Ховд аймагт "Хүүхэд хамгаалагч" төслийг хэрэгжүүлэгчээс зөвлөж байна

By: Admin
2024-12-22
0
1958

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирус /covid-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төр засгаас нилээдгүй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Төр засаг, аймаг орон нутгаас гаргасан шийдвэр, тогтоолыг иргэн бүр дагаж мөрдөн хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэв та нийтээр дагаж мөрдөх тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлээгүй, хорио цээрийн үед цаг наргүй, нойр хоолгүй ажиллаж байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын газрын алба хаагчдын хууль ёсны тавьсан шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан, ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь саад бэрхшээл, хүндрэл чирэгдэл учруулсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцсийн эцэст таны, миний, бид бүхний төлөө гаргасан үг, үйлдэл юм шүү гэдгийг сайтар ухамсарлаарай. Энэхүү цар тахлаас сэргийлэхтэй холбоотой нэг шийдвэр бол бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг улс орон даяар 2020 оны 09 дүгээр сарын 01 хүртэл зогсоосон явдал юм.

Гэтэл зарим нэг иргэд үүнийг ухамсарлахгүйгээр хорио цээрийн дэглэмийг сурагчдын, баяр ёслолын үеийн амралт мэтээр ойлгон ямар нэгэн хамгаалалтгүйгээр нялх нойтон хүүхэдтэй айлаар үр хүүхдийн хамтаар зочлох, олон нийтийн газраар дагуулан явах, орой үдшийн цагаар гудамж талбайд хараа хяналтгүй олон цагаар тоглуулах зэрэг үйлдлийг гаргасаар байна. Тэр ч байтугай өөрсдөө амны хаалт зүүсэн хэрнээ хүүхэддээ зүүлгээгүй эцэг эхчүүд ч байсаар байна. Хүүхэддээ заавал амны хаалт зүүлгэх хэрэгтэй гэдгийг анхааруулахад “амар хамар нь бүтээд явж чадахгүй болохоор нь зүүлгэхгүй байгаа, гайгүй байлгүй” гэж хэнэггүй хэлэх ч иргэд цөөнгүй байна. Ер нь иргэн бүр хариуцлагаа ухамсарлан Эрүүл мэндийн яамнаас цаг тутам хүргүүлж буй зөвлөмж, санамжийг хэрэгжүүлэн мөрдөж чадвал энэхүү өвчлөлөөс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалж, урьдчилан сэргийлж чадна гэдгийг анхааруулъя. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор эцэг эхчүүд ажил төрөлдөө явж, хүүхдээр хүүхдийг харуулан гэртээ үлдээх асуудал гарч, ахуйн осолд өртөж, бэртэх явдал гарах хандлагатай байна. Иймд хорио цээрийн дэглэмийн энэ үед хүүхдээ аливаа осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой талаар товч сэрэмжлүүлэг хүргэе. Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй гэдэг шиг хүн мартах гэмтэй тул дараах зүйлийг сануулж байна.

Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явагдаж байсан үед хүүхдийнхээ сурч, хөгжих, хүмүүжих гээд бүхнийг багш сурган хүмүүжүүлэгч нарт нь даатгаад орхидог байсан бол энэ хариуцлагатай цаг үед эцэг эхчүүд минь үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа эрс сайжруулан, хараа хяналтаа өндөржүүлэн, цаг заваа тэдэндээ илүү ихээр зориулах шаардлага гарч байна. Та бага насны хүүхдээ гэртээ үлдээсэн тохиолдолд аюулгүй орчин бүрдүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулах, мөн ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгсэл, цахилгааны залгуурыг зориулалтын таглаагаар таглах, тогноос салган, ойртож болохгүй гэдгийг ямагт сануулж байх хэрэгтэй. Түүнчлэн ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байж, дээр нь халуун хоол хоол цай, хурц үзүүртэй эд зүйлийг тавьж орхихгүй байх, ТВ-ийн удирдлага, зай, элдэв сав боодолтой эм тан зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлийг хүүхэд амандаа хийхээс сэргийлэх, хогийн сав, угаалгын бодисыг хүүхдээс хол байрлуулаарай.

Мөн бага насны хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн чимэглэлгүй, товчгүй, амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй байх, тоглож байхдаа өөр дээрээ унагасан тохиолдолд ямар нэгэн гэмтэл зовиур үүсгэхээргүй хөнгөн, хурц ирмэггүй, нас болон бие сэтгэхүйн онцлогт нь тохирсон тоглоом байх ёстой шүү гэдгийг сайтар анхаараарай. Бас нэг анхаарах зүйл гэвэл гэрт үлдсэн бага насны хүүхдийг мэхэлж, итгэл олох замаар гэрийнхний тань нэрийг барин эд хөрөнгийг авах буюу хулгайлах, хүчингийн гэмт хэргийн хохирогч болж болзошгүй тул танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг хүүхэддээ захиж байгаарай. Бага боловч эдгээр зүйлийг хорио цээрийн дэглэмийн үед мөрдөж чадвал хүүхдээ аливаа эрсдлээс сэргийлж чаднаа. Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө чадах бүхнээ зориулъя.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 10 =

Create Account



Log In Your Account