"Хаягдалгүй технологи нэвтрүүлэгчдийг орон нутгаас дэмжих хэрэгтэй"

By: Admin
2024-12-22
0
1796

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүн амын төвлөрөл өсч, эдийн засаг тэлж, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаагаас гадна иргэдийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор үүсч буй хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ. Улсын  хэмжээнд  2016 оны  байдлаар хог  хаягдлын  төвлөрсөн  391 цэгт 2.1 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 107 мянган тонн хог хаягдал хаягдаж, 98 мянган га талбай бохирдуулсныг цэвэрлэсэн гэсэн дүн мэдээ гарсан байдаг. Хот суурин дахь гэр хорооллын айл өрхүүд хүйтний улиралд ихээхэн хэмжээний хог хаягдал шатаадаг нь агаарын бохирдолд нэрмээс болдог аж. Түүнээс гадна манай улсад аюултай хог хаягдалтай холбоотой харилцааг зохицуулах эрхзүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс, усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байдаг. Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ түүний нэг хувьд ч хүрдэггүй зэрэг нь яах аргагүй тулгамдсан асуудал болоод байгаа учир  2017 онд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан байна.

Цаашид хот суурин болон хүн ам ихээр төвлөрсөн газруудад уг хуулийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулбаас зохихоос гадна хог хаягдлын менежментийг сайжруулах, ялангуяа хог хаягдлын талаарх иргэд, олон нийтийн мэдлэг ойлголт,  хариуцлага,  оролцоог нэмэгдүүлэх шаардлага байсаар байгаа ажээ. Ховд аймгийн хэмжээнд хүрээлэн байгаа орчны ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ нь тухайн асуудлаарх олон нийтийн санаачлага, оролцоог идэвхжүүлэх, ухамсар, хариуцлагыг сайжруулахын тулд Цэвэрч Ховдчууд аян болзолт уралдааныг зарласан явдал бөгөөд уг аянд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон ач холбогдол өгч, орчноо цэвэр байлгах, хог хаягдлыг тодорхой цэгт хаях, зайлуулах, зөөж тээвэрлэх, боловсруулж хоёрдогч, гуравдагч бүтээгдэхүүн болгон ашиглах тал дээр ч судалж анхаарлаа хандуулах нь лавтай.

Тиймээс энэ талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх зорлгоор шинэчлэгдэн батлагдсан хог хаягдлын тухай хуулийн тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хог хаягдал, аюултай хог хаягдлын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтан А.Оюунтай холбогдон тодруулга авсныг нийтлэж байна.

“Хаягдалгүй технологи нэвтрүүлэгчдийг орон нутгаас дэмжих хэрэгтэй”

-Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийн шинэчилсэн найруулгаар өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн бэ?

-Хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, тавдугаар сарын 12-ны Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэхэд энэхүү хуулийн зорилго чиглэсэн. Мөн хуулиар хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулна. Өмнө 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулиас хэд хэдэн давуу талуудтай.

- 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулиас хэд хэдэн давуу талуудтай. 

- Үүнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг, хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх болон зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасан, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулсан зохицуулалт бий болсон, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагааг эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, хог хаягдлын боловсрол олгох асуудал зэрэг юм.

-Хуулиар хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгаж өгсөн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Хуульд Аюултай хог хаягдалтай холбоотой эрхзүйн зохицуулалт бий болсон. Аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг эрхлэх иргэн, аж ахуй нэгжийг урамшуулах, дэмжих заалтуудыг ч тусгасан байгаа.  Мөн хог хаягдлын төлбөр хураамжийг тооцохдоо үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх олон улсын зарчмыг үндэслэж баримтлахаар болсон.

-Үүний бодит ач холбогдол нь юундаа байна вэ?

-Хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх үйл ажиллагааг сайжруулан, “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг хуульд тусгаснаар хог хаягдлын үйлчилгээний хураамж төлж байгаа хүрээг нэмэгдүүлж төсвийн орлогыг 30 хүртэл хувиар буюу 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоо гарч байна. Иргэдийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх замаар хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулан, хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжин хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар төвлөрсөн цэгт дарж устгах хог хаягдлын хэмжээг 30 хүртэл хувиар бууруулна гэж үзэж байгаа бөгөөд хог хаягдлыг булшилж, устгахад зарцуулж байгаа төсвийн зардлыг 30-40 хувь буюу жилд 300.0-400.0 сая төгрөгөөр бууруулж, хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулснаар хур хог хаягдал цэвэрлэхэд зориулан зарцуулагддаг төсвийн хөрөнгийг 90 хүртэл хувиар бууруулна гэж тооцож байгаа. Энэ нь үүний давуу тал. Удахгүй үр дүн нь харагдах байх.

-Манай улсад аюултай хог хаягдал устгах хадгалах байгууламж байхгүй нь нэлээд шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар хэрхэн тусгасан бол?

-Тийм ээ. Энэ төрлийн хог хаягдлын хадгалах байгууламж байхгүйгээс үүссэн аюултай хог хаягдал ахуйн хог хаягдалтай хамт хогийн цэгт хаягдаж, зориулалтын бус газарт хадгалагддаг. Зарим хэсэг нь хөрс, усанд шууд хаягддаг. Энэ нөхцөл байдалд бид онцгойлон анхаарч бүх төвшинд хамтран ажиллахаар болсон. Цацраг идэвхитээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой асуудлыг мэдээж зохицуулсан.

- Аюултай хог хаягдалтай холбоотой эрхзүйн зохицуулалт бий болсон 

-Хог хаягдлын тухай хуулийн талаар орон нутагт чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөв?

-Хог хаягдлын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд аймаг нийслэлийн ИТХ-ын анхаарах хэд хэдэн асуудлууд байгаа. Энэ нь энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, мөрдүүлэх, батлагдсан аргачлалын дагуу нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах, хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах,  боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох, үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал, заасан урамшуулал олгох журмыг батлах, хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөрийг баталж, биелэлтэд хяналт тавих зэрэг юм. Мөн бид хуулийг сурталчлах сарын аян зохион байгуулж байгаа.

-Энэ аяны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-“Цэвэр сайхан орчин” нэг сарын аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан.   Бид аймаг, нийслэлийн Засаг дарга нартай цахим  хурал хийлээ. Мөн аймаг, нийслэлд хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулах, хог хаягдлыг дахин боловсруулсан бүтээгдэхүүн, гар урлалын үзэсгэлэн гаргах,“Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ” ажлыг эхлүүлэх, хууль сурталчлах асуудлаар болзолт уралдаан зохион байгуулах, мөн хуулиа сурталчлах шторкны уралдаан зарлаж, “Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт семинар, хэлэлцүүлэгийг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр төлөвлөөд байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 7 =

Create Account



Log In Your Account