“Халзан бүрэгтэй” дэх хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцсэн цуглаан

By: Admin
2024-12-22
0
2206

Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэйд уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлээд буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ын үйл ажиллагааг ард иргэд анхнаас нь эсэргүүцсээр байгаа.

Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн орд газар дахь тус компаний ашиглалтын тусгай зөвшөөрөл нь анхнаасаа хууль бусаар олгогдсон, мөн 2021 онд Мянгад сумын Засаг даргаар батлуулсан байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь шаардлага хангахгүй байгаа тул цуцлах үндэслэлтэй, тухайн компани аймгийн БОАЖГ-тай байгуулсан ус ашиглах гэрээгээ мөрдөхгүй, зөрчил гаргасаар байгаа, Халзан бүрэгтэйд өрөмдлөг хийсний нөлөөгөөр ойр орчимд нь нутагладаг ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөх болсон, тухайлбал ойр орчинд нь нутагладаг ард иргэдийн тухайд урагт аюултайгаар нөлөөлсөн байх үндэслэл бүхий тохиолдлууд илэрсэн, мал амьтан өвчлөх, дотор эрхтнүүдэд нь хордлогын шинж илрэх зүйлүүд байсаар байгаа гэсэн  мэдээллүүд бий ч эрх бүхий газрууд энэ асуудлыг судлаж нягтлаж, мөрөөр нь арга хэмжээ авахыг хүсэхгүй байгаа зэрэг асуудлын улмаас нутгийн ард иргэд ийнхүү эсэргүүцэж байгаа юм. 

Xz 1

Ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжсээр 2022 оны 11 сарын 04-ны өдөр албан ёсны эсэргүүцлийн цуглааныг Халзан бүрэгтэйд байрлаж буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК, болон туслан гүйцэтгэгч “Ти ар эм эксплорэйшн” ХХК-ны буурилсан газрын /кэмп/ дэргэд эхлүүлэв. Цуглаанд Мянгад болон ойр орчмын зарим сумдын 300 гаруй иргэд цуглажээ. Цуглаанд оролцогч морьтон Мянгадууд угсаатныхаа эртний түүхийн бэлгэдэл болгон цагаан алчуураар толгойгоо ороож, “Ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхэнд бүү халд!”, “Халзан бүрэгтэй дэх ашиглалтын хууль бус лицензийг цуцлуул”, “Хариуцлагагүй уул уурхайг эсэргүцэж байна”, “Халзан бүрэгтэйгээс савраа тат” гэсэн уриа лоозонгууд барьж, морьтой болон явганаар компаний буурилсан газрыг тойрон жагсаж эсэргүүцлээ илэрхийлэн, дуу хоолойгоо өргөж байсны зэрэгцээ “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК, туслан гүйцэтгэгч “Ти ар эм эксплорэйшн” ХХК, Мянгад сумын болон Ховд аймгийн ИТХ, Засаг дарга, Тамгын газарт шаадлага хүргүүлсэн юм.

Уг шаардлагыг бүрэн эхээр нь толилуулья.

ШААРДЛАГА

Мянгад сумын Халзан бүрэгтэйд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК болон хайгуул өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж буй “Ти ар эм эксплорэйшн” ХХК-д шаардлага хүргүүлэх нь

Мянгад сумын Гахайт багийн нутагт байрлах Халзан бүрэгтэй ууланд танай компаний явуулж буй уул уурхайн үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж, үүний улмаас нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөхөд хүрээд байна.

Тухайлбал: Халзан бүрэгтэй ууланд уул уурхайн үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор хүрээлэн байгаа орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд сөрөг хүчин зүйлс үүсэж, ойр орчинд нутагладаг ард иргэдийн тухайд урагт аюултайгаар нөлөөлсөн байх үндэслэл бүхий тохиолдлууд илэрсэн, мал амьтан өвчлөх, дотор эрхтнүүдэд нь хордлогын шинж илрэх зүйлүүд байсаар байгаа тухай ард иргэдийн мэдээллийн мөрөөр судлан шинжлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулж, нөхцөл байдлыг тогтоон, шаардлагатай тохиолдолд хохирлыг арилгах арга хэмжээ авах нь зүй ёсны асуудал юм.

Мянгад сумын бүх багийн ард иргэд болон сумын ИТХ-аас хэлэлцэн тогтсоны дагуу танай компаний явуулж буй үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүдийг олон талын оролцоотой, хараат бус ажлын хэсгээс хянан шалгаж, тодорхой дүгнэлт гаргах хүртэл Халзан бүрэгтэйд явуулж буй хайгуул өрөмдлөгийн ажлаа зогсоохийг шаардаж байна.      

МЯНГАД СУМЫН НИЙТ АРД ИРГЭД 

Xz 2

xz 3ШААРДЛАГА 

          Мянгад сумын ИТХ, Засаг дарга, Тамгын газар, Ховд аймгийн

              ИТХ, Засаг дарга, Тамгын газарт ШААРДЛАГА хүргүүлэх нь : 

“Мянгад сумын Гахайт багийн нутагт байрлах Халзан бүрэгтэй ууланд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайд, уг компаний захиалгаар “Ти ар эм эксплорэйшн” ХХК-ны явуулж буй уул уурхайн үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж, үүний улмаас нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөхөд хүрээд байна.

Мянгад сумын бүх багийн иргэд Халзан бүрэгтэй ууланд ямар нэг уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн хатуу байр суурьтай байсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ байр суурин дээрээ бат зогсоно гэдгийг юуны өмнө мэдэгдэж байна.   

Ийнхүү ард иргэдийн хүсэл зориг эрх ашгийн эсрэг түрэмгийллийн аргаар явуулж эхлээд буй уул уурхайн үйл ажиллагаа болон түүнийг тойрсон хууль бус, зөрчилтэй зүйлүүдтэй холбогдуулан Мянгад сумын ИТХ, Засаг дарга, Тамгын газар, Ховд аймгийн ИТХ, Засаг дарга, Тамгын газраас дараах зүйлүүдийг шаардаж байна. Үүнд.    

  1. “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны батлуулсан байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь шаардлага хангахгүй байгаад дүгнэлт хийж, уг төлөвлөгөөг баталсан шийдвэрийг цуцлах. Мянгад сумын бүх багийн ард иргэд болон сумын ИТХ-аас хэлэлцэн тогтсоны дагуу олон талын оролцоотой, хараат бус ажлын хэсэг байгуулан, Халзан бүрэгтэй дэх уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүдийг хянан шалгах ажлыг зохион байгуулах ,
  2. Дээрх ажлын хэсгээс тодорхой дүгнэлт гаргах хүртэл Халзан бүрэгтэйд явуулж буй хайгуул өрөмдлөгийн ажлыг зогсоох тухай мэдэгдлийг “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК болон “Ти ар эм эксплорэйшн” ХХК-д хүргүүлэх.
  3. “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны анхнаасаа хууль бусаар авсан ашиглалтын лицензийг цуцлуулах шаардлагыг холбогдох газруудад хүргүүлж шийдвэрлүүлэх.
  4. 2013 онд Мянгад сумын ИТХ-аас гаргаж байсан шийдвэр болон холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн саналыг сэргээж, Алтан Хөхий уулын байгалийн нөөц газрын хилийг өргөтгөх замаар Халзан бүрэгтэй уул болон түүний орчим газрыг тусгай хамгаалалтанд авахуулах тухай санал боловсруулж шийдүүлэх асуудлыг судлаж хэрэгжүүлэх.
  5. Халзан бүрэгтэй ууланд уул уурхайн үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор хүрээлэн байгаа орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд сөрөг хүчин зүйлс үүсэж, ойр орчинд нутагладаг ард иргэдийн тухайд урагт аюултайгаар нөлөөлсөн байх үндэслэл бүхий тохиолдлууд илэрсэн, мал амьтан өвчлөх, дотор эрхтнүүдэд нь хордлогын шинж илрэх зүйлүүд байсаар байгаа тухай ард иргэдийн мэдээллийн мөрөөр судлан шинжлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулж, нөхцөл байдлыг тогтоон, шаардлагатай тохиолдолд хохирлыг арилгах арга хэмжээ авах.  

Энд дурьдагдсан үйл ажиллагаануудыг ажлын гурав хоногийн дотор хэрэгжүүлж эхлэхийг шаардаж байна МЯНГАД СУМЫН НИЙТ АРД ИРГЭД” гэжээ.

Энэхүү шаардлагыг биелүүлж, асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх хүртэл ард иргэдийн эсэргүүцлийн цуглаан явагдсаар байх болно цуглааныг зохион байгуулагчид болон оролцогсод мэдэгдэж байгаа юм.  

xz 4

xz 5

           


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 10 =

Create Account



Log In Your Account