Г.ЭНХЖАРГАЛ
Боловсрол шинжлэх ухааны яам, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын төсвийн 1 тэрбум 560 сая төгрөгийн өртөг бүхий 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн тендерийг 2024 онд зарласан. “Харганы ус констракшн” компани энэ тендерт гурван удаа ороод шаардлага, стандарт хангаагүй гэдэг үндэслэлээр хасагдсан ч сонгуулийн үр дүнд бий болсон удирдлага, захиргааны байгууллагын үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээр аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын гэрээ байгуулах эрх олгох тухай 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 791 дугаар албан бичгийг гаргаж, улмаар ашиглалтад ороод 9 жил болсон нийтийн халуун ус, сауны зориулалттай барилгыг хүүхдийн цэцэрлэг болгож, урьд зарлагдсан цэцэрлэгийн барилга барих тендерийн батлагдсан төсвийг (1 тэрбум 560 сая төгрөг) мөнөөх “Харганы ус констракшн” ХХК-д олгохоор тохиролцон, аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан, тухайн компаний захирал Г.Баянмөнх нар өнгөрсөн оны сүүлээр гэрээ байгуулж амжжээ.
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах иргэн Д.Алтанцэцэгийн эзэмшлийн 414 метр квадрат талбай бүхий саун, халуун усны зориулалттай барилга 2016 онд ашиглалтад оржээ. Уг барилга нь хоёр том цонх, 5 жижиг салхивчтай, хоёр давхар, хажуудаа ойр орчмын оршин суугчдын хогийн цэг болон оршин суугчдын машины зогсоолтой хаяа зэрэгцэн байрлаж байна. Халуун ус, сауны барилгын зүүн талын таван давхар орон сууц түүнээс 3-4 метрийн зайд байрлаж байна. Оршин суугчдын төлөөлөл энэ талаар саналаа илэрхийлэхдээ хүүхдийн тоглоомын талбайгүй, авто зогсоолгүй, ойрхон хоёр ч цэцэрлэг байгаа тул энэ бүсэд цэцэрлэг хэрэггүй. Харин бидний хүүхдүүдэд байрныхаа гадна тоглож наадах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин хэрэгтэй байна гэсээр ирсэн.
Гэвч оршин суугчдын саналыг үл харгалзсанаар барахгүй халуун ус, сауны хуучин барилгыг цэцэрлэг болгохоор шийдсэн нь хэн бүхний гайхшыг төрүүлж байна. Түүгээр ч барахгүй тухайн нийтийн халуун ус, сауны барилгын өмчлөгч Д.Алтанцэцэг гэдэг хүн байгаа атал гэрээнд “Харганы ус констрашкн” компанийн захирал Г.Баянмөнх гарын үсэг зурсан нь бас ойлгомжгүй. Г.Баянмөнх ярихдаа “Барилгын анхны зургийг өөрчилж өргөтгөн, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандартад нийцүүлэн засварлана. Гуравхан сар ашигласан шинэ барилгаа улсад үнэгүй шахуу буюу 1 тэрбум 560 сая төгрөгөөр өгч байна. Өргөтгөл, дотоод зохион байгуулалт, гадна орчныг өөрчлөх төлөвлөлтийг “Прайм проект” ХХК-аар, мөн барилгын хүчитгэх тооцооллыг ШУТИС-ийн профессор Я.Дүйнхэржаваар хийлгэсэн” гэв. Энд яригдсан тооцоолол, дүгнэлтийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс болон аймгийн Ерөнхий архитектур Б.Түмэндэмбэрэл нараас тодруулахад бидэнд ямар нэг дүгнэлт ирүүлээгүй гэж хариулав. Мөн Ерөнхий архитектор Б.Түмэндэмбэрэлээс ярилцлага авах гэсэн ч “дарамт шахалт, сүрдүүлгийн улмаас илүү тайлбар өгөх боломжгүй байна, миний хувьд энэ барилгыг хүүхдийн цэцэрлэг болгохын эсрэг байр суурьтай байгаа учраас ямарваа нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй” гэсэн юм.
Хуульд 400 метр квадратаас дээш үйлчилгээний зориулалттай барилгыг улсын комисс хүлээн авахаар заасан байдаг. Тухайн барилгыг хүлээн авсан улсын комиссын акт, анхны зураг төсөл нь бий эсэхийг аймгийн Ерөнхий архитектор асан, Газрын харилцаа, барилга хот байгуулалын газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга З.Өмиртайгаас тодруулахад “2016 онд ашиглалтад орсон гэх боловч тухайн үед уг барилгыг барих зөвшөөрлийг манайхаас аваагүй, тэрчлэн уг барилгыг хүлээж авахаар улсын комисс ажиллаагүй. Хэрвээ өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа бол улсын комиссын дүгнэлтгүйгээр бичиг баримтыг нь олгох боломжгүй. Тэгэхээр Улсын бүртгэлийн хэлтэс хууль зөрчин бичиг баримт олгосон байна” хэмээв. Мөн тухайн хэлтсийн мэргэжилтэн н.Өнөржаргалаас нэмэлтээр тодруулахад “Манайд тухайн нийтийн халуун усыг барьж эхлэх болон ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дүгнэлт гэх зүйл байхгүй байна” гэсэн юм.
Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэнтэй уулзаж, иргэн Д.Алтанцэцэгийн өмчлөлийн нийтийн халуун ус, сауны зориулалттай барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон хувийн хэрэгтэй танилцахыг хүсэхэд “Хувь хүн болон хуулийн этгээдийн нууцыг бусдад өгөх эрхгүй, гэхдээ баримт бичгийн бүрдлийг нь шалгаж өгч болно” гэснээр шалгав.
Шинээр баригдсан орон сууц, оффис, үйлчилгээ, авто зогсоол зэрэг нийтийн зориулалттай эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэлд анх бүртгэхдээ хувийн хэрэгт дараах материалыг бүрдүүлснээрэд хөрөнгөө бүртгүүлэх эрх үүсдэг байна. Үүнд:
 Тэрээр Б.Эрдэнэсүрэн яриандаа “Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Иргэн Д.Алтанцэцэгийн өмчлөлийн 414 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 600 метр квадрат талбайтай газрыг өмчлүүлсэн бүртгэлийн хувийн хэрэгт тухайн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл байхгүй байна. Тухайн үед хариуцан ажиллаж байсан хүн одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа” гэлээ.
 Барилгын тухай хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д зааснаар “төвөгшлийн барилга байгууламж”-ийг /шинээр барих, өргөтгөх, шинэчлэх/ ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд комиссын даргаар Аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга, нарийн бичгийн даргаар нь захиалагч байгууллагын төлөөлөл гишүүдэд нь аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл (2-оос ихгүй улсын байцаагч), аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл (2-оос ихгүй улсын байцаагч), барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид), хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл тэрчлэн гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл (тус бүр 1-ээс ихгүй), ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл, архивын байгууллагын төлөөллүүд ажиллах ёстой ажээ.
Улсын бүртгэлийн хэлтсээс хэрэгтэй материалаа олж чадаагүй тул Архивын тасгийн дарга Д.Батдоржтой уулзахад “Манай архивт нийтийн халуун ус, сауны зориулалттай барилгын анхны зураг, бусад холбогдох бичиг баримт байхгүй, улсын комисст орж ажиллаагүй тул мэдэхгүй байна. Манайх анхны зураг төслийг архивлах үүрэггүй” гэв.
Төрийн байгууллагууд баримт материалуудыг бүрдүүлж бүртгэж, архивлах тухайд хуульд заагдсан үүргээ ёсчлон биелүүлдэггүй, ажлын уялдаа холбоо нэн сул байгааг эндээс ажиглаж болохын зэрэгцээ хувийн компаний өмчинд буй ашиглалтанд албан ёсоор хүлээн аваагүй, баталгаагүй, зориулалтын бус барилгыг төсвийн мөнгөөр худалдан авч, хүүхдийн цэцэрлэг болгохоор гэрээ байгуулсан нь тодорхой болж байна.
Үүнээс гадна “хангагч байгууллагууд” гэгдэх Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК, Шим-Ус ОНӨААТҮГ, Шинэ дулааны станцуудын 2015-2018 он хүртэлх архивийн баримтыг нягтлаж үзэхэд техникийн нөхцөл олгосон шийдвэр ч бас байхгүй байна. Тэгэхээр эрчим хүч, дулаан, цэвэр, бохир ус зайлуулах зэрэг дэд байгууламжууд нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй хийгдсэн гэсэн үг. Цахилгаан түгээх станц болон Шинэ дулааны станцуудтай гэрээ байгуулсан боловч тухайн байгууллагуудын мэргэжлийн зөвлөлөөс хангагч байгууллагын хувьд техникийн нөхцөл ч олгоогүй байна.
Хэдийгээр хүүхдийн цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ байгаа боловч хуучин, зориулалтын бус, стандарт хангаагүй халуун усны газрыг хүүхдийн цэцэрлэг болгох гэж байгаа нь харамсмаар...
Нөгөө талаас гэрээ байгуулсан “Харганы ус констракшн” компаний захирал Г.Баянмөнх нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар томилогдсон Б.Шинэзоригтой төрөл садны холбоотой гэх. Үүнээс үзвэл ашиглалтад ороод 9 жил болсон, барилгын болон барилгын дэд бүтцийн чанар, стандартын хувьд шаардлага хангасан гэж үзэх боломжгүй халуун усны хуучин барилгыг улсад өндөр үнээр “шахсан” энэ тендерт албан тушаалтнуудын нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс холбогдох яам, аймгийн удирдлагууд улсын мөнгө хэрхэн юунд зарцуулагдаж байгаад хяналт тавьж, хариуцлага нэхэх ёстой.
Компаний захирлын ярьсан “ШУТИС-ийн профессор Я.Дүйнхэржавын гаргасан барилгыг хүчитгэх тооцоолол, “Прайм проект” компанийн хийсэн зураг төсөл” гэгч нь үнэхээр байгаа эсэх, тэрчлэн улсын комиссын дүгнэлт гарсан эсэхийг тогтоох эрлээ үргэлжлүүлж, нэхэн сурвалжлах болно.