Гадна тохижилтгүй, чанаргүй барилга хүлээж авсан улсын комиссын гишүүдэд хариуцлага тооцуулъя

By: Admin
2024-12-22
0
1968

Сүүлийн жилүүдэд Ховд аймагт орон сууцнууд олноор баригдах болсон ч иргэд түүнд орохын тулд ихэвчлэн банкны зээл авахаас өөр аргагүй болж, урт удаан хугацаанд зээлийн дарамтанд амьдарч байгаа нь түгээмэл үзэгдэл. Ийнхүү өр зээлэнд баригдан байж худалдаж авч буй орон сууцнууд нь хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн, чанар, стандартын шаардлага хангасан, хүн амьдрах нөхцлийг хангалттай бүрдүүлсэн байвал бас ч яахав гэж бодогдох. Тэгтэл “муу дээрээ муухай, муухай дээр улцан” гэгчээр тэдгээр орон сууцнууд маань айл өрхийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бий болгож чадаагүй, дэд бүтэц нь дутуу дулимаг, гадна орчны тохижилт байхгүй, үлгэн салган юмнууд байдгаас хэрэглэгчид, оршин суугчид хохирсоор буй нь бас л түгээмэл үзэгдэл болжээ. Оршин суугчдын хувьд зөвхөн дотор бүрэн бүтэн байдалд нь анхаарч, гадна тохижилт үйлчилгээнд төдийлөн ач холбогдол өгч шахаж шаардаж чаддаггүй нь бас нэг дутагдал. Үүнээс шалтгаалан нэн ялангуяа барилгын гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулалгүй орхигдуулах нь барилгын компаниудын хувьд бараг хэвийн зүйл болжээ.
2013 оноос хойш Ховд аймгийн Жаргалант суманд 4-9 давхар бүхий 1856 айлын орон сууц ашиглалтад орсон. Харин 2015 оноос хойш нийт 1345 айлын орон сууцыг 20 гаруй компани барьж ашиглалтанд оруулсан буюу улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Дээрх орон сууцнуудын 80 гаруй хувь нь гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбайгүй байгаа нь анхнаасаа төрийн хяналт дутуу хийгдэж, компаниудад зохих шаардлага шалгуурыг тавьж чадаагүй өдийг хүрснээс шалтгаалжээ.
Жишээлбэл, Жаргалант сум Магсаржав багт баригдсан “Гэрэлт хотхон”-ы байр орон сууцнууд баригдаад хоёр жилийн нүүр үзэж байгаа ч гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбай нь мөн л хийгдээгүйг дурдаж болно. Энд 7 компаний барьсан нийт 200 гаруй айлын орон сууц бий. “Ховд Юхо” компаний барьсан 15 айлын 1, 2-р ээлжийн орон сууцны барилгыг хүлээн авах ажлын хэсгийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн дүгнэлт, хурлын тэмдэглэлийг үзэхэд, хийгдээгүй байгаа гадна тоглоомын талбай, тохижилтыг тодорхой хугацаанд хийх үүрэг өгч, ажлын хэсгийн гишүүдийн олонхийн саналаар тухайн барилгыг хүлээн авчээ. Тэрбээр тодорхой хугацаанд буюу дулааны улирал эхлэх үе болох 2018 оны 05 сарын 05-н гэхэд дутуу ажлыг гүйцээн, хүлээлгэж өгөх үүрэг даалгавар өгөгджээ. Гэвч тухайн үүрэг даалгавар одоо болтол биелэгдээгүй байгаа нь төр захиргааны байгууллагын ажлын үүрэг хариуцлага муу, эргэх холбоо байхгүй байгаагийн илрэл гэж болно.
Түүнчлэн эдгээр нь Үндсэн хуульд заагдсан хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, Барилгын тухай хуулинд заасан барилгын гадна тохижилт, пасадны бүрэн бүтэн байдал хангагдаагүй, барилга хүлээн авах, ашиглалтанд оруулах норм, дүрэм журмыг зөрчсөн зэргийг давхар гэрчлэх бөгөөд улсын комиссын актыг хүчингүй болгуулах, биелэлтийг хангуулах, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах бүрэн үндэслэлтэй нь харагдаж байна.
“ГЭРЭЛТ ХОТХОН”-д одоогийн байдлаар “Динатос” ХХК-ийн барьсан 24 айлын “Алтан жолоо” орон сууц, “Богоч констракшн” ХХК-ийн барьсан 24 айлын орон сууц, “Эрдэнийн шим” ХХК-ийн барьсан 24 айлын орон сууц, “Гулзатын шил” ХХК-ийн барьсан 24 айлын орон сууц, “Ланз” ХХК-ийн барьсан 15 айлын орон сууц, “Сац гурван хайрхан” ХХК-ийн барьсан 15 айлын орон сууц гэх зэрэг барилгууд бий.
Оршин суугчид болон сууц өмчлөгчдийн холбооны зүгээс гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбайг хийлгэх талаар барилгын компаниудад шаардлага тавьдаг ч компаниуд дутуу ажлаа гүйцээж хийсэн нь бараг үгүй.
Дээрх жишээнүүдээс харахад барилга орон сууцыг ашиглалтад хүлээн авч байгаа улсын комиссынхны ажлын хариуцлага нэн хангалтгүй байгаагаас үүдэн, гадна тохижилтыг хийхгүй байж болох юм байна гэсэн буруу жишиг Ховд аймагт тогтож байх шиг санагдана. Гадна тохижилтгүй хийгдсэн орон сууцнуудын ашиглалт үйлчилгээг компани хариуцах 3 жилийн хугацаа өнгөрөнгүүт тэрхүү тохижилт, дэд бүтцийн ажлыг нь төсвийн хөрөнгөөр хийлгэхээр нутгийн удирдлага, захиргааны байгууллага (ИТХ-ын төлөөлөгчид) шийдвэр гаргаж, нөхөж хийж байгаа тохиолдол бий. Энэ нь төсвийг үрэлгэн зарцуулах, хариуцлагагүй этгээдүүдийг өөгшүүлэх бас нэг буруу жишгийг буй болгож байна.
Анхнаасаа барилга эхлэх зөвшөөрөл олгохдоо зөрчилтэй акт үйлдсэний улмаас талбайн хэмжээ нь хязгаарлагдмал болж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах боломжгүй болдог явдал ч бий гэнэ. Тиймээс барилгын ажлыг эхлүүлэх болон хүлээн авах шийдвэр гаргаж буй албан тушаалтан, ажил хариуцсан хүмүүс мөн улсын комиссын гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх шаардлага чухлаар тавигдаж байна.
Тодруулбал энэ нь аймгийн ГХБХБГ, МХГ, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болоод нутгийн удирдлагын болон төр захиргааны байгууллагыг удирдаж байгаа хүмүүсийн ажлын хариуцлагын асуудал юм. Эдгээр байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийгддэггүй, өөрсдөө, өөрсдийгөө хянах тогтолцоотой нь хариуцлагыг сулруулах бас нэг үндэслэл болж байх шиг.
Төрд иргэдийг төлөөлөн алба, тушаал хашиж буй нөхөд маань асуудалд ийм байдлаар хандаж, “нүглийн нүдийг гурилаар хуурсаар” буй нь нөгөө талаасаа “эс үйлдэхүй” хэмээх гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж болно.
Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль, журмуудад энэхүү гадна тохижилт, байр орон сууцны чанар, бүрэн бүтэн байдлын тухай тодоос тод дурдсан байдгийг мэргэжлийн гэх тэд мэдэж л баймаар. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комиссийн гишүүд, ажлын хэсгийнхэн маань энэ мэт зүйлүүд дээр нүдээ аньж байгаад, эсвэл зүүдэндээ гарын үсэг зурчихдаг юмуу, үгүй бол олны ярьдагчлан халаасандаа хэдийг шургуулж орхиод гарын үсгээ зурчихдаг юмуу бүү мэд. Тийнхүү олон түмний эрх, ашгийг хөсөрдүүлж буй улсын комиссын гишүүддээ хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авч, бүрэн бүтэн барилга хүлээн авдаг болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг ард түмэн маань хүсэн хүлээсээр байна.


Ж.Саруул


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 6 =

Create Account



Log In Your Account