд Америкын сонирхолтой нэгдмэл байгаа” гэсэн утгатай зүйл оржээ. Илтгэлд үгүүлэгдэж буй цаг үеийн тухайд Монгол улс Вашингтон болон Пхеньяны асуудлаар тэдний хоорондын харилцааг аль болох зөөлрүүлэх, хөнгөрүүлэхэд чиглэгдсэн үзэл хандлага баримтлах нь өөрт ашигтай гэж үзсэн байх. Өнгөрсөн жилүүдийн хувьд хоёр улсын талаарх Улаанбаатарын баримтлал болон харилцаанд хал багатай, төвөггүйхэн шиг байдал зонхилж байв. Азийн орнууд бүхэлдээ коммунизмаас ардчилалд бүрэн шилжиж, басхүү цөмийн зэвсэггүй бүсийн статуст нэгдсэн гэвч, Монголын хувьд АНУ, Хятад гэсэн том гүрнүүдийн харилцаан дахь төлөв байдлын аясыг харзнан, нүүдэл хийхийг хичээж байх шиг санагддаг. Ер нь, энэ нь ч аргагүй юм. Пхеньяны цөмийн пуужингийн цохилт Америкийг дөнгөхгүй нь магад хэмээн итгэсэн Монголчууд Америкад талтай хандаж, зуучлагчийн байр суурийг ч сонирхох нь аргагүй. Тэгтэл америк хүчтэй байлаа гээд Монголын улс төрийн бодлогод гуравдагч хөршийн байр суурь эзлэх нөхцөл хомс юм. Мэдээллийн нарийн ширийнийг хөөж үзвэл Монгол улс Москва болон Пекинд төвтэй Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүрэн эрхэт гишүүн болох шийдвэрээсээ буцаж байж магад гэх. Хэрэв тийм гэвээс энэ нь Вашингтон болон барууны хотуудын нөлөөнд автаж, тэдний ивээлд найдсан хэрэг байж таарна. Улмаар нөхцөл байдал ийм байдлаар өрнөнө гэж үзвэл Улаанбаатарын харилцаа Хятад улсын “Нэг бүс - нэг зам” санаачилгатай зөрчилдөнө гэсэн үг. Чухамдаа гэвэл Монгол улс АНУ-тай холбоогоо бэхжүүлэх замаар, оршин байгаа бүс нутгийнхаа эсрэг шахалт үзүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг аялдаж, гадаад харилцааны ээдрээтэй чиг баримтлалыг сонгохоор зэхэж байна гэсэн үг.  Америкийн худалдааны бус байгууллагууд болон Олон улсад чиглэгдсэн байгууллагуудын энэхүү шаргуу оролдлогыг бүхэлд нь /том зургаар/ тоймлон харахад төв ази, дорнот ази, мөн ОДКБ-ийн (Аюулгүйн ажиллагааны хамтын гэрээний байгууллага) болон ШОС (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага)-д хамаардаг түншүүд, түүнчлэн Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын хоорондын болон тэдгээрээс ОХУ-тай харилцах харилцах харилцааны тухайд төвөгтэй, хурцадмал байдлыг үүсгэх зорилго агуулсан нь харагдаж байна.

“Мөн Америк зохиогч”-ийн үгүүлснээр бол Монголын эдийн засагт шинэ амьдралын тухай урамтай төсөөлөл бий болж, АНУ-ын хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт өсөж буй гэнэ. Улаанбаатар дахь АНУ-ын элчин сайдын яаман дээр болсон Америк, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтарсан хуралдаан дээр Америкийн элчин сайд Майкл Клечески Оюу-Толгойн тухайд зорилгод хүрэх замын турш тулгарах асуудлуудыг хувиарлан авч үзсэн байдаг. Юуны өмнө Монгол улс Оюу-толгой дахь олборлолтын машстабаа тодорхойлж удирдах, мөн өөрийн зүгээс баримтлах эцсийн үзэл баримтлалаа тодорхойлж тунхаглах хэрэгтэй юм. Оюутолгойн ордын 34 хувийг Монголын Засгийн газар, 66 хувийг нь хамтран эзэмшигч “Терквойзхиллресорсез” компани эзэмшиж, харин хувьцааных нь 51 хувь “Рио тинто” концеринд харьялагддаг компаниудад, мөн үлэмжхэн хэсэг нь уулын төмөрлөгийн гуравдагч компаниудад оногддог. Хэдийвээр дэлхийд ховорт тооцогдох том орд боловч, уурхайн олборлолтоос орж ирж буй мөнгөн олбор нь төсвийн орлогын баганхи хэсэг буюу 30 хувьтай тэнцдэг. Улаанбаатарын хувьд орлогыг нь чамгүй өсгөж байгааг байнга харж буй Америкчууд эндээс овоохон өөх үмхчихийг хүсэж, шүлсээ гоoжуулсаар байгаа юм.   

Гэвч уг орд газар дахь /үндэсний капитал/ олборлолтын нөхцөл, Засгийн газрын эзэмших хувийг нэмэгдүүлэх асуудал, дүрэм журам, тооцоолол, хувиарлалтын /норматив/ асуудал нь тодорхойгүй, бүрхэг байгаа зэргийг нягтлан шалгаж, уурхайн хоёрдахь шатны олборлолт ашиглалтыг түдгэлзүүлэн зогсоох тухай Монгол парламент дээр хүчтэй яригдах болсон. Түүнээс гадна, яваандаа Оюу-Толгойн орд газрын 35 хувийг эзэмших тухай АНУ-ын Засгийн газрын мэдлийн Экспорт –Импорт банкны саналыг нягтлан эрэгцүүлж байгаа. Америкийн элчин Майкл Клеческ энэхүү төслийн саналаа “Лакмусын цаас хэмээн нэрэлсэн нь бий. 1,3 триллон долларын нөөц бүхий Оюутолгойн уурхайн үйл ажиллагааг нягтлан шалгах нь хэтийн төлөв байдлыг тогтооход тустай хэмээн элчин сайд үзэж байгаа. Гэтэл чухам юуны учир АНУ ийнхүү Монголтой харилцаагаа зузаатгахын тулд хэт идэвх гаргах болов. Мэдээж далайн чанад дахь үйлдвэрлэлийн нөөцөө тэлэхэд нь чухал хэрэгтэй зүйл Монголд байгаа хэрэг. Хоёрт гэвэл 2013 онд эхэлж 2017 онд хүчин төгөлдөр болгосон хоёр талын хэлэлцээрээ бүрэн хэрэгжүүлэх, санасандаа хүрэх нь Вашингтонд нэн чухал байгаа. Энэ нь Монгол дахь хөрөнгө оруулалтын нөхцлийг сайжруулах, тэндэх эрх зүйн актууд, журам дүрмийг олон улсын худалдаанаас хамааралтай болгоход чиглэгдэх бөгөөд, баримт бичгийн төслийг 60 өдрийн турш боловсруулсан гэж байгаа. Энэхүү эрх зүйн акт нь АНУ-ын хуулийн эмхтгэлд англи хэл дээр нийтлэгдэх ёстой. Гэтэл өнөөдөр Монголчуудын хувьд англи хэлийг бүрэн эзэмшсэн нь хэд билээ. Хүн амын үндсэн хэсэг нь англи хэлийг ердөө гадарлах төдий гэвэл дэгс болохгүй. Юу гэх гээд байна гэхээр Монголын жирийн ард иргэд өөрийн эх оронд нь хамаатайгаар АНУ-аас гаргасан тэр эрх зүйн баримтын үнэн мөн чанарыг олж мэдэх боломж хомс. Баримт бичиг гэрээнд зориудаар, гагцхүү АНУ-д ашигтайгаар тусгаж оруулсан нөхцөлүүд олон буйг тэд мэдэлгүй өнгөрнө гэсэн үг. АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газар Монголын эрчим хүчний системийг шинэтгэн байгуулах тухай өөрсдийнх нь саналаас тус улс татгалзах вий гэхээс яс хавчин, хулгалзаж буй. Энэ асуудлыг элчин сайд Клечески ХАҮТ-ын хуралдаан дээр мөн л цухалзуулсан. Америкчууд ингэтлээ яарч, адгаж байхад Монголчууд сэжиг аваагүй л байна. Яагаад гэвэл одоо бол Монголд аливаа зүйл өөрийн улсынхаа хуулиар өрнөж байгаа.

Гуравдугаарт: Тэдний нэг зорилго нь Монголчуудыг өөрийн улсын хууль эрх зүйд шүүмжлэлтэй хандаж, тунгалаг, ил тод болгох нэрийн дор өөрчлөхийг хүссэн жагсаал, тэмцэлд турхирах ёстой. Тухайлбал АНУ-ын элчин сайд “хөрөнгө оруулалтын нөхцлийн талаарх хамгийн сүүлд гаргасан мэдэгдэлдээ Монгол дахь дүрэм, хэм хэмжээнүүд /норматив/ нь улс орондоо зүйлшгүй хэрэгтэй байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтанд таагүй нөхцөл үүсгэх, тогтвортой байдалд эрсдэл учруулах сөрөг үр дагаварт хүргэхүйц байгаа тул, илүү тодорхой болгож өөрчлөх хэрэгтэй” хэмээн Улаанбаатарт хандаж уриалсан байна. АНУ бас улс орны бодлогын шинэтгэлд дэмжлэг үзүүлэх нэрээр Монголын шүүгч, прокуроруудыг сургаж бэлтгэхэд оролцож буй. Энэ ч арай л дэндэж байх шиг, аливаа улсын өөрийн дотоод эрхэнд ингэж бүдүүлгээр шургаж болно гэж үү дээ. АНУ бүүр хэдийнээс Монголын шүүх, прокурынхныг өөрийн онол, арга зүйгээр сургах, өөрийн хуулийг тэдэнд тулган, хоногшуулах ажлыг явуулсаар ирсэн. Саяхан АНУ-аас хөрш болон түншлэгч орнуудад үзүүлэх тусламжийн асуудлаар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон “Мянганы дуудлага” корпорацууд хэлэлцээрт гарын үсэг зурав. Уг хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төсөлд 350.0 сая америк доллар зарцуулахаар болжээ. АНУ-ын төлөөний этгээдүүд худалдаа, хөгжлийн глобаль /даяарыг хамарсан/ зуучлал хэмээх аргын доор Монголд нэвтрэх боломжоо худалдан авахад чиглэгдсэн анхны алхамыг хийж байна гэж харж болох. Тэрбээр ийм зорилгоор үүтгэгдсэн, техникийн тусламж, дэд бүтцийн төслүүд, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгох олон талт харилцааны баримт бичигт Дональд Трамп 2018 онд гарын үсэг зурсан. Америк амьдралыг нутагшуулах гэсэн Америкийн “мөлхөө дипломат”-ын бодлого ийнхүү үргэлжилсээр байна.

Монгол улс ноос, ноолууран бүтээгдэхүүний түүхий эдээр баялаг, дэлхийд бараг эхний гуравт жагсдаг бөгөөд үүнийхээ дийлэнхийг БНХАУ-д экспортлодог. Гэтэл Америкт ч бас энэ төрлийн түүхий эд хэрэгцээтэй. Тэгээд АНУ-ын конгрессын гишүүд  Хятадыг тойруулан, Монголтой худалдааны харилцаагаа өргөжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнолыг нь бэхжүүлэх чиглэлээр хамтрах хуулийн төслийг санаачилжээ. Үүний гол санаа нь Монгол баялгийн хараалд өртөж, байгалийн нөөцийн бодлогогүй ашиглалтын золиос болохгүйн тулд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж, үүнд нь АНУ туслах ажээ. Энэ төлөвлөгөө нэг л танил харагдаад байгаа юм. “Хэн нэгэнд туслаж байна гэсээр нэг мэдэхэд гэр орныг нь өөрийн болгоод авдаг. Өнөөх нь яагаад ингэж байгаа юм бэ гэхээр “одоо болтол надад гомдож явсан юм уу ? гэдэг. Америк ийм л үйл ажиллагаа явуулаад байна.  

Өнөө цагт Улаанбаатар хотын зах дахь Туул голын чулуурхаг хэв сайрын савд орших Чингис хаан олон улсын нисэх буудал руу ороход ХIII зууны үеийн их хааныхаа сүр, хүчээр амьсгалах гэсэн эрмэлзлэл бүхий өнгө аяс мэдрэгдэнэ. “Чингис хаан уул нь өөрийнхөө хөрөг зургийг зурахыг хориглож байсан” гэх ч, өнөө түүний хөрөг дүрийг уран сайхны үүднээс бүтээн, хаа сайгүй тараажээ. Энэ дүр бодитой болж чадсан гэдэг нь тийм ч магадтай бус. Түүнтэй адил өнөөгийн Монгол орны байдал нь хувь заяны ийм егөөдөлт дүр төрхийг илтгэх шиг.  Америктай түншилсэн Монгол улс XXI зууны өнгөнд өөрийн түүхийн орчин үежсэн, шинэ төрхийг бүтээж буй хэмээн ярих. Гэвч их хааных нь эрхэмлэж асан дээд хуулийн үзэл санаа, олон улсын худалдааны хөгжил, дипломат харилцааны гүүр болж байсан бодлого,  гаднын нөлөөнд үл автах эрхэм чанар нь хаана явна вэ? 

Тэгвэл өнөө цагт АНУ зэвсгийн чөлөөт худалдааг дэмжиж, дэлгүүр хоршоонд буу зэвсэг тавьж худалдан, конгрессийн гишүүд түүнийг дураараа худалдаж аваад, АНУ-ын үр ашиггүй бодлого явуулагч Засгийн газрыг түлхэн унагахаар довтолбол яах вэ? Тэд Монголд үүнтэй адил бодлого тулгаж байх шиг. Алс тэнгэрийн хаяанд үргэлжид нэгэн бүдэг гэрэл бүрэлзэнэ, тэр гэрэлд хүрэх замыг чухам хэн мэдэх вэ, тэнд хүрч чадвал Монголд урьдын түүхээ сэрээн, дэлхийн бөмбөрцгийн ганхуулах боломж бий. Гэвч энэ хувь заяаны тохуурхал уу, эсвэл бодит боломж уу? “Хувь заяаны егөөдөл эсвэл хялбар амжилт” нэртэй хошин кино байдагсан. Монголчууд хошигнолд дуртай ч, гярхай ард түмэн гэж хэлэх байна.

 

Иван РУСЛАНОВ (интернет дэх эх сурвалжуудыг ашиглав)

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ  

                        

          


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 2 =

Create Account



Log In Your Account