Налайж суунагласан намрын манан дундуур

By: Admin
2024-12-22
0
1888

(Томскийн тэмдэглэл)
Найм дугаар сарын сүүлчээр тэнхмийн эрхлэгч Ч.Мөнхбаяр утасдаж “Таныг Томскийн их сургуулийн ойд оролцуулахаар ярьж байна. Явж чадах уу” хэмээн асуулаа. Томскд очоод сар гаруй хугацаанд амьдран эргэснээс хойш бараг 20 жил өнгөрчээ. Их сургуулийн археолог-угсаатны зүйн музейгээс зохион байгуулсан Ч.Мөнхбаяр бидний оролцсон долоо найман удаагийн хээрийн судалгааны ажил дуусаад дөрвөн жил болов. Тэнд амьдардаг найз нөхөдтэйгээ зөвхөн цахим бичиг захидлаар харилцаж байсан тул явахыг зөвшөөрлөө. Хамгийн эхэнд надад “Ховдоос Толбо нуурын хаяа хүртэл шороон замаар явах юм даа. Түүнээс цаашаа тосон зам залгана” гэсэншүү бодол төрсөн. Залуу идэр цагт очих газрын тухай бодохоос биш наана нь туулах зам харгуйн талаар ер санаанд ордоггүйсэн. Одоо зам зуурын ядаргаа төвөг саадын талаар анхлан санаанд орох болжээ.
Гурван хоногийн дараа Ховд их сургуулийнхаа гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал В.Сайнбаяр, БШТС-ийн захирал Д.Отгонбаяр нартай нэгэн баг болон 2017 онд үйлдвэрлэсэн Японы Тоёото компанийн цав цагаан өнгөтэй Ланд - 200 машин хөлөглөн бяцхан хотоосоо гарч 10 минутын дараа Ховд-Баян-Өлгийн хооронд шинээр тавьж байгаа гялалзсан тосон замд орохоор Дөрвийн газрын дэргэдүүр өнгөрч явлаа. Тэндээсээ 110 км газрыг замаас буулгүй давхин Хонгио өнгөрч Хашаатын аманд хүрэв. Надад анхлан төрсөн ядаргаатай шороон замын тухай бодол ийн гайхшрал бахдлын дунд замхарсан билээ. Энэ зун Хятадууд зам тавьж “гахайн толгой газарт булаад бороо оруулахгүй байгаа” гэсэн хүн итгэмээргүй яриа манай хотоор их хүчтэй тархаж байлаа. Наадам өнгөрөөд орсон устай бороо шороотой үерийн үеэр “газарт булсан гахайн толгойгоо авчээ” гэж ярианы агуулга өөрчлөгдсөн байлаа. Харин бидний хэн нь ч хятад хүмүүсийн барьж бүтээж байгаа тосон замын тухай ярьсангүй. Надад ч тийм бодол огт төрсөнгүй явжээ. Бидний цөөхөн монголчууд өчүүхэн багахан эрх ашгийнхаа төлөөнөө бие биеэ муулан матаж шатаасаар байгаа ч эх орон маань хөгжин өөрчлөгдсөөр байгаагийн нэгэн жишээ энэ зам ажээ.
Хашаат, Хонгор өлөн, Бураатын даваагаар давахад Баян-Өлгийгээс тавьж байгаа зам бараг 15 км урагшилж Толбын хаяанаас өнгөрчээ. Ховдоос оройтож гарсан тул зам зуур Өлгий хотод хоноглоод өглөө эртлэн унаандаа мордож “Цагаан нуурын хажуугаар цаашаа гардаг зам”-аар явсаар шинэ өдрийн ажил эхлэхээс цагийн өмнө Улаан байшинтын хилийн заставт ирэв. Уулсын оройгоор цайрч хүйтэн жавар сэнгэнэнэ. Хагас өдрийг Монгол, Орос хил дээрх хяналт шалгалтанд “алдаад” наран нилээд хэвийсэн үеэр ёстой л албан ёсны яриагаар бол бэлчээрийнхээ даацанд тохирсон бололтой гэмээр хонь, үхэр голлон бэлчсэн Хош агачийн дэргэдүүр өнгөрөн Ахташ, Онгудайг дайран гарч байлаа.

Алтайн нуруу налгар намраар гагц шаргал биш бүр таван өнгөтэй. Чуй, Катун голын ус нийлэх бэлчирээсээ эхлэн гүн цэнхэртэж, голын хоёр талаар өтгөн шигүү өвстэй зүлэг ногоорон, оройгоосоо зарим хэсэгтэй шарлан, зарим газартай улайран үзэгдэх битүү ой өтгөн хүрэн өнгөтэй, түүний цаанаас дүнхийлдэх оргилуудад цагаан цасан малгайлжээ. Ийм таван өнгөтэй гайхам дүр зурагтай ажээ. Сэтгэл сэргэм байгалийн гоо үзэмж, туулж үл барам санагдах өтгөн шугуй ой, тохойрон эргэлдэн урсах Катун гол. Алдарт Чуйн их зам өмнөхөөс улам өнгө засаж сайжирч Алтайн ард түмнүүдийг их Оросын нутгийн гүнтэй холбосон урьд цагийн хуучин түүхийг сэргээн сануулсан хөшөө дурсгалуудыг шинээр босгож байрлуулжээ. Зам зуурт хуучин замаа хуулан зузаалж, шинэчлэн өргөтгөж байхтай таарна. Байсхийгээд энэ зам бол Холбооны улсын хэмжээний гол авто зам гэсэн бичиг самбар өлгөөстэй юм.
Зүүнгарын эзэнт улсын хаан Цэвээнравдангийн үеэс Орос, Монгол цаашлаад Хятад, Оросын хооронд худалдаа арилжаа, улс төрийн холбооны гол зам болж байсан Чуйн хөндий, Катуны хавцал, Чекатаманы энэ сүрлэг газар нутгаар мод тулан бэдэрсэн явган аянчнаас эхлэн морь тэрэг хөллөсөн худалдаачид, эх орны дайны өмнөөс эхлэн дайны дараагийн сэргээн босголтын хүнд жилүүдэд Зис-5 жолоодсон алтай, орос эрчүүд гэхчлэн бүхий л түүхийг харуулсан зурагт самбаруудыг давааны орой дээр байрлуулан дэргэд нь алсыг харан саравчлан зогсох хүнд ажилд ядарсан царайтай замчин эрийн хүрэл баримлыг бүтээж байрлуулжээ.

Түүнээс уруудан Катуны гол мушгиран эргэлдэх үзэсгэлэнт тохойд с 100 жилийн өмнөөс ашиглагдаж Чуйн их замаар өгсөж уруудан Орос алтайн хязгаарт шинэ амьдрал бүтээхэд хүчин зүтгэсэн жолооч тээвэрчдийн дурсгалд зориулан хуучин цагийн суудлын болон тээврийн автомашиныг тусгайлан босгосон өндөр тавцанд байрлуулжээ. 2017 онд босгосон эл цогцолборыг Уулын Алтайн БНУ-ын төрийн тэргүүн санаачласан ажээ. Тэр эрхэмийн эцэг дайны дараагийн жилүүдэд Чуйн их замаар Зис-5 жолоодон бүтээн босголтонд оролцож явсан гэдгийг гантиг самбарт бас бичсэн байна.
Харин энэ замаар Эх орны дайны үед Бийск хотноо Зөвлөлтийн дайчдад, фронтод зориулсан бэлэг тусламж хүргэсэн Манхан сумын тэмээн хөсгийн тухай мэдээлэл зам дагуу хийгээд бид Бийск хотноо үзсэн “Чуйн их зам” зурагт дэвтэрт харагдсангүй. Гэхдээ буцахын өмнө Барнаул хотноо уулзсан Алтайн техникийн их сургуулийн профессор М.Ю.Шишин “Ховдоос бэлэг хүргэж ирсэн тэмээн жин, жинчдийн дурсгалд зориулан хөшөө босгох гэж байгаа. Дайны хүнд жилүүдэд бидэнд монголчуудаас өөр хэн ч тусалж байгаагүй юм” хэмээн ярьсан билээ. Оросууд нэг ярихаар заавал ажил хэрэг болгодог хэмээн бид ярилцлаа.
Газрын шим боловсорсон баян тарган цаг болохоор замын дагуу тосгон суурингийн хаяанаа сав саваар алим, усан үзэм, зөгийн бал тэргүүтэн дэлгэн тавьж, Чекат аман, Семийн даваан дээр хамгийн сайн чанарын Монгол хувцас гэсэн хаягтай ноолууран бараа, орон нутгийн иргэдийн урласан бэлэг дурсгалууд дүүрэн дэлгэгдсэн байх. Тэр бүгдийн дэргэдүүр зарим газраа зогсон заримаар нь шуугин өнгөрсөөр Бийск хотноо шөнө дөлөөр хүрч хоноглолоо. Шөнийн түмэн гэрэлд өнгө зассан нь илтэд мэдрэгдэх дүнсгэр нэвсгэр хот урьдын адил дуу чимээтэйхэн нүргэлж Бий гол нүүгэлтэн дүнсийнэ.
Өглөө эртлэн аян замдаа гарлаа. Новосибирск хот замын түгжрэл ихтэй цаг их алдах тул бага зэрэг тойрон Новокузнецкээр дайран явах замыг бидэнд танилууд маань зөвлөлөө. Шинэ Ланд-200 Оросын хилд ормогц сансрын хиймэл дагуулаас замаа заалган явах боломжтой тул төөрч будилахын зовлонгүй. Дээр нь замын тэмдэглэгээ үлэмж сайн болохоор санаа амар урагшилж зам зуураа чацаргын талбайгаар дайран гарав. 8 сарын 14-нөөс эхлэн 300 хүн хураалтанд гарч 100 тн чацаргана хураагаад байгаа. Ургацаа боловсруулан АНУ, Итал зэрэг оронд эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг гэж ярих орос эр энгийн ажилчны хувцастай, наранд борлосон царайтай, ажилд эвэршсэн гартай. Шинэ цагийн баяны цээжний өвчин мэдрэгдэхгүй. Компанийхаа төлөө “өөрийгөө золиослосон” мэт санагдана. Эх орныхоо төлөө амьдарч ажиллана гэдэг энэ байхаа.
Сибирийн баруун хэсгийн нам дор газрын гол нүүрсний уурхайг түшиглэн социализмын жилүүдэд барьж босгосон Новокузнецк, Кузбасс хотуудыг дайран өнгөрөхөд сайн зам, цахилгаан станцаас салаалан гарсан нүсэр том өндөр хүчдэлийн олон эгнээ шугамууд, орох гарах хаалганд босгосон уурхайчдын хөдөлмөрийн онцлогийг харуулсан самбар, сурталчилгааны бүтээлүүд содон харагдана. Бидний сонгосон энэ зам багахан зэрэг тойруу боловч цаг хугацаа хэмнэх, сааталгүй явах талаар илүү сайн ажээ. Уулын Алтай, Алтайн хязгаараас явах ихэнхи машинууд Новосибирск орох чухал хэрэггүй бол дан Новокузнецкээр явдаг болжээ. Үүнээс үзэхэд Сибирийн гол хот Новосибирск хүн машиныхаа ачааллыг дааж ядан түгжрэх болсон бололтой юм.
Зам цаашлан Кемероваг орхин Томск хүрлээ. Манай багийн гишүүн Томскийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан ХИС-ийн БШТС-ийн захирал Д.Отгонбаярын найз ТИС-ын багш нар биднийг Том голын эрэг дээр хүлээж байлаа. Том гол эрэгээсээ нилээд хумигдан татарчээ. Их голын ус яасан их багасаа вэ хэмээн бодлоо. 19 жилийн өмнө орхин явсан Том голыг хараад надад төрсөн анхны сэтгэгдэл ийм байв. Их сургуулийн ойролцоо “Сибир” нэртэй зочид буудалд биднийг буулгалаа. Нар жаргах дөхжээ. Ховдоос гараад хоёр бүтэн нэг хагас өдрийн дотор 1700 илүү км замыг туулан энд ирсэн байна. Хагас өдрийг Монгол, Орос хоёр улсын хил дээр өнгөрүүлсэнийг бодвол хоёр өдөр явсан зам ийм ажээ. Боломжийн хурдтайгаар холыг туулжээ.
1878 онд Оросын эзэн хааны зарлигаар байгуулагдсан Томскийн их сургууль энэ жил 140 нас хүрчээ. Эзэн хааны хэмээх нэрээ эдүгээ хүртэл хадгалсаар байгаа энэ их сургууль Сибирт байгуулагдсан анхны их сургууль юм. Оросуудыг Сибирийг нээж эзэмшихэд хот суурин байгуулж, уурхай баялаг нээж шинэ цагийн амьдрал бий болгоход их сургуулийн гүйцэтгэсэн үүргийн тухай өгүүлж би эс чадна. Миний мэтийн өчүүхэн бичээчийн авъяас чадвар үл хүрэх бөлгөө.
Харин 140 насныхаа ойн баярыг угтаж хэд хэдэн шинэ бүтээн байгуулалт хийсэн урьд өмнө очиж байсны хувьд мэдрэгдэнэ. Гадаад оюутнуудад зориулан 16 давхар барилга барьж, хичээлийн төв байраа мөнгөлөг цагаан өнгөөр буджээ. Үе үеийн захирлууд, нэрт эрдэмтэн профессоруудынхаа хөрөг зургийг сонгодог орос барилаар зуруулан ханандаа өлгөжээ. Хашаан дотроо оюутнуудын санаачлагаар “Томск бол Евро-Азийн газар зүйн төв” мөн гэсэн шав тавьсан ажээ.

Төв байрын өмнө Орос орны орчин цагийн шинжлэх ухааныг үндэслэгч эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Д.И.Менделеев, Томскийн их сургуулийг үндэслэн байгуулагч, төрийн зүтгэлтэн профессор Д.И.Флоринский нарын мөнхийн гавъяаг дурсан гэгээн дурсгалд нь зориулан “Томскийн их сургуулиас” хүрэл хөшөө босгон байрлуулаад баярын өдрүүдэд нээлтээ хийв. Дугуй ширээ тохойлдон сууж буй нь Д.И.Менделеев, баруун гараараа түшлэгтэй модон сандал барин зүүн гараараа ширээ тулсан нь Д.И.Флоринский ажээ.

Томскийн их сургуулийн төв байрын өмнөх талбайд босгосон Д.И.Менделеев, Д.И.Флоринский нарын хөшөө дурсгал. 2018.09.06
Оросын хоёр их эрдэмтний хэнийг суулгах, хэнийг нь зогсоохоо хөшөөг бүтээгчид бодолцсон биз ээ. Өөрийн өрсөлдөх чадвараар Оросын Холбооны Улсын бүх их сургуулиудаас 4 дүгээрт, дэлхийн шилдэг 300 их сургуулийн 277 дүгээрт эрэмблэгдсэн Орос орон цаашлаад дэлхийн шинжлэх ухаан-боловсролын шилдэг төвийн нэг болох зорилготой “Үндэсний судалгааны их сургууль”-ийн үүдэнд ийм нэгэн хөшөө босгохоос өөр аргагүй ажээ. Энэ тухай бидэнд академич, ОХУ-ын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн А.С.Ревушкин тодорхой тайлбарлаж өглөө. Үүний хамт ойн хүрээнд 1941-1945 оны эх орны дайнд Томскийн их сургуулиас оролцсон багш, ажилтан, оюутнуудын дурсгалд зориулсан гантиг самбар босгож тэнд 640 хүний нэрийг мөнхлөн сийлжээ. Оросуудын хотуудад нийтэд байдаг эх орны дайнд оролцогчдын ийм дурсгалын нэг хувилбарыг их сургууль өөрийн хөвгүүдэд зориулан босгож. Эцсийн дүндээ Томскийн их сургуулийн хүсэл эрмэлзлэл эх орноо агуу Орос орныг хайрлахаас өөр зүйлгүй гэсэн санааг энд өгүүлсэн ажээ.
Оросын их судлаач Төв ази, түүний дотор Баруун хойт Монгол орноор аялж байгаль түүхийн арвин хэрэглэхүүн цуглуулж Томскийн их сургуулийн фондод хадгалуулсан Г.Н.Потанины шарилыг хотын оршуулгын газар дахин төлөвлөлтөнд орсонтой холбогдуулан зөөвөрлөж авч ирээд хашаандаа тавьжээ. Шинжлэх ухааны үнэ цэнийг оросууд ингэж үнэлдэг байна. Энэ мэтээр 140 жилийнхээ хүрээнд “бүтээн байгуулалт” ихийг хийжээ.
Энэ өдрүүдэд хичээл сургалт нь хэвийн явагдаж байв. Тэнд “найр наадам” илтэд харагдсангүй ч ёслолын арга хэмжээнүүд дугуй ширээний ярилцлага, үзвэр тоглолт, хүлээн авалт, уулзалтууд тусгай хөтөлбөрийн дагуу өрнөлөө. ОХУ-ын их сургуулиудаас гадна Швед, Герман, Япон, Лаос, Хятад, Вьетнам, Индонез зэрэг олон орны их сургуулийн төлөөлөл очжээ. Манай багийнхан тэр бүгдэд идэвхтэй оролцов. Хэлтэй бол хөлтэй гэдэг үгийн учрыг энэ өдрүүдэд илүү сайн ойлгосон билээ. В.Сайнбаяр захирал албан ёсны арга хэмжээнүүдэд олон их сургуулийн төлөөллийн өмнө дан ганц англиар ярихад нь Ховд их сургуулиараа бахархаж суулаа. Дэргэд маань суусан Томскийн их сургуулийн орлогч захирал надаас түүнийг хаана ямар сургууль төгссөнийг асуухад “Ховд их сургуульдаа” гэж хариулахад эргэлзсэн шүү. Залгуулаад тэр Москвад гурван жил суралцаж докторыг зэрэг хамгаалсан, Англид нэг жил хэлний бэлтгэлд суралцсан, Японд хоёр жил 6 сар суралцаж мастер хамгаалсан юм гэхэд эргэлзээ нь арилж “Томскийн их сургуулийн залуу эрдэмтдэд тийм боломж бараг гардаггүй” гэж билээ. Хааяа олон хөлийн газар нүүр бардам явахад сайхан байдаг. Хааяадаа бас ичих нүүрэндээ илэг наах цаг таардаг. Мөстлөг судлаач Д.Отгонбаяр бас л Томскийн их сургуульд суралцаж докторын зараг хамгаалахдаа дипломоо орос хэлээр бичсэн юм билээ. Ховд их сургууль өөрийн залуу эрдэмтдээр бахархах, тэдэнд сургуулийнхаа ирээдүйг даатган “ачаа үүрүүлэх” цаг ирээд удсан ажээ.
Биднийг Томскийн их сургуулийн ерөнхийлөгч В.Г.Майер, захирал Э.В.Галажинский, биологийн тэнхимийн профессор А.С.Ревушкин нар хүлээн авч уулзсан. Их сургуулийнхаа захирлаар 13 жил ажиллаад эдүгээ ерөнхийлөгчөөр нь ажиллаж буй В.Г. Майер, дэд захирлаар 23 жил ажилласан биологийн тэнхимийн эрхлэгчээр 33 дахь жилдээ ажиллаж буй А.С.Ревушкин нар албан ёсны яриагаар бол манай сургуулийн эрхэм дотно анд нөхөд. Тэд яриандаа газар зүйч Г.Нямдаваа, Ч.Аюурзана, Ц.Дашцэрэн нарын тухай олонтоо дурсаж байлаа. Томскийн их сургуулийн он дарааллын түүхийг бичсэн шинэ номоо дамжуулах үеэр тэдний хооронд ийм яриа болов. Номыг ХИС-ийн шинэ захирлын нэрээр хүргүүлэхүү гэж нэгнээсээ асууснаа “Үгүй, зургаан сар л болоод солигдож байдаг захирлын нэрээр яах вэ, шууд их сургуулийн номын санд гэж бичье” гэж төвөггүйхэн тохиролцлоо. Бид чимээгүйхэн харж суув. Монгол орныг минь аалзны тор мэт бүрхсэн золигийн муухай улс төр ХИС-ийг минь тойрсонгүй улам бүр наалдан ирсэн үнэхээр харамсалтай.
Ойн арга хэмжээний хүрээнд гадаадын зочид Томийн татаруудын хороолол, тэдний соёлын төв, сургууль болон Томскийн хуучин төв, католик сүм хийдүүд, худалдааны зах ажиллаж байсан газар, Том голын эрэг, Хотын музей зэрэг түүхэн дурсгалт хэд хэдэн газраар явж, хотын шинэ хороололтой танилцах боломжтой байлаа. Оросууд Том голын сав газарт шилжин суурьшихаас өмнө энд Татар угсаатны хэд хэдэн омгийнхон амьдарч, ном зохиолд Томын татарууд хэмээн тэмдэглэгдэж ирсэн юм. Эдүгээ бүс нутагтаа төрөлх хэлээр ярилцах 17 мянга орчим уугуул татарууд амьдарч өөрийн гэсэн хороолол, цэцэрлэг сургууль, тосгон суурин, соёлын төвтэй байдаг ажээ. Мэдээж тэдний албан ёсны хэл орос. Надад үүнээс гадна Том голын эрэг дээр хуучин худалдааны захын дэргэд босгосон А.П.Чеховын хүрэл хөшөө таалагдав. 3 жилийн өмнө Буриадын нийслэл Улаан-Үд хотын амралтын өргөн чөлөөнд тэр суут зохиолчийн хөшөөг сандал дээр суулган бүтээсэн байж билээ. Тэр үед буриадууд А.П.Чехов манай хотын тухай их сайхан сэтгэгдэл бичиж үлдээсэн хэмээн өгүүлж байлаа. Харин Томскт түүний хөшөөг голын эрэг дээр олон хөлийн газарт бүрх малгайтай, пальтоныхоо захыг босгон, борооны хаалт нуруундаа тэвхлэн алхаж яваа байдлаар бүтээжээ. Хөл нь их том үзэгдэнэ. Ийн Сибирийн хоёр хотод 3 жилийн зайтай “түүнтэй” уулзлаа. Ном зохиолыг нь багагүй уншсан уншигчийн хувьд энэ тохиолдлууд надад сайхан учрал болсон. Бидний хөтөчийн тайлбарласнаар хуучин Томск хот Чеховт таалагдаагүй бололтой. Замын тэмдэглэлдээ таагүй дурсамжууд бичжээ. Би нэг удаа түүний тэмдэглэлээс “Томынхон бүгдээрээ шахуу архи уудаг” гэсэн утгатай зүйл уншиж байснаа саналаа. Олон жилийн өмнөхөө санаж байгаа болохоор алдаатай байж магадгүй л юм. Гэхдээ А.П.Чеховт гагц хотын зах таалагдаж худалдаа эрхлэгчид аятайхан сэтгэгдэл төрүүлснээс хөшөөг нь тэр зах байсан газарт босгосон ажээ.

Чамин хийцийн нүдний шилтэй ямаан сахалтай зохиолчийн хамар нь алт шиг гялалзсан шав шар өнгөтэй болжээ. Хотын оюутнууд түүний хамрыг шувтлан арчвал шалгалтандаа гарцаагүй онц дүн авна гэдэгт итгэдгээс олон жил олон залуусаар арчуулсаар гялтайж гүйцжээ. Тэр нэгэн цагт хотынх нь тухай таагүй үгс бичиж суусан их зохиолч одоо залууст нь туслан хамраа дуртайяа арчуулж, ном бүтээлээ уншуулж зогсоно. Авъяас билэгтнүүд хэзээ ямагт хүн төрлөхтөнд тусласаар байдаг гэдэг энэ биз.
Томскт байх зуур зав чөлөөгөөрөө бид мэдээж найз нөхөдтэйгээ уулзсан. Миний эрхэм анд Ю.И.Ожередов тэтгэвэртээ гарч Хотын музейд мэргэжлээрээ ажиллаж Монголоос цуглуулсан хээрийн судалгааны хэрэглэхүүнээ боловсруулан бүтээлээ туурвисаар байгаа. Бид танилцаад 20 жилийг ардаа орхижээ. 1999 онд тэр биднийг Ташантаас тосож аваад бүрхээгтэй 66 машинд сууцгаан өдөржин шөнөжин давхисаар Томск хүрч билээ. Одоо би замдаа хонож өнжин Ланд-200 машинаар тааваар тухтай хүрэв.

Томскийн гудамжаар түүний цагаан Жигулигээр бид хэдэн удаа давхисан юм бүү мэд. Түгжээ нь эвдэрч хаалга нь байнга онгойх учир даавуугаар оосорлон надад бариулж би тэр оосрыг монгол маягаар дөрөөвчлөн суудал дороо хийгээд явдагсан. Одоо харин намайг Японы шинэхэн Сузуки машинаар тослоо. Хотоос арван км газар Төвийн гэх нэртэй тосгонд ойн захад газар худалдан аваад хувийн байшин барьжээ. Бага охин нь түүнд зээ тэврүүлж. Зээгийн сайн нь мартагддаггүй, зэсийн сайн нь зэвэрдэггүй гэж оросууд бас хэлэлцдэг бололтой юм. Ойн захад шарсан махны үнэрт гоожуурын пиво ууцгаан тэр бүхнийг одод бүрэн түгтэл сууж ярьцгаалаа.
Нил гийх үүрээр сансрын хиймэл дагуулаар дахин замаа заалган Новосибирск оролгүйгээр Беловагаар тойрон Барнаул орохоор хөдлөв. Хоногийн газар маань тэр хот. Захирлууд тэнд Алтайн техникийн их сургуулийн удирдлагатай уулзаж хамтарсан хөтөлбөр, төслийн ажил ярих гэнэ. Биднийг тус их сургуулийн профессор М.Ю.Шишин орлогч захирлынхаа хамт тосон уулзав. Алтайн техникийн их сургууль сургалт, эрдэм шинжилгээний ажлаар ихэд нэрд гарчээ. Нэг төгсөгч нь хойт туйлд мөргөлийн сүм байгуулжээ. Хир баргийн зүйл тогтоодоггүй их салхитай газар техникийн өндөр шийдлээр барьсан тэрхүү сүмд эдүгээ Оросын баячууд хурим найр хийхээр хүртэл очдог болсон гэнэ. Өөр нэгэн оюутан нь дэлхийн мэдээлэл зүйн олимпиадын аварга болжээ. Оросын их сургуулиудаас анхны дэлхийн аварга нь тэр гэнэ лээ. Манай Ховд их сургуультай хамтарсан уран барилгын хөтөлбөрийн суралцагчдад зориулан орос хэлний тусгай сурах бичиг зохион гаргасан ажээ. Энэ бүхнийг бидэнд орлогч захирал нь ярьж өглөө. Хоёр сургуулийн захирлууд хамтын ажиллагааны талаар удаан ярилцсан юм. Би харин Мөнхбаярын хамт Барнаул зочид буудалд тухалж Бямба гариг бүрд тоглодог Рок хамтлагийн амьд тоглолт үзэж суулаа. Маргааш өглөө эртээр бид эх орныхоо зүгт яаравчлан гарах ёстой. 

Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 3 =

Create Account



Log In Your Account