"Бэлчээрийн үндэсний III форум" дээр юу яригдав...

By: Admin
2024-12-23
0
2026

“Ногоон хөгжлийн төлөөх хариуцлагатай малчид” уриан дор зохион байгуулж буй “Монгол орны бэлчээрийн үндэсний III форум” Ховд аймагт анх удаагаа зохион байгуулагдлаа.  

Форумыг ХХААХҮЯ, Монгол бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швециарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэндийн төсөл, Ховд аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж, МАА-н үйлдвэрлэл эрхлэгч залуу малчид болон 18 аймгийн бэлчээр  ашиглагчдын төлөөлөл болох 500 гаруй хүн оролцов.

 Үүгээр 5 үндсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Үүнд 1. Малчдын эрүүл мэндийн мөшгих системийг хэрэгжүүлж байгаа туршлага үр дүн сургамжаас, 2. “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалт” Баянхонгор аймгийн санаачлага, түүний хэрэгжилтийн талаар, 3. “Ногоон зээл-Хариуцлагатай малчин” хөнгөлөлттэй зээлийн тухай, 4. Малчны байгууллагын хөгжил 10 жилд, 5. “Баруун бүс нутгийн ургамалжилтын судалгааны дүн”  гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Дээрх сэдвийн хүрээнд хэлэлцэгдсэн зарим илтгэлүүдийн агуулгаас дурьдвал “Ногоон алт” дундын хоршооны дарга Жамбалдоржийн тавьсан танилцуулга илтгэлд “Ногоон алт” дундын хоршоог 7 аймгийн төлөөлөл оролцож байгуулсан. Уг хоршоо Улаанбаатарт төвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр зах зээлд гаргаж борлуулах боломжийг бий болгох гол зорилгыг өмнөө тавьж ажиллаж ирсэн. Одоо тус дундын хоршоонд нэгдсэн малчдын жилийн орлогыг нийтэд нь авч үзвэл  13.0  тэрбум төгрөгт хүрсэн.  Хоршооноос малчдын мах бэлтгэлийг нэгдсэн байдлаар зохион байгуулах, сарлагын хөөвөр зэрэг ашиглагддаггүй байсан өндөр үр ашигтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бэлчээрийн мал аж ахуйн хувьд малаас авч буй мах, сүү зэрэг бүтээгдэхүүний үнэ ханшид бэлчээрлэдэг бэлчээр, иддэг ургамлынх нь чанараас хамааруулж зэрэглэл тогтоох, мөн малын гаралтай бүтээгдэхүүнийг Непаль улсын зах зээлд гарган борлуулах алхамуудыг хийгээд байгаа. Хонины ноосыг зуучлан борлуулагчид малчдаас дунджаар 800 төгрөгөөр худалдан авдаг бол тус хоршоо малчдын гар дээрээс 1200-1400 төгрөгөөр худалдан аваад, үйлдвэрт шууд нийлүүлэх ажлыг зохион байгуулдаг тухай яригдсан.  

Завхан аймгийн Цэцэн уул сумын Тэгш Улаан туг хоршооны дарга Мижиддорж илтгэхдээ анх 9 гишүүнтэй байгуулагдаж байсан бол одоо 200 гаруй гишүүнтэй, 43.0 сая төгрөгийн хөрөнгө эргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж, жил тутам 5.7 сая төгрөгийг ногдол ашигт хувиарлаж байна гэлээ. Баян-Өлгий аймгийн “Мөнгөтэй малчид” хөтөлбөрийн манлайлагч, Малчны хөгжил хоршооны тэргүүн Ахай “манай хоршоо малчдын амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө ажиллаж, хадгаламж зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Хоршооны гишүүн бүр ногдол ашигт жилд 800.0 мянгаас 1.0 сая төгрөг хүртэх боломжтой болсон гээд, малын тоог цөөрүүлж, бэлчээрийн даацад тохируулах, мөн худалдан борлуулсан малынхаа орлогоос хуримтлал үүсгэж, арвижуулах боломжтойг зөвлөхөд 3  малчин тутмын 2 нь эсэргүүцдэг, ойлгодоггүй. Гэсэн ч манай хоршоо малчдын орлогыг нэмэгдүүлж чадаж байгаа гэж байлаа.  

Мөн Дөргөн сумын “Өгөөж буян” хадгаламж зээлийн хоршооны тэргүүн Орломсүрэн ярихдаа Бид гишүүн малчиддаа санхүүгийн мэдлэг эзэмшүүлэх сургалт хийж, мэдлэгжүүлж ажилласнаар 2017 онд байгуулагдсанаас хойш 166 малчин өрхийг эгнээндээ нэгтгэсэн. Одоо манай хоршооны санхүүгийн нийт актив 300.0 саяд хүрсэн. Гишүүддээ 12,3 сая төгрөгийн ногдол ашиг хувиарласан хэмээв.

Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал А.Отгонбаяр ярихдаа: Ховд  аймгийн хувьд “Ногоон хөгжлийн хөтөлбөр” батлуулсан 2 дахь, “Бэлчээр ашиглалтыг сайжруулах хөтөлбөр”, мөн “Залуу малчдыг дэмжих хөтөлбөр” батлуулсан анхны аймаг. Гэвч эдгээр хөтөлбөрүүд олигтой хэрэгжихгүй, хүлээгдэж буй асуудлууд шийдэгдэхгүй байна. Бүх сумууд бэлчээр ашиглалтын журам батлуулсан байдаг ч аймгийн Засаг дарга, эсвэл Онцгой байдлын газрын дарга захирамж гаргаад, тэр журмыг дураараа зөрчиж, бэлчээрээ хамгаалах гэсэн малчдыг үл тоомсорлодог, тийм л байдалтай байна. Сайн малчин шалгаруулах болзлыг сайжруулна гэж яригддаг ч огт дэвшил гарахгүй байна. Эдгээр асуудлуудыг шийдүүлэхэд малчин залуучуудын идэвх оролцоо муу байна. Хот айлын уламжлал мартагдаж байна хэмээсэн.

Энэ үеэр Ховд аймгийн бэлчээрийн төлөв байдал, мал сүргийн бүтцийг сайжруулах чиглэлээр хэд, хэдэн санал гаргаж,  форумын нэгдсэн зөвлөмж боловсруулж танилцууллаа.

Мөн “Бэлчээр нутгаа таньж тодорхойлох нь зохистой ашиглалтын үндэс мөн” сэдэвт залуу малчдад зориулсан ургамал таних тэмцээн зохион байгуулагдаж “Бэлчээр нутгаа дээдлэгч хариуцлагатай малчид” манлайлагчдын тодруулах, шагнал ёслолын үйл ажиллагаа болсон юм.

Н.Эрдэнэтуул

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 7 =

Create Account



Log In Your Account