Цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор Булган боомт дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулахаар шийдвэрлэжээ. Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайгаас өмнөд хөрш рүү нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа байнга явагдаж байгаа энэ нөхцөлд жолооч, тээвэрчдийг COVID-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү ариутгалын цэг байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм байна. Жолооч, тээвэрчдийн зүгээс тээврийн үнэ хөлстэй холбоотой асуудлаар маргаан үүсгэсний улмаас Булган боомтоор нүүрс тээвэрлэх ажлыг түр зогсоогоод байсан бол 11 дүгээр сарын 30-аас албан ёсоор эхлүүлжээ. Энэ өдөр 19 жолооч тээвэр хийсэн, энэ тоо цаашдаа нэмэгдэнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.