Ховд аймаг 2016-аас 2020 онд

By: Admin
2024-12-22
0
1945

Монгол улсын Засгийн газар болон Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн онцлог, томоохон ажлуудыг танилцуулж байна.

                                                                                                        ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ

Монгол Бельгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 18 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг чадавхижуулах төсөл”-ийг 2019 онд амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 53 нэр төрлийн 102 ширхэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглаж байна. Ингэснээр жил тутам дунджаар 1800-2200 орчим иргэдэд Улаанбаатар хот руу явалгүйгээр, эндээ зардал чирэгдэлгүй оношлуулж эмчлүүлэх, нарийн шинжилгээнүүд хийлгэж, хариуг нь авах шинэ боломж олгож байгаа юм. Тэрчилэн дээрх төслийн хүрээнд баруун 5 аймгийн Нэгдсэн эмнэлэгүүд, мөн зарим шаардлагатай сумдын эрүүл  мэндийн төвийг- хүчилтөрөгчөөр хангахын тулд “Хүчилтөрөгчийн үйлдвэр”-ийг байгуулсан нь бусад аймагт нэвтрээгүй байгаа үйл ажиллагаа юм.  

Булган суманд 50 ортой сум дундын эмнэлэгийг ашиглалтад орууллаа. Ховд хотод барьж буй 50 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Чандмань сумын болон Жаргалант сумын Наран, Рашаант, Бугат, Баатархайрхан багийн ЭМТөвүүдийг шинээр барьлаа. Дөргөн сумын Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ.

                                                                                                 БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРТ

Цаст-Алтай цогцолбор сургуулийн 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрыг барьж, ашиглалтанд хүлээн авч байна. “Хөгжил” политехник коллежийн 940 оюутны хичээлийн шинэ байрны барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Алтай суманд 320 хүүхдийн шинэ хичээлийн байрыг барьж байна. Манхан, Дарви, Мянгад сумын цэцэрлэг, Жаргалант суманд 14, 15, 16-р цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж, 1, 9, 10-р цэцэрлэгийг барилгад өргөтгөл хийв. Ингэснээр хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдэж, СӨБ, бага, суурь боловсролд хамрагдалт сайжирч байна.   

                                                                                                        Соёл, спортыг хөгжүүлэх чиглэлээр

Дөргөн, Дуут, Цэцэг, Буянт сумдад шинэ соёлын төв барьж, Ховд, Булган сумын соёлын төвд их засвар хийв.  Булган, Манхан суманд Соёл спортын цогцолбор, Дуут, Цэцэг, Булган, Мөнххайрхан, Мянгад суманд спорт заалыг шинээр барьж ашиглалтад оруулан, Дарви, Эрдэнэбүрэн сум, Жаргалант сумын Бугат, Хайрхан багийн спорт заалны барилгын ажлыг эхлүүллээ. Жаргалант сумын 7-р сургуулийн  дотуур байр, урлагийн заал, биеийн тамирын талбайг цогцоор нь барьж ашиглалтад орууллаа. Хот, хөдөөгийн 4 багт биеийн тамирын талбай байгуулснаар хөдөө орон нутгийн ард иргэд, хүүхэд залуучууд спортоор хичээллэж эрүүл чийрэг амьдрах, орон нутагт томоохон хэмжээний тэмцээн, уралдаан зохион байгуулах бололцоо нээгдэж байна.

                                                                                                             ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ

Ховд-Говь-Алтай чиглэлийн 98 км авто замыг ашиглалтанд оруулснаас гадна, Ховд, Баян-Өлгий аймгийн төв босоо тэнхлэгийн авто замаар  холбогдлоо.  Мөст сумын төвөөс 20,3 км засмал зам барьж, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замд нийлүүлсэн бол, Цэцэг сумын төв болон Хөшөөт-Ярант чиглэлийн замыг холбосон 4,9 км засмал замыг мөн ашиглалтад оруулав. Жаргалант суманд 10,6 км хатуу хучилттай зам тавьж, явган зам, гэрэлтүүлгийн ажлыг хийлээ. Дуут суманд 60 км, Мөнххайрхан суманд 65 км шороон замыг зассаны зэрэгцээ Чандмань сумын замыг мөн засаж сайжруулж байна. Мянгад суманд 0,95 км авто замын барилгын ажлыг эхлүүлж, Ховд, Эрдэнэбүрэн сумыг хатуу хучилттай авто замтай холбох ТЭЗҮ-г боловсруулаад байна. Ийнхүү Ховд аймаг Улсын хэмжээнд хамгийн олон буюу 10 гаруй сумаа аймгийн төв болон Улаанбаатар хот, Улсын хилтэйгээ хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг болж, нийт 1244 км авто замын бүтээн байгуулалтаараа улсдаа тэргүүлж байна. Жаргалант суманд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 3500 гаруй метр дулааны болон цэвэр, бохир усны шугамын шинэчлэлийн ажлыг хийв. Чоно харайхын голын ган төмөр бетонон гүүрийн угсралтын ажлыг эхлүүлж, Мөнххайрхан суманд 2 модон гүүр, Буянт, Алтай, Мөст сумын төмөр бетонон гүүрийг ашиглалтад орууллаа.

                                                                Төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын ажиллах нөхцлийг сайжруулахын тулд

Аймгийн Прокурорын газар, Тагнуулын газар, Шүүхийн Тамгын газрын барилгыг шинээр барьж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457-р хорих ангийн барилгыг өргөтгөн барьлаа. Зэрэг, Ховд, Эрдэнэбүрэн сумын Нутгийн удирдлагын ордныг шинээр барьж ашиглалтад оруулснаас гадна, Жаргалант сумын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байр, Чандмань сумын Нутгийн удирдлагын ордныг барьж байна.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 2 =

Create Account



Log In Your Account