Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг болов

By: Admin
2024-12-22
0
1611

Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, түүнд шинээр тусгасан заалтын талаар ард иргэдэд танилцуулж, тэдний санал бодлыг сонсох хэлэлцүүлэг хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байна. 

Энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О. Батнасан, Ц. Цогзалмаа нар 6 сарын 24-нд Ховд аймагт хүрэлцэн ирж, уулзалт зохион байгуулан, иргэдийн санал бодлыг сонслоо. Уулзалтанд аймгийн төвийн буюу Жаргалант сумын төрийн албан хаагчид болон иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл болсон 500 гаруй хүмүүс оролцож УИХ-дахь олонхийн бүлгээс дэвшүүлж буй үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ илэрхийлэв.

Хэлэлцүүлэгт байгалийн баялгийг тэгш шударгаар хуваарилах, парламентын ардчиллыг төлөвшүүлж ард түмний засаглах эрхийг хангах, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг сайжруулж, УИХ-ын зарим бүрэн эрхийг хязгаарлах, УИХ-ын сонгуультай холбоотой заалт, улс төрийн намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчим гэсэн ерөнхий агуулгын хүрээнд ярилцав.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 2010 оноос эхлэн УИХ-ын гишүүд долоон удаа хөндөж, холбогдох төслийг боловсруулсан ч хэлэлцэгдээгүй. Харин одоо нийгэм цаг үеийн шаардлагаар төр иргэн хоёрын харилцааг зохицуулах гол үндсэн хуулиа илүү сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулахын тулд иргэдийн санал шүүмжлэлийг сонсох чухал хариуцлагатай ажлыг зохион байгуулж байна хэмээн УИХ-ын гишүүн О. Батнасан хэлэв.  

УИХ-ын гишүүд үг хэлж, танилцуулга хийсний дараа иргэдийн санал бодлыг сонссон бөгөөд нийтдээ 10 гаруй иргэн эл асуудлаар өөрийн бодол, санал хүсэлтээ илэрхийлсэн. Эдгээрээс тоймлон дурьдвал:

Д. Ширэндэв (Жаргалан багийн иргэн) “Төрийн сайд давхар дээлтэй байна гэдэг нь хуулийг дордуулсан зүйл үүнийг засах хэрэгтэй. Төр зайдагнасан намынхаа эрх хэмжээг нь хязгаарлаж, намынхаа хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Мөн намын гишүүнчлэлийг болих хэрэгтэй. Эндээс болж хүмүүс талцаж эв түнжин алдагдаж байна” гэв.

Ц. Цагаанцоож (Хайрхан багийн өндөр настан)  “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээсэй гэж бодож явдаг, энэ төр чинь эмх замбараагаа алдаж байна. Улсын их хурал хуулиа санаачлах ёстой, засаг захиргааны байгууллага төрийнхөө гүйцэтгэх ажлыг хийх ёстой, шүүх нь шүүхийн ажлаа явуулах ёстой үүнийг л хуулиндаа хариуцлагатай тусгаж өгөөсэй гэж хүсч байна”.

н. Эрдэнэцогт “Газрын дээрх баялаг төрийн өмчид байна гэж шинэ заалтанд орж байна. Энэ бол төрийн мэдэлд биш ард түмний мэдэлд байх ёстой. Төрийн мэдэлд байснаас одоо 3600 гаруй лиценз тараагдаж зальтай хүмүүсийн халаасанд орж, гадаадын иргэдэд тараагдаж байна. Төрийн мэдэлд биш ард түмний мэдэлд байх ёстой. Мөн энэ Монгол улсад чинь парламентын засаглал таарахгүй байна. Үүнийг ч мөн адил хуулиндаа авч хэлэлцмээр байна.

Д. Даваасүрэн (Цамбагарав багийн иргэн) “Байгалийн баялгийг тэгш шударга хуваарилах зарчмын тухай хуулиа бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Баялгийн сан заавал байх ёстой. Манайд баялгийн сан байгаа ч, баталгаатай биш, үүнийг сонгуулийн үеэр ашигладаг. Монгол хүн бүр байгалийн баялгаасаа хүртэж чадахгүй байна. Харин одоо ард түмэндээ хүртээмжтэй болгох тал дээр анхаарах хэрэгтэй” гэв.  

УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Цогзолмаа нарын ярьснаар тэд энэхүү хэлэлцүүлгийн тухай тайланг УИХ-д дэлгэрэнгүй танилцуулж, ялангуяа хүмүүсийн саналуудыг нэг бүрчлэн авч үзэх ба бүх аймгуудад зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан иргэд олон нийтийн санаа бодол санал дүгнэлт дээр тулгуурлаж, УИХ энэ асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах эсэх зэрэг зарчмын асуудлуудыг хэлэлцэн шийдэл гаргах, тэгээд дараа, дараачийн алхамууд хийгдэх юм гэж тайлбарлав.

Олон жилийн өмнөөс үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах мөн үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэсэн хэд хэдэн санал хувилбар яригдаж ирсэн ба Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН-ын зүгээс үндсэн хуулийг бүхэлд нь шинэчилж, “Монгол улсын дээд хууль” гэдэг хуулийг бий болгохоор төслийг нь боловсруулан бүх ард түмнээр хэлэлцүүлж ирсэн бол УИХ дахь эрх баригч хүчин үндсэн хуульд зөвхөн тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг бас ийнхүү хэлэлцүүлж байгаа юм.

                                                                                                                                                                                                                               Н.Эрдэнэтуул


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 7 =

Create Account



Log In Your Account